A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

2007оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар

Дугаар 03

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

19.45 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ч.Дашням /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Д.Ламжав, Р.Бурмаа, Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, Л.Цог, П.Болд нар болон Улсын Их Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Авлигын эсрэг хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа өөрчлөлт, засвар хийсэн нь, мөн Ашигт малтмалын тухай хуулинд эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа өөрчлөлт, засвар хийгээд Улсын Их Хуралд танилцуулаагүй нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ламжав, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Р.Бурмаа нар 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ:

“Батлагдсан хуульд хийсэн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд сонсгосны дараа Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр засвар хийдэг, эсвэл найруулгыг Улсын Их Хуралд сонсгодоггүй. Ийм нөхцөл үүсээд байхад Улсын Их Хурлын дарга уг хуулийг ёсчилдог хууль бус үйл ажиллагаа нэг бус удаа тохиолдох боллоо. Энэхүү хууль бус үйл ажиллагаа нь хуралдаан даргалагчийн зүгээс өөрийн бүрэн эрх, чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй явдалтай шууд холбоотой байна. Энэ нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал нь хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн доторх “Үндсэн хуульд… нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж байна, хянаж өгнө үү” гэжээ.

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Р.Бурмаа 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа:

“2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хууль 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын дарга гарын үсэг зурснаар ёсчлогдсон бөгөөд уг хууль нь мөн оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлийн 35 дугаарт албан ёсоор хэвлэгдэн гарчээ.

Улсын Их Хурлын чуулганаар батлан эцсийн найруулга хийсэн 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулийг 9 дүгээр сарын 08-ны өдөр гарын үсэг зурж, ёсчилсон хуультай харьцуулахад редакцийн шинжтэй хуулиар зөвшөөрөгдсөн засвараас гадна хуулийн агуулга, бодлого, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн зүйлийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Үүнийг хуулийн хувийн хэрэгт авагдсан материалууд, Улсын Их Хурлын гишүүдэд тараасан болон Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор хэвлэгдсэн эхээс харж болно.

Энэ нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 51.1, 51.2 дахь заалтыг зөрчжээ. Үүнд, “Улсын Их Хурлын дарга болон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ дэгийн 51.1.1, 51.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцсийн найруулгыг хянахдаа түүний агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найрлага, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж болно” гэж заасан эрх мэдлийг хэтрүүлэн агуулга, зарчмын өөрчлөлтүүдийг хийсэн байна.

Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “Улсын Их Хурал… “хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах” эрхийг өөрийн онцгой эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэснийг тус тус зөрчиж Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан гэж үзэж байна.

Мөн Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд …нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна” гээд Улсын Их Хурлаас батлагдсан болон ёсчлогдсон хуулийн 26.1, 15.3 заалтын зарчмын өөрчлөлтүүдийг хүснэгтээр харьцуулан хавсаргасан байна.

“Хуульд агуулга, зарчмын өөрчлөлт оруулж, бие даасан хараат бус байх ёстой байгууллагыг Улсын Их Хурлын даргын бүрэн эрхэд харъяалуулж болохоор болгожээ. Үүнд:

Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Улсын Их Хурлын даргын бүрэн эрхэд:

“11.1.6. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлаас тавих хяналтыг зохион байгуулах;

11.1.16 хуульд заасан бол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох санал гаргаж байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх” гэж заасан байдаг.

Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлнэ, Авлигатай тэмцэх газрыг байгуулахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэнэ гэж заасан. Гэтэл хуулинд хийсэн өөрчлөлт нь уг байгууллагын дарга, дэд даргыг томилох саналыг Улсын Их Хурлын дарга гаргахаар болгожээ.

Төрийн албан хаагч гэсэн тодорхойлолтод бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг оруулж мөн хуулийн бусад заалтыг өөрчилснөөр төрийн албанд ороогүй сонгуульд нэр дэвшигчийг мөрдөн мөшгөх заалт болгон хувиргажээ” гээд хуулийн 4, 3.1.1, 3.1.2, 3.1.4, 11.3, 11.4, 11.5 заалтад оруулсан өөрчлөлт, засварыг харьцуулан харуулсан байна.

“Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагад байнга, эсхүл түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай болон цалингүй ажилладаг, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон захиргааны албан тушаал эрхэлдэг, төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, сонгуульд нэр дэвшигчид энэ хууль хамаарна” /4.1/ гэж байсныг цалинтай цалингүй ажилладаг гэдэг нь хасагдаж ОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн дарга, ерөнхий захирал нэмэгдсэн байна. Цалинтай ба цалингүй ажилладаг төрийн албан хаагчид хуулийн үйлчлэлд хамаарна гэж Монгол Улс нэгдэн орсон НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхойлолтод заасан байдаг.

Мөн Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхэд хэрэг бүртгэлт нэмэгдсэн” байна гэжээ.

Хоёр.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Ж.Бямбаа, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Хурц, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн С.Авирмэд, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Л.Цог, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Болд нар 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн 2 дахь хэсэгт заасан: “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар бүлгийн 25.1.1-д “...хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрх Улсын Их Хурлын мэдэлд хадгална” гэснийг тус тус зөрчин өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн Улсын Их Хурлын чуулганаар 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр эцэслэн баталсан Ашигт малтмалын тухай хуульд дур мэдэн ихээхэн өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, энэ хууль анх батлагдахдаа 40 хуудас, 10 бүлэг, 70 зүйлтэй байсан бол Улсын Их Хурлын дарга гарын үсэг зурсны дараа 43 хуудас, 11 бүлэг, 66 зүйлтэй болсны гадна Улсын Их Хурлын гишүүдийн баталсан 27 заалтыг хасч, гишүүдээр хэлэлцэгдээгүй 24 заалтыг нэмж оруулсан байна. Уг хуулийн 5.5 дугаар заалтад орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухай байсан бол Улсын Их Хурлын даргын засварласнаар орд эзэмшигч болон хувирч төрийн өмчийн эзэн болсон мэт ойлголт төрүүлж байгаа нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т харшилсан агуулгатай болсон гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд, мөн л цөөнгүй засварыг нэгэнт баталсны дараа оруулжээ. 1997 оны хуулийн дагуу бусдад тараагаад олон жил болсон хайгуулын болон ашиглалтын лицензийг эздэд нь хэвээр үлдээх зорилгоор, нэгэнт хүчингүй болгосон 1997 оны хуулийг буцаан үйлчлүүлэх шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын агуулгыг зөрчсөн үйлдэл болжээ.

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар баталсан хуулийг Улсын Их Хурлын дарга ингэж засварлах нь Улсын Их Хурлын хууль тогтоох эрхэд халдсан, эрх мэдлээ хэтрүүлэн, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгааг хянан хэлэлцэж, зохих шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

Гурав.Эдгээр иргэдийн өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа хүлээн авч хянаад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/-т заасан өргөдөл, мэдээллийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр 2007 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан байна.

Дөрөв.Үндсэн хуулийн цэцийн гишүүний дээрх тогтоолыг эс зөвшөөрч иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, иргэн Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, Л.Цог, П.Болд нар 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Үндсэн Хуулийн цэцэд дахин хандаж дараах агуулгатай гомдол гаргасан байна.

1.Иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нарын нэрийг бичиж Д.Ламжав гарын үсэг зурсан 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн гомдолд:

“Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолыг зөвшөөрөхгүй байгаагаа тэмдэглээд “Улсын Их Хурлын шийдвэрийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулах, ёсчлох, уг шийдвэрийг Ерөнхийлөгчид илгээх журмыг дэгийн 51.1-51.4 заалтуудаар зохицуулсан, Улсын Их Хурлын шийдвэрт эцсийн найруулгыг хожим хийх, улмаар Улсын Их Хуралд танилцуулахгүйгээр ёсчлох эрх хэмжээ Улсын Их Хурлын даргад олгогдоогүй байна.

