Хэвлэх DOC Татаж авах
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газар, орон нутаг зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж

2.1.Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өр үүсгэх, түүнийг удирдахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хувийн хэвшлийн өр төлбөрийн харилцаанд энэ хууль хамаарахгүй.

3.3.Засгийн газрын өрийн баталгааг энэ хуулиар, төсвийн харилцаанд хамаарах болзошгүй өр төлбөрийн асуудлыг бусад хуулиар зохицуулна.

3.4.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргах, түүнийг бүртгэхээс бусад тохиолдолд тухайн хуулийн этгээдийн өр төлбөрийн харилцаанд энэ хууль хамаарахгүй.

3.5.Бүх төрлийн тусламжийн харилцаанд энэ хууль хамаарахгүй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“өр” гэж өрийн хэрэгслээр дамжуулан тодорхой хугацаанд төлөх хүү, үндсэн төлбөр болон холбогдох бусад төлбөрийн үүргийг;

4.1.2.“өрийн хэрэгсэл” гэж бүх төрлийн зээл, үнэт цаас болон өр үүсгэх аливаа гэрээ, хэлцлийг;

4.1.3.“өрийн удирдлага” гэж Засгийн газрын богино, дунд хугацааны санхүүгийн зардал, эрсдэлийн түвшинг тодорхойлсны үндсэн дээр стратеги боловсруулж хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах, хяналт тавих үйл ажиллагааг;

4.1.4.“улсын нийт гадаад өр” гэж Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээс Монгол Улсад бүртгэлгүй, байнга оршин суугч бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүргийг;

4.1.5.“улсын төсөв” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.6-д заасныг;

4.1.6.“Засгийн газрын өр” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д заасныг;

4.1.7.“Засгийн газрын өрийн баталгаа” гэж баталгаа гаргуулагч нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд төлбөрийг баталгаа гаргуулагчийн өмнөөс төлж барагдуулахаар Засгийн газрын хүлээсэн үүргийг;

4.1.8.“Засгийн газрын өрийн удирдлагын стратеги” гэж Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон бодлогын баримт бичгийг;

4.1.9.“Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц байх” гэж Засгийн газрын зүгээс тухайн үеийн мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зорилтот үр дүн болон валютын зах зээл дэх төгрөгийн ханшид нөлөөлөх хэмжээ, нөхцөл бүхий үнэт цаас гаргах, гадаад зээллэг хийх, ашиглах, буцаан төлөхийг;

4.1.10.“өрийн бүтэц” гэж өрийг эргэн төлөгдөх хугацаа, нөхцөл, валют болон бусад шинж чанараар нь ангилсныг;

4.1.11.“өрийн үйлчилгээ” гэж тухайн төсвийн жилд хийгдэх өрийн үндсэн болон хүүгийн төлбөр, холбогдох бусад төлбөрийг;

4.1.12.“өрийг дахин санхүүжүүлэх” гэж өрийн үйлчилгээг гүйцэтгэх зорилгоор шинээр зээллэг хийх үйл ажиллагааг;

4.1.13.“өрийн хязгаар” гэж Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх дээд хэмжээг хувьчлан тогтоосныг;

4.1.14.“зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээ” гэж тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр хийх зээллэг, гаргах өрийн баталгааны хэмжээнд Улсын Их Хурлаас мөнгөн хэлбэрээр хязгаар тогтоохыг;

4.1.15.“зээллэг” гэж Засгийн газрын өрийн баталгаанаас бусад өрийн хэрэгслээр дамжуулан өр үүсгэхийг;

4.1.16.“зээллэгийн төлөвлөгөө” гэж Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичигт үндэслэн өрийн хэрэгсэл тус бүрээр гаргасан төлөвлөгөөт хуваарийг;

4.1.17.“гадаад зээл” гэж Монгол Улсад бүртгэлгүй, байнга оршин суугч бус аливаа этгээдээс олгосон өр үүсгэх хөрөнгийн эх үүсвэрийг;

4.1.18.“хөнгөлөлтийн түвшин” гэж зээлийн нэрлэсэн үнэ болон өнөөгийн үнэ цэнийн хоорондын зөрүүг тухайн зээлийн нэрлэсэн үнэтэй харьцуулж, хувиар илэрхийлснийг;

4.1.19.“Засгийн газрын үнэт цаас” гэж Засгийн газраас энэ хуульд заасан зориулалт, журмын дагуу арилжаалсан өрийн бичгийг;

4.1.20.“аймаг, нийслэлийн үнэт цаас” гэж аймаг, нийслэлээс энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, зориулалт, журмын дагуу тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй дотоодын зах зээлд арилжаалсан өрийн бичгийг;

/Энэ заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.1.21.“төсөл хэрэгжүүлэгч” гэж гадаад зээллэгийн хөрөнгөөр санхүүжих төслийн хэрэгжилтийг хариуцах чиг үүрэг бүхий олон улсын гэрээ, төслийн баримт бичиг, гэрээнд оролцогч талуудын хооронд байгуулсан бусад тохиролцлын баримт бичигт заасан эрх бүхий байгууллагыг;

4.1.22.“болзошгүй өр төлбөр” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.48-д заасныг;

4.1.23.“төсөл, арга хэмжээ” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.17-д заасныг.

Хэвлэх

5 дугаар зүйл.Өрийн удирдлагын зарчим

5.1.Өрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

5.1.1.удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх;

5.1.2.өрийн зохистой түвшинг хангах;

5.1.3.өр үүсгэж бий болгосон хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах;

5.1.4.ил тод байдлыг хангах;

5.1.5.хариуцлагатай байх.

Хэвлэх

6 дугаар зүйл.Өрийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх

6.1.Засгийн газрын өрийн удирдлагын харилцаанд оролцогч этгээд нь энэ хуулийн 5.1-д заасан өрийн удирдлагын зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй.

6.2.Энэ хуулийн 5.1.1-д заасан удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.2.1.Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгаа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон Улсын Их Хурлаас баталсан урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан байх;

6.2.2.Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгааг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хянасан байх;

6.2.3.Засгийн газрын зээллэг, Засгийн газрын өрийн баталгааг Улсын Их Хурлаас, орон нутгийн зээллэгийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж байх;

6.2.4.Засгийн газар, орон нутгийн зээллэг, өрийн баталгаа, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах.

6.3.Энэ хуулийн 5.1.2-т заасан өрийн зохистой түвшинг хангах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.3.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан шаардлагыг хангасан байх;

6.3.2.Засгийн газрын шинээр үүсгэх өр болон гаргах өрийн баталгаа нь энэ хуулийн 17.1-д заасан дээд хэмжээнд нийцсэн байх;

6.3.3.Засгийн газар болон орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгаа, болзошгүй өр төлбөр, тэдгээрийн үр нөлөө нь ирээдүйд өрийн дарамт учруулахгүй байх;

6.3.4.урт хугацаанд Засгийн газрын өрийн зохистой түвшинг хангах замаар Засгийн газрын өрийн удирдлагыг хэрэгжүүлэх.

6.4.Энэ хуулийн 5.1.3-т заасан өр үүсгэж бий болгосон хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.4.1.Засгийн газрын өрийн баталгаа гаргах болон Засгийн газар, орон нутгийн зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 7.1.6, 35.4-т зааснаас бусад тохиолдолд нийгмийн үр өгөөжтэй, эдийн засгийн үр ашигтай байх;

6.4.2.энэ хуульд өөрөөр заагаагүй бол арилжааны нөхцөлтэй гадаад зээллэгийн эх үүсвэрээр эргэн төлөгдөх чадвартай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх;

6.4.3.тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа нь түүнийг санхүүжүүлэх зээллэгийн эргэн төлөх хугацаанаас илүүгүй байх чиглэл баримтлах;

6.4.4.гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх чиглэл баримтлах;

6.4.5.хууль болон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулах.

6.5.Энэ хуулийн 5.1.4-т заасан ил тод байдлыг хангах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.5.1.хуульд өөрөөр заагаагүй бол улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаар тогтоосон хугацаанд олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;

6.5.2.Засгийн газар болон орон нутгийн зээллэг, өр төлбөр, Засгийн газрын өрийн баталгаа, болзошгүй өр төлбөр нийтэд ил тод байх.

6.6.Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.6.1.өрийн удирдлагын талаарх төрийн байгууллагын эрх хэмжээг хуульд заасны дагуу хэрэгжүүлэх, хуулийн шаардлага, хэм хэмжээг зөрчихгүй байх, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх;

6.6.2.энэ хуульд заасны дагуу өр үүсгэж байгаа аливаа этгээд нь зээллэгийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах, төсвийн сахилга батыг сахих;

6.6.3.энэ хуульд заасны дагуу өр үүсгэж байгаа аливаа этгээд нь өр төлбөрийн үүргээ хууль болон гэрээнд заасны дагуу хугацаанд нь төлж барагдуулах, санхүүгийн хариуцлагатай байх;

6.6.4.энэ хуулийг зөрчиж өр үүсгэх замаар эх үүсвэр бүрдүүлэхгүй байх;

6.6.5.холбогдох этгээд нь Засгийн газрын өрийн баталгаа гаргасан болон өр үүсгэж бий болгосон хөрөнгө, түүгээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг энэ хуульд заасны дагуу гаргаж тайлагнах.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ЧИГ ҮҮРЭГ

7 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

7.1.Улсын Их Хурал өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.төсөв, мөнгөний бодлогын хүрээнд Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг /цаашид ”стратегийн баримт бичиг” гэх/-ийг батлах;

7.1.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг төсвийн хамт батлах;

7.1.3.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тогтоох;

7.1.4.Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

7.1.5.Засгийн газрын гадаад зээлийн гэрээг соёрхон батлах;

7.1.6.нийгмийн үр өгөөжтэй, улсын төсөвт эргэн төлөгдөх чадваргүй төсөл, арга хэмжээг зээллэгийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжүүлэх эсэхийг тухайн жилийн төсвийн хуулиар, шаардлагатай тохиолдолд тухай бүр шийдвэрлэх;

7.1.7.зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамт хэлэлцэх, хэрэгжилттэй холбогдуулан чиглэл өгөх;

7.1.8.стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцэх, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

8 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

8.1.Засгийн газар өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг энэ хуульд заасны дагуу тодорхойлж, стратегийн баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

8.1.2.стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг төсвийн төслийн хамт, Засгийн газрын шинээр гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тусад нь боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

8.1.3.Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцсөний үндсэн дээр зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох;

8.1.4.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу зээллэг хийх, өрийн баталгаа гаргах асуудлыг шийдвэрлэх;

8.1.5.өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлийн талаар ирүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланг хэлэлцэх, дүгнэх, чиглэл өгөх;

8.1.6.стратегийн баримт бичиг болон зээллэгийн дээд хэмжээнд үндэслэн тухайн төсвийн жилийн зээллэгийн төлөвлөгөөг батлах;

8.1.7.өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл, арга хэмжээний үр дүнгийн талаар Улсын Их Хуралд тайлагнах, өгөгдсөн чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг авах;

8.1.8.өрийн удирдлагын тухай хууль тогтоомж болон стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, үр дүнг Улсын Их Хуралд тайлагнах;

8.1.9.аймаг, нийслэлийн хийх зээллэгт зөвшөөрөл олгох;

8.1.10.Засгийн газрын өрийн удирдлагын асуудлаар энэ хуульд заасан журмыг батлах;

8.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.

8.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.2.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өр, гаргах өрийн баталгааны дээд хэмжээг Засгийн газарт хэлэлцүүлэх;

8.2.2.Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулах;

8.2.3.Засгийн газрын зөвшөөрснөөр Засгийн газрын өрийн баталгааны болон авлага барагдуулах гэрээг байгуулах;

8.2.4.Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, арилжаа болон төлбөрийн хуваарийг батлах;

8.2.5.Засгийн газрын өрийн удирдлагын асуудлаар энэ хуульд заасан журмыг батлах;

8.2.6.энэ хуулийн 21.1-д заасны дагуу Өрийн удирдлагын зөвлөлийг байгуулах;

8.2.7.Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээний саналыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;

8.2.8.гадаад зээлийн гэрээний хэлэлцээг хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Засгийн газраас эрх олгосноор гадаад зээлийн гэрээнд гарын үсэг зурах;

8.2.9.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

9.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.стратегийн баримт бичгийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн энэ хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу боловсруулах;

9.1.2.Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, зохицуулалтыг энэ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх;

9.1.3.стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг тооцоолж төсвийн төсөлд тусгах;

9.1.4.стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулах;

9.1.5.Засгийн газрын гадаад, дотоод өрийн үйлчилгээний хуваарийг гаргаж, улсын төсөвт учруулж болох дарамт, нөлөөллийг тооцох, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах;

9.1.6.стратегийн баримт бичигт үндэслэн Засгийн газрын зээллэгийн төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;

9.1.7.Засгийн газрын зээллэгийн хөрөнгө, өрийн баталгааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах талаар шаардлагатай арга хэмжээг авах;

9.1.8.Засгийн газар, орон нутаг өр үүсгэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах аливаа шийдвэрийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаар болон хуульд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж, санал, дүгнэлт гаргах;

9.1.9.Засгийн газрын дамжуулан зээлдүүлэх болон өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах;

9.1.10.эрсдэлийн үнэлгээгээр тухайн зээллэгийн хөрөнгийг хугацаандаа бүрэн төлөх нь батлагдсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр Засгийн газрыг төлөөлж дамжуулан зээлдүүлэх;

9.1.11.дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах;

9.1.12.энэ хуулийн 7.1.2-т заасныг үндэслэн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах, Засгийн газрын үнэт цаас гаргагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх;

9.1.13.Засгийн газрын өрийн баталгааны санг байгуулах;

/Энэ заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.1.14.Засгийн газрын өрийн үлдэгдлийг улирал тутам, дунд хугацааны өрийн үйлчилгээний төсөөллийг жил бүр тооцоолж гаргах;

9.1.15.улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам Монголбанктай хамтран гаргах;

9.1.16.энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төрийн байгууллага, холбогдох бусад этгээдээс гаргуулж авах;

9.1.17.гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх санал боловсруулах;

9.1.18.Засгийн газрын өрийн удирдлагын асуудлаар энэ хуульд заасан журмыг боловсруулах;

9.1.19.дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн боловсруулах;

9.1.20.Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс олон улсын байгууллага, түнш оронд Засгийн газрын гадаад зээл авах хүсэлтийг албан ёсоор тавих, гадаад зээлийн хэлэлцээг хийх, гэрээ байгуулах, зохицуулах, хяналт тавих;

9.1.21.Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, үнэлэх, дүгнэх ажлыг зохион байгуулах;

9.1.22.хуульд заасан бусад бүрэн эрх.

9.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд заасан өрийн удирдлагын бодлого, зохицуулалт болон төлөвлөлт, судалгаа шинжилгээ, өрийн үйлчилгээ, бүртгэл, мэдээллийн асуудал эрхэлсэн өрийн удирдлагын нэгжтэй байна.

9.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн Засгийн газрын зээллэгийн хөрөнгө, өрийн баталгааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хянаж, Төсвийн тухай хуульд заасны дагуу эрэмбэлж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган Засгийн газарт хүргүүлнэ.

Хэвлэх

10 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх

10.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.өрийн удирдлагын хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих;

10.1.2.орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэн батлах;

10.1.3.тухайн орон нутагт зээллэгийн хөрөнгөөр санхүүжиж байгаа төсөл, арга хэмжээний үр дүнг төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамт хэлэлцэх, хэрэгжилттэй холбогдуулан чиглэл өгөх;

10.1.4.орон нутгийн өр үүсгэх Засаг даргын саналыг хэлэлцэх, Засгийн газрын зөвшөөрөлд үндэслэн орон нутгийн зээллэг хийх шийдвэр гаргах;

10.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

10.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.2.1.орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулж, энэ хуулийн 19.1-д заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

10.2.2.тухайн орон нутагт зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих;

10.2.3.энэ хуульд заасны дагуу зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.2.4.тухайн орон нутагт гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар холбогдох тооцоо, судалгааны хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

10.2.5.гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн дотоодын эх үүсвэрийн хэмжээг жил бүрийн төсвийн төсөлд тусгуулах;

10.2.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Өрийн удирдлагын талаар төрийн бусад байгууллагын чиг үүрэг

11.1.Монголбанк өрийн удирдлагын хүрээнд дараах чиг үүрэгтэй:

11.1.1.улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлэх;

11.1.2.Засгийн газрын хийх зээллэгийн хэмжээ нь Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц байх тохиолдолд тухай бүр холбогдох санал зөвлөмжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

11.2.Төрийн аудитын төв байгууллага өрийн удирдлагын хүрээнд дараах чиг үүрэгтэй:

11.2.1.энэ хуульд заасны дагуу стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд аудит хийх, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;

11.2.2.өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийх, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;

11.2.3.энэ хуулийн 9.1.9-д заасан эрсдэлийн үнэлгээнд тухай бүр хөндлөнгийн аудит хийж, дүгнэлт гаргах;

11.2.4.энэ хуулийн 37.2-т заасны дагуу дүгнэлт гаргах.

