Хэвлэх DOC Татаж авах
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид “хууль тогтоомж” гэх/-ийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1.“хууль санаачлагч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийг;

2.1.2.“хууль санаачлах эрх” гэж хууль санаачлагчаас тодорхой хууль гаргах тухай санал дэвшүүлж, мэргэжлийн түвшинд боловсруулах, боловсруулсан хуулийн төслийг хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг;

2.1.3.“хуулийн төсөл” гэж хууль санаачлагчаас энэ хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн төслийн эх бичвэрийг;

2.1.4.“Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл” гэж хууль санаачлагчаас энэ хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх Улсын Их Хурлын тогтоолын төслийн эх бичвэрийг.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, олон нийтийн оролцоог хангах, эрх зүйн дүгнэлт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, олон нийтэд сурталчлах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

4 дүгээр зүйл.Нийтлэг зарчим

4.1.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмаас гадна дараах нийтлэг зарчмыг баримтална:

4.1.1.ил тод, нээлттэй байх;

4.1.2.олон нийтийн оролцоог хангах;

4.1.3.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

4.1.4.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖ САНААЧЛАХ, ТӨЛӨВЛӨХ

5 дугаар зүйл.Хууль санаачлах

5.1.Хууль санаачлагч тодорхой хууль гаргах тухай санал дэвшүүлэх тохиолдолд холбогдох хуулийн төслийг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

5.2.Иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна. Хууль санаачлагч уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болно.

Хэвлэх

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын тогтоол санаачлах

6.1.Хууль санаачлагч Улсын Их Хурлын тогтоолыг санаачилж болно. Хуульд заасан тохиолдолд бусад байгууллага холбогдох саналаа хууль санаачлагчид уламжилна.

6.2.Улсын Их Хурлын дотоод зохион байгуулалт, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааны тухай тогтоолыг холбогдох Байнгын хорооны түвшинд Улсын Их Хурлын гишүүд санаачилж болно.

6.3.Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг хамаарахгүй.

Хэвлэх

7 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг төлөвлөх

7.1.Засгийн газар тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл /цаашид “Үндсэн чиглэл” гэх/-д тусгана.

7.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагын саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна.

7.3.Үндсэн чиглэлийн төсөлд санал өгөх байгууллага нь нийгмийн тухайн харилцааг зохицуулж байгаа хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн батална.

7.5.Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслийн жагсаалт, дэс дарааллыг тогтоохдоо Үндсэн чиглэлд тусгагдсан хууль тогтоомжийн төслийг тэргүүн ээлжид хэлэлцэх зарчим баримтална.

7.6.Үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч хууль тогтоомжоор зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Засгийн газар холбогдох хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

8 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын үе шат

8.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг дараах үе шаттайгаар зохион байгуулна:

8.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, эсхүл энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.1.2.энэ хуулийн 14, 15 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, батлах;

8.1.3.энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийг боловсруулах;

8.1.4.энэ хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог хийх;

8.1.5.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах;

8.1.6.хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авах;

8.1.7.хууль тогтоомжийн төсөлд эрх зүйн дүгнэлт хийх эрх бүхий этгээдээс санал, дүгнэлт авах;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.1.8.хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;

8.1.9.энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг хангаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хариуцах

9.1.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хууль санаачлагч хариуцан зохион байгуулна.

9.2.Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага Үндсэн чиглэлд заасны дагуу, эсхүл Засгийн газрын даалгавраар зохих хүрээ, салбарын асуудлаар хариуцан боловсруулна.

9.3.Хууль санаачлагч салбар хоорондын уялдааг хангах зорилгоор холбогдох байгууллагын удирдлагатай тохиролцож, тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтан, түүнчлэн судлаач, эрдэмтнийг хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажилд оролцуулж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.4.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ, баримтыг холбогдох хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан авах эрхтэй.

9.5.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, иргэн, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ.

Хэвлэх

10 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах хэлбэр

10.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг дараах хэлбэрээр зохион байгуулна:

10.1.1.хууль тогтоомжийн төслийг өөрөө боловсруулах;

10.1.2.холбогдох байгууллагын албан тушаалтан, түүнчлэн судлаач, эрдэмтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.1.3.иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг санхүүжүүлэх

11.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг өөрийн төсвөөс санхүүжүүлнэ.

11.2.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хууль тогтоох үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зорилгогүйгээр ашгийн бус байгууллага санхүүжүүлж болно.

Хэвлэх

12 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг арга зүйн удирдлагаар хангах

12.1.Засгийн газар дараах аргачлалыг баталж, мөрдүүлнэ:

12.1.1.хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал;

12.1.2.хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал;

12.1.3.хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал;

12.1.4.хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал;

12.1.5.хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх аргачлал;

12.1.6.хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал.

12.2.Энэ хуулийн 12.1.2-12.1.6-д заасан аргачлал нь дараахь хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй:

12.2.1.олон улсын гэрээ соёрхон батлах тухай;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.2.2.тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотгол;

12.2.3.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл;

12.2.4.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;

12.2.5.Засгийн газрын өрийн удирдлагын стратеги;

12.2.6.улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай;

12.2.7.Дайны байдлын тухай хуулийн 5.1, Дайн бүхий байдлын тухай хуулийн 5.1, Дайчилгааны тухай хуулийн 6.4-т заасан Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.2.8.Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай;

12.2.9.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх;

12.2.10.энэ хуулийн 6.2, 6.3-т заасан тогтоолын төсөл;

12.2.11.Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төсөл батлах тухай;

12.2.12.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай;

12.2.13.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай;

12.2.14.хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай;

12.2.15.төрөөс мөнгөний бодлогын талаар тухайн жилд баримтлах үндсэн чиглэл батлах тухай;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12.2.16.албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай;

12.2.17.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161.1-д заасан хууль тогтоомжийн төсөл;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.2.18.Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4.1, 3.4.3-т заасан асуудлаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.2.19.дипломат харилцаа тогтоох тухай;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.2.20.дипломат төлөөлөгчийн газрын түвшин, байршлыг тогтоох тухай;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.2.21.төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.2.22.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.2.23.онцгой албан татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.2.24.энэ хуулийн 24.2-т заасны дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл.

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

12.3.Энэ хуулийн 12.1.2-т заасан хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал дараах хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй:

12.3.1.тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан;

12.3.2.Монгол Улсын олон улсын гэрээгээр Монгол Улс тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр боловсруулахаар тусгайлан үүрэг хүлээсэн;

12.3.3.энэ хуулийн 12.1.6-д заасан аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр тухайн хуулийг шинэчлэн найруулах, эсхүл өөрчлөлт оруулах, хүчингүй болгох зөвлөмж гарсан.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

13 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах

13.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг энэ хуулийн 12.1.2-т заасан аргачлалын дагуу тодорхойлно.

13.2.Энэ хуулийн 12.1.2-т заасан аргачлалаар дараах асуудлыг судалж, зөвлөмж гаргана:

13.2.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хуульд нийцэх эсэхийг судлах;

13.2.2.тухайн асуудлыг хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатай эсэхийг тодорхойлох;

13.2.3.тухайн асуудлыг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг тодорхойлох;

13.2.4.зохицуулах эрх зүйн хэм хэмжээний эерэг болон сөрөг талыг харьцуулан судлах;

13.2.5.хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох;

13.2.6.шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар бусад улсын эрх зүйн зохицуулалтын талаархи судалгаа хийх.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

14 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төсөл боловсруулах

14.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны, эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр үзэл баримтлалын төсөл боловсруулна.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан үзэл баримтлалын төсөлд дараах асуудлыг тусгана:

14.2.1.хууль тогтоомжийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага;

14.2.2.хууль тогтоомжийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ;

14.2.3.хууль тогтоомж батлагдсаны дараа үүсч болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал;

14.2.4.хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль тогтоомжийн талаарх санал.

14.3.Энэ хуулийн 14.2.1-д заасан үндэслэл, шаардлагад тухайн хууль тогтоомжийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлагыг тодорхой тайлбарлаж тусгана.