Улсын Их Хурлын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийн товчилсон хэсэгт Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж 19 хуулийн эцсийн найруулгыг уншиж, орсон зарим засвар, өөрчлөлтүүдийг танилцуулсан тухай эдгээр хуулийн нэрийг тоочин тэмдэглэсэн байна. Энэ өдөр хаврын чуулган хаагдсан ба намрын чуулган 2006 оны 10 дугаар сарын 02-нд нээгдсэн. Энэ хооронд Улсын Их Хурлын ямар нэгэн чуулган болоогүй байна.

2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 19 хуулийн эцсийн найруулгыг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга биш Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж танилцуулсан нь, 6.3/-д томъёолсон хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болжээ.

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаан дээр хурал даргалагч Ц.Нямдоржийн хэлсэн үгнээс иш татъя гээд,

Авлигын эсрэг хуулийн редакцийг та бүхэнд тараасан. Энэ хууль 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Их зовлонтой юмнууд нүдэнд үзэгдээд байна билээ. Засварууд цаашдаа хийгдэнэ. Тэгэхдээ одоо та бүхэнд тараасан төслийн талаар санал хэлэх гишүүн байна уу. Лүндээжанцан дарга өчигдөр үзсэн гэсэн, Мөнх-Оргил дарга үзсэн гэсэн. Энэ түвшинд Тамгын газар үзсэн, болно гэж үзсэн байна. Гэхдээ дотор нь юм байгаа байх. Саяны татварын хуулиудтай ярьдаг зарчмаараа редакцийг сонссон гэж тооцох уу. За. Болохгүй бол намрын чуулган хүртэл барина. Болвол цаашаа явуулна. Хуульд редакци хийх хугацаа байхгүй учраас би иймэрхүү эрх Их Хурлаас аваад байгаа юм”.

2006.07.06-нд батлагдсан Авлигын эсрэг хуулийн “Эцсийн найруулга” 2006.07.19, 2006.09.05, 2006.09.08-нд хийгдэж, Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж түүнийг нь 2006.09.11-нд бүрэн ёсчлон Ерөнхийлөгчид илгээсэн гэдгийг Улсын Их Хурлын архив дахь Авлигын эсрэг хуулийн хувийн хэрэг нотолж байна. Ийнхүү Улсын Их Хуралд танилцуулагдаагүй бөгөөд Улсын Их Хурлаас зохих ёсоор зөвшөөрөл аваагүй эцсийн найруулга /Авлигын эсрэг хууль/ Төрийн мэдээлэл /2006.09.21, ¹ 35/464/-д нийтлэгдсэн байна.

Цэцийн бага суудалд гаргаж буй энэхүү гомдлыг хэлэлцэн, бидний нэхэмжлэлийн дагуу Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн магадлал гаргаж өгөхийг Та бүгдээс итгэн хүсч байна. Бид нарт нотлох бусад баримт хангалттай цугларсан байгаа бөгөөд түүнийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж тавина” гэжээ.

2. Иргэн Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, Л.Цог, П.Болд нар 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд дахин гаргасан гомдолдоо:

“...Цэцийн гишүүн нь бидний мэдээллийг урьдчилан шалгах үүрэгтээ хариуцлагагүй хандаж дутуу гүйцэтгэлээ. Хэрэв уг мэдээллийг зохих ёсоор нягтлан үзсэн бол Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын чуулганаар баталсан Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг хянахдаа хуулийн бодлого, зарчим, агуулгыг алдагдуулсан дараахь засвар хийснийг хялбархан ойлгох байсан юм. Үүнд:

1.Бүхэлд нь баталсан хуульд “1.1 Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын эрэл, хайгуул хийх ашигт малтмал ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ. Гэтэл Улсын Их Хурлын дарга “1.1 энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж засаад ...эрэл, хайгуул хийх, ...хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчинг хамгаалах гэснийг хасчээ. Ийнхүү байгаль орчинг геологи, уул уурхайн салбарт хамгаалах онцгой чухал асуудлыг хуулийн зорилтоос хассан нь бүтцийн шинжтэй засвар биш гэж үзэж байна.

Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 51 дүгээр зүйлийн 51.1.2, 51.1.3-д заасны дагуу эцэслэн хянасан найруулгыг Улсын Их Хурлын чуулганд танилцуулах үүрэгтэй. Гэтэл дэгийн уг заалтыг зөрчин хуулийн эцсийн найруулгыг мөн оны 8 дугаар сарын 05-ны өдөр хянасны дараа ямар өөрчлөлт, засвар оруулснаа Улсын Их Хурлын чуулганд танилцуулаагүй байна.

Эдгээр байдлыг үндэслэн бид Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж нь дээрх үйлдлүүдээрээ Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 21 дүгээр зүйлд заасан “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Гуравдугаар бүлгийн 25.1.1-р зүйлд заасан “...хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрх Улсын Их Хурлын мэдэлд хадгалагдана” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Улсын Их Хурлын чуулганы 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн төсөл, уг хуралдааны бичлэг, 2006 оны 8 дугаар сарын 05-ны өдөр уг хуулийн төсөлд Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн биечлэн хийсэн засварын эх хувь зэргийг Улсын Их Хурлын архиваас гаргуулан авч нотолгоо болгох, дээрх нотолгоонуудыг үндэслэн Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.

Тав.Монгол Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/902 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“1.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэг”-ийн 51.1, 51.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг хянаж, Улсын Их Хуралд танилцуулсны үндсэн дээр ёсчилдог.

Ийнхүү эцсийн найруулгыг хянах явцад Улсын Их Хурлын дарга болон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга хуулийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найрлага, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийх эрхтэй.

2.Нэр бүхий иргэдийн өргөдөлд дурдсан Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хурлын 2006 оны хаврын чуулган өндөрлөх үеэр нэгдсэн хуралдаанд танилцуулахад миний бие дээр дурдсан бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр хуулийн эцсийн найруулгыг үргэлжлүүлэн хянаж засварлах шаардлагатайг мэдэгдсэний үндсэн дээр хуулийн агуулга, зарчим, бодлогыг өөрчлөхгүйгээр зохих засварыг хийж ёсчилсон болно.

Эдгээр хуулийн хувийн хэрэгт миний биечлэн засвар хийсэн тэмдэглэл байгааг Цэцэд хүргүүлсэн материалаас тодорхой танилцах боломжтой. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын засвар хийсэн тэмдэглэл ч тодорхой байгаа.

3.Дээр дурдсан хуулиудын эцсийн найруулгад засвар хийснээр нэр томъёог жигдэлсэн, хуулийн зүйл, заалтуудын хоорондын логик холбоо, уялдааг хангасан, үг хэллэгийн найруулгыг сайжруулсан, зүйлийн гарчигтай агуулгыг нийлүүлсэн, хоёрдмол санааг арилгасан, шаардлагатай зүйл, заалтын ишлэлийг татсан, бүтцийн хувьд ойлгомжтой, дэс дарааллыг нь цэгцтэй болгосон бөгөөд чингэхдээ хуулийн зохицуулалтын бодлогыг чанд хадгалж чадсан гэдэгт бүрэн итгэлтэй байна.

4.Дээрх хуулиудын найруулгыг Улсын Их Хурлын гишүүдэд урьдчилан тараасны үндсэн дээр Улсын Их Хурлын чуулганы 2007 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанд дахин танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс хуулиудын талаар зарчмын шинжтэй санал гараагүй болно.