11.3.Үндэсний статистикийн хороо нь улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон өрийн баталгааны талаарх мэдээллийг макро эдийн засгийн тойм мэдээнд хамаарах тоон дүн, статистик мэдээллийн хамт улирал, жилээр нэгтгэн гаргах чиг үүрэгтэй.

11.4.Аймаг, нийслэлийн Засаг даргаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нь өрийн удирдлагын хүрээнд дараах чиг үүрэгтэй:

11.4.1.Засгийн газрын зээллэгийн хөрөнгө, Засгийн газрын өрийн баталгааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар холбогдох тооцоо, судалгааны хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

11.4.2.өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлийн тайланг Засгийн газарт танилцуулах;

11.4.3.Засгийн газрын зээллэгийн хөрөнгө, Засгийн газрын өрийн баталгааны хүрээнд хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

11.4.4.гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн дотоод эх үүсвэрийн хэмжээг жил бүрийн төсвийн төсөлд тусгуулах;

11.4.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨРИЙН УДИРДЛАГЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ

12 дугаар зүйл.Өр үүсгэх зориулалт

12.1.Засгийн газар дараах зориулалтаар өр үүсгэж болно:

12.1.1.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх;

12.1.2.төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх;

12.1.3.Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих;

12.1.4.өрийг дахин санхүүжүүлэх;

12.1.5.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санхүүжүүлэх;

12.1.6.улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монголбанкны гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх.

12.1.7.Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай  хуульд заасны дагуу төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.2.Өрийг дахин санхүүжүүлэхдээ төсвийн дарамт, ачааллыг жигдлэх болон зах зээлийн эрсдэлийг бууруулах чиглэлийг баримтална.

12.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасныг баримтлан төсөвт туссаны үндсэн дээр Засгийн газраас зөвшөөрснөөр өр үүсгэж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

13 дугаар зүйл.Засгийн газрын өрийн удирдлага, түүнийг хэрэгжүүлэх

13.1.Өрийн удирдлагын бодлого, стратеги нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрын санхүүгийн хэрэгцээг боломжит эрсдэлийн түвшинд, хамгийн бага зардлаар санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжихэд чиглэнэ.

13.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын өрийн удирдлагыг стратегийн баримт бичгийн хүрээнд дараах байдлаар хэрэгжүүлнэ:

13.2.1.Засгийн газрын санхүүгийн хэрэгцээ, өрийн багц дахь зардал, эрсдэлийн шинжилгээнд үндэслэн өрийн удирдлагын стратеги боловсруулж, хэрэгжүүлэх;

13.2.2.Засгийн газрын өрийн удирдлагын зорилт, өрийн хэмжээ, өрийн багцын бүтэц, эрсдэлийг богино, дунд хугацаагаар оновчтой тодорхойлж, удирдан зохицуулах;

13.2.3.тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өр, түүнд тавих шаардлага, нөхцөл, хязгаарлалтыг энэ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх;

13.2.4.улсын нийт гадаад өрийн мэдээллийн санг Монголбанктай хамтран хөтөлж, энэ хуульд заасны дагуу нийтэд мэдээлж, Засгийн газрын өрийн мэдээллийн ил тод байдлыг хангах.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Стратегийн баримт бичиг

14.1.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратеги нь бодлогын баримт бичгээр тодорхойлогдох ба энэ хуулийн 13.1-д заасныг баримтална.

14.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн баримт бичгийг боловсруулж, тухайн төсвийн жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн хамт гурван жилд нэг удаа Төсвийн тухай хуулийн 8.1-д заасан цаглабрын дагуу батлуулна.

14.3.Стратегийн баримт бичигт дараах зүйлийг тусгана:

14.3.1.улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн тухайн үеийн нөхцөл байдал;

14.3.2.Засгийн газрын өрийн шалгуур үзүүлэлтийн дунд хугацааны төсөөлөл;

14.3.3.санхүүжилтийн боломжит эх үүсвэр;

14.3.4.Засгийн газрын өрийн багцад дунд хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс;

14.3.5.Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн таамаглал;

14.3.6.Засгийн газрын өрийн баталгааны багцын тухайн үеийн нөхцөл байдал, өрийн багц дахь зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн таамаглал;

14.3.7.Засгийн газрын өрийн багцын дунд хугацааны зорилтот бүтэц;

14.3.8.өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга зам, өрийн зохицуулалтын үйл ажиллагаа;

14.3.9.бусад.

14.4.Макро эдийн засгийн голлох үзүүлэлтийн хэлбэлзлээс шалтгаалан дунд хугацааны төсөөлөлд суурилсан өрийн багцын зорилтот түвшинд хүрэх боломжгүй болсноос бусад тохиолдолд стратегийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

14.5.Энэ хуулийн 14.4, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8.2-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Засгийн газраас стратегийн баримт бичигт холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусган тухай бүр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулна.

14.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.2-т заасны дагуу стратегийн баримт бичгийг өмнөх стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлангийн хамт Засгийн газарт хүргүүлнэ.

Хэвлэх

15 дугаар зүйл.Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах, хяналт тавих

15.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг дараах байдлаар тайлагнана:

15.1.1.Стратегийн баримт бичгийн явцын тайланг жил бүр гаргаж, төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамт Засгийн газарт хүргүүлэх;

15.1.2.Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг гурван жилд нэг удаа гаргаж, энэ хуульд заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлэх.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан тайланд дараах зүйлийг тусгана:

15.2.1.улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн талаарх мэдээлэл;

15.2.2.Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлийн шинжилгээ, түүний тайлбар;

15.2.3.Засгийн газрын өрийн багцын дунд хугацааны зорилтот бүтэц, түүний хэрэгжилт;

15.2.4.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарыг хангасан байдал;

15.2.5.зээллэгийн төлөвлөгөөний хэрэгжилт;

15.2.6.бусад.

15.3.Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг 03 дугаар сарын 01-ний дотор гаргаж төрийн аудитын төв байгууллагад хүргүүлэх ба уг тайланд төрийн аудитын төв байгууллага 04 дүгээр сарын 01-ний дотор аудит хийнэ.

15.4.Засгийн газар стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг гурван жилд нэг удаа төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийн хамтаар дараагийн стратегийн баримт бичгийн төсөл өргөн мэдүүлэх хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, тайлагнана.

15.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага стратегийн баримт бичиг, түүний хэрэгжилтийн тайланг нийтэд мэдээлнэ.

Хэвлэх

16 дугаар зүйл.Засгийн газрын өрийн хязгаар

16.1.Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан шаардлагад нийцсэн байна.

16.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газар, орон нутаг өр үүсгэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах аливаа шийдвэрийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарт болон хуульд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж, санал, дүгнэлт гаргана.

16.3.Засгийн газар, орон нутаг зээллэг хийх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд энэ хуулийн 16.2-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын уг асуудлаар гаргасан санал, дүгнэлтийн хамт хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Хэвлэх

17 дугаар зүйл.Засгийн газрын шинээр үүсгэх өр болон гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тогтоох

17.1.Тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдуулан жил бүрийн төсвийн хуулийн хамт батлах ба Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг Улсын Их Хурал батална.

17.2.Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан шаардлагад нийцсэн байна.

17.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.2-т заасныг үндэслэн Засгийн газрын тухайн жилд шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг шинэчлэн боловсруулж, төсвийн төсөлд тусган Засгийн газарт хүргүүлнэ.

17.4.Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээний дүнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүнг оруулж тооцсон байна.

Хэвлэх

18 дугаар зүйл.Засгийн газар зээллэг хийх

18.1.Засгийн газар энэ хуулийн 12.1, 16.1, 17.1-д заасныг үндэслэн стратегийн баримт бичигт нийцүүлэн зээллэг хийж болно.

18.2.Засгийн газар зээллэг хийхдээ дараах шаардлагыг хангана:

18.2.1.тухайн төсвийн жилийн зээллэгийн төлөвлөгөө, зээллэгийн дээд хэмжээнд нийцсэн байх;

18.2.2.энэ хуулийн 16.2-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийг авсан байх;

18.2.3.Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээ нь хуульд заасан шаардлагыг хангасан байх.

18.3.Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохицуулна.

18.4.Засгийн газар Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц зээллэг хийх тохиолдолд уг зээллэгийн хэмжээ, нөхцөл, хугацааг Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.

18.5.Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байна:

18.5.1.төсөвт тусгагдсан байх;

18.5.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх;

18.5.3.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан байх;

18.5.4.тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж, баталгаажуулсан байх;

18.5.5.гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлж байгаа тохиолдолд тухайн төсөл, арга хэмжээ эдийн засгийн үр ашигтай, зээллэгийн хөрөнгийг эргэн төлөх чадвартай нь эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон байх;

18.5.6.гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлж байгаа тохиолдолд уг гэрээний хугацаа нь үндсэн зээлийн гэрээний хугацаанаас илүүгүй байх;

18.5.7.тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийгдэж, баталгаажуулсан байх.

18.6.Засгийн газрын шинээр хийх зээллэг нь энэ хуулийн 18.5.3, 18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санал, дүгнэлт гаргана.

18.7.Засгийн газар нь Монголбанкнаас энэ хуулийн 12.1.2-т заасан зорилгоор тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээллэг хийж болно.

18.8.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ нь өрийн хэрэгсэлд тооцогдох бөгөөд уг гэрээгээр санхүүжих төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 18.5.1-18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангасан байна.

18.9.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээг байгуулахад энэ хуулийн 16.2-т заасныг удирдлага болгоно.

18.10.Засгийн газар энэ хуулийн 18.7-д заасныг зөрчиж Монголбанкнаас зээллэг хийхийг хориглоно.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Орон нутгийн өрийн удирдлага, зохицуулалт

19.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 6.2.2, 7.1.2, 8.1.4-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээллэг хийх бөгөөд зээллэг хийх шийдвэрийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

19.2.Аймаг, нийслэлийн Засаг даргын улсын төсвөөс тухайн төсвийн жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй өр үүсгэх асуудлыг Төсвийн тухай хуульд зааснаар зохицуулна.

19.3.Дараах шаардлагыг хангасан аймаг, нийслэл нь Төсвийн тухай хуулийн 58.1, 58.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төслийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно:

19.3.1.улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаггүй байх;

19.3.2.тухайн орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зардлынхаа 50 хувиас багагүй байх.

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.4.Энэ хуулийн 19.3-т заасны дагуу үүсгэх орон нутгийн өрийн үлдэгдлийн хэмжээ нь тухайн аймаг, нийслэлийн өмнөх гурван жилийн төсвийн дундаж суурь орлогын 50 хувиас, тухайн төсвийн жилд төлөх өрийн үйлчилгээний хэмжээ нь суурь зардлын 50 хувиас илүүгүй байна.

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.5.Энэ хуулийн 19.3-т заасны дагуу үүсгэсэн өрийн үйлчилгээг тухайн орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх дүнгээр төсөвт нь үлдээсэн хөрөнгийн эх үүсвэрээс төлнө.

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.6.Аймаг, нийслэлийн төсөвт энэ хуулийн 19.3-т заасны дагуу өр үүсгэхдээ дараах хөрөнгө, орлогыг өрийн барьцаа болгох, өрийн үйлчилгээг санхүүжүүлэхийг хориглоно:

19.6.1.Төсвийн тухай хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд хамаарах аймаг, нийслэлийн өмчийн эд хөрөнгө;

19.6.2.аймаг, нийслэлийн төсвийн бүх төрлийн орлого;

19.6.3.улсын төсвөөс олгосон тусгай зориулалтын шилжүүлэг;

19.6.4.улсын төсвийн орлогын шилжүүлэг.

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.7.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасны дагуу өр үүсгэхдээ дараах шаардлагыг хангана:

19.7.1.өр үүсгэх эх үүсвэр нь энэ хуулийн 17.1, 19.4-т заасан шаардлагад нийцсэн байх;

19.7.2.өр үүсгэн санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нь тухайн асуудал болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдсан байх;

19.7.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдсан байх;

19.7.4.Засгийн газраас зөвшөөрөл авч, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;

19.7.5.өрийн зориулалтыг нийтэд мэдээлэх, шаардлагатай бол олон нийтийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлэх.

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга өр үүсгэх аливаа гэрээнд гарын үсэг зурсан болон үнэт цаас арилжаалснаас хойш ажлын 10 өдрийн дотор гэрээний хуулбар, холбогдох баримт бичиг, мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.9.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуульд зааснаар тодорхойлогдох тухайн орон нутгийн өмнөх улирлын өрийн үлдэгдэл болон хугацаа хэтэрсэн өр, түүнд ногдох хүү, алданги торгуулийн талаарх мэдээллийг дараа улирлын эхний сарын 10-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

19.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн орон нутагт хамаарах зээллэг, өртэй холбогдолтой аливаа мэдээллийг шаардсан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга уг хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор холбогдох мэдээллийг хүргүүлнэ.

19.11.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хууль болон Төсвийн тухай хуульд зааснаас бусад тохиолдолд орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өр үүсгэх, баталгаа гаргахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.12.Аймаг, нийслэлийн өрийн үйлчилгээг тухайн орон нутгийн төсвөөс гүйцэтгэнэ.

19.13.Энэ хуулийн 19.11-д аймаг, нийслэлийн Засаг даргын тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх төсвийн зээл хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

20 дугаар зүйл.Засгийн газрын өрийн зохицуулалтын үйл ажиллагаа

20.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн багцын оновчтой бүтцийг бий болгох, эрсдэлийг зохистой удирдах зорилгоор стратегийн баримт бичигт тусгасан өрийн зохицуулалтын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж болно:

20.1.1.валютын болон хүүгийн своп /солилцоо/ хийх;

20.1.2.валютын форвард хэлцэлд орох;

20.1.3.өрийг дахин санхүүжүүлэх, шилжүүлэх болон худалдах;

20.1.4.өрийг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авах;

20.1.5.бусад.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Өрийн удирдлагын зөвлөл

21.1.Өрийн удирдлагын бодлого, стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэхэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус Өрийн удирдлагын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.

21.2.Зөвлөл нь дараах асуудлаар зөвлөмж гаргана:

21.2.1.Засгийн газрын өрийн удирдлагын бодлого;

21.2.2.стратегийн баримт бичгийн төсөл;

21.2.3.стратегийн баримт бичгийн хэрэгжилт;

21.2.4.өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэл;

21.2.5.Засгийн газрын өрийн зохицуулалтын үйл ажиллагаа.

21.3.Зөвлөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдах бөгөөд Зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газраас батална.

21.4.Зөвлөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон санхүү, эдийн засгийн салбарын мэргэшсэн судлаачдын төлөөллийг оролцуулан есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулна.

Хэвлэх

22 дугаар зүйл.Засгийн газрын өрийн үйлчилгээ

22.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн үйлчилгээг тогтоосон хугацаанд нь бүрэн гүйцэтгэнэ.

22.2.Засгийн газрын өрийн үйлчилгээний журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мөрдүүлнэ.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ӨР ҮҮСГЭХ БОЛОН ӨРИЙН УДИРДЛАГЫН ХЭРЭГЖИЛТ
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛ

23 дугаар зүйл.Засгийн газрын гадаад зээл, түүнд тавигдах шаардлага

23.1.Засгийн газрын гадаад зээл нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд дараах төрөлтэй байна:

23.1.1.арилжааны буюу 15 хүртэлх хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээл;

23.1.2.хөнгөлөлттэй буюу 15-35 хүртэлх хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээл;

23.1.3.нэн хөнгөлөлттэй буюу 35 болон түүнээс дээш хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээл.

23.2.Засгийн газрын арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 18.5-д заасан шаардлагыг хангасан байна.