Хэвлэх

15 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг батлах

15.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн өөрийн санаачлах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, батална.

15.2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн санаачлах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж болно. Энэ тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөмж гаргана.

15.3.Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

15.4.Хууль тогтоомжоор зохицуулах нийгмийн харилцаа нь Засгийн газрын хэд хэдэн гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

15.5.Төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан санхүү, төсөв, татварын чиглэлээрх хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдтэй хамтран батална.

15.6.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдтэй хамтран батална.

15.7.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах нийгмийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг дангаар батална:

15.7.1.төрийн байгуулалт, эрүү, иргэний зэрэг салбарын бус нийтлэг харилцаа;

15.7.2.хуулиар тогтоосон эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудал.

15.8.Тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс ирүүлсэн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг энэ хуулийн 15.3-15.6-д заасан Засгийн газрын гишүүн 30 хоногийн дотор хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

15.8.1.төслийг дэмжиж хамтран батлах;

15.8.2.төслийг дахин боловсруулах санал гаргаж, буцаах;

15.8.3.тухайн харилцааг хуулиар зохицуулах шаардлагагүй тухай дүгнэлт гаргах.

15.9.Энэ хуулийн 15.8.2, 15.8.3-т заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хянасан талаархи санал, дүгнэлтэд үндэслэлийг тодорхой заана.

15.10.Тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хамтран батлуулахаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайланг хамт ирүүлнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

16 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах

16.1.Хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нь нийцүүлэн боловсруулна.

16.2.Хууль тогтоомжийн төслийг энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэг болон 12.1.1-д заасан аргачлалын дагуу боловсруулна.

16.3.Хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах шийдвэрийн төслийг хамт боловсруулж, холбогдох тооцоо, судалгаа хийсэн байна.

16.4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжийн төсөл боловсруулах талаар төрийн захиргааны төв байгууллага болон бусад байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч болно.

Хэвлэх

17 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх

17.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг энэ хуулийн 12.1.3-т заасан аргачлалын дагуу үнэлнэ.

17.2.Энэ хуулийн 12.1.3-т заасан аргачлалын дагуу хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг дараах байдлаар үнэлж, зөвлөмж гаргана:

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.2.1.хууль тогтоомжийн төсөл, эсхүл түүний зарим зүйл, заалтын зохицуулалтын практикт хэрэгжих боломж, харилцан уялдаа зэргийг тооцож шинжилгээ хийх;

17.2.2.хууль тогтоомжийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах;

17.2.3.хууль тогтоомжийн төслийг батлан хэрэгжүүлснээр үүсэж болзошгүй, урьдчилан тооцоогүй үр дагаврыг тодорхойлох.

17.3.Хууль тогтоомжийн төслийг батлан хэрэгжүүлснээр гарах үр нөлөөг тооцсоны үндсэн дээр шаардлагатай бол тухайн хууль тогтоомжийн төсөл, эсхүл түүний зарим зүйл, заалтыг дахин боловсруулна.

Хэвлэх

18 дугаар зүйл.Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцох

18.1.Хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлын тооцоог тухай бүр гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг энэ хуулийн 12.1.4-т заасан аргачлалын дагуу тодорхойлно.

18.2.Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах болон энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхэд энэ хуулийн 12.1.4-т заасан аргачлалыг баримталж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

19 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн төсөлд эрх зүйн дүгнэлт хийх

19.1.Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх зүйн дүгнэлт хийнэ.

19.2.Хууль санаачлагчийн боловсруулсан хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд Улсын Их Хурлын Тамгын газар эрх зүйн дүгнэлт хийнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

20 дугаар зүйл.Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөлд санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

20.1.Төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн захиргааны төв байгууллага 30 хоногийн дотор саналаа өгнө.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан хугацаанд саналаа ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.

20.3.Төрийн захиргааны төв байгууллага боловсруулсан хууль тогтоомжийн төсөлдөө бусад төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох төрийн байгууллагын саналыг авч, үндэслэлтэй гэж үзвэл тухайн төсөлд тусгана. Төрийн захиргааны төв байгууллагын саналд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурсан байна.

