A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 173

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Номын сан бол хүн төрөлхтөний олон зууны тэртээгээс эх суурь нь тавигдаж, эрэн зуунуудыг өртөөлсөөр өнөө бидний үед хүрч ирсэн мэдээлэл, эх сурвалж, нөөц болон үйлчилгээний нэн баян сан хөмрөг бөгөөд цаг, мөч бүрийд ундарга нь сэлбэгдэх оюуны хөлгүй далай, зуун зуунд баялаг нь үл дундрах мэдлэгийн яндашгүй уурхай болой.

Монголчууд хүн төрөлхтөний буй болгосон номын энэ их сан хөмрөгт эрт цагаас хувь нэмрээ оруулж олон зууны тэртээ анхны "Чулуун ном" сийлж, 14 дүгээр зуунд анхны модон барын номыг хэвлэж ирсэн нь бидний бахархал мөн.

Монгол Улсад 1921 онд шинэ үеийн номын сангийн эх суурь тавигдаж, Монголын соёлын амьдралд онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг цохон тэмдэглэж, мэдээлэл, мэдлэгийн хэмээгдэх XXI зууны эхэнд дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээ бүхий орчин цагийн номын сан барих зайлшгүй шаардлага бий болсныг үндэслэн, мөн эрдэмтэд, урлаг соёлын зүтгэлтнүүдийн санал, санаачилгыг дэмжиж Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.3, 34.1 дэх заалтыг тус тус баримтлан ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

1."Монгол Улсын Үндэсний Номын Сан"-гийн шинэ иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлуулсугай.

2."Монгол Улсын Үндэсний Номын Сан"-г барихад шаардлагатай хөрөнгийг гадаадын буцалтгүй тусламж болон Улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

3."Монгол Улсын Үндэсний Номын Сан" барихад бололцооны хэрээр хувь нэмрээ оруулахыг хувийн хэвшлийнхэн болон нийт ард иргэдэд уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР