Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ТУХАЙ  (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 01 сарын 18 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ

(Шинэчилсэн найруулга)



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Банкны тухай хууль тогтоомж

2.1.Банкны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд банкны тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

21 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

21.1.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд тусгайлан зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг;

3.1.2. “холбогдох этгээд” гэж доор дурдсан этгээдийг:

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.2.а.банкны нэгдлийн оролцогч;

3.1.2.б.банк, банкны нэгдлийн оролцогчийн хувьцааны тав ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд;

3.1.2.в.хувьцааных нь тав болон түүнээс дээш хувийг банк эзэмшдэг хуулийн этгээд;

3.1.2.г.хувьцааных тав болон түүнээс дээш хувийг банкны эрх бүхий албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд эзэмшдэг хуулийн этгээд;

3.1.2.д.банк, банкны нэгдлийн оролцогчийн эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд;

3.1.2.е.банкны эрхлэх үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг банктай нэгдмэл сонирхолтой этгээд;

3.1.2.ё.эрх бүхий албан тушаалтных нь чиг үүргийг банкны эрх бүхий албан тушаалтан давхар гүйцэтгэдэг хуулийн этгээд;

3.1.2.ж.банкны саналын эрхтэй хувьцааны арав болон түүнээс дээш хувийг эрх бүхий албан тушаалтан нь эзэмшдэг хуулийн этгээд;

3.1.2.з.энэ заалтад заасан этгээдтэй нэгдмэл сонирхолтой бусад хувь хүн, хуулийн этгээд;

3.1.2.и.Монголбанкнаас холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.

3.1.3."банкинд бүтцийн өөрчлөлт хийх" гэж банкны бүтэц, зохион байгуулалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах, түүнийг нэмэгдүүлэх буюу хорогдуулах зэргээр санхүүгийн байдлыг нь сайжруулж, алдагдлыг багасгах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн болон холбогдох бусад цогцолбор арга хэмжээ авахыг;

3.1.4.“банкийг өөрчлөн байгуулах” гэж хууль тогтоомжид заасан журмын дагуу банкийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөхийг;

3.1.5."банкны актив, пассив, өөрийн хөрөнгө" гэж олон улсын стандартад нийцүүлэн Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсон зүйлийг;

3.1.6.“банкны нэгдэл” гэж нэг хуулийн этгээд нь нөгөө хуулийн этгээдтэй холбогдох этгээд бөгөөд тэдгээрийн аль нэг нь банк байх тус тусдаа хуулийн этгээдийг;

3.1.7.“банкны нэгдлийн оролцогч” гэж энэ хуулийн 3.1.6-д заасан нөхцөлийг хангах хуулийн этгээдийг;

3.1.8.“нэгдсэн хяналт шалгалт” гэж банкны нэгдлийн оролцогчийн санхүүгийн үйл ажиллагаанд дангаар болон нэгдсэн байдлаар хяналт шалгалт хийхийг;

3.1.9.“өөрийн хөрөнгийн хүрэлцээ” гэж банк нь санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэлцэхүйц хэмжээний өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлсон үнэлгээг;

3.1.10.“өөрийн хөрөнгийн шаардлага” гэж Монголбанкнаас тогтоосон, энэ хуулийн 3.1.9-д заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээг;

3.1.11.“санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллага” гэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээртэй адил чиг үүрэг бүхий гадаадын байгууллагыг;

3.1.12.“нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигчийг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.13.“банкны нэгж” гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг.

3.1.14.“банкны нэгдлийн толгой компани” гэж банкны нэгдэл болон түүнд хамаарах оролцогчийг удирддаг компанийг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.15.“хэвийн бус үйл ажиллагаа” гэж Монголбанкнаас тогтоосон шалгуураар өндөр эрсдэлтэй гэж тооцсон банкны аливаа үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.16.“банкны нөхцөлт удирдлага” гэж Монголбанкны хяналт шалгалтаар төлбөрийн чадвар муудаж байгаа нь тогтоогдсон бол тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор банкны удирдлага, зохион байгуулалт, санхүү, үйл ажиллагаатай нь холбогдуулан хуульд заасны дагуу Монголбанкнаас авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.17.“эцсийн өмчлөгч” гэж банкны үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг, эсхүл өөрийн энэ эрхээ бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлдэг, эсхүл банкны хувьцааг нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр дамжуулан эзэмшиж байгаа, тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан буюу банкны хувьцаа, үйл ажиллагаанаас үүсэх үр шимийг хүртэх эрх бүхий өмчлөгч этгээдийг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.18.“банкны үндсэн үйл ажиллагаа” гэж зах зээлд эзлэх хувь хэмжээ, үйл ажиллагааныхаа хэлхээ холбооноос хамаарч аливаа саатал нь банкны тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулж, улсын эдийн засагт бодит сөрөг нөлөө үзүүлж болзошгүй банкны үйл ажиллагааны чиглэлийг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.19.“харилцан хамаарал бүхий этгээд” гэж хуулийн этгээдийн хөрөнгийн өмчлөл, удирдлага, хяналт, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцдог, эдийн засгийн нэгдмэл ашиг сонирхолтой зэрэг шалгуураар хоорондоо харилцан хамааралтай гэж Монголбанкнаас тогтоосон хүн, хуулийн этгээдийг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

4 дүгээр зүйл.Банкны төрөл

4.1.Банк нь хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлөөр төрийн, хувийн болон холимог; үүсгэн байгуулагдсан хэлбэрээр хязгаарлагдмал хариуцлагатай, хувьцаат; үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нийтлэг ба төрөлжсөн байж болно.

Хэвлэх

5 дугаар зүйл.Банкны үйл ажиллагаанд үл нөлөөлөх

5.1.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй.

5.2.Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

6 дугаар зүйл.Банкны эрхлэх үйл ажиллагаа

6.1.Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

6.1.1.мөнгөн хадгаламж;

6.1.2.зээл;

6.1.3.төлбөр тооцооны үйлчилгээ;

6.1.4.өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах;

6.1.5.гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

6.1.6.үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

6.1.7.үнэт зүйл хадгалах;

6.1.8.гадаад төлбөр тооцоо хийх;

6.1.9.үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;

6.1.10.санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа;

6.1.11.зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах;

6.1.12.хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ.

6.2.Банк Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

/Энэ хэсгийн “, түүний хараат болон охин компани” гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан. /

6.2.1.санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;

6.2.2.итгэлцлийн үйлчилгээ;

6.2.3.даатгалын зуучлагч;

6.2.4.андеррайтерын үйлчилгээ;

6.2.5.кастодиан;

6.2.6.факторингийн үйлчилгээ;

/Энэ "6.2.7" гэсэн заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан. /

6.3.Банк энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа дараахь баримтыг бүрдүүлэн Монголбанкинд ирүүлнэ:

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.3.1.энэ хуулийн 6.1, 6.2-т заасан үйл ажиллагааны тодорхой төрлийг эрхлэх тухай хүсэлт;

6.3.2.тухайн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт;

6.3.3.ажлын байр, техник, тоног төхөөрөмжийн хангалт;

6.3.4.үйл ажиллагааг эрхлэхэд хэрэглэгдэх программ хангамж;

6.3.5.ажлын байр, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан талаархи баримт бичиг;

6.3.6.бизнес төлөвлөгөө.

6.4.Банкны нэгдлийн бусад оролцогч Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай бүр Санхүүгийн зохицуулах хороо Монголбанкны саналыг урьдчилан авна.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

7 дугаар зүйл. Банкинд хориглох үйл ажиллагаа

/Энэ зүйлийн гарчгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

7.1.Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.2.Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;

7.2.2.Монголбанк, түүний хянан шалгагч, Монголбанкны улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. /

7.2.3.шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл авлигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шаардлагаар, түүнчлэн тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар тэдгээрийн удирдлагын хүсэлтийг мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн;

/Энэ заалтад 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

7.2.4.Монгол Улсын хуулийг зөрчсөн нь нотлогдсон бол олон улсын хуулийн байгууллага, Монгол Улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гадаад улсын Засгийн газар хүсэлт гаргасан;

7.2.5.Санхүүгийн зохицуулах хороо өөрийн олгосон тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор шаардсан болон тус хорооны байгуулсан гэрээ, харилцан ойлголцлын санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу гадаад улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан.

7.2.6.хуульд заасны дагуу зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгсөн.

/Энэ заалтыг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.2.7.эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авахаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх албаны дарга зөвшөөрсөн.

/Энэ заалтыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.2.8.Гааль, татварын алба тодорхой харилцагчийн гааль, татварын өр төлбөрийг төлүүлэхээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан.

/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.2.9.Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан.

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.3.Банкнаас олгосон зээлийн талаархи банк хоорондын мэдээлэл, зээлийн мэдээллийн санд холбогдох хууль, гэрээнд заасны дагуу өгөх мэдээлэл, энэ хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан тайлан, мэдээлэл болон банк, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагчийн хооронд солилцсон мэдээлэл энэ хуулийн 7.2-т заасан нууцад хамаарахгүй.

7.4.Энэ хуулийн 7.1-д зааснаас гадна банк дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.4.1.дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох, өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцох;

7.4.2.банк, банкны нэгдлийн оролцогчийн өмнө зээл болон бусад хэлбэрээр хүлээсэн санхүүгийн үүрэг нь анх тохиролцсон гэрээнээс хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн санхүүгийн үүрэг хүлээгч, түүнтэй холбогдох этгээдэд андеррайтерын үйлчилгээ үзүүлэх;

7.4.3.андеррайтерын үйлчилгээ үзүүлэхдээ үнэт цаас гаргагч болон түүнтэй холбогдох этгээдэд зээл, түүнтэй адилтгах санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, баталгаа, батлан даалт гаргах;

7.4.4.банкны нэгдлийн оролцогчийн андеррайтер хийж байгаа үнэт цаасыг худалдан авах;

7.4.5.андеррайтер хийж байгаа үнэт цаасаа банкны нэгдлийн оролцогчид шууд буюу шууд бус хэлбэрээр худалдах, түүнтэй холбогдсон аливаа үйл ажиллагаа явуулах;

7.4.6.банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлтэй хуулийн этгээдэд андеррайтерын үйлчилгээ үзүүлэх;

7.4.7.энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээд, иргэн тухайн банкинд хүлээсэн санхүүгийн өр төлбөрөө барагдуулахаас өөрөөр аливаа гүйлгээг Монголбанк зөвшөөрснөөс бусад тохиолдолд хийх;

7.4.8.өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;

7.4.9.улс төрийн аливаа нам, эвсэлд хандив өгөх.

Хэвлэх

8 дугаар зүйл.Банкны зар сурталчилгаа

8.1.Банкнаас хийх зар сурталчилгаа нь түүний тухайн үеийн үйл ажиллагааг үнэн зөв тусгасан, хууль тогтоомжид нийцсэн байна.

8.2.Монголбанк нь банкны зар сурталчилгааг дараахь агуулгатай гэж үзвэл хориглоно:

8.2.1.тухайн банкнаас нийтэд мэдээлсэн санхүүгийн тайлан нь түүний санхүүгийн бодит байдалтай зөрчилдөж байвал;

8.2.2.хууль тогтоомжид нийцээгүй.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Мөнгөн хадгаламж

9.1.Банк Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид “иргэн” гэх/, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хадгалж, түүнд хүү төлж болно.

9.2.Банкинд мөнгөн хөрөнгө хадгалах болон хадгаламжийн даатгалд даатгуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хэвлэх

10 дугаар зүйл.Зээл

10.1.Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно.

10.2.Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд энэ нь энэ хуулийн 17.4-т заасанд хамаарахгүй.

10.З.Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Төлбөр тооцооны үйлчилгээ

11.1.Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ.

11.2.Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно.

11.3.Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно.

11.4.Банк нь банк хоорондын гүйлгээгээ Монголбанк дахь харилцах дансаараа дамжуулан хийнэ. Монголбанкнаас зөвшөөрсөн тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасны дагуу төлбөр тооцооны төлөөлөгч дээр байршуулсан дансаар гүйлгээгээ дамжуулж болно.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.5.Банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

11.6.Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлогыг олгох үйлчилгээнд төлбөр тооцооны үйлчилгээний хөлс тооцохгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

12 дугаар зүйл.Баталгаа, батлан даалт гаргах

12.1.Банк энэ хуулийн 17.1-17.3-т заасан хязгаарлалтын хүрээнд гуравдагч этгээдэд гэрээний дагуу баталгаа, батлан даалт гаргаж болно.

