A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2002 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 35

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улс нийгмийн шинэчлэл, ардчилсан өөрчлөлтийг өрнүүлэн дэлхийн улс орны хамт шинэ мянганы босгыг алхаж, шинэ зуунтай учраад нэгэн жилийг үдлээ.

Шинэ зуунд даяарших үйл явц ихээхэн өргөжих төлөвтэй байна. Монгол Улсын хувьд даяаршилд зохицох, түүнтэй хөл нийлүүлэх нийгмийн шаардлага, бас өөрийгөө хадгалан хөгжүүлэх, өрсөлдөх чадавхиа өсгөх үндэсний хэрэгцээ, сонирхол хослон тулгарч байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурал үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын болон хөгжлийн үзэл баримтлал зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэж баталсан билээ. Түүнчлэн эдгээрийн хүрээнд багтах олон хөтөлбөр, бодлого, чиглэлийг УИХ, Засгийн газар батлан гаргаж мөрдөж ирэв.

Гэвч шинэ зуун улс орон бүрт шинэ боломж, сонголтыг олгож, шинэ асуудал, шийдлийг дэвшүүлж, шинэ сорилт, шалгалтыг тулгаж буй төдийгүй хөгжлийн чиг баримжаа, хэтийн зорилтоо шинээр харахыг шаардах боллоо.

Хөгжлийг үзэх үзэл, нийгмийн дэвшлийн шалгуурын тухай ойлголт ч өөрчлөгдөж, хүний хөгжлийн үзүүлэлтийг баримжаалах нийтлэг жишиг тогтож байна.

Ардчилал, шинэчлэл гүнзгийрэх тусам улс төрийн хүчнүүд, ард олныхоо санал бодлыг шингээн тусгасан, улс орны хөгжлийн тогтвортой чиглэл, удирдамж болох үндэсний зөвшилцлийн шинжтэй хөтөлбөр боловсруулан баталж, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх бодит хэрэгцээ бий боллоо.

Хөгжлийн хөтөлбөр нь үндэсний язгуур эрх ашигт нийцсэн, хэтийг харсан, тэгэхдээ хүрч болох зорилтуудыг дэвшүүлсэн, тэдгээрийг хэрэгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх арга замыг тодорхой тусгасан байвал зохино.

Хөтөлбөр нь товч тодорхой, ойлгомжгой, хялбар дөхөм байх тусам олон түмэнд хүрч, төрийн бодлого, үйл ажиллагааны удирдлага болж чадна.

Энэ бүхнийг иш үндэс болгож, улс төрийн намуудын удирдлагатай хийж буй ярилцлагын явцад удаа дараа хөндөгдсөн асуудлыг анхааралдаа авч, эрдэмтэд, мэргэжилтнүүд, ард иргэдээс дэвшүүлж буй санал, бодлыг тунгаан үзэж, "Зууны илгээлт"-дээ дурьдсан үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал болон одоо мөрдөгдөж буй бусад хөтөлбөр, үзэл баримтлалыг шинэчлэн баяжуулах, тодотгох үндсэн дээр 2021 он хүртэлх Монгол Улсын үндэсний хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

2.Хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэлэлцэн зөвшилцөхөд улс төрийн намууд, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллага, олон нийтийн төлөөллийг идэвхтэй оролцуулж, тэдний санал, бодлыг судалж тусгахыг Монгол Улсын Засгийн газарт зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР