A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 33

Улаанбаатар хот

ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2015 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хурдан морины "Дүнжингарав-2015" Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хүй долоон худгийн Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, Говийн бүсийн хаврын уралдааныг Дорноговь аймагт 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр тус тус зохион байгуулж явуулсугай.

2. Зуны Баруун бүсийн уралдааныг Увс аймагт, Зүүн бүсийн уралдааныг Сүхбаатар аймагт, Төвийн бүсийн уралдааныг Өвөрхангай аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдааныг Булган аймагт 2015 оны 7 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд, Монголын морин спорт, уяачдын холбооны 20 жилийн ойн уралдааныг Говьсүмбэр аймагт 2015 оны 8 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд тус тус зохион байгуулж явуулсугай.

3. Хурдан морьдын уралдааныг тогтоосон хугацаанд уралдааны дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймгийн болон нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