Хэвлэх DOC Татаж авах
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭС

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

 

 

2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр                                                                                                                                                                                                                                                                                                Улаанбаатар хот

 

Дугаар 03

 

  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг

Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг

зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн

шийдвэрлэсэн тухай

 

 

 Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 15.00 цаг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл /илтгэгч/, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, Х.Сэлэнгэ нар, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Жекей, Н.Батбаяр нар оролцов.

 

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 9, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэв.

 

Нэг. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Цогтгэрэл Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.9-д “Энэ хуулийн 27.1-д заасан ...28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд...шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа өгөх зарчмыг зөрчиж байна.

 

Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох заалтыг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох хангалттай санал авч чадаагүй, өөрөөр хэлбэл шууд сонгогдоогүй нэр дэвшигчдээс бүрдэх “Г” жагсаалтын эхнээс нам, эвсэлд хуваарилагдсан суудалд дүйцүүлэн хуваарилахаар байгаа нь шууд бус замаар сонгогдож байгаа хэлбэр юм.

 

Түүнчлэн босго даваагүй намуудын төлөө өгсөн саналуудыг өөрчилж, өөр намууд дээр тэнцүүлэн хуваахаар байгаа нь хүний эрх, шударга ёсонд гаж, сонгогчийн эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл болжээ.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн дээрх заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хоёр. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Чадраабал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Ё.Бямбатогтох нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-д “Энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно.” гэсэн заалт оруулснаас үүдэн уг хуульд 6.7.2, 27.5.4, 48.2, 48.7, 49.1.1, 49.1.2, 49.1.3, 49.1.7, 49.2 гэсэн зохицуулалтуудыг хийжээ. Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг...эрхэлсэн ажил, ... үзэл бодол, -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно...”, Арван зургадугаар зүйлийн 9-д “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, Арван зургадугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, ... эрх чөлөөтэй...”, Хорин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, Хорин гуравдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэсэн заалттай тус тус зөрчилдөж байна.

 

Сонгуулийн тухай хуулийн 49.1.5.б-д сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан бие даан нэр дэвшигчийг хасч түүний дотор байгаа /намын нэрээр яваа/ нөхрийг сонгуульд ялсанд тооцох нь шударга өрсөлдөөний утгыг алдагдуулаад зогсохгүй ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа юм.

 

Иймд энэ маргааныг хянан шийдвэрлэж Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Гурав. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Одгэрэл Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

“Хууль тогтоогчоос Сонгуулийн тухай хуулийг батлахдаа ямар тогтолцоог сонгох нь түүний бүрэн эрхийн асуудал боловч сонгуулийн олонхийн /мажоритар/ болон хувь тэнцүүлэх /пропорциональ/ тогтолцооны аль нэгийг үү, эсхүл аль алиных нь шинжийг агуулсан холимог тогтолцоог сонгосон уу гэдгээс үл хамааран Үндсэн хуулийн дээрх сонгуулийн суурь зарчим, үзэл санаанууд зөрчигдөх ёсгүй.

 

Нэг. Үндсэн хуульд заасан иргэний шууд сонгох болон сонгогдох /санал авах/ эрхийг зөрчиж буй тухайд.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.9-д заасан “Энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно.”, 27.1-д заасан “Нам, эвсэл Улсын Их Хурлын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг тухайн нам, эвслийн гаргасан дарааллын дагуу нэрийн нэг жагсаалтаар нэр дэвшүүлнэ.”, 27.5.4-т заасан “энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтыг гаргахдаа эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг тойргийн дарааллаар, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 24.1, 27.4-т заасан хуралдаанаар нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн дараалалд оруулах;” гэсэн зохицуулалт нь дараах байдлаар ойлгогдож байна.

 

Улсын Их Хурлын сонгуульд нэг намаас нийт 76 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд эхний 48 нь сонгуулийн мажоритар системээр 48 мандатын төлөө /26 тойрогт/ өрсөлдөнө, харин үлдсэн 28 нэр дэвшигч нь эхний буюу дээрх 48 нэр дэвшигчийн хамтаар 76-гуулаа нэрсийн нэг жагсаалтанд бичигдэж пропорциональ системээр 28 мандатын төлөө улсын хэмжээний нэг тойрогт өрсөлдөхөөр болж байна.

