Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /улс тунхагласны 80 жилийн/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр                                                                               Дугаар 02                                                                                     Улаанбаатар хот            

 

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

 

Монголын төр ёс хууль цаазын сэтгэлгээний түүхийн нэн содон онцгой тэмдэглэлт үйл хэргийн нэг бол 1924 онд Улсын анхдугаар Их Хурал чуулан хуралдаж, анхны Үндсэн хуулийг зүйл бүрээр нь хэлэлцэн баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн үйл явдал билээ.

Энэ нь монголын ард түмний 1911 оны үндэсний хувьсгал, 1921 оны ардын хувьсгалын үр дүнг баталгаажуулж, ард нийтээрээ сонгон байгуулдаг Бүгд Найрамдах төрийн цоо шинэ хэлбэрийг сонгож, Үндсэн хуульт байгууллыг тогтоон ард иргэний эрх чөлөөг хуульчлан хамгаалж, улс төр, эдийн засаг, эрдэм соёл юугаа дэлхийн жишиг, нийтийн байдлын шинэ ёсонд дэвшүүлэх үндсийг тавьсан олон талын гүн утга агуулга, учир холбогдлоороо үндэсний ой санамжаас үл мартагдах, эрх чөлөөт иргэн бүрийн бахархан дурсах түүх болон үлдсэн байна.

Анхны Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчим дараа дараачийн Үндсэн хуулинд шингэн уламжлагдаж, ардын Бүгд Найрамдах төрийн байгуулал улам бүр ардчилсан, эрх зүйт төрийн хэв шинжээр төлөвшин батжиж шинэ зууны Монгол улсын хөгжил дэвшлийн хөтөч болж байна.

Олон бүгдээр нэгэн сэтгэл, нийтийн хүчээр хичээн зүтгэж улс төр үндэс язгуураа үүрд батлан хамгаалах чухал зорилгыг агуулсан тэрхүү түүхт явдлын тэгш ойг онцгойлон тэмдэглэх нь ард түмэн эрхэм зорилгоо хэрэгжүүлэх, тэдэнд эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үнэт зүйлсээ бататган бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой тул Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэгийн 3 дахь заалтыг үндэслэн ЗАРЛИГ буулгах нь:

1.Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 80 жилийн ойг 2004 онд монголын ард түмний үндэсний бахархал, төрт ёсны баяр болгон ёслон тэмдэглэсүгэй.

2.Энэ түүхт ойг угтаж Үндсэн хуульт төрийн байгуулал, хууль ёсыг бэхжүүлэх, улс орны эдийн засаг, иргэдийн аюулгүй байдлыг улам бүр баталгаажуулах, олон нийтийн үндэсний болон түүхийн ухамсар, иргэний бахархлыг бадраах, Үндсэн хуулийн судлал шинжилгээ, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх, иргэдийн эрх зүйн сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажил зохиож, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахыг Засгийн газар /Ерөнхий сайд 

3.Тусгаар тогтносон, бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол улсын иргэн гэсэн бахархам омогшлоор хүн бүр сэтгэл зүрхээ хөглөж, бүтээж туурвих, эв эеийг сахиж улс орноо хөгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллахыг нийт иргэддээ уриалсугай.

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                          НАЦАГИЙН БАГАБАНДИ 

                                                                                                            

                                 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                          НАМБАРЫН ЭНХБАЯР