Хэвлэх

13 дугаар зүйл.Үнэт зүйлийн хадгалалт

13.1.Банк иргэн, хуулийн этгээдийн үнэт зүйлийг /хадгалуулагчийн хувьд үнэт зүйл/ хадгалах үйлчилгээг эрхлэхдээ хадгалалтын гэрээний нөхцөлийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтооно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Гадаад валютын төлбөр тооцоо

14.1.Гадаад валют, түүгээр илэрхийлэгдсэн санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авахтай холбогдсон банкны үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

Хэвлэх

15 дугаар зүйл.Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах

15.1.Энэ хуулийн 17.4-т заасан хязгаарлалтын хүрээнд хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдах үнэт цаас гаргах, барьцаалах, худалдах, худалдан авахтай холбогдсон банкны үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

15.2.Банк мөнгөний зах зээл дээр арилжаалагдах нэг жил хүртэлх хугацаатай үнэт цаасыг Монголбанкны зөвшөөрлөөр гаргах буюу худалдаж, худалдан авч, барьцаалж болох бөгөөд энэ нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хамаарахгүй.

Хэвлэх

16 дугаар зүйл.Банкинд тавих шаардлага

16.1.Банк дараахь шаардлагыг хангаж ажиллана:

16.1.1.заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх;

16.1.2.өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх;

16.1.3.харилцагч хэд хэдэн банкаар үйлчлүүлэхэд хязгаарлалт тавихгүй байх;

16.1.4.харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх ба энэ заалт нь хууль тогтоомжид заасан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй татвар төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулахад хамаарахгүй;

16.1.5.тухайн банкнаас үзүүлэх үйлчилгээний урьдчилсан нөхцөл болгож тухайн банкны нэгдлийн оролцогч, өөрийн салбар, төлөөлөгчийн газар болон бусад үйлчилгээгээр үйлчлүүлэхийг харилцагчаас шаардахгүй байх.

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.2.Банк өөрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг Монголбанкнаас тогтоосон бүртгэлийн зарчим, жишгийн дагуу харилцагч этгээдэд үнэн зөвөөр гаргаж өгнө.

/Энэ хэсгийн "16.3"-г 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан. /

Хэвлэх

17 дугаар зүйл.Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

17.1.Банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй.

17.2.Банкнаас гаргах баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна.

17.3.Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн таван хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална:

17.3.1.зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцэлд тавих шаардлага, хүү, нөхцөл нь тухайн банкны үйл ажиллагааны ердийн шаардлага, хүү, нөхцөлөөс хөнгөлөлттэй байж болохгүй;

17.3.2.тухайн банкны хувьцааг барьцаалан зээл олгохгүй, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө үүсгэхгүй, баталгаа, батлан даалт гаргахгүй байх;

17.3.3.олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгийн төлөгдөх хугацаа болон гаргасан баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дуусах хугацаа нь зургаагаас дээш сараар хэтэрсэн, эсхүл тухайн этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийт дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн таван хувиас хэтэрсэн бол уг этгээд банкны удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх.

17.4.Энэ хуулийн 17.5-д зааснаас бусад тохиолдолд банкны худалдан авах үнэт цаасны нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд нэг компанийн гаргасан хувьцааны 10 хувиас дээшгүй байна. Үүнд Засгийн газар, Төв банкны үнэт цаас, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьцаа хамаарахгүй.

17.5.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах нийт дүн банкны өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

17.6.Монголбанк энэ хуулийн 17.1-д заасан хязгаарлалтыг тооцохдоо олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч байгууллагын “А”-аас доошгүй үнэлгээ бүхий санхүүгийн байгууллагаас гаргасан баталгаа, батлан даалттай, тэдгээртэй эрсдэл хуваах хэлцлийн дагуу баталгаажсан активыг хамруулахгүй байж болно.

17.7.Энэ хуулийн 17.1-17.5-д заасан хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих журмыг Монголбанк батална.

17.8.Банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд банкны хувьцаа эзэмшигчид зээл олгохыг хориглоно.

17.9.Банкнаас холбогдох этгээдтэй хийх хэлцэл нь банкны ердийн үйл ажиллагааны хүрээнд бусад этгээдтэй хийх хэлцлээс хөнгөлөлттэй байж болохгүй бөгөөд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхэд холбогдох хуульд заасан шаардлага, журмыг баримтална.

17.10.Энэ хуулийн 17.8, 17.9 -д заасныг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

17.11.Банк энэ хуулийн 17.1-17.5-д заасан хязгаарлалтыг хэтрүүлсэн бол Монголбанк уг хэтрүүлсэн дүнг тухайн банкны өөрийн хөрөнгөөс хасаж тооцно.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАНК БАЙГУУЛАХ, БАНКИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ

18 дугаар зүйл.Банк үүсгэн байгуулах

18.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд /төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд/, төрийн бус байгууллага, тэдгээртэй холбогдох этгээдээс бусад хуулийн этгээд, иргэн банк үүсгэн байгуулж болох бөгөөд энэ нь Засгийн газар банк үүсгэн байгуулахад хамаарахгүй.

18.2.Банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулахад Монголбанкны зөвшөөрөл авна.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Банк үүсгэн байгуулагчид тавих шаардлага

19.1.Банк үүсгэн байгуулагч дараахь шаардлагыг хангасан байна:

19.1.1.банк үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол тухайн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайлан, мэдээгээ жил бүр, эсхүл түүнээс богино хугацаанд тайлагнадаг байх;

19.1.2.төрийн эрх бүхий байгууллагаас тухайн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийдэг байх;

19.1.3.санхүүгийн тайлан, мэдээгээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагаар, эсхүл Монголбанкны хүлээн зөвшөөрсөн, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;

19.1.4.банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх;

19.1.5.энэ хуулийн 361 дүгээр зүйлд заасан шалгуурыг хангасан байх.

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

20 дугаар зүйл.Банк үүсгэн байгуулахад бүрдүүлэх баримт бичиг

20.1.Банк үүсгэн байгуулагч болон банкны хувьцаа эзэмшигч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлд заасан баримт бичгээс гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.1.банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;

20.1.2.банк үүсгэн байгуулах гэрээ /нэг үүсгэн байгуулагчтай бол хамаарахгүй/;

20.1.3.үүсгэн байгуулах банкны дүрэм;

20.1.4.банк байгуулах эдийн засгийн үндэслэл;

20.1.5.үүсгэн байгуулагч болон тухайн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, тэдгээрийн холбогдох этгээдийн үйл ажиллагааны сүүлийн гурван жилийн, энэ хуульд заасан шаардлагыг хангасан аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

20.1.6.Монголбанкнаас баталсан маягтын дагуу бүрдүүлж өгсөн банкны эрх бүхий албан тушаалтан, боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи тодорхойлолт;

20.1.7.банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк эдгээр баримт бичгийн хүрээнд нэмэлт материал шаардах эрхтэй бөгөөд банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлаар хуулийн байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3.Банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, тэдгээртэй холбогдох этгээд нь энэ хуульд заасан шаардлагыг хангах нотлох баримт бичгийг тухайн этгээд бүртгэгдсэн улсын эрх бүхий төрийн байгууллага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар нотлуулсан байх бөгөөд эдгээр баримт бичиг нь банк үүсгэн байгуулах баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.4.Банк үүсгэн байгуулах, банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах, банкны хувьцааг эзэмшихэд зөвшөөрөл олгох харилцааг энэ хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн Монголбанкны журмаар зохицуулна.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Банкны дүрэм

21.1.Банкны үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:

21.1.1.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

21.1.2.банкны удирдлага, зохион байгуулалтын бүтэц;

21.1.3.хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах болон төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам.

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.2.Банкны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ тухай шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор Монголбанкинд бүртгүүлнэ.

Хэвлэх

22 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих шаардлага

22.1.Гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах хуулийн этгээд энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахын зэрэгцээ мөн хуулийн 20 дугаар зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлж Монголбанкинд өгнө:

22.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай гадаадын банк, санхүүгийн байгууллагын гаргасан шийдвэр;

22.1.2.харьяалах улсын эрх бүхий төрийн байгууллагын Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэр;

22.1.3.холбогдох бусад хууль тогтоомжид заасан баримт бичиг.

22.2.Хуульд заасны дагуу байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд тавих нэмэлт шаардлагыг Монголбанкны журмаар тогтооно.

Хэвлэх

23 дугаар зүйл.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох

23.1.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг Монголбанк хянахдаа дараахь шаардлага хангасан эсэхийг тогтооно:

23.1.1.банкны үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгөөр бүрдүүлсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй эсэх;

23.1.2.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, банкны гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтны мэдлэг, боловсрол болон туршлага нь банкны үйл ажиллагааг үр ашигтай, шударгаар явуулахад хангалттай эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 32.1, 33.3, 34.2-т заасан шалгуурыг тус тус хангасан эсэх;

23.1.3.тухайн банк үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэх;

23.1.4.банкинд хувь нийлүүлэх мөнгөн хөрөнгө нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан, хууль ёсны үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгө болохыг нотлох хангалттай баримт бичиг бүрдүүлсэн эсэх.

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

23.1.5.банк байгуулах нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай аливаа байдлаар холбоотой эсэх, эсхүл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлэх эсэх.

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.2.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг Монголбанк энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хянасны эцэст хүлээн авах бөгөөд хэрэв нэмэлт материал шаардлагатай бол уг нэмэлт материалыг бүрдүүлж өгсөн өдрийг өргөдөл хүлээн авсан өдөрт тооцно.

23.3.Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг энэ хуулийн 20.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор гаргаж, энэ тухай банк үүсгэн байгуулагчид гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

23.4.Банк нь банк байгуулах тусгай зөвшөөрөл авснаас хойш тухайн зөвшөөрлөөр авсан үйл ажиллагаагаа хэвийн явуулсан тохиолдолд Монголбанк энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу өгч болно.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах

24.1.Монголбанк дараахь нөхцөлд банк байгуулах тусгай зөвшөөрөл, банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгохгүй:

24.1.1.энэ хуулийн 18-22, 23.1, 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. /

24.1.2.банкны дүрэм хууль тогтоомжтой зөрчилдсөн;

24.1.3.байгуулах банк нь шаардлага хангахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх боломжгүй нь тогтоогдсон, хувь нийлүүлэх хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичгийг шаардлагын дагуу бүрэн гүйцэд ирүүлээгүй болон бүрдүүлсэн баримт бичиг нь хуурамч, хувьцааны төлбөрийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн, тухайн банкны эрх бүхий албан тушаалтнаар ажиллах этгээд энэ хуульд заасан шалгуурыг хангаагүй;

24.1.4.холбогдох бусад хууль тогтоомж, санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй.

24.1.5.банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхгүй бол хамгийн их хувьцаа эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, нийт дүн, хэмжээний талаархи мэдээллийг Монголбанкинд ирүүлээгүй.

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

25 дугаар зүйл.Банкийг бүртгэх

25.1.Энэ хуулийн 18-22 дугаар зүйлд заасан журмын дагуу Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан банк улсын бүртгэлд бүртгүүлнэ.

25.2.Банкны салбар байгуулахад Монголбанкнаас зөвшөөрөл авах бөгөөд түүнийг тусгайлан бүртгэхгүйгээр толгойлох банкных нь зөвшөөрөлд тэмдэглэнэ.

25.З.Банкийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай нийтэд мэдээлнэ.

Хэвлэх

26 дугаар зүйл.Банкны нэр

26.1.Банкны нэр нь түүний оноосон нэр болон “банк” гэсэн үгнээс бүрдэнэ.

26.2.Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага “банк” гэсэн нэр хэрэглэхийг хориглоно.

26.3.Банкны нэр, байршлыг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө.

26.4.Банкны нэгж нь толгойлох банкны оноосон нэрийг хэрэглэнэ.

Хэвлэх

27 дугаар зүйл.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

27.1.Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгож нийтэд зарлана:

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.1.1.хуульд заасны дагуу банкийг татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

27.1.2.энэ хуулийн 67.2-т заасан үндэслэл бий болсон;

27.1.3.банк байгуулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь банкийг бүртгүүлснээс хойш илэрсэн;

27.1.4.банкийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш нэг жилээс дээш хугацаанд банкны үйл ажиллагаа эрхлээгүй;

27.1.5.банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн;

27.1.6.банк энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй, шаардлагыг биелүүлээгүй нь банкны үйл ажиллагаа, төлбөрийн чадварыг алдагдуулахад хүргэх ноцтой нөхцөл байдал үүсгэсэн.