Иймд Үндсэн хуулийн цэцэд маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийн төслийн санаачлагчаас оруулсан бодлого, үзэл баримтлал, төслийн хэлэлцүүлгийн явцад орсон өөрчлөлт, Улсын Их Хурлын холбогдох байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хэлэлцсэн тэмдэглэл, эцсийн найруулгыг хийсэн баримт материалыг хянан үзэж, бодлого, зарчмыг хадгалсан байдлыг онцлон анхаарахыг хүсье.

Энэхүү маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцэн шийдвэрлэхэд намайг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нарыг томилж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Өргөдөл гарсан иргэдээс Цэцийн илтгэгч гишүүнд болон Цэцэд гаргасан тодорхой үндэслэлүүдийн талаар тухай бүрт нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбар өгөх болно” гэжээ.

Зургаа.Улсын Их Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3/197 дугаар албан бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

“1.Ашигт малтмалын тухай болон Авлигын эсрэг хуулийн эцсийн найруулгыг 2006 оны 7 дугаар сарын 20-нд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Энэ өдрийн хуралдаанд хаврын чуулганаар баталсан 40 гаруй хууль, бусад шийдвэрийн эцсийн найруулгыг танилцуулсан бөгөөд цаг хугацааны хувьд олон том хуулийн эцсийн найруулгыг нэгэн зэрэг хийх боломжгүй байсан. Энэ байдлыг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулж, эдгээр хууль, шийдвэрийн төслийн эцсийн найруулгыг ажлын хэсгийн ахлагч, Байнгын хорооны дарга нартай зөвшилцсөний үндсэн дээр хийх эрх авсан.

Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 51.2-т заасан эрх болон 7 дугаар сарын 20-ны нэгдсэн хуралдаанаас олгосон эрхийн хүрээнд найрлага, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй засвар хийж Ашигт малтмалын хуулийн эцсийн найруулгыг Ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү, гишүүн Ц.Дамиран нарт, Авлигын эсрэг хуулийн эцсийн найруулгыг хууль санаачлагч Улсын Их Хурлын дэд дарга Д. Лүндээжанцан, Байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил нарт танилцуулж өөр саналгүй гэсэн тул ёсчилсон.

Ер нь хууль, шийдвэрийн эцсийн найруулга хийх, танилцуулах ажиллагааг хуулиар биш, Улсын Их Хурлын тогтоолоор баталсан чуулганы хуралдааны дэгээр зохицуулдаг бөгөөд энэхүү ажиллагаа нь хууль тогтоох үйл ажиллагааны техникийн горим тул энэ талаар гарах саналын зөрөлдөөн нь Үндсэн хуулийн цэцээр хянан шийдвэрлэгдэх маргаан биш, Улсын Их Хурал дотооддоо хэлэлцэж шийдвэрлэх асуудал юм. Иймд Үндсэн хуулийн цэц өөрт нь үл харьяалагдах асуудлыг хэлэлцэж аливаа шийдвэр гаргахгүй гэдэгт найдаж байна.

2.Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуульд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд зааснаар эхний ээлжийн засварыг Улсын Их Хурлын Тамгын газар /Ерөнхий нарийн бичгийн дарга/ хийж эцсийн хувилбарыг Улсын Их Хурлын даргад өгсөн. Энэхүү хувилбар дээр Улсын Их Хурлын дарга ажилласан. Иймд аль засварыг хэн хийснийг нарийвчлан ялгаж тогтоох шаардлагатай. Тухайлбал Тамгын газрын хийсэн засварыг Улсын Их Хурлын дарга хийсэн гэж үзэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байна.

З.Эдгээр хуулиудад хийсэн засвар, найруулга нь Улсын Их Хурлаас хуулийг батлахдаа баримталсан агуулга, бодлого, зарчимтай зөрчилдсөн гэдгийг зөвхөн Улсын Их Хурал, түүний гишүүд дүгнэх бүрэн эрхтэй. Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуулийг 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд дахин танилцуулсан бөгөөд энэ үеэр дээрх хуулийн эцсийн найруулга /редакци/-ын талаар гишүүдээс нэг ч гомдол, санал гараагүй. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал болон гишүүд хуулийн эцсийн найруулга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг, 7 дугаар сарын 20-нд олгосон эрхийн хүрээнд явагдсан, эдгээр хуулиудад агуулга, бодлого, зарчмын шинжтэй өөрчлөлт ороогүй гэдгийг эцэслэн хүлээн зөвшөөрсөн болно.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэг заалт орхигдон ёсчлогдсон тухай асуудлыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөлөөс бичгээр Улсын Их Хуралд хандан тавьж, ийнхүү орхигдсон заалтыг хуульд нэмж оруулах санал тавьсныг Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний нэгдсэн хуралдаанд танилцуулж, Ашигт малтмалын тухай хуулийг ёсчилсон байдлаар нь орхигдсон заалтыг нэмж оруулан Улсын Их Хурлын гишүүдэд урьдчилан тараасны үндсэн дээр гишүүд судалж, тодорхой санал байвал дараагийн хуралдаанд авч үзэхээр шийдвэрлэсэн юм. Энэ үеэр мөн Хууль зүйн байнгын хорооны даргын саналаар Авлигын эсрэг хуулийг ч энэ маягаар авч ярихаар болсон. Үүний дагуу уг хуулиудыг Улсын Их Хурлын гишүүдэд 2007 оны 1 дүгээр сарын 31-нд хувилан тарааж, танилцуулан Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүдээс эдгээр хуулийн талаар агуулга, бодлого, зарчмын шинжтэй засвар хийсэн тухай ямар нэг санал шүүмжлэл гараагүй болно.

4.Өргөдөл гаргагчаас Үндсэн хуулийн цэцэд нэмж гаргасан "Ашигт малтмалын хуульд Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн хийсэн засвар ба түүнээс үүдсэн үр дагавар" гэсэн нэртэй хүснэгтийн 1 дэх баганын 3-8 дахь мөрөнд бичсэн бүх заалтууд Улсын Их Хурлын гишүүдэд тараасан эцсийн найруулгын заалтаас өөр болсон байна. Хуулийн эцсийн хэлэлцүүлгийн төсөл, эцсийн найруулгын төслийн аль алинд нь ийм заалт байгаагүй бөгөөд зарим заалтыг өргөдөл гаргагчид санаанаасаа зохион бичиж агуулгыг өөрчилжээ.

Тухайлбал, уг хуулийн 4 дэх мөрөнд "Тус хуулийн 19.2 Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгүүлснээс хойш ажлын 3 өдөрт дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана" гэжээ. Гэтэл эцсийн хэлэлцүүлэг болон эцсийн найруулгын төсөлд "өргөдлийг бүртгүүлснээс хойш" гэсэн үг өгүүлбэр байхгүй байна.

Өөрөөр хэлбэл өргөдөл гаргагчид чухам ямар төслүүдийг харьцуулан ийм зүйл бичсэнийг ойлгох аргагүй байна.

Иймд хуулийн зарим зүйл, заалт алга болсон, огт байхгүй зүйл нэмэгдсэн, зарчмын шинжтэй засвар оруулсан гэдгийг Цэцэд хүргүүлсэн үндсэн материалаас нягтлан үзэхийг хүсъе.

5. Өргөдөл гаргагчид Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлээс "хайгуулын талбай болон уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай" гэсэн заалтыг хассан гэжээ. Эдгээр үгүүдийг хассан нь үнэн бөгөөд энэ нь дараахь шалтгаантай юм. Үүнд:

а/ Хуулийн зорилтод ийм үгүүд оруулсан боловч хуулийн бусад зүйл, заалтад "хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай" холбогдсон ямар нэгэн зүйл, заалт, зохицуулалт байгаагүй тул хассан. Хуульд "уурхайг хаах үед тавигдах шаардлага" гэсэн 45 дугаар зүйл байгаа боловч энэ зүйлд "уурхайн эдэлбэр орчинг хамгаалах" тухай ямар ч заалт алга.

