Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Тэмүүжиний мэндэлсний/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

 

2001 оны 5 дугаар сарын 11-ний өдөр                                                                          Дугаар 118                                                                                       Улаанбаатар хот

 

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

                                                            

Монголын төр ёсны олон мянган жилийн түүхнээ тохиосон онцгой учир холбогдолтой үйл хэргийн нэг бол 1206 онд монгол туургатны Их Хуралдай чуулж, Есүхэйн Тэмүүжинг Чингис Далай хаанаар ёслол төгөлдөр өргөмжлөн, нэгдсэн улсын эзнээр залж, Их Монгол Улсыг байгуулсан явдал билээ.

Их Монгол Улсыг байгуулан төрийн бэлгэдэл ёслол, бичиг соёл, хууль цаазыг шинээр үүсгэн баринтаглаж, монгол угсаатныг нэгдмэл хүчирхэг үндэстэн болгон төлөвшүүлэх, улмаар ертөнц дахинаа Монгол улсыг мандуулсан түүхэн дэвшилтэт үйл хэргийг бүтээсэнд дэлхийн түүхийн хоёрдахь мянганы Их хүнээр тодорсон Чингис хааны гавъяа оршино.

Эдүгээ шинэ мянганы эхэнд дэлхий дахинаа даяаршлын их давалгаа өрнөн буй үед Монгол үндэстний бахархалт хүн - Их Эзэн Чингисийн нэр алдар, төр улсын түүхэн тэр үйлсийг тэмдэглэлт ойгоор дурсах нь хүн ардынхаа үндэсний ухамсар сэтгэлгээг дээшлүүлэх олон түмнийхээ эв эеийг бататгаж, идэвх чармайлтыг өрнүүлэх, улс орноо өөдлөн дэвжээх, тусгаар тогтнолоо баталгаажуулах, монгол төрийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой тул энэхүү нийгмийн захиалга, нийт олныхоо хүсэл зоригийг илэрхийлэн ЗАРЛИГ буулгах нь:     

1. Чингис Хаан - Тэмүүжиний мэндэлсний 840 жилийн ойг 2002 онд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд Монгол Улс даяар төр ёсны их баяр болгон тус тус ёслон тэмдэглэсүгэй.
2. Эдгээр түүхт ойг угтаж тусгай хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, ойг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороог байгуулан ажиллахыг Засгийн газар /Ерөнхий сайд Н.Энхбаяр/-т чиглэл болгосугай.

3.Их ойг угтаж хэрэгжүүлэх Тусгай хөтөлбөрийн агуулгад:
а.Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор барьж байгуулах;

б.Их Монгол Улсын түүх болон Чингис судлалыг идэвхжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар, судалгаа шинжилгээний аялал, экспедици зохион байгуулах;

в. Музейн үзвэр, фондыг сэргээн баяжуулж, өргөтгөх, дотоод гадаадад үзэсгэлэн гаргах;

г.Их Монгол Улс, Чингис хааны тухай кино бүтээх, урлаг, уран сайхны бусад олон төрлийн бүтээл туурвих санаачилгыг дэмжих;

д.Дэлхийн монголчуудын түүх, соёл, урлаг спорт, бизнес ажил хэргийн холбоо харилцааг өргөжүүлэх;

е.Чингис хааны одон буй болгох, нэрэмжит болгох зэрэг арга хэмжээг багтаан оруулах нь зүйтэй гэж үзсүгэй.

4. Шинэ зуун, шинэ мянганы эхэнд тохиож буй үндэсний түүхийн нэгэн бахархалт үеийн тэмдэглэлт Их ойнуудыг угтаж санаачлан сэдэх, бүтээн туурвих, ахих дэвжихийн идэвх гаргаж эдийн засаг, соёлын их бүтээн байгуулалтын бүх нийтийн ариун үйлс өрнүүлэн ажиллахыг Монголын ард иргэд, аймаг сум, албан байгууллага, хамт олон бүрт уриалсугай.

 

 

                           МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                       Н.БАГАБАНДИ                                                                                           

 

                           МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                      Н.ЭНХБАЯР