27.2.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрөл хүчингүй болно.

27.3.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин зөвшөөрөл хүсэх тухай баримт бичгийг нэг жилийн дотор Монголбанк хүлээж авахгүй.

27.4.Энэ хуулийн 27.1-т зааснаас бусад үндэслэлээр Монголбанк банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд энэ талаархи Монголбанкны шийдвэрийг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл 30 хоногийн дотор банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах бөгөөд тухайн хурлаас банкийг татан буулгах тухай шийдвэр гаргана.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт “, 48.2” гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан. /

Хэвлэх

28 дугаар зүйл.Банкийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах үндсэн нөхцөл

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.1.Монголбанк зөвшөөрөл олгосон тохиолдолд банкийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.2.Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай шийдвэрт өөрчлөн байгуулах, татан буулгах комисс, банкны бүртгэлд байгаа эд хөрөнгө, үнэт зүйлсийг нягтлан шалгах эрх бүхий хянан шалгах комисс, тэдгээрийн бүрэлдэхүүнийг томилох болон аудитыг сонгох тухай тусгасан байна.

28.3.Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл авахад хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш гурав хоногийн дотор дор дурдсан баримт бичгийг Монголбанкинд хүргүүлнэ:

28.3.1.банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;

28.3.2.банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах шаардлага, хэлбэр, нөхцөл, хугацааг заасан баримт бичиг, тухайн банкнаас үйл ажиллагаагаа дуусгавар болгохтой холбогдуулан авах арга хэмжээ, тэдгээрийн хугацаа, үе шат, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

28.3.3.банкийг өөрчлөн байгуулсны үр дүнд байгуулагдах хуулийн этгээдийн зохион байгуулалт эрх зүйн хэлбэр, байршил, банкны эрхлэх үйл ажиллагааны төрөл, бизнес төлөвлөгөө, өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, тайлан тэнцлийн төсөөллийн тухай шаардлагатай бусад мэдээлэл;

28.3.4.банкийг өөрчлөн байгуулснаас гарах санхүүгийн үр дүнгийн тооцоо, өөрчлөн байгуулсны дараа байгуулагдах банкны эхлэлтийн тайлан тэнцэл.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.4.Монголбанк нь банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэж, нийтэд мэдээлнэ.

28.5.Монголбанк энэ хуулийн 28.3-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрийг тооцохдоо энэ хуулийн 23.2-т заасныг баримтална.

28.6.Монголбанкнаас банкийг өөрчлөн байгуулах зөвшөөрөл олгосны дараа банкийг өөрчлөн байгуулах ажиллагаа эхэлнэ.

28.7.Банк түүнийг өөрчлөн байгуулах талаар гарсан шийдвэрийг хадгаламж эзэмшигч, харилцагч, зээлдэгч нарт Монголбанкнаас зөвшөөрөл авснаас хойш гурав хоногийн дотор мэдэгдэнэ.

28.8.Банкийг нийлүүлэх, нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулахад Монголбанк  зуучлагчийн үүрэгтэй оролцож болно.

28.9.Дараахь нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд Монголбанк нь банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгохоос татгалзана:

28.9.1.энэ хуулийн 28.3-т заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн;

28.9.2.энэ хуулийн 28.3-т заасан баримт бичиг нь хууль тогтоомж зөрчсөн;

28.9.3.энэ хуулийн 19, 20, 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

28.9.4.харилцагчийн эрх ашиг, банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк үзсэн.

28.10.Монголбанк банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгохоос татгалзсан бол хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болсонд тооцно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.11.Монголбанкны зөвшөөрлийг үндэслэн хууль тогтоомжид заасан журмын дагуу банк татан буугдана.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БАНКНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

29 дүгээр зүйл.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.1.Банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй банкны хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө, төрийн өмчит банкны хувьд Засгийн газар, түүнээс эрх олгосон этгээд тус тус хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.2.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.2.1.банкны дүрэм батлах, уг дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах;

29.2.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;

/Энэ заалтын "29.2.3"-г 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан. /

29.2.4.банкийг өөрчлөн байгуулах;

29.2.5.банкийг татан буулгах;

29.2.6.банкны жилийн үйл ажиллагааны талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэж батлах;

29.2.7.аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

29.2.8.энэ хуулийн 32.3-т заасан Монголбанкны мэдэгдлийг хүлээн авсны үндсэн дээр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, чөлөөлөх;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

29.2.9.төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийг тогтоох, хариуцлага, цалин, урамшууллын хэмжээ, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг тогтоох;

29.2.10.банкны хянан шалгагч /хянан шалгах зөвлөл/-ийн асуудлыг Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн дагуу зохицуулах.

29.3.Энэ хуулийн 19, 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээд, иргэний банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт өгсөн саналыг хүчингүйд тооцох бөгөөд энэ тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчдийн саналын олонхиор хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болсонд тооцно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, мэдээлэл хүргэх, шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулна.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

30 дугаар зүйл.Монголбанкны санаачилгаар банкны хувь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.1.Банкны тухай хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тохиолдолд шаардлагатай гэж үзвэл банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Монголбанк, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч зарлан хуралдуулж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.2.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг хурал хуралдахаас 30 хоногийн өмнө зарлах ба банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хугацаанаас өмнө зарлан хуралдуулж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.3.банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.4.Монголбанк эрх хүлээн авагч томилсон тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

31 дүгээр зүйл.Банкны төлөөлөн удирдах зөвлөл

31.1.Банк төлөөлөн удирдах зөвлөлтэй байна.

31.2.Хувьцаат компанийн хэлбэрээр байгуулагдсан банкны төлөөлөн удирдах зөвлөл ес ба түүнээс дээш, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан банкны төлөөлөн удирдах зөвлөл тав ба түүнээс дээш гишүүнтэй байна.

31.3.Банкны төлөөлөн удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.3.1.банкны стратегийг тодорхойлох, хянан үзэж түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;

31.3.2.Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн банкны гүйцэтгэх удирдлагыг томилох;

31.3.3.гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, хариуцлагыг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, түүний цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

31.3.4.хувьцаа эзэмшигчдийн ээлжит, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 31.3.5.энэ хуулийн 29.2.6, 29.2.7-д заасан асуудлаар дүгнэлт гарган хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.3.6.банкны дотоод аудитын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулж, түүний төсөв, орон тоог батлах, удирдлага, ажилтныг томилох, үйл ажиллагааны журмыг тогтоох, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

31.3.7.банкны зохистой засаглалын бодлого, журмыг тогтоож хэрэгжилтэд хяналт тавих;

31.3.8.банкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын тогтолцоо, хөндлөнгийн болон дотоод аудит, эрсдэлийн удирдлага, санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хамарсан зохистой хяналтын тогтолцоог бүрдүүлэх;

31.3.9.энэ хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд мэдээлэх явцад хяналт тавих.

31.4.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг банкны дүрмээр зохицуулах бөгөөд уг журамд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний дараахь үүргийг заавал тусгана:

31.4.1.хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил, үүргээ хариуцлагатай биелүүлэх;

31.4.2.банкны эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавих;

31.4.3.нууцаар ашиг хүртэхгүй байх;

31.4.4.сонирхлын зөрчлөөс зайлсхийж, сонирхлын зөрчил үүссэн үед төлөөлөн удирдах зөвлөлд мэдээлдэг байх;

31.4.5.банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх.

31.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулах, шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 76-79 дүгээр зүйлээр зохицуулна.

31.6.Банк хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогчдын саналын эрхийн тооллогын баримт бичгийн баталгаажуулсан хувийг хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарснаас хойш 45 хоногийн дотор Монголбанкинд хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.7.Банкны дотоод аудитын нэгж нь банкны бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан зөв эсэхэд хяналт тавьж, актив хөрөнгийг хамгаалан үр ашгийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнах зарчмаар ажиллана.

Хэвлэх

32 дугаар зүйл.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

32.1.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:

32.1.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

32.1.2.гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;

/Энэ заалтын “төрийн эсрэг болон эдийн засгийн” гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан. /

32.1.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;

32.1.4.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

32.1.5.зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

32.1.6.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх.

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.1.7.дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс таваас доошгүй жил банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан туршлагатай байх.

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

32.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь тухайн банкны хувьцаа эзэмшигч байж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.3.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаа этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг банкнаас бичгээр урьдчилан ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Монголбанк тогтоож, энэ тухай банкинд мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

33 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн

33.1.Банкны төлөөлөн удирдах зөвлөлд нэг буюу түүнээс дээш хараат бус гишүүн байна.

33.2.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмыг Монголбанк тогтооно.

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт./

33.3.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д зааснаас гадна дараахь шалгуурыг хангасан байна:

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.3.1.банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай;

33.3.2.тухайн банк, түүний нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;

33.3.3.тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй;

33.3.4.тухайн банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;

33.3.5.банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;

33.3.6.төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;

33.3.7.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;

33.3.8.энэ хуулийн 33.3.2-33.3.3-т заасан этгээдийн холбогдох этгээд биш байх.

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

33.4.Банкны томоохон харилцагчийг тодорхойлох журмыг Монголбанк тогтооно.

33.5.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь аудитийн болон эрсдэлийн удирдлагын хороонд ажиллаж, эдгээр хорооны асуудал болон Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлахад заавал оролцож, санал өгнө.

33.6.Аудитын болон эрсдэлийн удирдлагын хорооны ажиллах журмыг төлөөлөн удирдах зөвлөл тогтооно.

Хэвлэх

34 дүгээр зүйл.Банкны гүйцэтгэх удирдлага

34.1.Банкны гүйцэтгэх удирдлага гэрээний үндсэн дээр ажиллах бөгөөд дараахь шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөнө:

34.1.1.банк, банкны харилцагчийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавих;

34.1.2.үүрэг гүйцэтгэх явцад олж авсан банк, банкны харилцагчийн талаархи мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;

34.1.3.өөрт нь болон өөртэй нь холбогдох этгээдэд тухайн банктай бизнесийн харилцаанд орсон этгээдийн санхүүгийн үр дүнг сонирхох шалтгаан байгаа бол сонирхлын зөрчил байна гэж үзэж, энэ тухайгаа төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр мэдэгдэх;

34.1.4.хувийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй байх;

34.1.5.хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;

34.1.6.банкны ажилтан албан үүргээ сонирхлын зөрчилгүйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх;

34.1.7.банкны хэвийн ажиллагааг хангахуйц дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд үнэлэлт, дүгнэлт өгч байх.

34.2.Гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д заасан шалгуураас гадна дараахь шалгуурыг хангасан байна:

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

34.2.1.банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай;

34.2.2.банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;

34.2.3.бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх;

34.2.4.Монголбанкны эрх бүхий албан тушаалтнаар сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаагүй байх;

34.2.5.мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулаагүй байх;

34.2.6.банкны хууль тогтоомж, Монголбанкны шийдвэрийг ноцтой зөрчиж байгаагүй.

34.3.Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хорооны гишүүн байхыг хориглох бөгөөд гүйцэтгэх захирлыг сонгох, томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, хяналт тавихтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад саналын эрхгүй байна.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
БАНКНЫ ХӨРӨНГӨ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ

/Энэ бүлгийн гарчгийн НЭГДСЭН гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан. /

Нэгдүгээр дэд бүлэг
Банкны хөрөнгө, санхүүгийн тайлан

35 дугаар зүйл.Банкны өөрийн хөрөнгө

35.1.Банк өөрийн хөрөнгөтэй байх бөгөөд банкны өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголбанкны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

35.2.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк тогтооно.

35.3. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Банк нь ногдол ашиг хуваарилсны дараа Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт хангагдах нөхцөлд ногдол ашиг хуваарилж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. /

35.4.Банк өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, эсхүл хорогдуулж тодорхойлно.

35.5.Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд банк активыг энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулна.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35.6.Энэ хуулийн 35.5-д зааснаас бусад актив, үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийн санг байгуулах, зарцуулах журмыг Монголбанк тогтооно.

35.7.Энэ хуулийн 35.5, 35.6-д зааснаас бусад санг байгуулах журмыг банк өөрөө тогтооно.

35.8.Банкны хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр банкны алдагдал болон бусад хариуцлагыг хүлээнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

36 дугаар зүйл.Банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох     

36.1.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол банк энэ талаар тухай бүр нь Монголбанкинд бичгээр урьдчилан мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. /

36.2.Аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол хувьцааны өмчлөх эрх шилжихээс өмнө, банк хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах бол тухайн банк энэ талаар Монголбанкинд бичгээр мэдэгдэж урьдчилан зөвшөөрөл авна.

36.3.Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуулийн 19 дүгээр зүйл, 20.1.5, 20.1.7, 20.3-т заасан шаардлага, 361 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан, баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.4.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт Монголбанкны зөвшөөрөлгүйгээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон, эсхүл энэ хуулийн 36.12-т заасныг зөрчсөн бол уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг Монголбанк шаардах бөгөөд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гарган худалдсан бол зөвшөөрөл аваагүй хувьцааны тоонд ногдох хэмжээг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцно.

36.5. Энэ зүйлд тогтоосон шаардлага нь, мөн хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан банк байгуулах, банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас эзэмших иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн холбогдох этгээдэд нэгэн адил хамаарна.

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.6.Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь хувьцаат компанийн хэлбэрээр байгуулагдсан банкны хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу ирүүлнэ.  

36.7.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, худалдах, шилжүүлэх журмыг Монголбанк тогтооно.

36.8.Хувьцаат компани болох банкны хувьд хувьцаагаа нийтэд санал болгох болон энэ хуулийн 36.7-д заасан журмыг Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран тогтооно.

36.9.Банкны хувьцаа эзэмшигч нь Монголбанкны зөвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг банкинд буцаан худалдахыг хориглоно.

36.10.Иргэн, хуулийн этгээд бусдын нэрийг ашиглан банкны хувьцааг шууд бус хэлбэрээр эзэмшихийг хориглоно.

36.11.Энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан банкны хувьцааг Монголбанк зөвшөөрснөөс бусад этгээдэд худалдахыг хориглоно.

36.12.Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.

36.13.Банкны гаргасан хувьцааг худалдан авах хөрөнгө нь мөнгөн хөрөнгө байх бөгөөд энэ хуульд заасны дагуу өр төлбөр, хоёрдогч өглөг, хувьцаанд хамаарах бусад үнэт цаасыг хувьцаанд хөрвүүлэхэд энэ шаардлага хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

36.14.Банк нь хувьцааны эцсийн өмчлөгчийг тодорхойлсон мэдээлэл, холбогдох баримт бичгийг Монголбанкинд ирүүлэх бөгөөд эцсийн өмчлөгч өөрчлөгдөх бүрд уг мэдээллийг шинэчилж ирүүлнэ.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

361 дүгээр зүйл.Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тавигдах шалгуур

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

361.1.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дараахь шалгуурыг хангасан байна:

361.1.1.тухайн этгээд нь дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх;

361.1.2.эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй;

361.1.3.санхүүгийн чадавхтай байх, банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэхгүй байх;

361.1.4.нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол тухайн банкны нэгдэл нь Монголбанкнаас хяналт шалгалт хийх боломж бүхий бүтэцтэй байх;

361.1.5.тухайн хувьцааны эцсийн өмчлөгчийг нотолсон хангалттай баримт ирүүлсэн байх.

Хэвлэх

37 дугаар зүйл.Санхүүгийн тайлан

37.1.Банкны санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

37.2.Банк, банкны нэгдлийн бусад оролцогчийн санхүүгийн тайлан болон банкны нэгдлийн нэгдсэн тайлан нь дараахь шаардлагыг хангасан байна:

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

37.2.1.санхүүгийн тайлангийн үзүүлэлт нь олон улсын жишгийг үндэслэн Монголбанкнаас тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байх;

37.2.2.санхүүгийн тайланг энэ хуулийн 37.2.1-д заасны дагуу үнэн зөв гаргасан гэдгээ албан ёсоор нотолсон баримт бичиг үйлдэн он, сар, өдрийг тэмдэглэж, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлага, холбогдох бусад эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тамга, тэмдэг дарсан байх;

37.3.Банк нь санхүүгийн сар бүрийн байдлаар дараа сарын 10-ны өдрийн дотор, банк, банкны нэгдлийн оролцогч буюу банкны толгой компани нэгдсэн буюу тусдаа тайланг улирал бүрийн байдлаар дараа улирлын эхний сарын дотор Монголбанкинд гаргаж өгнө.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

37.4.Банк, банкны нэгдлийн бусад оролцогчийн санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг Монголбанк тухайн этгээдээс шаардах эрхтэй

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.5.Банкны нэгдлийн нэгдсэн тайлан гаргах журмыг Монголбанк Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.

37.6.Банк нь банк, санхүүгийн үйл ажиллагааны талаархи мэдээллийн санг давагдашгүй хүчин зүйл, бусад аюулаас сэргийлэх зорилгоор архивын биет болон цахим хэлбэрээр стандартын дагуу хадгалах нөөц төвтэй байна.

Хэвлэх

38 дугаар зүйл.Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд мэдээлэх

38.1.Банк нь энэ хуулийн 37.2-т заасан шаардлагыг хангасан улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын дотор, аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд хэвлэлээр мэдээлж байна.

38.2.Энэ хуулийн 38.1-д заасан тайлангаас гадна дараахь мэдээллийг нийтлэх, өөрийн цахим хуудсанд байрлуулах зэргээр шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор банк нийтэд мэдээлнэ:

38.2.1.банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлагын гарын үсгээр баталгаажуулсан ажлын тайлан;

38.2.2.хуулийн этгээдийн зохион байгуулалт-эрх зүйн хэлбэр, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.2.3.санхүү, бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналт;

38.2.4.нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч, банкны нэгжийн удирдлага, хяналтын зөвлөлийн гишүүдийн нэр;

38.2.5.банкийг өөрчлөн байгуулах хэлбэр, хугацаа, хэрэгжүүлэх арга, шинээр үүсэх хуулийн этгээдийн зохион байгуулалт-эрх зүйн хэлбэр, байршил, банкны эрхлэх үйл ажиллагааны төрөл, санхүүгийн үйл ажиллагааны үндсэн баримтын тухай;

38.2.6.банкны холбогдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккредитив, бусад үүрэг, ажил, үйлчилгээ;

38.2.7.банкны эрсдэлийг тодорхойлоход шаардлагатай гэж Монголбанкнаас үзсэн бусад мэдээлэл.

38.3.Монголбанк нь банкнаас нийтэд мэдээлсэн, цахим хуудсанд байрлуулсан санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн зөв эсэхэд хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, алдаатай нийтэлсэн бол залруулахыг шаардаж биелэлтэд хяналт тавьж ажиллана.

38.4.Энэ хуулийн 38.2.5-д заасан мэдээллийг Монголбанкнаас өөрчлөн байгуулах зөвшөөрөл авсны дараа нийтэд мэдээлнэ.

Хэвлэх

39 дүгээр зүйл.Банкны санхүүгийн тайлан, бусад шаардлагатай мэдээг тайлагнах

39.1.Банк, банкны нэгдлийн оролцогч, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь санхүүгийн тайлан, санхүүгийн анхан шатны баримт, тэдгээрийг нотлох баримт, хууль тогтоомжийн дагуу банкны удирдлагын үйл ажиллагааны талаар бүрдүүлбэл зохих баримт, мэдээ, мэдээлэл болон санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, түүний программ, дэд программ хангамж, тэдгээрийн байршлын талаархи дэлгэрэнгүй жагсаалт, тэдгээрт нэвтрэх нууц түлхүүрийг Монголбанк, Монголбанкны хянан шалгагчид саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гарган өгч, хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар явуулах нөхцөлөөр хангана.

39.2.Банкны удирдлага, банктай холбогдох этгээд болон эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь Монголбанкны хянан шалгагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоогоор хангана.

39.3.Монголбанк, түүний хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан баримт, мэдээ, мэдээлэл байхгүй бол банктай холбогдох этгээд, банкны эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь энэ тухайгаа албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

Хэвлэх

40 дүгээр зүйл.Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулах

40.1.Банк, банкны нэгдлийн бусад оролцогчийн нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт бичгээ аудитын байгууллага /аудитор/-аар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна.

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

40.2.Аудитын байгууллага /аудитор/ нь баталгаажуулсан санхүүгийн тайлан, баримт бичгийн талаархи дүгнэлтийг тухайн банкны төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөлд танилцуулна.

Хэвлэх

41 дүгээр зүйл.Аудитын дүгнэлтийг санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагад мэдээлэх

41.1.Аудитын байгууллага /аудитор/ нь өөрийн баталгаажуулсан дэлгэрэнгүй тайлан, түүний талаархи эцсийн дүгнэлтийн эх хувийг тухайн банк болон Монголбанкинд эхний хагас жилийн дотор хүргүүлнэ.

41.2.Аудитын байгууллага /аудитор/ нь тухайн банкны баримт бичигт үндэслэн дараахь дүгнэлтийг гаргавал энэ талаархи дүгнэлтээ Монголбанкинд тав хоногийн дотор мэдээлнэ:

41.2.1.төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй болсноос ойрын үед санхүүгийн онц хүндрэлтэй байдалд орж болзошгүй байгаа;

41.2.2.тухайн банкны ажилтан өөрийн банкны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн шударга бус, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн.

41.3.Аудитын байгууллага /аудитор/ нь ажил, үүргээ гүйцэтгэх явцад хувьцаат компани болох банкны хувьд энэ хуулийн 41.2-т заасан буюу Компанийн тухай хуульд заасан их хэмжээний, эсхүл сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх журмыг зөрчсөн байдал илэрвэл Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд тав хоногийн дотор бичгээр мэдээлнэ.

Хэвлэх

42 дугаар зүйл.Татвар төлөх

42.1.Банк холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар төлнө.

Хэвлэх
Хоёрдугаар дэд бүлэг
хяналт шалгалт

/Энэ бүлгийн гарчгийн “нэгдсэн” гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан. /

43 дугаар зүйл.Банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрх

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

43.1.Холбогдох банк, санхүүгийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь өөрсдийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой бүхий л баримт материал, тайлан бүртгэл, мэдээ, мэдээлэл холбогдох бусад баримт бичгийг Монголбанкны шаардсанаар гарган өгөх үүрэгтэй.

43.2.Монголбанк дараахь арга хэмжээ авахыг банкнаас шаардах бүрэн эрхтэй:

43.2.1.хуульд заасны дагуу Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах;

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

43.2.2.банкны эрсдэлийн төрөл, түвшин, өөрийн хөрөнгийн байдалтай нь уялдуулан банкны активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах талаар тусгай журам тогтоох;

43.2.3.банкны өөрийн хөрөнгийг хууль, Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн доод хэмжээнээс дээш хэмжээгээр бүрдүүлэх, эрсдэлийн санг нэмэгдүүлэх;

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

43.2.4.энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх журам тогтоох, холбогдох шийдвэр гаргах, хэрэгжүүлэх;

43.2.5.банкны үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, банкны үйл ажиллагаанд цаашид алдагдал учруулах эрсдэлтэй банкны нэгжийг татан буулгах, үйл ажиллагааны зарим чиглэлийг бусдад шилжүүлэх талаар банкинд зөвлөмж өгөх;

43.2.6.банкны эрсдэлийн түвшинг бууруулах арга хэмжээ авах;

43.2.7.цэвэр ашгаар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх;

43.2.8.төлбөр түргэн гүйцэтгэх чадварт тусгай шаардлага тавих;

43.2.9.тогтоосон хугацаанд шаардлагатай тайлан, мэдээ, мэдээллийг ирүүлэх, тайлагнах;

43.2.10.хууль, журамд заасан нөхцөл шаардлага, шалгуурыг хангаж ажиллах;

43.2.11.Монголбанкнаас тогтоосон банкны зохистой засаглалын журмын хэрэгжилтийг хангах;

43.2.12.банк нь хууль, Монголбанкнаас тогтоосон журам, бусад шийдвэрийг зөрчсөн бол банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, эсхүл чөлөөлөх талаар төлөөлөн удирдах зөвлөлд хугацаатай үүрэг өгөх, заасан хугацаанд үүргийг биелүүлээгүй бол гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь чөлөөлөх.

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

43.3.Монголбанк шаардлагатай тохиолдолд банкны активт чанарын үнэлгээ, эрсдэлийн сорил хийж, тэдгээрийн үр дүнд үндэслэн өөрийн хөрөнгө, эрсдэлийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ авч болно.

43.4.Банкны үйл ажиллагааны бодит байдлыг тодорхойлох зорилгоор энэ хуулийн 43.3-д заасан үнэлгээ, сорилыг хийхэд шаардагдах зардлыг Монголбанк хариуцна.

43.5.Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран банкны нэгдлийн удирдлага, санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтооно.

43.6.Монголбанк хуульд заасан албадлагын арга хэмжээ авах, хяналт шалгалт хийх журмыг батална.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

44 дугаар зүйл.Нэгдсэн хяналт шалгалт хийх

/Энэ зүйлийн дугаарт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

44.1.Монголбанк нь банкны нэгдлийн оролцогчийн үйл ажиллагаанд тусгайлан хяналт шалгалт хийхдээ шаардлагатай гэж үзвэл санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нэгдсэн хяналт шалгалт хийх бөгөөд түүнд хамрагдах хуулийн этгээдийн санхүүгийн тайланг нэгдсэн байдлаар гаргаж үнэлэлт, дүгнэлт өгнө.

44.2.Нэгдсэн хяналт шалгалтад банкны нэгдлийн оролцогчийг хамруулах, тэдгээрийн санхүүгийн тайлан, холбогдох бусад мэдээллийг гаргаж тайлагнах, хяналт шалгалт хийх харилцааг Монголбанкны Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталсан журмаар зохицуулна.

44.3.Банкны нэгдлийн оролцогч нь өөр улсад бүртгэгдсэн буюу байршдаг бол Монголбанк тухайн улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагатай гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан мэдээлэл солилцох, хамтарсан шалгалт хийх хэлбэрээр хамтран ажиллаж болно.

44.4.Энэ хуулийн 44.1-д заасан нэгдсэн хяналт шалгалтыг дараах байдлаар хийнэ:

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

44.4.1.нэгдсэн хяналт шалгалтад хамруулах шаардлагатай банкны нэгдлийн холбогдох хэсгийг тодорхойлох;

44.4.2.энэ хуулийн 44.4.1-д заасан хэсэгт хамаарах банкны нэгдэлд оролцогчдын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, мэдээлэлд үндэслэн тэдгээрийн санхүү, төлбөрийн чадвар, хоорондын хөрөнгийн урсгал, нэг оролцогчоос нөгөөд оруулсан хөрөнгө, өглөг, авлага, зээл, банкны нэгдлийн оролцогч хоорондын санхүүгийн бусад хэлцэл, гүйлгээний хамаарал болон банкны нэгдлийн хэмжээнд үүсч болзошгүй эрсдэлийг тодорхойлох;

44.4.3.банк, банкны нэгдлийн оролцогч, эсхүл банкны нэгдлийн хэмжээний санхүү, төлбөрийн чадварын байдалд санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас тавьж байгаа зохистой харьцааны болон бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг дангаар нь болон нэгдсэн байдлаар тогтоож, үнэлэлт, дүгнэлт өгөх.

44.5.Банкны нэгдлийн оролцогч нь Монголбанкнаас шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд тухайн нэгдлийн оролцогч банкаар дамжуулан гаргаж өгнө.

Хэвлэх

45 дүгээр зүйл.Холбогдох этгээд, банкны нэгдлийн бүртгэл

/Энэ зүйлийн дугаарт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

45.1.Банк холбогдох этгээд, түүнд холбогдох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын талаархи мэдээллийн сантай байна.

45.2.Банк энэ хуулийн 45.1-д заасан сангийн мэдээллийг банк үүсгэн байгуулагдсанаас хойш тав хоногийн дотор Монголбанкинд хүргүүлэх бөгөөд энэ сангийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг гурав хоногийн дотор Монголбанкны тогтоосон журмын дагуу ирүүлнэ.

/Энэ хэсгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

45.3.Банкны нэгдлийн оролцогч, холбогдох этгээдийн талаархи мэдээлэл болон түүнд оруулсан өөрчлөлт бүрийг өөрчлөлт оруулснаас хойш долоо хоногийн дотор тухайн банкаараа дамжуулан Монголбанкинд тогтоосон журмын дагуу хүргүүлнэ.

45.4.Энэ хуульд нийцүүлэн холбогдох этгээдийн нэгдлийн оролцогчийг тодорхойлох зорилгоор Монголбанк, банкны гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээлэл өгнө.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

46 дугаар зүйл.Нэгдсэн хяналт шалгалтад хамрагдахгүй байх нөхцөл

/Энэ зүйлийн дугаарт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

46.1.Монголбанк нэгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагаанд банкны нэгдлийн оролцогчийг дараахь тохиолдолд оролцуулахгүй байж болно:

46.1.1.үйл ажиллагааны төрөл, хэмжээ нь банкны санхүү, төлбөрийн чадварын байдалд нөлөө үзүүлдэггүй;

46.1.2.тухайн хуулийн этгээдийг нэгдсэн хяналт шалгалтад хамруулахгүй байх нь нэгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагаа зохих ёсоор хэрэгжүүлэхэд саад болохооргүй.

46.2.Нэгдсэн хяналт шалгалтад хамруулахгүй бол энэ тухай Монголбанк тухайн банк болон банкны толгой компани, тухайн оролцогчид мэдэгдэнэ.

Хэвлэх


/Энэ бүлгийн гарчгийн “ЗУРГАДУГААР БҮЛЭГ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ” гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан. /
/Энэ бүлгийн гарчгийн “Нэгдүгээр дэд бүлэг банкинд хүлээлгэх албадлагын арга хэмжээ” гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

46 дугаар зүйл.Банкинд хүлээлгэх зарим албадлагын арга хэмжээ

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсон./

46.1.Банк хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй, эсхүл Монголбанкны бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан шийдвэрийг энэ хуулийн 48 дугаар зүйлд зааснаас бусад байдлаар зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан Монголбанк албадлагын дараахь арга хэмжээ авна:

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

46.1.1.албан бичгээр сануулга өгөх;

46.1.2.зөрчлийг арилгах талаар хугацаа тогтоосон даалгавар өгөх;

46.1.3.энэ хуулийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй бол үйл ажиллагаанаас олсон орлогыг хураан авч хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

46.1.4.банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, эсхүл чөлөөлөх талаар төлөөлөн удирдах зөвлөлд хугацаатай үүрэг өгөх, заасан хугацаанд үүргийг биелүүлээгүй бол гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь чөлөөлөх;

46.1.5.ногдол ашиг хуваарилахыг зогсоох;

46.1.6.төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтанд цалин, урамшуулал, нөхөх олговор олгохыг зогсоох;

46.1.7.банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх;

46.1.8.банкны үйл ажиллагааг хянаж, Монголбанкинд илтгэж байх үүрэг бүхий хянагч томилох;

46.1.9.банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгох.

46.2.Монголбанк банкны зөрчилд энэ хуулийн 46.1.1-46.1.3-т заасан арга хэмжээг авсан боловч Монголбанкны шийдвэрт заасан хугацаанд уг зөрчлийг арилгаагүй бол энэ хуулийн 46.1.4- 46.1.9-д заасан арга хэмжээг авна.

46.3.Банк хууль тогтоомжид заасны дагуу Монголбанкны шаардсан холбогдох мэдээллийг ирүүлэхгүй байх, санхүүгийн тайлан болон бусад мэдээллийг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу бүрэн гүйцэд, үнэн зөв, хугацаанд нь мэдээлээгүйгээс тухайн банкны үйл ажиллагааны бодит байдлыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд өөрийн хөрөнгийн шаардлага хангасан эсэхийг үл харгалзан энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

46.4.Ногдол ашиг хуваарилах, төлөөлөн удирдах зөвлөл, банкны гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтанд цалин, урамшуулал, нөхөх олговор олгосны дараа өөрийн хөрөнгийн аливаа шаардлагыг хангахааргүй бол банкинд энэ хуулийн 46.1.5, 46.1.6-д заасан арга хэмжээг авна.

46.5.Энэ хуулийн 46.1-д заасан албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Монголбанк тогтооно.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ
Нэгдүгээр дэд бүлэг
банкны тогтворжуулалт, бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө

/Энэ бүлгийн гарчгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

47 дугаар зүйл.Банкийг тогтворжуулах болон бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний төлөвлөгөө

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

47.1.Банк нь өөрийн үйл ажиллагааны онцлог, эдийн засгийн тухайн нөхцөл байдлаас шалтгаалан үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож, банкны төлбөрийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгаж, төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан тогтворжуулах төлөвлөгөөг тогтоосон хугацаанд Монголбанкинд ирүүлнэ.

47.2.Энэ хуулийн 47.1-д заасан төлөвлөгөө нь тухайн банкны нэгдэл, түүний толгой компани, үйл ажиллагааг хамарсан байна.

47.3.Банкнаас ирүүлсэн тогтворжуулах төлөвлөгөө нь энэ хуулийн 47.1-д заасан шаардлагыг хангаагүй бол Монголбанк өөрчлөлт оруулахыг банкнаас шаардана.

47.4.Банк энэ хуулийн 47.3-т заасны дагуу тогтворжуулах төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулаагүй буюу уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй гэж Монголбанк үзвэл дараахь шаардлагыг банкинд тавина:

47.4.1.банкны эрсдэлийн ерөнхий түвшинг бууруулах;

47.4.2.хувьцаа болон хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах хэлбэрээр банкийг дахин санхүүжүүлэх зээл олгох төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах тодорхой арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх;

47.4.3.бизнес төлөвлөгөө, стратегийг өөрчлөх, банкны үндсэн үйл ажиллагааг бэхжүүлэх;

47.4.4.банкны удирдлага, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх;

47.4.5.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад шаардлага.

47.5.Монголбанк банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулж, батална.

47.6.Банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө дараахь агуулгатай байна:

47.6.1.тухайн банк, банкны тогтолцоог хамарсан төлбөрийн чадвар алдагдаж болох нөхцөл байдал, эрсдэлийг тодорхойлсон төсөөлөл;

47.6.2.Энэ хуулийн 47.6.1-д заасан нөхцөл байдлын үед авах бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ.

47.7.Энэ зүйлийн 47.1, 47.5 дахь хэсэгт заасан төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх журмыг Монголбанк батална.

Хэвлэх
Хоёрдугаар дэд бүлэг
“урьдчилан сэргийлэх арга хэмжээ”

/Энэ гарчгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

48 дугаар зүйл.Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

48.1.Банк нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас дараахь арга хэмжээг авна:

48.1.1.зөрчил, дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх;

48.1.2.зөрчил, дутагдлыг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;

48.1.3.тогтворжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг тогтоосон түвшинд хүргэхийг даалгах;

48.1.4.банкны өөрийн хөрөнгийг тогтоосон хугацаанд нэмэгдүүлэхийг үүрэг болгох;

48.1.5.банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;

48.1.6.банкны удирдах албан тушаалтны урамшууллын тогтолцоо нь банкны өөрийн хөрөнгийн хангалттай байх түвшинд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк дүгнэсэн бол цалин, урамшууллыг хязгаарлах;

48.1.7.тодорхой үйл ажиллагаа явуулах, хэлцэл гүйлгээ хийхэд Монголбанкаас урьдчилан зөвшөөрөл авахаар тогтоох;

48.1.8.тухайн банкны нэг улирлын нийт активын дундаж хэмжээ нь өмнөх улирлын нийт активын дундаж хэмжээнээс хэтрэхгүй байх, эсхүл активыг төрөлжүүлэхийг даалгах;

48.1.9.хөрөнгө  худалдан авах, банкны нэгж байгуулахыг хориглох;

48.1.10.банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх;

48.1.11.хөрөнгө худалдах, банкны нэгжийг татан буулгахыг шаардах;

48.1.12.банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэх, чөлөөлөх;

48.1.13.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, чөлөөлөх;

48.1.14.энэ хуулийн 48.1.1-48.1.13-т заасан арга хэмжээг банк биелүүлээгүй бол нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх;

48.1.15.нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах;

48.1.16.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ.