 

Гэтэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл, заалт нь иргэдийн, сонгогчийн санал ижил тэгш үнэлэгдэх зарчмыг алдагдуулж байна. Учир нь эхний 48 нэр дэвшигчид дэмжсэн санал нь бодит байдал дээр хоёр дахин (тойрог болон намын суудал дээр) үнэлэгдэж байхад сүүлийн 28 нэр дэвшигчид сонгогчдын саналын үнэлгээ ирэхгүй байна. Энэ нь бодит байдал дээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн холбогдох заалт Улсын Их Хурлын сонгуулийг сонгуульд оролцогч нэг нам, улс төрийн хүчний хувьд 48 хүний сонгууль болгон хувиргах төдийгүй намын жагсаалтын сүүлд бичигдсэн 28 нэр дэвшигчийн Үндсэн хуулиар олгогдсон санал авах эрхийг үгүйсгэж буйгаараа пропорциональ сонгуулийн тогтолцоон дахь шууд сонгох эрхийн агуулгыг бүрэн гажуудуулж байна.

 

Хоёр. Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим болон ардчилсан ёс, шударга ёс, ард түмний төлөөллийн зарчмыг зөрчиж буй тухайд.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49.1.6-д заасан “тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан “В” жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, “В” жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа тойрогт нэр дэвшигчдээс бусад тухайн нам, эвслээс нэр дэвшигчдийг энэ хуулийн 27.5.4-т заасан жагсаалтад байгаа дарааллаар нь эрэмбэлж жагсаалт /цаашид “Г” жагсаалт” гэх/-ыг нам, эвсэл бүрээр нь гаргах;” гэсэн зохицуулалт нь дараах байдлаар ойлгогдож байна.

 

Тойрогт нэр дэвшээд сонгогчдын 28 хувиас дээш санал авсан боловч сонгогдож чадаагүй нэр дэвшигч нь /нэрийн жагсаалтын эхний 48-аас/ намын нэрийн сонголтоор дахин сонгогдох боломжийг агуулсан байна.

 

Нэр дэвшигч бүрийн хувьд сонгогдох буюу ялах боломж нь адил тэнцүү байх ёстой. Гэтэл дээрх зохицуулалт эхний 48 нэр дэвшигчид Улсын Их Хурлын гишүүний суудалд 2 удаа өрсөлдөх боломжийг олгосноороо үлдсэн 28 нэр дэвшигчээс давуу байдалтай болгож Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна.

 

Сонгуулийн нэг системээр үнэлэгдсэн саналыг буюу тойрогт авсан хувь нэр дэвшигчийн саналын хувийг өөр системд шилжүүлэн үнэлж буюу намын санал авсан саналд үнэлж нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг хөдөлгөөнд оруулж байгаа нь тухайн системийн хувьд Үндсэн хуулийн шууд сонгох, төрийн үйл ажиллагаан дахь шударга ёсны зарчмыг зөрчихөд хүргэж, улмаар тухайн системийн бүтцийг эвдэж байна.” гэжээ.

 

Дөрөв. Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.в, 49.1.6-д тус тус зааснаас үзэхэд санал хураалт дууссаны дараа Улсын Их Хурлын мажоритар хэлбэрт ялагдал хүлээсэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг тусад нь жагсаан, улмаар уг жагсаалтыг сонгуулийн пропорциональ үндсэн хэлбэрээр нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн зарим заалттай нийцэхгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ... -ийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, Хорин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд...чөлөөтэй, ...сонгох эрхийн үндсэн дээр...сонгоно.” гэж тус тус заасан байдаг.

 

Гэтэл Улсын Их Хурлын сонгуулийн мажоритар хэлбэрт ялагдал хүлээсэн нэр дэвшигчдийг сонгууль дууссаны дараа Улсын Их Хурлын пропорциональ хэлбэрээр нэр дэвшиж байгаа нэр дэвшигч иргэдтэй хамт, бүр тэдгээрийн дээр нь байрлуулж, нэр дэвшигчийн шинэ жагсаалт гаргахаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн маргаан бүхий заалтад заасан байгаа нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн байна.