б/ "Хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах" асуудал нь бүхэлдээ ашигт малтмал ашиглахтай холбоотойгоор гардаг олон төрлийн эрх зүйн харилцааны өчүүхэн хэсэг байдаг тул тэдгээрийг хуулийн зорилт гэсэн зүйлд онцгойлон заавал оруулах шаардлагагүй, "ашиглах" гэсэн ойлголт дотроо багтаж зохицуулагддаг гэсэн утгаар нь үг хэллэгийн засвар хийсэн.

6.1997 онд батлагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 13 дугаар хэсэг, Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 21-ний 61 дүгээр тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.14-д "Эцсийн хэлэлцүүлгээр баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг хэлэлцүүлэг дууссанаас хойш ажлын 6 өдөрт багтаан Улсын Их Хуралд танилцуулна. Эцсийн найруулгыг танилцуулах ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцна" гэж тус тус заасан байсан бөгөөд энэхүү заалтын хүрээнд холбогдох засварууд байнга хийгдэж ирсэн.

Ийм найруулгын засвар урьд өмнө батлагдаж мөрдөж байсан бүх хуулиудад хийгдэж байсан бөгөөд үүнийг Улсын Их Хурлын архивт хадгалагдаж байгаа хууль, шийдвэрийн "хувийн хэрэг"-тэй танилцан магадлаж болно.

Өөрөөр хэлбэл найруулгын засвар зөвхөн энэ Их Хурал, Ц.Нямдорж даргын үед шинээр бий болсон зүйл биш, 1990 оноос хойшхи бүх Бага, Их Хурал, тэдгээрийг удирдаж байсан дарга нарын үед хийгдэж ирсэн, хууль тогтоох ажлын нэгэнт уламжлагдан тогтсон практик гэдгийг тэмдэглэж байна” гэжээ.

Иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар Үндсэн хуулийн цэцэд анх гаргасан мэдээлэлдээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийг Улсын Их Хурлын даргаас огцруулах үндэслэлтэй талаар дурьдсан боловч энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээгүй, нөгөө талаар иргэн Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, П.Болд нар 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт мэдээлэлдээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай дүгнэлт гаргахын зэрэгцээ түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсантай холбогдуулж дараахь зүйлийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд:

Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар… хянан шийдвэрлэнэ”, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэд Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар Цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн иргэдийн өргөдөл, мэдээллээр Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5-д заасан албан тушаалтнуудыг огцруулах, эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн хэлэлцэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иргэн Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, П.Болд нар 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн дээрх нэмэлт тайлбартаа Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж хуулинд засвар хийсэн үйлдлээр Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж нэмж дурьдсан байна.

ҮНДЭСЛЭЛ:

1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 93.0 хувийн саналаар баталж, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсан Авлигын эсрэг Монгол Улсын хуульд 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 83.7 хувийн саналаар баталж, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсан Ашигт малтмалын тухай хуульд 2006 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус тус агуулга, бодлого, зарчмын болон найруулга, үг хэллэг, дараалал, бүтцийн чанартай олон тооны засвар, өөрчлөлтийг Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж хийсэн нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл болон эдгээр хуулийн хувийн хэрэг дэх баримтууд, бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-ийн “Улсын Их Хурал ...хуралдаанаар хуулийн төсөл, ...хэлэлцэх, ...батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална”, мөн Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.4-ийн “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ дэгийн 51.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн холбогдох заалтыг зөрчсөнөөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Хорьдугаар зүйлийн “...хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”; Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зөрчсөн байна.

Харин Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд... нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргах асуудлыг Үндсэн хуулийн цэц эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хэлэлцэх тул өргөдөл гаргагч иргэдийн энэ талаар тавьсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа агуулга, бодлого, зарчмын болон найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай олон засвар, өөрчлөлтийг хийснээрээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Хорьдугаар зүйлийн “...хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”; Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зөрчсөн байна.

2.Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд... нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

3. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