48.2.Монголбанк энэ зүйлд заасан арга хэмжээ авахдаа тухайн зөрчил, дутагдал, үүссэн нөхцөл байдал, шаардлагад тохирсон арга хэмжээ авах зарчмыг баримтална.

48.3.Энэ зүйлд заасан арга хэмжээг авсан нь энэ хууль, бусад хууль тогтоомжоор Монголбанкнаас арга хэмжээ авах, хариуцлага ногдуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

48.4.Монголбанк энэ зүйлд заасны дагуу банкинд авсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ.

Хэвлэх
Гуравдугаар дэд бүлэг
“банкны нөхцөлт удирдлага”

/Энэ гарчгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

49 дүгээр зүйл.Банкны нөхцөлт удирдлага

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.1.Монголбанк нь энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно.

49.2.Монголбанк тухайн банкийг удирдах бүрэн эрхт төлөөлөгч /цаашид “бүрэн эрхт төлөөлөгч” гэх/-ийг нэг жил хүртэл хугацаагаар томилох бөгөөд бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк батална.

49.3.Банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг тухайн банк хариуцна.

Хэвлэх
/Энэ бүлгийн гарчгийн “хоёрдугаар дэд бүлэг банкинд онцгой дэглэм тогтоох” гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

50 дугаар зүйл.Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх шийдвэр

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

50.1.Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх тухай Монголбанкны шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

50.1.1.банкны нэр, оршин байгаа газар, хаяг;

50.1.2.банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх болсон үндэслэл;

50.1.3.банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлж эхлэх болон түүний үргэлжлэх хугацаа;

50.1.4.банкны үйл ажиллагаанд тавих хязгаарлалтын жагсаалт;

50.1.5.бүрэн эрхт төлөөлөгчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр.

50.2.Монголбанк банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээ авсан тухай шийдвэрийг нийтэд мэдээлж болно.

Хэвлэх

51 дүгээр зүйл.Бүрэн эрхт төлөөлөгч томилох

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

51.1.Монголбанк өөрийн ажилтныг, эсхүл бусад этгээдийг банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж болно.

51.2.Бүрэн эрхт төлөөлөгчийн цалин хөлсийг Монголбанк тогтоож, тухайн банкнаас гаргуулна.

51.3.Бүрэн эрхт төлөөлөгч үйл ажиллагаандаа хууль тогтоомж болон энэ хуультай нийцүүлэн гаргасан Монголбанкны дүрэм, журам, удирдамжийг баримтална.

51.4.Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчийг өөрчлөх эрхтэй.

Хэвлэх

52 дугаар зүйл.Банкны нөхцөлт удирдлагын үед авах арга хэмжээ, бүрэн эрхт төлөөлөгчийн эрх, үүрэг

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

52.1.Монголбанк банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэхдээ дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

52.1.1.тухайн банкны удирдлагын эрх, үүргийг бүрэн эрхт төлөөлөгчид түр шилжүүлэх;

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

52.1.2.банкны үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг хянаж баталгаажуулах, сайжруулах арга хэмжээ авах.

52.2.Бүрэн эрхт төлөөлөгч дараахь эрх, үүрэгтэй:

52.2.1.тухайн банкны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар бие даан шийдвэр гаргах;

52.2.2.шаардлагатай гэж үзвэл банкны нөхцөлт удирдлага тогтоосон хугацаанд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй холбогдох үүргийг бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн биелүүлэхийг түдгэлзүүлэх;

52.2.3.тухайн банкнаас урьд нь харилцагчтай хийсэн зээл, хадгаламжийн болон бусад гэрээний нөхцөл нь банкны тухайн үеийн ерөнхий нөхцөлөөс өөрөөр тогтоогдож, банкны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл уг гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах, дуусгавар болгох;

52.2.4.банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах;

52.2.5.банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах;

52.2.6.банкнаас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулах, шаардлагатай ажилтныг түр хугацаагаар авч ажиллуулах;

52.2.7.банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх.

52.3.Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй.

52.4.Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн банкны гүйцэтгэх удирдлага ажлын тайлан, орлогын мэдүүлгээ зохих журмын дагуу бүрэн эрхт төлөөлөгчид гаргаж өгнө.

52.5.Бүрэн эрхт төлөөлөгчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн банкны нэрийн өмнөөс болон тухайн банкны зардлаар хийсэн ажил, гүйлгээг хүчингүйд тооцно.

52.6.Банкны хэвийн үйл ажиллагаа хангагдсан нөхцөлд Монголбанк нөхцөлт удирдлагыг цуцалж, тухайн банкинд тогтоосон хязгаарлалтыг бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.

52.7.Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх үед тухайн банкны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчинтэй хэвээр үлдэнэ.

52.8.Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцах бөгөөд банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.

52.9.Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг дагаж мөрдсөнөөс үүсэх хариуцлагыг Монголбанк хүлээнэ.

Хэвлэх
Дөрөвдүгээр дэд бүлэг
банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ

/Энэ гарчгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

53 дугаар зүйл.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах эрх, зарчим

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

53.1.Монголбанк энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах шийдвэр гаргах эрхтэй.

53.2.Монголбанк банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шуурхай, үр нөлөөтэй байх, төрөөс гарах зардлыг багасгах, хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах зарчмыг баримтална.

 53.3.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ, түүний хэрэгжилт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийн дүн шинжилгээ, хяналтыг Монголбанк банкны хяналт шалгалтын чиг үүрэг, арга хэмжээнээс тусад нь зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

Хэвлэх

54 дүгээр зүйл.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үндэслэл, хүрээ

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.1.Монголбанк нь дараахь үндэслэлээр энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахаар шийдвэрлэнэ:

54.1.1.банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн;

54.1.2.банкны хэвийн үйл ажиллагааг цаашид хангах боломжгүй болсон тухай Монголбанкны хяналт шалгалтын дүгнэлт гарсан;

54.1.3.бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах нь нийтийн ашиг сонирхлыг хангахад зайлшгүй шаардлагатай.

54.2.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг банк, түүний нэгдлийн хүрээнд хэрэгжүүлнэ.

54.3.Монголбанк доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд энэ хуулийн 54.1.1-д заасан үндэслэл бий болсонд тооцно:

54.3.1.банк хадгаламж эзэмшигч, харилцагч, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон; эсхүл гаргаж өгөх боломжгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон;

54.3.2.зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүйгээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон;

54.3.3.банкны пассив нь активаасаа хэтэрсэн, эсхүл ердийн боломжит хугацаанд хэтрэх нь хяналт шалгалтаар тогтоогдсон.

54.4.Монголбанк энэ зүйлд заасан арга хэмжээг авсан тухай шийдвэрээ Хадгаламжийн даатгалын корпораци, Сангийн яаманд мэдэгдэнэ.

Хэвлэх
/Энэ бүлгийн гарчгийн “Гуравдугаар дэд бүлэг банкны эрх хүлээн авах” гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

55 дугаар зүйл.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хэрэгсэл

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

55.1.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараахь хэрэгслийг ашиглана:

55.1.1.банкны актив, пассивыг шилжүүлэх;

55.1.2.тусгай зориулалтын банк байгуулах;

55.1.3.хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;

55.1.4.өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэх.

55.2.Банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах болон энэ хуулийн 55.1-д заасан хэрэгслийг ашиглахад хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй бөгөөд банкны хувьцаа эзэмшигч, үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авах шаардлагагүй.

55.3.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ хуулийн 55.1.3-т заасан хэрэгслийг тэргүүн ээлжинд харгалзан үзнэ.

55.4.Монголбанк энэ хуульд нийцүүлэн банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах, хэрэгжүүлэх журмыг батална.

Хэвлэх

56 дугаар зүйл.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

56.1.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг Монголбанкнаас томилсон Тусгай төлөөлөгч хэрэгжүүлнэ.

56.2.Тусгай төлөөлөгч нь дараахь шаардлагыг хангасан байна:

56.2.1.банкны үйл ажиллагааны мэдлэг, туршлага, мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвартай;

56.2.2.гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй;

56.2.3.тухайн банкнаас урьд нь авсан хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

56.2.4.тухайн банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, бусад ажилтантай холбогдох этгээдийн харилцаагүй;

56.2.5.хуулийн этгээд бол өөрийн үйл ажиллагааг хариуцах хангалттай хэмжээний хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй.

56.3.Тусгай төлөөлөгчийн цалин хөлсийг Монголбанк тогтооно.

56.4.Тусгай төлөөлөгч Монголбанкны шийдвэрийг дагаж мөрдөнө.

56.5.Тусгай төлөөлөгч томилогдсоноор банк, түүний удирдлага, эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Тусгай төлөөлөгчид шилжинэ.

56.6.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ 90 хоногийн хугацаатай байна. Энэ хугацааг мөн хугацаагаар хоёр удаа сунгаж болно.

56.7.Тусгай төлөөлөгч нь банкны актив, пассивын үнэлгээг хараат бус, хөндлөнгийн, мэргэжлийн этгээдээр зохих стандарт, шаардлагын дагуу хийлгэнэ.

56.8.Тусгай төлөөлөгч нь энэ хуульд заасан банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна дараахь бүрэн эрхтэй байна:

56.8.1.банкны өр төлбөрийн эргэн төлөгдөх хугацаанд өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх;

56.8.2.банкны байгуулсан санхүүгийн гэрээ, хэлцлийг дуусгавар болгох;

56.8.3.банкинд хөрөнгө оруулахыг тухайн банкны нэгдлийн толгой компаниас шаардах;

56.8.4.энэ хуулийн 69.1-т заасан бусад эрх.

56.9.Тусгай төлөөлөгч нь Монголбанкинд ажлаа хариуцан тайлагнана.

56.10.Тусгай төлөөлөгчийн цалин хөлс, холбогдох бусад зардлыг тухайн банкнаас гаргуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд Монголбанкнаас урьдчилан гаргаж, банкаар нөхөн төлүүлнэ.

Хэвлэх

57 дугаар зүйл.Банкны актив, пассивыг шилжүүлэх

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

57.1.Тусгай төлөөлөгч банкны актив, пассивыг эрх бүхий банкинд шилжүүлж болно.

57.2.Энэ хуулийн 57.1-т заасан шилжүүлэг хийхдээ энэ хуульд заасны дагуу хийсэн үнэлгээг баримтална.

57.3.Банкны шилжүүлгийг хийхэд шаардагдах санхүүжилтийн нөхцөл, хэлбэр, хэмжээг тусгай төлөөлөгчийн саналыг харгалзан Монголбанк тодорхойлно.

57.4.Банкийг шилжүүлэх шийдвэр нь тухайн банкны актив, пассив, тэнцлийн гадуурх зүйлтэй холбоотойгоор өмнө байгуулсан гэрээ, хэлцэл, шийдвэрийн зохицуулалтаас үл хамааран хэрэгжинэ.

57.5.Банкийг шилжүүлсэн нь банкнаас урьд нь бусадтай байгуулсан гэрээ, хэлцлийг хугацаанаас өмнө татгалзах, цуцлах үндэслэл болохгүй.

57.6.Энэ хуулийн 57.1-т заасан арга хэмжээг авахад дараахь нөхцөлийг баримтална:

57.6.1.өр төлбөрт барьцаалагдсан эд хөрөнгийг тухайн өр төлбөр, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах бусад дагалдах эрхийн хамт шилжүүлэх;

57.6.2.хүүгийн своп, валютын своп, валютын опцион болон Монголбанкнаас тодорхойлсон бусад санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэлцлийн төлбөр харилцан тооцох, эрх, үүргийг бүхэлд нь шилжүүлэх.

57.7.Энэ зүйлд заасан арга хэмжээний хүрээнд буцаан төлөгдсөн хөрөнгийн хэмжээ нь тухайн банкийг шууд татан буулгасны үр дүнд буцаан төлөгдөх боломжтой байсан хөрөнгийн хэмжээнээс багассан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн банкнаас төлбөр гаргуулах шаардлага нь бусдад шилжээгүй үүрэг гүйцэтгүүлэгч уг зөрүүгээр нөхөн төлбөр гаргуулахыг шаардах эрхтэй.

Хэвлэх

58 дугаар зүйл.Тусгай зориулалтын банк байгуулах

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

58.1.Тусгай төлөөлөгч нь банкны бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор хуульд заасан нөхцөл шаардлагын хүрээнд тусгай зориулалтын банк байгуулж болно.

58.2.Тусгай зориулалтын банк байгуулах зөвшөөрлийн хугацаа гурав хүртэлх жил байна.