 

Маргаан бүхий заалт нь хэн нэгэн хүнд давуу байдал, зарим хүнд “дутуу” байдлыг үүсгэсэн хэм хэмжээ болжээ.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ... –ийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 9-д “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, Хорин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд... чөлөөтэй, ... сонгох эрхийн үндсэн дээр... сонгоно.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Тав. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Э.Эрдэнэжамьян, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн О.Баасанхүү нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

“Ардчилсан улс орнуудад иргэдийн төрийн үйл ажиллагаанд оролцох, улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд мажоритар, пропорциональ, холимог гэсэн 3 хэлбэрээр явуулдаг бөгөөд зарим улс орнуудын нэгэн адил холимог системийг хэрэглэх оролдлого хийж байгаа нь сайн талтай боловч процедурын алдаатай байгаа нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчих үндэслэлийг бий болгож байна.

 

Ямар ч сонгуулийн системийг сонгосноос үл хамаарч Үндсэн хуулийн суурь зарчим, хүний үндсэн эрх зөрчигдөх учиргүй.

 

Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.9, 27.1, 27.5.4, 49.1.5-р заалт нь ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлын зарчим болон Монголын ард түмэн төрийн үйл ажиллагаанд шууд оролцож улс төрийн эрхээ эдлэх, сонгох, сонгогдох зарчим ба сонгуулийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шууд сонгох эрхийг зөрчиж байна.

 

49.1.5-д энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт гаргах гэдэг нь 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт гаргаснаар намын нэрийн сонголтоор дахин сонгогдох боломжийг хуульчилсан байна.

 

Дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн шууд сонгох эрхийг болон сонгуулийн үйл ажиллагаанд адил тэгш эрхтэй оролцох, ялгаварлан гадуурхуулахгүй байх эрхийг зөрчсөн байна.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Зургаа. Монгол Улсын Их Хурлын даргын 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Ж.Сүхбаатар, Д.Одбаяр нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

 

“Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж байна гэсэн Монгол Улсын иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, П.Сэрсмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нараас ирүүлсэн мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дараах тайлбарыг Танд хүргүүлж байна.

 

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт "Энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид "нам, эвсэл" гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно." гэж заасан зарчимтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь заалт, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалтын "тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан "В" жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, "В" жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа..." гэсэн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд тусгасан билээ.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэсэн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх талаар:

 

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд байгаа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд нь зөвхөн сонгуулийн дүнг хэрхэн гаргахтай холбогдох заалтууд болно. Сонгуулийн тойргийн хороод сонгуулийн дүнгээр тухайн тойргоос сонгогдох нэр дэвшигчийг тодруулах бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо улсын хэмжээгээр сонгуулийн дүн нэгтгэн гаргаж намуудад өгсөн саналаар сонгогдох нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд үүнтэй холбогдох зохицуулалтууд нь дээр заасан Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн заалт болно. Эдгээр заалтууд нь тойрогт нэр дэвшигчийн авсан саналын хувиар тооцон, уг нэр дэвшигчийн төлөө өгсөн сонгогчдын саналыг гээхгүйгээр сонгох, сонгогдох боломжийг олгосон зохицуулалт болно.

 

Өөрөөр хэлбэл, нам бүрийн 76 нэр дэвшигчийг нэгдмэл нэг жагсаалтаар сонгогчдоос авсан саналаар нь эрэмблэлтэнд оруулж, энэ эрэмбийн дагуу намын авсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож үнэмлэх олгохтой холбогдсон зохицуулалт болно. Энэ нь сонгогчдын санал сонгуулийн дүнд илүү үр дүнтэй тусах боломжийг нээж өгсөн зохицуулалт болно. Ийнхүү нэр дэвшигчдийг эрэмблэн жагсаах нь сонгогчдын санал сонгуулийн дүнд тусаж, тэдгээрийн сонгох, сонгогдох эрх илүү хангагдаж байгаа болно.

 

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалт нь тойрогт нэр дэвшигчдийг тухайн тойргийн сонгогчдоос авсан саналыг нь харгалзан нам бүрээр нь нэр дэвшигчдийн нэгдсэн нэг жагсаалтад эрэмблэж оруулахдаа тойргийн сонгогчдын тоо, нэр дэвшигчдийн тоо, мандатын тооноос хамаарч болох ялгаатай байдлыг арилгасан болно.

 

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан нь төрийн үйл ажиллагаанд ямар ч нөхцөлд заавал удирдлага болгох зарчмууд билээ.

 

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг эцэслэн гаргахдаа сонгогчдын саналыг гээхгүйгээр, тойргийн хүн амын тоо, тойрогт ногдсон мандат, нэр дэвшигчдийн ялгаатай байдлыг арилган суудал хуваарилан сонгох, сонгогдох эрхийг хангаж байгаа нь Ардчилсан ёс, шударга ёсыг төрийн үйл ажиллагаанд удирдлага болгосон байх зарчмыг хангаж байна гэж үзсэн болно. Ардчилсан ёсны зарчим нь төрийн засаглах эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагыг ард түмэн өөрсдөө сонгон байгуулах, түүний үйл ажиллагаанд нь оролцох, хяналт тавих, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрөх, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хангах зэрэг олон хэлбэрээр илрэн хэрэгждэг. Харин сонгуулийн дүнг сонгогчдын саналыг гээхгүйгээр суудал хуваарилж байгаа нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагыг ард түмний өөрсдийнх нь сонгох эрхийг ханган, тэдгээрийн саналыг аль болох гээхгүйгээр ард түмний хүсэл зоригийг тусгасан, ардчилсан үзэл санаанд нийцсэн томоохон шинэлэг зохицуулалт юм.

 

Нөгөө талаар сонгуулийн холимог тогтолцооны үндсэн шинж нь сонгуулийн мажоритар болон пропорциональ тогтолцооны дүн гаргах аргачлалыг нэгтгэн нэг дүнг гаргахад оршино. Сонгуулийн дүнг нэгтгэхгүйгээр мажоритар болон пропорциональ тогтолцоо тус бүрээр нь гаргах нь сонгуулийн холимог тогтолцоо бус, харин паралель сонгууль болно.

 

Ардчилсан ёс гэдэг олонхиор бүх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг биш бөгөөд сонгуулийн дүнг гаргахад нам, эвслийн авсан саналаар тухайн нам, эвсэлд ногдох мандатын тоог урьдчилан гаргах бөгөөд уг дүнгээр нам, эвслээс сонгогдох нэр дэвшигчдийг сонгож байгаа нь тойргийн сонгогчдын төлөөлөл болон сонгогчдын саналыг гээлгүйгээр Үндсэн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан болно.

 

Сонгуулийн мажоритар тогтолцоо нь сонгогчдын санал гээдэг гэсэн томоохон шүүмжлэлийг дагуулдаг. Жишээ нь нэг тойрогт 100 мянган сонгогчтой, 2 мандат ногдож байхад тухайн тойрогт 36 мянган сонгогчийн санал авсан нэг нэр дэвшигч, 35 мянган сонгогчийн санал авсан нэг нэр дэвшигч, 34 мянган сонгогчийн санал авсан нэг нэр дэвшигч байхад уг 34 мянган сонгогчийн санал авсан нэр дэвшигч сонгогдож чадахгүй үлдэх бөгөөд уг тойргийн 34 мянган сонгогчийн санал шууд гээгдэн шударга бус байдал үүсдэг. Энэхүү шударга бус асуудлыг зохицуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн сонгуулийн дүнг сонгогчдын саналыг гээхгүйгээр суудал хуваарилж байгаа нь төрийн үйл ажиллагаанд шударга ёсыг сахисан өөрчлөлт юм.

 

Шударга ёсыг хэрэгжүүлдэг үндсэн арга бол аливаад алагчлалгүй хандах бөгөөд сонгогчдын саналыг гээлгүй тэдгээрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн сонгогдох боломжийг хангаж байгаа нь шударга ёсыг хэрэгжүүлж байгаа хэлбэр мөн.

 

Төрийн үйл ажиллагааны эрх чөлөө, тэгш байдлын зарчим нь шударга ёсны зарчмаас эх үүсвэртэй бөгөөд сонгуулийн дүнгээр сонгогчдын саналыг гээхгүйгээр шилжүүлэх нь шударга ёсны зарчмыг хангаж байгаа тул төрийн үйл ажиллагаанд эрх чөлөө, тэгш байдлын зарчим зөрчигдөөгүй гэж үзэж байна.

 

Сонгуулийн дүнгээр холимог тогтолцооны үндсэн шинжийг агуулан суудал хуваарилж, сонгогчдын саналыг гээхгүйгээр суудал хуваарилах нь ард түмний улс төрийн, үзэл суртлын зөвшилцөөг бүрдүүлэх хэлбэрээр төрийн үйл ажиллагаанд үндэсний эв нэгдлийн үндсэн зарчмыг удирдлага болгож байгаагийн илэрхийлэл болно. Үндэсний эв нэгдэл нь тухайн орны нийт ард түмний улс төрийн, үзэл суртлын түгээмэл зөвшилцөө, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжил, ёс суртахуун, зан заншлын харилцан хүндэтгэл зэргээр илэрхийлэгдэн хэрэгждэг.

 

Сонгогчдын саналыг гээхгүйгээр сонгуулийн дүнгээр нэгтгэсэн нэг дүн гарган суудал хуваарилах нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг зөрчөөгүй болно. Учир нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх гэдэг нь төрийн засаглах эрх мэдлийг хуваарилалт дахь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж ангилсан гурван салаа нь тус тусдаа хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд бие даан үйл ажиллагаа явуулахыг ойлгох ба энэ нь сонгуулийн үйл ажиллагаанд хууль баримтлаж ажиллах хэлбэрээр илэрхийлэгддэг. Иймд сонгуулийн үйл ажиллагаанд хууль баримтлан суудал хуваарилах нь хууль дээдлэх зарчмыг зөрчөөгүй болно.

 

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож   байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ." гэсэн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар:

 

Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчмыг хуульчилсан нь төрийн засаглах эрх мэдлийн эх сурвалж нь ард түмэн гэснийг нотолж байгаа хэлбэр бөгөөд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдэг бол ардчилал гэдэг ухагдахууны бүрэн хэмжээний илрэл юм. Ардчиллыг төлөөлөх болон шууд гэж ангилдаг бөгөөд шууд ардчиллыг хэрэгжүүлэх боломжийг хэр болохыг бүгд мэднэ. Харин төлөөлөх ардчилал гэдэг бол ард түмний сонгон байгуулсан төрийн байгууллагаараа дамжуулж төрийн засаглах эрх мэдлийг хэрэгжүүлдэг удирдлагын арга бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын засгийн бүх эрх мэдлийг ард түмний мэдэлд байх зарчмыг зөрчөөгүй ба ард түмэн төрийн хэрэгт шууд оролцох боломжийг нь ямар нэг байдлаар хөндөөгүй болно. Түүнчлэн сонгуулийн холимог тогтолцооны суудал хуваарилах асуудал нь сонгогчид төрийн үйл ажиллагаанд шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлж байгааг зөрчөөгүй болно. Учир нь ард түмний хүсэл зоригийг зөвхөн олонхийн саналаар шийдвэрлэх хэт хатуу тогтолцоог эвдэн шударга ёсыг сахин, ард түмний зарим хэсгийн хүсэл зоригийг гээлгүй, орхигдуулалгүй асуудлыг зөв талаас нь тайлбарлан танилцуулан шийдвэрлэсэн болно.