23.3.Засгийн газрын хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байна:

23.3.1.энэ хуулийн 18.5.1-18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангасан байх;

23.3.2.олон улсын байгууллага, түнш оронтой гэрээ байгуулах, хэлэлцээр хийхэд Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг харгалзсан байх;

23.3.3.төсөл, арга хэмжээний Засгийн газраас санхүүжүүлэх дүнд дараах зүйлийг оруулан тооцсон байх:

23.3.3.а.шууд санхүүжилт буюу бараа, ажил, үйлчилгээний төлбөр;

23.3.3.б.шууд бус санхүүжилт буюу татвар, төлбөр, хураамжийн хөнгөлөлт, чөлөөлөлт болон төсөл, арга хэмжээний хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бусад дэмжлэг.

23.4.Засгийн газрын гадаад зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсаны үндсэн дээр тухайн төсөл, арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгана.

23.5.Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу авах Засгийн газрын гадаад зээлийн гэрээ, хэлэлцээр тухайн төсвийн жилийн дундуур байгуулагдсан бол уг зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 47.1.2-т заасныг үндэслэн нэмэлт төсөвт тусгана.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийн ашиглалт

24.1.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний зорилго, нийгмийн үр өгөөж, эдийн засгийн үр ашиг, эргэн төлөгдөх чадвараас нь хамааруулж эх үүсвэрийг дараах хэлбэрээр ашиглана:

24.1.1.төсөл хэрэгжүүлэх гэрээний үндсэн дээр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжүүлэх;

24.1.2.дамжуулан зээлдүүлэх;

24.1.3.Засгийн газар, яамд, тэдгээрийн харьяа байгууллагын хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх.

24.2.Нийгмийн үр өгөөжтэй, улсын төсөвт эргэн төлөгдөх чадваргүй төсөл, арга хэмжээг нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх чиглэл баримтлах ба санхүүжүүлэх боломжгүй тохиолдолд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно.

24.3.Энэ хуулийн 7.1.6-д зааснаас бусад тохиолдолд Засгийн газрын арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр ашиглана.

24.4.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мөрдүүлнэ.

24.5.Энэ хуулийн 24.1.1-д заасан төсөл хэрэгжүүлэх гэрээний хүрээнд бий болсон үндсэн хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль[7]-д заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчид бүртгэнэ.

Хэвлэх

25 дугаар зүйл.Гадаад зээл авах, гэрээ байгуулах

25.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт үндэслэн гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг зээлдүүлэгч талд тавьж, хэлэлцээр хийнэ.

25.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 25.1-д заасан хэлэлцээр хийхдээ холбогдох салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харьяа агентлаг, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн бусад байгууллагыг оролцуулна.

25.3.Засгийн газар нь тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаад зээлийн гэрээг байгуулна.

25.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад эх үүсвэрээс зээл авах, зээлийн гэрээ байгуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхэд дараах шаардлагыг хангана:

25.4.1.гадаад эх үүсвэрээс авах зээлийн хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тухайн төсвийн жилийн зээллэгийн дээд хэмжээ болон зээллэгийн төлөвлөгөөнд нийцсэн байх;

25.4.2.энэ хуулийн 16.2-т заасан санал, дүгнэлтийг авсан байх;

25.4.3.тухайн төсөл, арга хэмжээ хэрэгжих салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байх.

25.5.Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 25.4.3-т заасан саналыг ирүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйл, энэ хуулийн 18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангасан байна.

25.6.Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан гадаад зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тусгайлсан болон санхүүжилтийн гэрээ, хэлэлцээрийг хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газар холбогдох этгээдтэй шууд байгуулж болно.

25.7.Гадаад зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулсан тухай бүр уг гэрээ, хэлэлцээрийн хувийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

25.8.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж гадаад эх үүсвэрээс зээл авах, зээлийн гэрээ байгуулахыг хориглоно.

Хэвлэх
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ҮНЭТ ЦААС

/Энэ бүлгийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26 дугаар зүйл.Засгийн газрын үнэт цаас гаргах

26.1.Засгийн газрын дотоод үнэт цаасыг энэ хуулийн 12.1.1-12.1.4, гадаад үнэт цаасыг энэ хуулийн 12.1.1, 12.1.4-12.1.6-д заасан зориулалтаар гаргана.

26.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын үнэт цаас гаргагчийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

26.3.Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахтай холбогдсон аливаа шийдвэрийн төслийг энэ хуулийн 8.2.4-т заасныг үндэслэн Засгийн газарт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд Засгийн газар оруулна.

26.4.Засгийн газрын үнэт цаас гаргахад дараах шаардлагыг хангасан байна:

26.4.1.тухайн жилийн төсвийн хуульд тусгасан байх;

26.4.2.гаргах үнэт цаасны үнийн дүн нь энэ хуульд заасны дагуу тухайн төсвийн жилийн зээллэгийн дээд хэмжээнд нийцсэн байх;

26.4.3.стратегийн баримт бичигт нийцсэн байх.

26.5.Засгийн газрын тухайн төсвийн жилд арилжаалах дотоод үнэт цаасны хуваарийг зээллэгийн төлөвлөгөө болон стратегийн баримт бичигт нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26.6.Засгийн газрын үнэт цаас гаргах хуваарьт дараах шаардлагыг тусгана:

26.6.1.үнэт цаасны төрөл, нөхцөл, хэмжээ;

26.6.2.үнэт цаас арилжаалах хэлбэр;

26.6.3.үнэт цаасны арилжааны болон төлбөр тооцооны он, сар, өдөр.

26.7.Засгийн газрын үнэт цаас гаргахтай холбогдсон зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.

26.8.Засгийн газрын гадаад үнэт цаасны хөрөнгийг энэ хуулийн 18.5-д заасан шаардлагыг хангасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр ашиглана.

26.9.Засгийн газрын гадаад үнэт цаасыг энэ хуулийн 12.1.5-д заасан зориулалтаар гаргах санаачилгыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

26.10.Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны болон Засгийн газрын гадаад үнэт цаасыг гаргах, арилжаалах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, Засгийн газар баталж, мөрдүүлнэ.

26.11.Үнэт цаас гаргагч нь тухайн төсвийн жилд арилжаалах Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийг бэлтгэн баталж, олон нийтэд мэдээлнэ.

26.12.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж Засгийн газрын үнэт цаас гаргахыг хориглоно.

Хэвлэх

27 дугаар зүйл.Засгийн газрын үнэт цаасны төрөл

27.1.Засгийн газрын үнэт цаасыг доор дурдсанаар ангилна:

27.1.1.нэг хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөгдөх богино хугацаат үнэт цаас;

27.1.2.нэгээс тав хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөгдөх дунд хугацаат үнэт цаас;

27.1.3.таваас дээш жилийн хугацаанд эргэн төлөгдөх урт хугацаат үнэт цаас.

Хэвлэх

28 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах

28.1.Энэ хуулийн 19.3.1, 19.3.2-т заасан шалгуурыг хангасан аймаг, нийслэл нь тухайн орон нутгийн улирлын шинж чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зориулалтаар тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр аймаг, нийслэлийн үнэт цаас гаргаж болно.

28.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн үнэт цаас гаргагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх ба аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

28.3.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахад энэ хуулийн 19.1-д заасныг удирдлага болгох бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

28.3.1.Засгийн газраас үнэт цаас гаргах тухай зөвшөөрөл авсан байх;

28.3.2.Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээнд нийцсэн байх;

28.3.3.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах санаачилгыг дэмжсэн байх.

28.4.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах шийдвэрийн төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт оруулах ба Засгийн газар аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах эсэхийг шийдвэрлэнэ.

28.5.Энэ хуулийн 28.4-т заасан Засгийн газрын зөвшөөрөлд үндэслэн аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батална.

28.6.Аймаг, нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэхтэй холбоотой журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, Засгийн газар баталж мөрдүүлнэ.

28.7.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахтай холбогдсон зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

28.8.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахыг хориглоно.

/Энэ зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх
ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ
ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ЗЭЭЛ

29 дүгээр зүйл.Засгийн газрын дамжуулан зээлдүүлэх зээл, түүнд тавигдах шаардлага

29.1.Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор дамжуулан зээлдүүлж болно.

29.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу дэд зээлдэгч, эцсийн зээлдэгчтэй байгуулсан дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг үндэслэн зээлийн хөрөнгийг олгоно.

29.3.Дэд зээлдэгч гэдэгт энэ хуульд заасны дагуу дамжуулан зээлдүүлсэн зээлийг эцсийн зээлдэгчид дамжуулан олгож байгаа төсвийн ерөнхийлөн захирагч, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк /цаашид “Хөгжлийн банк” гэх/, арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагыг ойлгоно.

29.4.Эцсийн зээлдэгч гэдэгт энэ хуульд заасны дагуу дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн хөрөнгийг, хүүгийн хамт эргэн төлөх нөхцөлтэйгөөр авч байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг ойлгоно.

29.5.Засгийн газрын зээллэгийн хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулан эцсийн зээлдэгчид зээлдүүлэх тохиолдолд энэ хуулийн 18.5.1-18.5.6, 23.3.3-т заасан шаардлагыг удирдлага болгоно.

29.6.Засгийн газрын зээллэгийн хөрөнгийг дэд зээлдэгч буюу Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан эцсийн зээлдэгчид зээлдүүлэх тохиолдолд энэ хуулийн 18.5.1-18.5.3, 18.5.5-18.5.7-д заасан шаардлагыг удирдлага болгоно.

29.7.Энэ хуулийн 29.6-д заасан дэд зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, үр нөлөөг үнэлэх асуудлыг бие даан шийдвэрлэх ба үүнтэй холбогдож үүсэх эрсдэлийг бүрэн хариуцна.

29.8.Засгийн газрын зээллэгийн хөрөнгийг Хөгжлийн банкинд дамжуулан зээлдүүлэх харилцааг энэ хуулиар, Хөгжлийн банкнаас уг дамжуулан зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг ашиглах харилцааг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасны дагуу зохицуулна.

29.9.Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар баталж, мөрдүүлнэ.

29.10.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж дамжуулан зээлдүүлэхийг хориглоно.

Хэвлэх

30 дугаар зүйл.Дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулах

30.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулах бөгөөд уг гэрээний хугацаа нь үндсэн зээлийн гэрээний хугацаанаас илүүгүй байна.

30.2.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор дамжуулан зээлдүүлэх тохиолдолд тухайн салбар, эсхүл орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нь дэд зээлдэгчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон дэд зээлдэгч, эцсийн зээлдэгчийн хооронд гурвалсан гэрээ байгуулна.

30.3.Энэ хуулийн 30.2-т заасан төсөл, арга хэмжээг Хөгжлийн банкаар санхүүжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн тохиолдолд Хөгжлийн банк нь дэд зээлдэгчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон дэд зээлдэгч, эцсийн зээлдэгчийн хооронд гурвалсан гэрээ байгуулна.

30.4.Арилжааны банк, бусад санхүүгийн байгууллагаар, эсхүл энэ хуулийн 30.3-т зааснаас бусад тохиолдолд Хөгжлийн банкаар дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ нь дараах шатлалаар хийгдэнэ:

30.4.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөгжлийн банк, арилжааны банк, эсхүл бусад санхүүгийн байгууллагын хооронд дамжуулан зээлдүүлэх зээлийн хоёр талт гэрээг байгуулна;

30.4.2.Хөгжлийн банк, арилжааны банк, эсхүл бусад санхүүгийн байгууллага нь эцсийн зээлдэгчтэй дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулна.

30.5.Энэ хуулийн 30.4.2-т заасны дагуу байгуулагдсан дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ, түүний хэрэгжилт энэ хуульд заасан нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавих эрхтэй.

30.6.Дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний нөхцөлийг Засгийн газрын тухайн зээллэгийн нөхцөлтэй уялдуулан тодорхойлох бөгөөд төсөвт аливаа нэмэлт төлбөрийн дарамт учруулахгүй байх зарчмыг баримтална.

30.7.Энэ хуулийн 32.2-т зааснаас бусад тохиолдолд дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийг өөрчлөх, гэрээний хугацаа, үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг сунгах, хүүгийн төлбөрөөс чөлөөлөхийг хориглоно.

Хэвлэх

31 дүгээр зүйл.Дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний талуудын үүрэг

31.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

31.2.Дэд зээлдэгч нь дараах нийтлэг үүрэгтэй:

31.2.1.эцсийн зээлдэгчийн зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих;

31.2.2.эцсийн зээлдэгч тус бүр дээр зээлийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх;

31.2.3.төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтмол хүргүүлэх, эдгээр тайлан, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангуулах;

31.2.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өмнө эцсийн зээлдэгчийн нэгэн адил үүрэг, хариуцлага хүлээх;

31.2.5.тухайн төсөл, арга хэмжээний эрсдэлийг хариуцах;

31.2.6.зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу удирдаж ашиглах.

31.3.Эцсийн зээлдэгч нь дараах нийтлэг үүрэгтэй:

31.3.1.зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу удирдаж ашиглах;

31.3.2.дамжуулан зээлдүүлэх зээлийн үндсэн, хүүгийн болон бусад төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх;

31.3.3.дэд зээлдэгчид төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар тайлан, мэдээллийг тогтмол хүргүүлэх, эдгээр тайлан, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдалд хариуцлага хүлээх.

Хэвлэх

32 дугаар зүйл.Дамжуулан зээлдүүлэх зээлийн төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэх

32.1.Дэд болон эцсийн зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй.

32.2.Тухайн салбарт төрөөс баримталж байгаа бодлого, зохицуулалтаас шалтгаалж дамжуулан зээлдүүлсэн зээл төлөгдөхгүй байх эрсдэл үүссэн тохиолдолд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ тухай мэдэгдлийг нотлох баримт, тооцоо, судалгааны хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал, дүгнэлт гаргуулахаар нэн даруй хүргүүлнэ.

32.3.Энэ хуулийн 32.2-т заасны дагуу тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт уламжлан Улсын Их Хуралд танилцуулан шийдвэрлүүлнэ.

32.4.Дэд зээлдэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж зээл төлөгдөхгүй байх нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээ болон энэ хуулийн 45.2.3-т заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

32.5.Энэ хуулийн 30.2, 30.3-т заасан гэрээний хүрээнд эцсийн зээлдэгч төлбөрийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд дэд зээлдэгч нь төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ.

32.6.Дэд болон эцсийн зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээнд заасан төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй:

32.6.1.төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн багцад нь шилжүүлэх санхүүгийн дэмжлэг, ерөнхий орлогын данснаас зээлийн авлагыг суутган тооцох;

32.6.2.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн арилжааны банкин дахь дансыг хаалгах, холбогдох данснаас авлага барагдуулах хэмжээний хөрөнгийг суутган авах, бусад байгууллагатай харилцан авлагатай бол тухайн байгууллагаас харилцан суутган тооцох;

32.6.3.Монголбанк, арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан олгосон зээлийн хувьд гэрээнд заасны дагуу холбогдох арга хэмжээг авах;

32.6.4.хуульд заасны дагуу холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГАА

33 дугаар зүйл.Засгийн газрын өрийн баталгаа, түүнд тавигдах шаардлага

33.1.Засгийн газар нь Хөгжлийн банкны авах зээллэгт болон энэ хуулийн 33.4-т заасан хуулийн этгээдийн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болно.

33.2.Засгийн газрын гаргах өрийн баталгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4, энэ хуулийн 17.1-т заасан шаардлагыг хангасан байна.

33.3.Засгийн газрын өрийн баталгаа гаргах зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 18.5.2-18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангасан байна.

33.4.Дараах этгээд нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зээллэг хийхдээ Засгийн газрын өрийн баталгаа гаргуулахаар тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүсэлт тавьж болно:

33.4.1.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд;

33.4.2.энэ хуулийн 33.4.1-д зааснаас бусад дотоодын хөрөнгө оруулалт бүхий Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд.

33.5.Энэ хуулийн 33.4-т заасан хүсэлтийг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

33.6.Энэ хуулийн 33.3-т заасан шаардлагыг хангасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгана.

33.7.Энэ хуулийн 16.1-д заасныг удирдлага болгон Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг энэ хуулийн 33.6-д заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт тухай бүр танилцуулж шийдвэрлүүлнэ.

33.8.Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа нь түүнийг санхүүжүүлэх зээллэгийн эргэн төлөх хугацаанаас илүүгүй байна.

33.9.Засгийн газрын өрийн баталгаа нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

33.10.Засгийн газрын өрийн баталгааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ, тэдгээрийн эрсдэлийн тооцооллыг дараах баримт бичигт тусгана:

33.10.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн танилцуулга;

33.10.2.төсвийн төслийн танилцуулга;

33.10.3.төсвийн гүйцэтгэлийн танилцуулга.

33.11.Энэ хуульд заасан шаардлагыг зөрчиж Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг хориглоно.

Хэвлэх

34 дүгээр зүйл.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчид тавигдах шаардлага

34.1.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагч /цаашид “баталгаа гаргуулагч” гэх/ гэдэгт Хөгжлийн банк болон энэ хуулийн 33.4-т заасан этгээдийг тус тус ойлгоно.

34.2.Баталгаа гаргуулагч нь дараах шаардлагыг бүрэн хангасан байна:

34.2.1.сүүлийн гурван жил санхүүгийн тайлан тэнцлээр ашигтай ажилласан байх;

34.2.2.хугацаа хэтэрсэн өргүй байх;

34.2.3.зээлдүүлэгч байгууллага нь баталгаа гаргуулагчтай нэгдмэл сонирхолгүй, хамааралгүй этгээд байх;

34.2.4.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 33.3-т заасан шаардлагыг хангасан байх;

34.2.5.холбогдох мэдээлэл, тайлан тооцоо, баримт бичгийг хуульд заасны дагуу, үнэн зөв бүрдүүлсэн байх;

34.2.6.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулж байгаа зээл, үнэт цаасыг эргэн төлөх чадвартай байх.

34.3.Баталгаа гаргуулагч нь дараах нийтлэг үүрэгтэй:

34.3.1.баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх;

34.3.2.гэрээнд тусгагдсан нөхцөлөөр зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх;

34.3.3.төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтмол хүргүүлэх, эдгээр тайлан, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах;

34.3.4.баталгааны шимтгэлийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх;

/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчөлт оруулсан./

34.3.5.энэ хуулийн 37.6-д заасны дагуу авлагыг үл маргах журмаар төлж барагдуулах.

34.4.Хөгжлийн банкны хийх зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргаж байгаа тохиолдолд энэ хуулийн 34.2.1-д заасан шаардлага хамаарахгүй.

Хэвлэх

35 дугаар зүйл.Засгийн газрын өрийн баталгаа гаргах журам

35.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 33.7-д заасныг үндэслэн Засгийн газрын өрийн баталгаа гаргагчийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

35.2.Энэ хуулийн 35.3-т зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 33.4-т заасан этгээдийн хийх зээллэгийн 85 хүртэлх хувьд, Хөгжлийн банкны хийх зээллэгийн 100 хүртэлх хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болно.

35.3.Баталгаа гаргуулагч нь хийх гадаад зээллэгтэйгээ тэнцүү хэмжээгээр өөрийн эзэмшиж байгаа Засгийн газрын үнэт цаасыг барьцаалсан тохиолдолд тухайн зээллэгийн нийт дүнд Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болох бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн зөрүүнээс үүсэх эрсдэлийг баталгаа гаргуулагч этгээд хариуцахаар баталгааны гэрээнд тусгана.

35.4.Хөгжлийн банкны хийх зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх нийт төсөл, арга хэмжээнд эзлэх нийгмийн үр өгөөжтэй, эргэн төлөх чадваргүй төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртөг 15 хувиас хэтрэхгүй тохиолдолд тухайн зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргана.

35.5.Засгийн газрын гаргах өрийн баталгаа нь тухайн зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрт хамаарна.

35.6.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчийн төлөх шимтгэлийн дүнг тооцох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газраас баталж мөрдүүлнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь баталгаа гаргуулагч энэ хуулийн 34.2.6-д заасны дагуу зээллэгийн хөрөнгийг эргэн төлөх чадвартай эсэхэд эрсдэлийн үнэлгээг хийнэ.

35.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 35.7-д заасан үнэлгээг хийхдээ хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дэмжлэг, эсхүл зөвлөх үйлчилгээг авч болно.

35.9.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь зээлдүүлэгч болон баталгаа гаргуулагчтай баталгааны гэрээг, баталгаа гаргуулагчтай авлага барагдуулах гэрээг тус тус байгуулна.

35.10.Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулах журам, гэрээний загварыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, Засгийн газар баталж, мөрдүүлнэ. Засгийн газрын өрийн баталгааны гэрээнд энэ хуулийн 37.4-т заасан нөхцөлийг тусгана.

35.11.Засгийн газрын өрийн баталгааны гэрээ нь баталгаа гаргуулагч энэ хуулийн 35.6-д заасны дагуу шимтгэл төлснөөр хүчин төгөлдөр болно.

35.12.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ болон гэрээний хэрэгжилт, зээлдэгчийн төлбөрийн чадварын байдалд жил бүр эрсдэлийн үнэлгээ хийнэ.

35.13.Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ болон Засгийн газрын өрийн баталгааны гэрээ, түүний хэрэгжилт энэ хуульд заасан нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавих эрхтэй.

Хэвлэх

37 дугаар зүйл.төлбөр гүйцэтгэх

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн баталгааны үүрэгтэй холбогдон гарах төлбөрийн үүргийг энэ хуульд заасны дагуу төлж барагдуулна.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.2.Баталгаа гаргуулагч нь үндсэн болон хүүгийн төлбөрийг гүйцэтгэж чадахгүй болсон тухай мэдэгдлийг холбогдох нотлох баримт, мэдээлэл болон баталгаа гаргуулагчийн төлбөрийн чадварын талаарх Үндэсний аудитын газраас хийгдсэн шалгалтын дүгнэлтийн хамтаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон зээлдүүлэгчид нэн даруй хүргүүлнэ.

37.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 37.2-т заасан нотолгоо бүхий мэдэгдлийг үнэн зөв болох нь батлагдсан тохиолдолд зээлдүүлэгч талын төлбөрийн нэхэмжлэх дээр үндэслэн Засгийн газрын шийдвэрээр төлбөрийг гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.4.Баталгаа гаргуулагч энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдлийг хүргүүлснээс хойш зээлдүүлэгч нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 30 хоногийн дотор баталгааны төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлэх үүрэгтэй.

37.5.Засгийн газрын өрийн баталгааны төлбөр гүйцэтгэсний дараа тухайн дүнгээр баталгаа гаргуулагч этгээдийн нэр дээр авлага үүсгэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрлөлт оруулсан./

37.6.Энэ хуулийн 37.5-д заасны дагуу баталгаа гаргуулагчаас авлага барагдуулах ажиллагааг энэ хуулийн 35.9-д заасан гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

37.7.Засгийн газрын өрийн баталгааны үүрэг нь гэрээний үүргээ биелүүлснээр, эсхүл гэрээнд заасан бусад үндэслэлээр дуусгавар болно.

Хэвлэх


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ӨРИЙН УДИРДЛАГЫН ИЛ ТОД БАЙДАЛ БА ХЯНАЛТ

38 дугаар зүйл.Өрийн удирдлагын ил тод байдал, хэрэгжилт

38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаарх мэдээлэл, бүртгэл, тайлагналт ил тод байна.

38.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн удирдлагын ил тод байдлыг дараах хэлбэрээр хангана:

38.2.1.өр төлбөрийн бүртгэл, тайлагналтыг хууль тогтоомжид зааснаар хэрэгжүүлэх;

38.2.2.улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаарх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, бүртгэл хөтлөх, мэдээлэх;

38.2.3.стратегийн баримт бичиг, зээллэгийн төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон өрийн баталгааны дүн, тооцооллын талаар Улсын Их Хурал, Засгийн газарт тайлагнах.

38.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өр болон өрийн баталгааны үлдэгдлийг улирал бүр, дунд, урт хугацааны өрийн үйлчилгээний төсөөллийг жил бүр тооцоолон гаргаж, олон нийтэд мэдээлнэ.

38.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын нийт гадаад өрийг Монголбанктай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлнэ.

38.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын нийт гадаад өр, өрийн шалгуур үзүүлэлт, Засгийн газрын өрийн баталгааны талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хагас жил бүр, шаардлагатай тохиолдолд тухай бүр тайлагнах үүрэгтэй.

Хэвлэх

39 дүгээр зүйл.Өрийн мэдээллийн нэгдсэн сан

39.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж хөтөлнө.

39.2.Өрийн мэдээллийн нэгдсэн санд дараах мэдээллийг төвлөрүүлнэ:

39.2.1.улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон өрийн баталгааны үлдэгдэл;

39.2.2.Засгийн газрын үнэт цаасны арилжааны талаархи мэдээлэл, хуваарь;

/Энэ заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

39.2.3.Засгийн газрын гадаад зээллэг, тэдгээрийн ашиглалт, гүйцэтгэл, дамжуулан зээлдүүлсэн зээл;

39.2.4.дэд болон эцсийн зээлдэгч, Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчийн төлбөрийн чадварын байдал, холбогдох гэрээний хэрэгжилт;

39.2.5.Засгийн газрын өрийн баталгаа болон зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаарх мэдээлэл.

39.2.6.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.2-т заасан Засгийн газрын зээл болон баталгаа;

39.2.7.болзошгүй өр төлбөрийн мэдээлэл;

39.2.8.улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын санхүүжилтийн гэрээнээс үүсэх өрийн мэдээлэл;

39.2.9.аймаг, нийслэлийн өрийн мэдээлэл;

39.2.10.Засгийн газрын тусгай сангуудын өрийн мэдээлэл;

39.2.11.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өр;

39.2.12.холбогдох бусад мэдээлэл.

39.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн мэдээллийн нэгдсэн санд энэ хуулийн 39.2-т заасан мэдээллийг тогтмол бүрдүүлж, тухай бүр шинэчилнэ.

39.4.Өрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийн 39.2-т заасан мэдээллийг дараах байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр тогтмол хүргүүлэх үүрэгтэй:

39.4.1.төсвийн ерөнхийлөн захирагч;

39.4.2.төсвийн төвлөрүүлэн захирагч;

39.4.3.төсвийн санхүүжилт бүхий байгууллага;

39.4.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд;

39.4.5.Монголбанк, Хөгжлийн банк;

39.4.6.дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дэд зээлдэгч болон эцсийн зээлдэгч;

39.4.7.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагч;

39.4.8.холбогдох бусад этгээд.

39.5.Өрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, төвлөрүүлэх, өр төлбөрийг бүртгэх, тайлагнах журмыг маягт, зааврын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ.

39.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн удирдлагын ил тод байдлыг хангах зорилгоор улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаар жилд нэг удаа олон нийтэд мэдээлнэ.

39.7.Энэ хуульд заасан этгээд нь өрийн мэдээллийн нэгдсэн санд мэдээллийг үнэн зөв, цаг хугацаанд нь бүртгэж, хадгалах, хамгаалах үүрэгтэй.

Хэвлэх

40 дүгээр зүйл.Өрийн бүртгэл

40.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаарыг өнөөгийн үнэ цэнээр тооцож, бүртгэнэ.

40.2.Засгийн газрын гадаад зээлийн гэрээний мэдээллийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулах бөгөөд зээлийн ашиглалт гарсан өдрөөс эхлэн өрд бүртгэнэ.

40.3.Засгийн газрын үнэт цаасыг төлбөр тооцоо хийгдсэн өдрөөр нь өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, өрд бүртгэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

40.4.Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний мэдээллийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, зээлийн ашиглалт гарснаар авлагад бүртгэнэ.

40.5.Засгийн газрын өрийн баталгааг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулна.

40.6.Энэ хуулийн 37.3-т заасан шийдвэрт үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн өрийн баталгааны Засгийн газрын төлбөл зохих төлбөрийн үүргийн дүнг бүртгэнэ.

40.7.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, концессын гэрээний дагуу улирал бүр гарсан ашиглалтыг үндэслэж Засгийн газрын өрд бүртгэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

40.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.2-т заасан Засгийн газрын зээл болон Засгийн газрын өрийн баталгааны бүртгэлийг хөтөлнө.

Хэвлэх

41 дүгээр зүйл.Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний бүртгэл

41.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг бүртгэх чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд энэхүү чиг үүргийн хүрээнд холбогдох этгээдээс шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулах эрхтэй.

Хэвлэх

42 дугаар зүйл.Засгийн газрын өрийн тайлагналт

42.1.Засгийн газрын өрийн мэдээлэл нь нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

42.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

42.2.1.тухайн төсвийн жилийн өрийн удирдлага, зохицуулалтын үйл ажиллагаа;

42.2.2.Засгийн газар болон аймаг, нийслэлийн тухайн жилд хийсэн зээллэг, өрийн үйлчилгээний мэдээлэл;

42.2.3.өрийн багцын мэдээлэл, холбогдох зардал, эрсдэлийн шинжилгээ;

42.2.4.Засгийн газрын гаргасан өрийн баталгааны мэдээлэл;

42.2.5.дамжуулан зээлдүүлсэн зээлийн талаарх мэдээлэл;

42.2.6.шаардлагатай бусад мэдээлэл.

42.3.Засгийн газрын өрийн баталгаа гаргасан төсөл, арга хэмжээний хүрээнд үүсэх, эсхүл үүссэн болзошгүй өр төлбөр, түүнчлэн төсөвтэй холбоотой бусад болзошгүй өр төлбөр, тэдгээрийн эрсдэлийн тооцооллын тухай мэдээллийг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тодруулга хэлбэрээр оруулж тайлагнана.

Хэвлэх

43 дугаар зүйл.Өрийн удирдлагын хяналт

43.1.Засгийн газрын өрийн удирдлагын хэрэгжилтэд Улсын Их Хурал хяналт тавьж, тухай бүр Засгийн газарт чиглэл өгч болно.

43.2.Стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас гурван жил тутам хөндлөнгийн аудит хийх бөгөөд тайланг олон нийтэд ил тод болгоно.

43.3.Өрийн удирдлагын хэрэгжилтэд Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу жил бүр дотоод аудит хийнэ.

43.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл холбогдох эрх бүхий байгууллага нь дотоод болон хөндлөнгийн аудитын зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээг авч, хэрэгжилтийг тайлагнана.

43.5.Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсөл хэрэгжүүлэгч нь тухайн салбарт хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнд жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх бөгөөд шаардлагатай бол холбогдох хяналтын байгууллага, албан тушаалтныг оролцуулж болно.

Хэвлэх


ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

44 дүгээр зүйл.Хариуцлага хүлээлгэх үндэслэл

44.1.Засгийн газраас өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан шаардлагыг зөрчихөөр бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18.2-т заасны дагуу нэгдсэн төсвийн төслийг батлахгүй байх буюу буцаах үндэслэл болно.

44.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 19.11-д заасныг зөрчсөн бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Засаг даргыг огцруулах үндэслэл болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

44.3.Улсын Их Хурал дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсөв батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн хязгаарыг зөрчсөн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндэслэл болно.

44.4.Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасны дагуу хариуцлага тооцож, албан тушаалаас огцруулсан нь түүнийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

44.5.Энэ хуульд заасан үнэлгээ хийсэн этгээд нь тухайн үнэлгээний үр дүн, үнэн зөв байдалд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.

Хэвлэх

45 дугаар зүйл.Өрийн удирдлагын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

45.1.Энэ хуулийн 25.7, 26.12, 29.10, 30.7-д заасныг зөрчсөн холбогдох эрх бүхий этгээд, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, энэ зөрчлийг удаа дараа гаргасан бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна.

45.2.Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч дараах шийтгэлийг ногдуулна:

45.2.1.энэ хуулийн 19.9, 19.10, 39.4-т заасан тооцоо, санал, төсвийн төсөл, мэдээ, мэдээлэл, тайланг тогтоосон хугацаанд нь хүргүүлээгүй бол буруутай этгээд, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

45.2.2.энэ хуулийн 31.2, 31.3, 34.3, 37.6-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

45.2.3.энэ хуулийн 32.4-т заасан буруутай этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, учирсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх;

45.2.4.энэ хуулийн 39.7-д заасныг зөрчсөн буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

45.2.5.энэ хуульд заасан нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

45.3.Энэ хуулийн 45.2.2, 45.2.3-т заасан шийтгэлийг шүүгч, 45.2.1, 45.2.4, 45.2.5-д заасан шийтгэлийг санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч ногдуулна.

45.4.Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна.

Хэвлэх

46 дугаар зүйл.Хуулийг дагаж мөрдөх журам

46.1.Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД