Хэвлэх DOC Татаж авах
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН 29 ДүГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ТУХАЙ /Тогтоол/

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ


1998 оны 11 дүгээр сарын .24-ний өдөр                                                                 Дугаар 02                                                                 Улаанбаатар хот 


УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН

ХУУЛИЙН 29 ДүГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ТУХАЙ /Тогтоол/


 

Төрийн ордон. Өрөө 251
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Ж.Болдбаатар, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав /илтгэгч/, В.Удвал, Н.Чинбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Д.Ламжавын өргөдлөөр үүссэн Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэв.
Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ж.Бямбадорж, Ц.Ганхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Б.Энэбиш нар оролцов.
Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд “Улсын Их Хурлын гишүүн-Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох /6.1/, Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах үндсэн үүрэгтэй /8.2.11/, Улсын Их Хурлын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно /8.3/ гэж заасан нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна” гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж 1.Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гэсэн заалтууд ба 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байгаа “Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн 09 тоот дүгнэлт гаргажээ.
Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09 тоот дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 112 дугаар тогтоолоо 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан иргэн Д.Ламжав бичгээр болон хуралдаанд оролцон тайлбарлахдаа:
“Парламентад бүх эрх төвлөрснөөр хүчтэй төртэй болно гэж бодвол иргэний нийгмийг биш дарангуйлагч нийгмийг санагдуулах бус уу. Засгийн газар хүчтэй байх шалгуур нь тэрээр парламент дахь олонхийн итгэл дэмжлэгийг л хүлээсэн байхад оршдог бөгөөд энэ шалгуур Үндсэн хуульд суусан байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилохтой холбогдож гарсан УИХ-ын холбогдох тогтоолуудыг Үндсэн хуулийн цэц энэ хуралдаанаар авч хэлэлцэж шийдвэр гаргана гэж найдаж байна” гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбадорж, Ц.Ганхуяг, Б.Энэбиш нараас Үндсэн хуулийн цэцэд хандан тайлбарлахдаа: “Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүндэтгэж Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллаж болох тухай заалтыг хуулиар үндсэн үүрэгт нь шууд хамааруулсан юм. Иймд Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.УИХ гишүүнийхээ үүргийг хуульчлан тогтоох эрхтэй боловч энэхүү эрх нь Үндсэн хуулийн зарчим, зүйл, агуулгаар хязгаарлагдах ёстойг үл харгалзан Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
2.УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран ажиллах болох тухай УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн ялгаа зааг, харилцан бие биедээ хяналт тавих Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын агуулгатай зөрчилдөж байна.
3.Иргэн Д.Ламжавын өргөдөлд дурдсан Улсын Их Хурлын тогтоолууд нь УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтууд хүчинтэй эсэхээс шууд хамаарах тул хамтатган эцэслэн шийдвэрлэх шаардлагагүй байна.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС:
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно”, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгосугай..
2.Үндсэн хуулийн цэцийн 09 тоот дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэр нь эцсийн бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГА Н.ЖАНЦАН
ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР
С.ЖАНЦАН
Д.ЧИЛХААЖАВ
Ж.БЯМБАЖАВ
Н.ЧИНБАТ
В.УДВАЛ