 

З.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэсэн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар:

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.9 дахь заалт, түүнтэй холбогдох заалт нь сонгууль зохион байгуулан нэр дэвшигчдэд сонгуулийн дүн гарган тооцож, суудал хуваарилах асуудлыг зохицуулж байгаа бөгөөд уг асуудал нь хэн нэг нэр дэвшигчийн хуулийн өмнө эрх тэгш байдлыг алдагдуулсан зүйл байхгүй юм. Учир нь нэр дэвшигч бүр хуулийн өмнө эрх тэгш байх бөгөөд хуульд заасны дагуу нам, эвслийн авсан саналын хувиар ногдсон мандатыг хуваарилах нь тухайн тойргийн сонгогчдын саналыг тэгш хадгалагдах боломжийг нээж өгсөн болно. Өөрөөр хэлбэл, сонгогчдын санал гээгдэх нь хуулийн өмнөх эрх тэгш байдлыг алдагдуулж байсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд сонгуулийн хоёр тогтолцооны дүнг нэгтгэн суудал хуваарилах асуудлыг зохицуулсан нь илүү оновчтой Үндсэн хуульд нийцсэн зохицуулалт болсон гэж үзэж байна.

 

4.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49
дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалт Монгол Улсын
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн "...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй." гэсэн 9 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар:

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалтууд нь Монгол Улсын иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь Улсын Их Хуралд улс төрийн нам, эвслээс 76-аас илүүгүй хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг 76 нэр дэвшигчийн 48-аас илүүгүйг нь тойрогт нэр дэвших ба Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд пропорциональ тогтолцоогоор 28-аас илүүгүй нэр дэвшигчид суудал хуваарилахдаа тухайн нам, эвслийн авсан саналын хувиар нь нэр дэвшигчдийн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй нь хамааралгүйгээр тооцон гаргах бөгөөд энэхүү суудал хуваарилан нэр дэвшигчдийн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг нь зөрчөөгүй болно. Мөн төрийн удирдах хэрэгт иргэдийн оролцох нь тэдгээрийн улс төрийн үндсэн эрх бөгөөд иргэд төрийн удирдах хэрэгт шууд шийдвэрлэх эрхтэй буюу эсхүл өөрсдийн сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан энэ эрхээ эдэлдэг. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн хянах ажиллагаа явагдаж байгаа холбогдох заалт нь иргэний сонгох, сонгогдох эрхэд халдсан зүйл байхгүй юм. Нэр дэвшигчийн сонгох, сонгогдох эрх нь хязгаарлагдаагүй бөгөөд тэдгээрийн сонгогдох нь тухайн тойргийн сонгогчдын нэр дэвшигчид үзүүлж байгаа үнэлгээ, түүнчлэн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт олон түмнээс өгсөн үнэлгээтэй холбогдон гаргасан саналтай нь шууд хамааралтай тул уг асуудлыг шууд Үндсэн хуулийн иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

5.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, ...сонгоно." гэсэн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх талаар:

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалт нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгоход ямар нэг хязгаарлалт агуулаагүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн уг заалтууд нь Үндсэн хуулийн Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгох зарчмыг зөрчөөгүй болно. Түүнчлэн дээрх маргаантай заалтууд нь сонгогчийн саналаа нууцаар гаргахад нь хамааралгүй билээ.

 

Уг заалтыг сонгогчийн шууд сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэх нь эрх зүйн хувьд үндэслэлгүй юм. Шууд сонгох гэдэг нь нэгд: сонгогч сонгуульд ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож саналаа өөрөө гаргах, хоёрт: сонгогчдын саналын үндсэн дээр сонгуулийн дүнг хуулиар тогтоосон журмын дагуу шууд гардаг гэсэн агуулгатай тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг "Улсын Их Хурлын гишүүнийг...шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, ...сонгоно." гэснийг зөрчөөгүй төдийгүй, сонгуулийн дүн нь шууд гарч байх хуулийн журмыг тогтоож байгаа юм.

 

Ийнхүү үндэслэлүүдээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалт Монгол   Улсын   Үндсэн   хуулийн   Нэгдүгээр   зүйлийн   2   дахь   хэсгийн, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно.” гэжээ.

 

Долоо. Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

 

“1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилснаараа зарим нэр дэвшигч нарт давуу байдал бий болгон Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын агуулгыг алдагдуулсан байна.

 

2.Түүнчлэн сонгуулийн эрх бүхий иргэд нэгэнт сонголтоо хийсэн байтал дээрх зохицуулалт нь Улсын Их Хурлын 26 тойрогт нэр дэвшээд тус тусын тойрогт ялагдал хүлээсэн боловч 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч улс төрийн нам, эвслийн жагсаалтад шилжин орсноор Улсын Их Хурлын гишүүний мандат буюу суудлыг нам, эвсэлд тэдгээрийн авсан саналын хувь хэмжээгээр хуваарилах агуулгатай сонгуулийн хувь тэнцүүлэх хэлбэр хэрэгжих боломжгүйд хүрч, улмаар иргэдийн шууд сонгох эрхийг алдагдуулсан байна.

 

3.Мөн Улсын Их Хуралд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчид өгсөн санал хоёр удаа буюу сонгуулийн олонхийн болон хувь тэнцүүлэх хэлбэрт тус тус үнэлэгдсэнээр, намын нэрээр өгсөн сонгогчдын санал эзэнгүйдэн, улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслийн жагсаалтад орсон 28 нэр дэвшигчид өгсөн саналыг бодитойгоор үнэлэх боломжгүй байдалд хүргэн, тэдгээрийн сонгогдох эрхийг хязгаарласан байна. 

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь дээр дурдсан зөрчлийн шинжийг агуулснаараа ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан байна.” гэжээ.

 

Тогтоох хэсэгт:

         

          “1.Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт "... энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан...", 49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь заалтад “энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид “В” жагсаалт” гэх/-ыг гаргах:”, 49.1.5.а заалтад “санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;”, 49.1.5.б заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;”, 49.1.5.в заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд таваас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч.”, 49.1.6 дахь заалтад "тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан "В" жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, "В" жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа..." гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...", Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж... сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байна.

 

        2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийн "... энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан...", 49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь заалтын “энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид “В” жагсаалт” гэх/-ыг гаргах:”, 49.1.5.а заалтын “санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;”, 49.1.5.б заалтын “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;”, 49.1.5.в заалтын “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд таваас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч.”, 49.1.6 дахь заалтын "тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан "В" жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, "В" жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа..." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

          3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.” гэжээ.

 

  Найм. Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 26 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

 

“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь:

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт "...энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан...", 49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь заалтад “энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид “В” жагсаалт” гэх/-ыг гаргах:”, 49.1.5.а заалтад “санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;”, 49.1.5.б заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;”, 49.1.5.в заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд таваас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч.”, 49.1.6 дахь заалтад "тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан "В" жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, "В" жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа..." гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...", Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж... сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ.

 

Ес. Монгол Улсын Их Хурлын даргын 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Жекей, Н.Батбаяр нар Үндсэн хуулийн цэцэд тайлбараа ирүүлсэн байна. Уг тайлбартаа:

 

          “Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж байна гэсэн Монгол Улсын иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, Э.Эрдэнэжамъян, Х.Сэлэнгэ, О.Баасанхүү нарын нэр бүхий иргэдээс ирүүлсэн мэдээллийг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шалгаж, 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэн 02 дугаар дүгнэлт гаргасан билээ.

 

          Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал 2012 оны 4 дүгээр сарын 12, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн Улсын Их Хурлын 2012 оны 26 дугаар тогтоолыг баталсан.

 

          Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Д.Одбаяр, Ж.Сүхбаатар нарын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хүргүүлсэн тайлбарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцохоор Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дараах тайлбарыг хүргүүлж байна:

 

          1.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх дүгнэлт Үндсэн хуулийн тулгуур зарчим болсон Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдэл зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдана гэсэн зарчимтай зөрчилдөж байна.

 

          Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтын холбогдох зохицуулалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох зохицуулалт нь Үндсэн хуулийн маргааны асуудал биш юм. Нөгөө талаар Үндсэн хуулийн цэц хэрэв асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг өөрчилвөл хууль тогтоох эрх мэдэл зөвхөн Монгол Улсын Их Хуралд хадгалагддаг байх Үндсэн хуулийн дээд зарчмыг зөрчсөн үйл явдал болно гэж үзэж байна.