Хэвлэх

59 дүгээр зүйл.Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

59.1.Банкны алдагдал, өр төлбөрийн хэмжээг бууруулах, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай төлөөлөгч дараахь арга хэмжээ авч болно:

59.1.1.хувьцаанд хамаарах үнэт цаасыг хувьцаанд хөрвүүлэх;

59.1.2.банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах;

59.1.3.банкны хувьцааг нэгтгэх, хуваах;

59.1.4.банкны алдагдал, өр төлбөрийг бууруулах, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай бусад.

59.2.Энэ хуулийн 59.1-т заасны дагуу хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны үнийг бууруулснаар тухайн бууралтын хэмжээ эцсийн байх бөгөөд үнэт цаасны эзэмшигч нь бууралттай холбоотой аливаа шаардлага гаргах эрхгүй.

Хэвлэх

60 дугаар зүйл.Өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэх

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

60.1.Тусгай төлөөлөгч нь банкийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл энэ хуулийн 59.2, 57.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор банкны өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлж болно:

60.2.Энэ хуулийн 60.1-д заасан хөрвүүлэлтэд доор дурдсан өр төлбөрийг хамруулахгүй:

60.2.1.даатгагдсан хадгаламж;

60.2.2.үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажсан өр төлбөр;

60.2.3.энэ хуулийн 6.1.6, 6.1.7-д заасны дагуу хадгалуулсан, эсхүл хуульд заасны дагуу банкны активаас тусгаарлагдсан хөрөнгөө буцаан авах харилцагчийн авлага;

60.2.4.долоо хоногоос бага хугацаатай, холбогдох этгээдэд хамаарахгүй банкнаас олгосон зээл;

60.2.5.долоо хоногоос бага хугацаатай, төлбөр тооцооны систем, түүний оператороос олгосон зээл;

60.2.6.ажилтны цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, түүнтэй адилтгах бусад төлбөр;

60.2.7.банкинд зайлшгүй шаардлагатай бараа, ажил, үйлчилгээний төлбөр;

60.2.8.татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг;

60.2.9.хадгаламжийн даатгалын корпорацид төлөх төлбөр;

60.2.10.Монголбанкнаас хөрвүүлэхгүй байхаар тогтоосон бусад өр төлбөр.”

60.3.Өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэх нөхцөл, шалгуур, шаардлага, журмыг энэ хуулийн 55.4-т заасан журмаар тогтооно.

Хэвлэх

61 дүгээр зүйл.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

61.1.Банкны тогтолцоо, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банкны бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газраас банкийг дахин хөрөнгөжүүлэх, тусгай зориулалтын банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх, банкны өрийн хэрэгслийг худалдан авах, зээл олгох, баталгаа гаргах, банкны тогтворжуулалтын санд хөрөнгө оруулах хэлбэрээр гаргаж болно.

61.2.Энэ хуулийн 61.1-т заасан санхүүжилтийн хэмжээ, олгох нөхцөл, журмыг Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналд үндэслэн Засгийн газар тогтооно.

61.3.Монголбанк нь өөрийн үндсэн зорилтод харшлахгүй гэж үзвэл банкны бүтцийн өөрчлөлтөд зориулан доор дурдсан нөхцөлтэй зээл олгож болно:

61.3.1.хүүгийн тусгайлсан нөхцөлтэй;

61.3.2.90 хоногийн хугацаатай, энэ хугацааг дахин нэг удаа мөн хугацаагаар сунгах боломжтой;

61.3.3.Монголбанкнаас тодорхойлсон хангалттай хэмжээний барьцаатай;

61.3.4.Засгийн газрын баталгаагаар хангагдсан.

Хэвлэх

62 дугаар зүйл.Банкны тогтворжуулалтын сан

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

62.1.Монголбанк нь банкны санхүүгийн байдлыг сайжруулах, тогтворжуулах, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн сан /цаашид “Сан” гэх/-г бүрдүүлж, зохих журмын дагуу дараахь байдлаар зарцуулж болно.

62.1.1.бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахтай холбогдуулан баталгаа гаргах;

62.1.2.зээл олгох;

62.1.3.хөрөнгө худалдан авах;

62.1.4.тусгай зориулалтын банкинд хөрөнгө оруулалт хийх;

62.1.5.энэ хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигч, үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдэд төлбөр төлөх;

62.1.6.банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн дутагдал, зөрүүг нөхөх.

62.2.Сангийн сул чөлөөтэй хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж болно.

62.3.Монголбанк нь дотоод болон гадаадын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, хөрөнгийн удирдлагын туршлагатай, санхүүгийн чадавхитай, найдвартай, мэргэжлийн хуулийн этгээдээр сангийн хөрөнгийн удирдлагыг төлөөлүүлэн хэрэгжүүлж болно.

62.4.Сангийн хөрөнгө нь Монголбанкны хөрөнгө, бусад сангаас тусдаа байна.

62.5.Сангийн хөрөнгийг удирдахдаа банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах шаардлагатай тохиолдолд бэлэн байлгах нөхцөлийг хангана.

Хэвлэх

63 дугаар зүйл.Сангийн хөрөнгө, өр төлбөр

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

63.1.Сангийн хөрөнгө нь банкнаас төлсөн хураамжаас бүрдэнэ.

63.2.Энэ хуулийн 63.1-т заасан хураамжийн хувь хэмжээ, төлөх хугацааг Монголбанк тогтооно.

63.3.Сангийн хөрөнгийг банкны системийн нийт хадгаламжийн 1.3 хувьтай тэнцүү байхаар бүрдүүлэх бөгөөд үүний 1 хувь нь банкнаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, 0.3 хувь нь сангийн онцгой төлбөрт ашиглах зорилго бүхий банкны хөрвөх чадвартай хөрөнгө байна.

63.4.Сангийн өр төлбөрийг сангийн хөрөнгөөр төлнө.

63.5.Банк нь хураамж төлснөөр зургаан сарын дотор хууль, журамд заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шаардлагыг хангахааргүй бол Монголбанк энэ хуулийн 63.2-т заасан хугацаа, хэмжээг өөрөөр тогтоож болно.

Хэвлэх

64 дүгээр зүйл.Банкнаас сангийн хөрөнгийг бүрдүүлэх онцгой төлбөр

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

64.1.Сангийн хөрөнгө нь банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй бол Монголбанк энэ хуулийн 63.3-т заасан хөрөнгөөс хэтрэхгүй хэмжээний онцгой төлбөрийг банкнаас гаргуулах эрхтэй.

Хэвлэх

65 дугаар зүйл.Гадаад хамтын ажиллагаа

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

65.1.Монголбанк нь Монгол Улсад болон гадаад улсад үйл ажиллагаа эрхэлдэг аливаа банк, түүний банкны нэгдлийн үйл ажиллагааг хянан зохицуулах эрх бүхий гадаад улсын байгууллагатай хамтран банкны нэгдэлд авах бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам, хэлбэрийг тогтоох зорилгоор хамтын ажиллагааны гэрээ, хэлцэл байгуулж болно.

65.2.Энэ хуулийн 65.1-д заасан гэрээ, хэлцэл дараахь агуулгатай байна:

65.2.1.банкны урьдчилсан оролцоо болон банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний талаархи мэдээллийг тухай бүр харилцан солилцох;

65.2.2.банкны үйл ажиллагааг нөхөн сэргээх төлөвлөгөө, түүнд хийсэн дүн шинжилгээг тухай бүр харилцан солилцох;

65.2.3.тухайн банкны Монгол Улс дахь салбар, төлөөлөгчийн газрын удирдлага, хөрөнгийг захиран зарцуулах, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг харилцан тохиролцож зохицуулах;

65.2.4.энэ хуулийн дагуу авч хэрэгжүүлэх бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулах.

65.3.Энэ хуулийн 65.2-д заасан мэдээ, мэдээллийг дараахь нөхцөлд харилцан солилцож болно:

65.3.1.солилцох мэдээ, мэдээллийг ашиглах зорилго нь тодорхой байх;

65.3.2.энэ хуулийн 65.3.1-д заасан зорилгоос өөр зорилгоор ашиглах тохиолдолд Монголбанкнаас урьдчилан зөвшөөрөл авсан байх;

65.3.3.мэдээ, мэдээллийн нууцлал, түүний хадгалалт, хамгаалалт нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх.

65.4.Монголбанк нь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг Монгол Улсад үүсгэн байгуулагдаагүй, банкны үйл ажиллагааг нэг болон түүнээс дээш салбараараа дамжуулан эрхэлж байгаа хуулийн этгээдэд тухайн гадаад улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж болно.

65.5.Энэ хуулийн 65.4-т заасан арга хэмжээ нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хангалттай бус гэж Монголбанкнаас үзсэн бол Монгол Улс дахь салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, энэ хуульд заасан албадлагын бусад арга хэмжээг авах эрхтэй.

Хэвлэх

66 дугаар зүйл.Үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

66.1.Монголбанк нь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авч байгаа банктай холбоотой дараахь үйл ажиллагааг түр түдгэлзүүлж болно:

66.1.1.банкинд авах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа банкны өмнө байгуулсан гэрээгээр хүлээсэн аливаа үүргийг гүйцэтгэхээс түр чөлөөлөх, зогсоох, түр түдгэлзүүлэх;

66.1.2.банкны хөрөнгөөс үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага хангуулах үйл ажиллагааг түр хугацаагаар хэсэгчлэн буюу бүхэлд нь түдгэлзүүлэх.

66.2.Монголбанк нь дараахь арга хэмжээг хэрэгжүүлж болно:

66.2.1.банкийг банкны зохистой хяналт шалгалтын шаардлагыг хэрэгжүүлэхээс түр чөлөөлөх;

66.2.2.банкны харилцагчтай хийх гүйлгээг зогсоох, гүйлгээ хийж байгаа газар, тооцооны төвийг түр хугацаагаар хаах;

66.2.3.банктай санхүүгийн хэлцэл хийсэн этгээдийн уг хэлцлийг хугацаанаас өмнө дуусгавар болох эрхийг түр түдгэлзүүлэх.

66.3.Энэ хуулийн 66.2-т заасан арга хэмжээг авах хугацаа 90 хоног байх бөгөөд энэ хугацааг хоёр удаа мөн хугацаагаар сунгаж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

66.4.Банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах, түүнийг хэрэгжүүлэх шийдвэр нь тухайн банктай гэрээ байгуулсан этгээдэд гэрээгээ цуцлах эрх, эрхээ нэмэгдүүлэх давуу байдлыг бий болгохгүй бөгөөд энэ нь банкинд авах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээс хойш тухайн банкинд зээл олгосон этгээдийн гэрээний дагуу нэмж зээл олгох үүргээсээ татгалзах эрхийг хөндөхгүй.

66.5.Энэ зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн тухайгаа Монголбанк олон нийтэд нэн даруй мэдээлнэ.

66.6.Банкинд авах арга хэмжээ хэрэгжүүлж байгаа банкны хөрөнгийг Монголбанкны зөвшөөрөлгүйгээр зарах, шилжүүлэх, хуваарилах, захиран зарцуулахыг хориглоно.

66.7.Энэ хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах банкны хувьцаа эзэмшигч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын эд хөрөнгийн байдал нь тухайн банкийг татан буулгаснаас дордохоор байна гэж Монголбанк үзвэл тухайн этгээд нь эд хөрөнгийн байдлаа сэргээхийг шаардах эрхтэй.

Хэвлэх

67 дугаар зүйл.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дуусгавар болгох

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

67.1.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг Монголбанк дараахь үндэслэлээр дуусгавар болгоно:

67.1.1.банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах үндэслэл арилсан;

67.1.2.бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хэрэгслийг ашиглах шаардлагагүй болсон.

67.2.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авагдаж байгаа банк нь Монголбанкнаас гаргасан журамд нийцэхүйц хангалттай хэмжээгээр дахин хөрөнгөжснөөс бусад тохиолдолд бүтцийн өөрчлөлтийн авах арга хэмжээ дуусгавар болсон бол банк байгуулах зөвшөөрлийг Монголбанк цуцлана.

67.3.Энэ хуулийн 67.1-д заасны дагуу бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үр дүнд энэ хуульд заасан банкинд тавигдах шаардлагыг банк хангаж дахин хөрөнгөжсөн бол банкны хувьцаа эзэмшигчид банкны удирдлагын бүрэн эрхийг шилжүүлэх шийдвэрийг Монголбанк гаргах бөгөөд хувьцаа эзэмшигчдийн саналын эрх сэргэх, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи бүрдэх хүртэл Монголбанк Төлөөлөн удирдах зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

67.4.Энэ хуулийн 67.2-т заасан шийдвэрт бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэгч этгээдийн бэлтгэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хэрэгсэл, гарсан зардлыг тусгасан тайланг хавсаргасан байна.

Хэвлэх
Тавдугаар дэд бүлэг
банкийг татан буулгах

/Энэ гарчгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ бүлгийн гарчгийн “Долдугаар бүлэг бусад зүйл” гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан. /

68 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авагчийг томилох

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

68.1.Монголбанк нь дараахь үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно:

68.1.1.энэ хуульд заасан албадлагын арга хэмжээний хүрээнд банк байгуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан;

68.1.2.банкинд энэ хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гарсан.

68.2.Монголбанкнаас бусад этгээд банкийг татан буулгах буюу дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх эрхгүй.

68.3.Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна.

68.4.Монголбанк нь энэ хуулийн 56.2-т заасан шаардлагыг хангасан өөрийн ажилтан, эсхүл бусад этгээдийг банкны эрх хүлээн авагчаар томилно.

68.5.Банкны эрх хүлээн авагчийн цалин хөлсийг Монголбанк тогтоож, банкны эрх хүлээн авахтай холбоотой зардлыг тухайн банкнаас гаргуулна.

68.6.Банкны эрх хүлээн авагч нь банкны эрх хүлээн авагч томилогдсон хугацаа, банк хадгаламжийн үйл ажиллагаа явуулахгүй тухай болон банкны эрх хүлээн авагчаас шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгасан банкийг татан буулгах тухай шийдвэрийг тухайн банкны бүх салбар, албан газарт нэн даруй байршуулж, олон нийтэд мэдээлнэ.

Хэвлэх

69 дүгээр зүйл.Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрх

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

69.1.Банкны эрх хүлээн авагч дараахь бүрэн эрхтэй:

69.1.1.банкны хөрөнгийг захиран зарцуулах;

69.1.2.банкийг төлөөлөх, удирдах;

69.1.3.банкны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох;

69.1.4.зээл авах;

69.1.5.банкнаас байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах;

69.1.6.шаардлагатай ажилтан авах, чөлөөлөх;

69.1.7.банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах;

69.1.8.банкны нэрийн өмнөөс Монголбанкнаас тогтоосон хэмжээг баримтлан төлбөр хийх.

69.1.9.банкийг татан буулгах арга хэмжээний хүрээнд тухайн банктай холбогдох зарим үйл ажиллагааг үргэлжлүүлэх, зогсоох;

69.1.10.хадгаламжийн хүүгийн хувь хэмжээг тухайн үеийн хадгаламжийн хүүгийн доод хувь хэмжээнээс багагүй байхаар өөрчлөн тогтоох;

69.1.11.банкны хөрөнгө оруулалт хийхээр байгуулсан гэрээг цуцлах, зээлийн хүү, үйлчилгээний хөлсний хувь хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулах;

69.1.12.банкны хадгаламж эзэмшигч, харилцагчид өгөх төлбөрөөс тухайн хадгаламж эзэмшигч, харилцагчдаас авах зээлийн төлбөрийг суутгах;

69.1.13.энэ хуулийн 56.7-д заасан үнэлгээг хийлгэх;

69.1.14.энэ хуулийн 35.8-д заасны дагуу банкны хувьцаа эзэмшигчдэд алдагдлыг хүлээлгэж, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь нийлүүлсэн хөрөнгө, бусад сангаас хасалт хийж санхүүгийн тайланд тусгах.

69.2.Банкны эрх хүлээн авагч банкийг татан буулгах ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг Монголбанкинд хүргүүлж, Монголбанкнаас тогтоосон хугацаанд тайланг тогтмол ирүүлнэ.

69.3.Банкны эрх хүлээн авагч банкны хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй.

69.4.Банкны эрх хүлээн авагч томилогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор Монголбанкинд банкны санхүүгийн болон холбогдох бусад тайлан, хөрөнгийн бүртгэл, жагсаалтыг бэлтгэж хүргүүлнэ.

69.5.Хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, бусад ажилтан, хөндлөнгийн аудиторын үйл ажиллагаанд эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн бол банкны эрх хүлээн авагч Монголбанкинд нэн даруй мэдэгдэж, тухайн асуудлыг шалгуулж, шийдвэрлүүлэхээр хууль хяналтын холбогдох байгууллагад хандана.

69.6.Банкнаас хийгдсэн төлбөр, шилжүүлэг зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүд авч үзсэн байх шинжтэй бол банкны эрх хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх гурван сарын дотор хийгдсэн төлбөрийг, хэрэв төлбөр хүлээн авагч нь тухайн банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтан, тэдгээрт холбогдох этгээд байвал банкны эрхийг хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүх төлбөрийг доор дурдсанаас бусад тохиолдолд хүчингүйд тооцно:

69.6.1.Аливаа хадгаламж эзэмшигчид төлсөн төлбөр нь тухайн үед Монголбанкнаас тогтоосон нэг хадгаламж эзэмшигчид төлөх хязгаараас хэтрээгүй;

69.6.2.бусдад шилжүүлсэн хөрөнгө нь тухайн үеийн зах зээлийн үнээр төлөгдсөн;

69.6.3.банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтанд олгосон цалин хөлс нь тэдгээрт урьд олгож байсан цалин хөлсний ердийн хэмжээнээс хэтрээгүй шагнал, бусад тусгай нэмэгдэл үүнд хамаарахгүй;

69.6.4.залилах шинжтэйгээс бусад тохиолдолд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор тусгай зориулалтын компанид хөрөнгө шилжүүлсэн.

Хэвлэх

70 дугаар зүйл.Банкийг татан буулгах арга хэмжээ хэрэгжих нөхцөл

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

70.1.Банкинд эрх хүлээн авагч томилсон бол банкийг албадан татан буулгах арга хэмжээ дараахь нөхцөлийн дагуу хэрэгжинэ:

70.1.1.банкийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойш хугацаанд Банкны гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохгүй;

70.1.2.банкинд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.1-д заасны дагуу түдгэлзүүлнэ;

70.1.3.банкны эрх хүлээн авагчаас бусад этгээд банкны хөрөнгөөс үл маргах журмаар аливаа шаардлагыг хангуулах эрхгүй;

70.1.4.банкны эрх хүлээн авах үйл ажиллагаа хэрэгжих хугацаанд урьд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу тухайн банкны зээлийн барьцаалсан эд хөрөнгө болон актив хөрөнгийг борлуулснаас орох орлогоос үл маргах журмаар төлбөр гүйцэтгэхийг хориглоно.

70.2.Банкийг албадан татан буулгахад хүндрэл учруулж болзошгүй, зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүтэйд үзсэн шинжтэй, эсхүл банкны үйл ажиллагааг зохицуулахад болон харилцагч, хадгаламж эзэмшигч, банкинд зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалахад сөрөг нөлөөтэй, банкны гүйцэтгээгүй үүргээс банкны эрх хүлээн авагч татгалзах эрхтэй.

Хэвлэх

71 дүгээр зүйл.Мэдэгдэл болон нэхэмжлэл хүргүүлэх

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

71.1.Банкны эрх хүлээн авагч нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг мэдэгдэл гаргаснаас хойш 60 хоног байхаар тогтоож, томилогдсон өдрөөс хойш хоёр сарын дотор банкны санхүүгийн тайлан, данс мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэж олон нийтэд мэдээлнэ.

71.2.Энэ хуулийн 71.1-д заасан нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор банкны эрх хүлээн авагч дараахь шийдвэрийг гаргана:

71.2.1.нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байвал шаардлагыг хүлээн авахаас татгалзах;

71.2.2.банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох;

71.2.3.банкийг албадан татан буулгах үүднээс банкны эрх хүлээн авагчийн цалин хөлс, зээлдүүлэгчийн нэрс, баталгаажсан нэхэмжлэл бүрийн үнийн дүн болон төлөх төлбөрийн нийт дүнг тусгасан татан буулгах арга хэмжээний төлөвлөгөө батлах;

71.2.4.нэхэмжлэлийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэх.

71.3.Банкны эрх хүлээн авагч нь энэ хуулийн 71.1-д заасан хугацаанд нэхэмжлэлээ ирүүлээгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.

Хэвлэх

72 дугаар зүйл.Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

72.1.Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш нэг жилийн хугацаанд багтаан дараахь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар эрх бүхий байгууллагад хандаж болно:

72.1.1.банкны эрх хүлээн авагч томилогдохоос өмнөх нэг жилийн хугацаанд банкинд илт хохиролтой байгуулсан хэлцэл;

72.1.2.банкны эрх хүлээн авагч томилогдохоос өмнөх зургаан сарын дотор банкнаас авлагатай этгээдийн шаардлагыг хангасан аливаа хэлцэл нь тухайн этгээдийн хувьд татан буулгах ажиллагаанаас олж авах байсан хөрөнгийг ихэсгэсэн хэлцэл;

72.1.3.банкны эрх хүлээн авагч томилогдохоос өмнөх нэг жилийн хугацаанд банкнаас холбогдох этгээдтэй хийсэн, банкны төлбөрийн чадвар алдагдахад нөлөөлсөн хэлцэл.

Хэвлэх

73 дугаар зүйл.Төлбөр барагдуулах дараалал

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

73.1.Банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангахад доор дурдсан дарааллыг баримтална:

73.1.1.бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр;

73.1.2.Монголбанкны болон эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал;

73.1.3.Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын хадгаламжаас бусад Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан даатгагдсан хадгаламж, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлсэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага;

73.1.4.Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө;

73.1.5.даатгагдаагүй хадгаламжийн төлбөр;

73.1.6.банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс;

73.1.7.Монголбанкны шаардах эрх бүхий төлбөрийн шаардлага;

73.1.8.Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар;

73.1.9.үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажаагүй бусад өр төлбөр;

73.1.10.хоёрдогч өглөг.

73.2.Банкны хөрөнгийг худалдаж борлуулсны орлого нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол дарааллын эхний төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн төлбөрийн шаардлагыг хангана.

73.3.Нэг дараалалд орсон хэд хэдэн төлбөрийг нэгэн зэрэг барагдуулах боломжгүй бол тухайн төлбөр бүрийн хэмжээнд хувь тэнцүүлэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж болно.

73.4.Энэ хуулийн 73.1-д заасан төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн эрхийн дагуу хуваарилна.

Хэвлэх

74 дүгээр зүйл.Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгох, тайлагнах

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

74.1.Банкны бүх хөрөнгийг худалдан борлуулсан, хуваарилсан, шилжүүлсний дараа банкны эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах ажиллагааны тайланг Монголбанкинд хүргүүлнэ.

74.2.Монголбанк банкны эрх хүлээн авагчийн тайланг хэлэлцэн баталж, банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгосон бол энэ тухай шийдвэрийг холбогдох шүүхэд хүргүүлж, олон нийтэд мэдээлж банкийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

74.3.Энэ хуулийн 74.2-т заасны дагуу олон нийтэд мэдээлснээр банкны эрх хүлээн авагчийн банк, банкийг татан буулгах үйл ажиллагаатай холбоотой үүрэг дуусгавар болно.

Хэвлэх

75 дугаар зүйл.Эрх зүйн хамгаалалт

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

75.1.Банкинд албадлагын арга хэмжээ авах тухай Монголбанкны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

75.2.Гомдол гаргасан нь Монголбанк, энэ хуульд заасан бусад эрх бүхий этгээдийн шийдвэр, үйл ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.

75.3.Шүүх энэ хуулийн 75.1-т заасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1-т заасан тусгай журмаар хянан шийдвэрлэнэ.

75.4.Банкинд албадлагын арга хэмжээ авсан Монголбанк, бүрэн эрхт төлөөлөгч, тусгай төлөөлөгч, эрх хүлээн авагчийн шийдвэр хууль бус, түүний улмаас гомдол гаргагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шүүхээс тогтоосон тохиолдолд уг шийдвэр, түүнд үндэслэн гарсан бусад шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, түдгэлзүүлэх үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг мөнгөн хэлбэрээр холбогдох хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэнэ.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