Хэвлэх DOC Татаж авах
ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр    
Улаанбаатар хот

Дугаар 52

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйл,  Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт тус тус даалгасугай:

а) 2014 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоох, шинэчлэн тогтоосон тэтгэврийн хэмжээ нь одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс бага байгаа тохиолдолд тэтгэврийг урьд авч байсан тэтгэврийн хэмжээгээр тогтоох;

б) энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн “а” заалтын дагуу шинэчлэн тогтоосны дараах 500,0 (таван зуу) мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22,0 (хорин хоёр) мянган төгрөгөөр, 500,0 (таван зуу) мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 20,0 (хорин) мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцож олгох; /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 292-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

в) нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230,000 (хоёр зуун гучин мянган) төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 195,000 (нэг зуун ерэн таван мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоох. /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 292-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн  тогтоох тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн “2014 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгох” гэснийг, мөн тогтоолын хавсралтын гарчгийн “2014 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс хойш шинээр” гэснийг тус тус хасч, "Нийгмийн даатгалын сангаас  олгох  тэтгэвэр  бодох   цалингийн  итгэлцүүр,  тэтгэврийн  доод  хэмжээг шинэчлэн  тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлийн “а”, “б” заалт, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн  тогтоох тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1, 3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        Ч.САЙХАНБИЛЭГ

Хүн амын хөгжил, нийгмийн

хамгааллын сайд                                                           С.ЭРДЭНЭ