 

          Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтын холбогдох зохицуулалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох зохицуулалтыг хүчингүй болгож байгаа нь "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно" гэсэн Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дугаар заалттай илт зөрчилдөж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс харахад Улсын Их Хуралд орж ирж байгаа 76 хүний 48 нь ард түмний санал авч мандат авсан гишүүд байх бөгөөд 28 нь намаасаа мандат авсан гишүүд сонгогдохоор байна. Намын нэрээр сонгогдсон Их Хурлын гишүүд, ард түмнээс сонгогдсон Их Хурлын гишүүд гэсэн хоёр статустай гишүүдтэй болж байна.

 

          2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтын холбогдох зохицуулалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох зохицуулалт нь Үндсэн хуулийн заалтуудыг зөрчжээ гэдэг зөрчил нь Үндсэн хуулийн зөрчил биш юм. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн эдгээр заалт нь ардчилсан ёс, шударга ёс, эрх тэгш, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг хангасан зохицуулалт юм.

 

          З.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д "Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэж заасан байгаа. Энэ заалт нь Улсын Их Хурал хууль тогтоогчид хамааралтай болохыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд тайлбарласан байна.

 

          Гэтэл Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;" гэж заасан заалтыг Үндсэн хуулийн цэц зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргах бүрэн эрхтэй байхад Үндсэн хуулийн цэц Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд халдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг зөвхөн Улсын Их Хуралд хамааралтай болохыг тайлбарласан байна. Энэ талаар Улсын дээд шүүх тайлбар гаргаагүй байгаа болно.

 

          4.Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно" гэсэн хориглолт байдаг. Үүнийг дагасан заалт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд орсон.

 

          Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнө зургаан сарын дотор Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд аливаа нэг субьект нэмэлт, өөрчлөлт оруулах эрхгүй. Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль нь Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг төрийн бүх байгууллага нэг мөр ойлгон гуйвуулалтгүй хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

          Ийнхүү үндэслэлүүдээр Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэж Улсын Их Хурал үзсэнийг уламжилж байна.” гэжээ.

 

          Арав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд мэдээллийнхээ шаардлагаас бүхэлд нь татгалзсан болно.

         

          ҮНДЭСЛЭЛ:

 

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг олгож байгаагаараа зарим нэр дэвшигч нарт давуу байдал бий болгон Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх болон сонгуулийн шууд сонгох зарчмын агуулгыг алдагдуулсан байна.

 

2. Мөн Улсын Их Хуралд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчид өгсөн санал хоёр удаа буюу сонгуулийн олонхийн болон хувь тэнцүүлэх хэлбэрт тус тус үнэлэгдсэнээр, намын нэрээр өгсөн сонгогчдын санал эзэнгүйдэн улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслийн жагсаалтад орсон 28 нэр дэвшигчид өгсөн саналыг бодитойгоор үнэлэх боломжгүй байдалд хүргэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан байна. 

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь дээр дурдсан зөрчлийн шинжийг агуулснаараа ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан байна.

 

3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 9, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт "... энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан...", 49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь заалтад “энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид “В” жагсаалт” гэх/-ыг гаргах:”, 49.1.5.а заалтад “санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;”, 49.1.5.б заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;”, 49.1.5.в заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд таваас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч.”, 49.1.6 дахь заалтад "тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан "В" жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, "В" жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа..." гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...", Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж... сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг хүчингүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5.в заалтад хамаарах “Тайлбар: Энэ хуулийн 48.5-д заасны дагуу дахин санал хураалтад орсон боловч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчийн “В” жагсаалт дахь өөрийн авсан саналын хувь нь анхны санал хураалтын саналын хувь байна.” гэснийг хүчингүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Н.ЖАНЦАН

 

ГИШҮҮД                                                        П.ОЧИРБАТ

 

                                                                        Ж.БОЛДБААТАР

 

                                                                        Ж.АМАРСАНАА

 

Д.НАРАНЧИМЭГ

 

Ц.САРАНТУЯА

 

                                                                                                                    Д.МӨНХГЭРЭЛ

 

                                                                        Б.ПҮРЭВНЯМ