20.4.Төрийн захиргааны төв байгууллага боловсруулсан хууль тогтоомжийн төслөө хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлангийн хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлнэ. Хууль тогтоомжийн төсөл төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах үр дагаврыг бий болгохоор бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.5.Хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад үндэслэл бүхий тайлбарын хамт буцаана.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.6.Энэ хуулийн 20.5-д заасны дагуу хууль тогтоомжийн төслийг буцаасан тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага тухайн төслийг дахин боловсруулж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.

20.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төсөл төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах эсэхийг хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.8.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.9.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно.

20.10.Энэ хуулийн 20.7-20.9-д заасан зөвшөөрлийг бичгээр үйлдэнэ.

20.11.Энэ хуулийн 20.10-т заасан зөвшөөрлийг авсны үндсэн дээр төрийн захиргааны төв байгууллага боловсруулсан хууль тогтоомжийн төслөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

20.12.Хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан дэгийг баримтална.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

21 дүгээр зүйл.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Засгийн газрын санал, дүгнэлтийг авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

21.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн санаачилсан хууль тогтоомжийн төслөө түүний үзэл баримтлал, танилцуулга, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлангийн хамт санал, дүгнэлт авахаар Засгийн газарт хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

21.2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хууль тогтоомжийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг бэлтгүүлэхээр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

21.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Засгийн газрын бусад гишүүн, холбогдох байгууллагад хүргүүлнэ.

21.4.Энэ хуулийн 21.3-т заасан байгууллага, албан тушаалтан нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөлд өгөх саналыг тухайн хууль тогтоомжийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор бэлтгэж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

21.5.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 21.4-т заасан хугацаанд саналаа ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.

21.6.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын бусад гишүүнээс ирүүлсэн саналыг Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөлд тусгахдаа дараах зарчмыг баримтална:

21.6.1.зарчмын шинжтэй саналуудыг нэг бүрчлэн томьёолох;

21.6.2.хэл зүй, найруулга, томьёоллын шинжтэй саналуудыг багцлах.

21.7.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 21.4-т заасан хугацаа өнгөрсөн өдрөөс хойш ажлын долоон өдрийн дотор Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг бэлтгэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

21.8.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг энэ хуулийн 21.7-д заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоон өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

21.9.Энэ хуулийн 21.7-д заасан Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөлд дараах асуудлыг тусгана:

21.9.1.тухайн хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хуульд нийцэж байгаа эсэх;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.9.2.тухайн хууль тогтоомжийн төсөл бусад хууль тогтоомжтой уялдсан эсэх;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

21.9.3.тухайн хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх.

21.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага, Төсвийн тухай хуульд заасан төсвийн бусад шаардлага, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хангаж байгаа эсэх талаарх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг бэлтгэж, энэ хуулийн 21.4-т заасан хугацаанд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

21.11.Засгийн газар санал, дүгнэлтээ ажлын 30 өдрийн дотор хууль санаачлагчид хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хууль санаачлагчтай тохиролцон түүний бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн уг хугацааг сунгаж болно.

21.12.Засгийн газар энэ хуулийн 21.11-д заасан хугацаанд саналаа ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.

21.13.Засгийн газар энэ хуулийн 21.1-д заасан хууль тогтоомжийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль болон эрх зүйн бодлогод нийцээгүй, энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд уг дүгнэлтийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд заавал танилцуулна.

21.14.Улсын Их Хурлаас шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дотоод зохион байгуулалттай холбоотой хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас санал авахгүй байж болно.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТӨРӨЛ, БҮТЭЦ, ХЭЛБЭР, ЭХ БИЧВЭРТ ТАВИХ ШААРДЛАГА

22 дугаар зүйл.Хуулийн төслийн төрөл

22.1.Хуулийн төсөл дараах төрөлтэй байна:

22.1.1.анхдагч хуулийн төсөл;

22.1.2.хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

22.1.3.хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

22.1.4.багц хуулийн төсөл;

22.1.5.хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл.

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

23 дугаар зүйл.Анхдагч хуулийн төсөл

23.1.Хууль санаачлагч нийгмийн харилцааны төлөв байдал, тулгамдсан асуудлыг судалсны үндсэн дээр шинээр үүссэн харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай, эсхүл тухайн нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинэ хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төсөл боловсруулна.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл

24.1.Нийгмийн харилцааны тулгамдсан асуудлыг харгалзан тухайн хуульд нэмэлт оруулах, хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах, эсхүл тодорхой зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох асуудлаар хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулна.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.2.Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Энэ тохиолдолд өөрчлөлт оруулж байгаа хууль тус бүрд үзэл баримтлалыг тодорхойлох шаардлагагүй.

24.3.Хуулийн өөрчлөлтийг хуулийн анхдагч эх бичвэрт оруулна.

24.4.Тухайн хуульд нэмэлт оруулах бол “нэмэлт оруулах тухай", өөрчлөлт оруулах бол “өөрчлөлт оруулах тухай”, нэмэлт, өөрчлөлт аль алийг нь оруулах бол “нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох бол “хүчингүй болсонд тооцох тухай” гэж хуулийн төслийг ялгавартай нэрлэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.5.Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь дараах төрөлд хуваагдана:

24.5.1.хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

24.5.2.хуульд нэмэлт оруулах тухай;

24.5.3.хуульд өөрчлөлт оруулах тухай;

24.5.4.хуулийн зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.6.Хуульд оруулах өөрчлөлтийг зөвхөн нэг хуульд хамааруулж хийх бөгөөд өөрчлөлт орж байгаа хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтын дугаарыг тодорхой бичнэ.

24.7.Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд зүйлийн гарчиг тавилгүйгээр зүйлийн агуулгыг дугаарын хойноос шууд бичнэ.

24.8.Хуулийн нэг зүйлд хэд хэдэн өөрчлөлт оруулж байгаа бол өөрчлөлт тус бүрийг бие даасан заалт болгон тэмдэглэнэ.

24.9.Өөрчлөлт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтын зарим нэр томьёо, үг хэллэгийг өөрчилсөн буюу хассанаар түүний утга агуулга нэг мөр ойлгогдохооргүй байвал түүнийг өөрчлөн найруулна.

24.10.Хүчингүй болсонд тооцож байгаа хуулийн төслийн заалтад тухайн хуулийн хүчингүй болсонд тооцох бүх зүйл, хэсэг, заалтыг тусгана.

24.11.Хэрэв хуулийн төсөлтэй холбогдон хэд хэдэн хуульд нэр томьёоны өөрчлөлт оруулах бол хууль бүрд оруулах өөрчлөлтийг тусгасан нэг хуулийн төсөл боловсруулж болно.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

25 дугаар зүйл.Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

25.1.Дараах тохиолдолд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулна:

25.1.1.өмнө нь тухайн хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орсон бол;

25.1.2.хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны улмаас хуулийн бүтэц, уялдаа алдагдахад хүрэх, эсхүл тухайн хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орох бол;

25.1.3.хуулийн үзэл баримтлалыг бүхэлд нь өөрчлөхөд хүргэсэн нэмэлт, өөрчлөлт орох бол;

25.1.4.тухайн хуулиар зохицуулж байгаа нийгмийн харилцааны төлөв байдал, агуулгад ихээхэн өөрчлөлт гарч, түүнтэй уялдуулан хуулийг шинэчлэн батлах шаардлагатай болсон.

25.2.Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулахдаа анхдагч хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулна.

Хэвлэх

26 дугаар зүйл.Багц хуулийн төсөл

26.1.Хууль санаачлагч тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр багц хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж болно. Энэ тохиолдолд хууль тус бүрийн үзэл баримтлалыг тодорхойлно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

26дүгээр зүйл.Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл

261.1.Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө нь хүчингүй болсон хуулийн үйлчлэл сэргэхгүй.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

27 дугаар зүйл.Хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт

27.1.Хуулийг дагаж мөрдөх журмаар дараах асуудлыг зохицуулна:

27.1.1.хууль бүхэлдээ, эсхүл хуулийн тодорхой анги, хэсэг, бүлэг, зүйл, заалт хүчин төгөлдөр үйлчилж эхлэх нөхцөл;

27.1.2.хууль хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалт, шилжилтийн үе шатны бэлтгэлийг хангах, шинэ бүтэц, ажлыг гүйцэтгэх нөхцөл;

27.1.3.өмнө үйлчилж байсан хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу үүссэн харилцаа, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг шинэ хуулийн дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаврыг арилгах нөхцөл, арга зам, хариуцлагыг зохицуулах хэлбэр;

27.1.4.хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотой аливаа зардал, нөхөх олговор, хохирлыг нөхөн төлөх нөхцөл;

27.1.5.өмнөх хууль, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн зарим хэсэг хүчин төгөлдөр үйлчлэх тодорхой нөхцөл, тохиолдол;

27.1.6.хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдол.

Хэвлэх

28 дугаар зүйл.Хуулийн төслийн бүтэц, хэлбэр

28.1.Хуулийн төсөл дараах бүтэцтэй байна:

28.1.1.хуулийн төслийн гарчиг;

28.1.2.хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл;

28.1.3.зүйлийн доторх хэсэг;

28.1.4.хэсгийн доторх заалт;

28.1.5.заалтын доторх дэд заалт;

28.1.6.шаардлагатай бол бүлэг, дэд бүлэг, хэсэг, дэд хэсэг, анги.

28.2.Хуулийн төслийн бүтэц дараах шаардлагыг хангасан байна:

28.2.1.зүйл нь хоорондоо уялдаа холбоо, дэс дараалал бүхий, агуулгыг товч илэрхийлсэн гарчиг, нэгдсэн дугаартай байх;

28.2.2.бие даасан санаа бүрийг зүйлд тусгах;

28.2.3.бие даасан санаа нь хэд хэдэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байвал зүйлийг хэсэгт хуваах;

28.2.4.заалт нь аль болох нэг өгүүлбэрээс бүрдсэн байх;

28.2.5.зүйлүүдийг сэдвээр нь бүлэглэж, бүлгийг хэсэг, ангид нэгтгэж болно.

28.3.Хуулийн төслийн бүтцийг дараах дарааллаар байрлуулна:

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.3.1.хуулийн төслийн гарчиг;

28.3.2.нийтлэг хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн “ерөнхий анги”, эсхүл “нийтлэг үндэслэл” гэсэн бүлэг, хэсэг;

28.3.3.нэр томьёоны тайлбар;

28.3.4.тусгайлсан хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн тусгай “анги”, эсхүл агуулгаар нь бүлэг, хэсэг болгосон эрх зүйн хэм хэмжээ;

28.3.5.иргэн, хуулийн этгээдээс үйл ажиллагаа явуулах журам, тэдгээрийн эрх, үүрэг;

28.3.6.онцгойлон үзэх нөхцөл байдал;

28.3.7.хариуцлага тогтоож байгаа хэм хэмжээ;

28.3.8.хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт;

28.3.9.шаардлагатай бол хууль хүчин төгөлдөр болох тухай хэм хэмжээ;

28.3.10.бусад зүйл.

28.4.Хуулийн төслийн гарчиг дараах зүйлээс бүрдэнэ:

28.4.1.“Монгол Улсын хууль” гэсэн толгой;

28.4.2.хуулийг баталсан он, сар, өдөр /араб тоогоор бичнэ/;

28.4.3.хуулийг баталсан газар /хот/-ын нэр;

28.4.4.агуулгыг товч, тодорхой илэрхийлсэн хуулийн нэр.

28.5.Энэ хуулийн 28.4.4-т заасан хуулийн нэрийг дан том үсгээр бичих бөгөөд дараах төрөлтэй байна:

28.5.1.тухайлсан нь: “… тухай” гэсэн үгээр төгсгөнө. /АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ г.м/

28.5.2.оноосон нь: “…-ийн хууль” гэдэг үгээр төгсгөнө. /ИРГЭНИЙ ХУУЛЬ, АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ г.м/

28.6.Хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлана:

28.6.1.анги, хэсгийг ром тоогоор, эсхүл бичгээр;

28.6.2.бүлгийг бичгээр;

28.6.3.зүйлийг араб тоогоор, ард нь “дүгээр”, эсхүл “дугаар” зүйл гэж бичгээр /1 дүгээр зүйл. г.м/;

28.6.4.зүйлийн доторх хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м./;

28.6.5.зүйлийн доторх хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.1. г.м/;

28.6.6.заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.1.а. г.м/.

28.7.Зохицуулах харилцааны онцлогоос хамаарч шаардлагатай тохиолдолд хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлаж болно:

28.7.1.зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь “дүгээр”, эсхүл “дугаар” гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м/;

28.7.2.хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./;

28.7.3.хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м/;

28.7.4.заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.а. г.м/.

28.8.Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн заалтыг дараах дарааллаар байрлуулна:

28.8.1.хуульд нэмэлт оруулах;

28.8.2.хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах;

28.8.3.хуулийн зарим нэр томьёо, үг, өгүүлбэрийг өөрчлөх;

28.8.4.хуулийн зарим үг, өгүүлбэрийг хасах;

28.8.5.зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох;

28.8.6.шаардлагатай бол хуулийг дагаж мөрдөх хугацаа.

28.9.Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл доторх заалтыг баруун талдаа хаалт бүхий араб тоогоор дугаарлана /1/ г.м/.

28.10.Хуульд шинээр нэмэгдэх зүйл нь анхдагч эх бичвэрийн тухайн зүйл заалтаас салшгүй утга агуулгатай бол дугаарыг тэмдэглэхдээ баруун дээд өнцөгт нь жижиг араб тоогоор дугаарлана /521 дүгээр зүйл г.м/.

Хэвлэх

29 дүгээр зүйл.Хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага

29.1.Хуулийн төслийн агуулга дараах нийтлэг шаардлага хангасан байна:

29.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх;

29.1.2.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгасан байх;

29.1.3.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй байх;

29.1.4.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үл хамаарах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хүчингүй болсонд тооцох тухай заалт тусгахгүй байх;

29.1.5.зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх;

29.1.6.хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх;

29.1.7.бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх;

29.1.8.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаа, хуулийн үйлчлэх хүрээ, эрх зүйн харилцаанд оролцогч хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, зохицуулалтад удирдлага болгох, харгалзан үзэх нөхцөл байдал, нийтийн эрх зүйн этгээдийн чиг үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийг биелүүлэх журам;

29.1.9.шаардлагатай тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ, хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа, хууль буцаан хэрэглэх тухай заалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, бусад хуулийн зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох, хасах заалт;

29.1.10.шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хууль хүчингүй болсонд тооцох тухай дагалдах хуулийн төслийг боловсруулсан байх;

29.1.11.хуулийн төсөл нь хуулийн зорилго гэсэн зүйлтэй байж болох бөгөөд зорилгод тус хуулиар хангахаар зорьж байгаа иргэний үндсэн эрх, бэхжүүлэх үндсэн зарчим, хүрэх үр дүнг тусгана.

Хэвлэх

30 дугаар зүйл.Хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлага

30.1.Хуулийн төслийн хэл зүй, найруулга дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

30.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх;

30.1.2.нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх;

30.1.3.үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих;

30.1.4.хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх;

30.1.5.жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх.

30.2.Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд хууль зүйн нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тогтоох, жигдлэн хэвшүүлэх, нэр томьёотой холбогдсон асуудлаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хууль зүйн хэлний салбар зөвлөл ажиллана.

30.3.Хууль зүйн хэлний салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

30.4.Хуулийн төсөлд дараах тохиолдолд нэр томьёоны тайлбар хийнэ:

30.4.1.нэр томьёо нь олон утгатай бол;

30.4.2.нэр томьёо нь өргөн утгатай бөгөөд түүнийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай бол;

30.4.3.шинээр бий болсон ойлголт буюу нэр томьёо нь нийтэд ойлгомжгүй бол.

30.5.Хуулийн төсөлд дараах тохиолдолд гадаад хэлний нэр томьёо хэрэглэж болно:

30.5.1.уг нэр томьёог оноосон нэр монгол хэлэнд байхгүй бол;

30.5.2.уг нэр томьёог олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэж хэвшсэн бол;

30.5.3.уг нэр томьёог Монгол Улсын олон улсын гэрээнд хэрэглэж байгаа бол.

30.6.Нэр томьёо нь нэг утга агуулгаар нийт хуулийн хэмжээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолтыг уг хуулийн “Нийтлэг үндэслэл” гэсэн бүлэгт оруулан заана. Хуулийн төсөлд тодорхойлолт өгсөн хэд хэдэн нэр томьёо байгаа бол тэдгээрийг “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” гэсэн гарчигтай зүйлд нэгтгэнэ.

30.7.Нэр томьёо нь тодорхой утга агуулгаар зөвхөн нэг бүлэг, зүйл, хэсэг, заалтын хүрээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолт, тайлбарыг холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтын дотор байрлуулж болно.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

31 дүгээр зүйл.Хуулийн төсөлд товчлол хэрэглэх

31.1.Хуулийн төсөлд олон дахин давтагдаж байгаа нэг ойлголт, нэр томьёог хэд хэдэн үгээр илэрхийлэх тохиолдолд тэдгээрийг цөөн үгээр хэрэглэх зорилгоор товчлол хэрэглэнэ.

31.2.Дараах тохиолдолд товчлол хэрэглэхгүй:

31.2.1.хуулийн нэр, бүлэг, зүйлийн гарчигт;

31.2.2.тухайн үг олон удаа давтагдаагүй бол;

31.2.3.бусад хуульд хэрэглэсэн нэр томьёотой андуурахуйц байгаа бол.

Хэвлэх

32 дугаар зүйл.Хуулийн төсөлд эшлэл хэрэглэх

32.1.Хуулийн давхардал, зөрчил гарахаас сэргийлэх, ойлгож хэрэглэхэд хялбар болгох зорилгоор өөр хуульд байгаа, эсхүл тухайн хуульд нэгэнт туссан асуудлыг дахин дурдах бол эшлэл хэрэглэнэ.

32.2.Хуульд бусад хуулиас эшлэл хийхдээ тухайн заалтыг эх бичвэрээр нь хуулбарлахыг хориглоно.

Хэвлэх

33 дугаар зүйл.Хуулийн төслийн танилцуулга

33.1.Хууль санаачлагч хуулийн төслийн танилцуулга бэлтгэнэ.

33.2.Хуулийн төслийн танилцуулгад дараах мэдээллийг тусгана:

33.2.1.хуулийн төслийн ерөнхий агуулга, зохицуулах харилцаа, хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй зохицуулалтын талаар;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

33.2.2.тухайн харилцааг урьд нь хууль, эрх зүйн бусад актаар зохицуулж ирсэн байдал;

33.2.3.хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан хууль санаачлагчаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;

33.2.4.хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүн;

33.2.5.гадаад орны туршлага, бусад судалгаа, шинжилгээний тайлангийн дүгнэлт.

Хэвлэх

34 дүгээр зүйл.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд тавих нэмэлт шаардлага

34.1.Олон талт олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд тухайн гэрээний хянан баталгаажуулсан монгол хэлээрх орчуулгыг хавсаргана.

34.2.Олон талт олон улсын гэрээний орчуулгыг тухайн гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан гүйцэтгэж, гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэх асуудлын хүрээнд уг орчуулгыг хянан баталгаажуулна.

34.3.Хоёр талт олон улсын гэрээг талууд тохиролцсоны үндсэн дээр гадаад улсын хэлээр үйлдсэн бол тухайн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөлд энэ хуулийн 34.1, 34.2-т заасан шаардлага нэгэн адил үйлчилнэ.

34.4.Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээл, тусламжийн талаарх олон улсын гэрээг орчуулах, орчуулгыг хянан баталгаажуулах үүргийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээнэ.

34.5.Олон улсын гэрээг соёрхон баталснаар Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай тохиолдолд тухайн хуулийн төслийг хамт боловсруулна.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ

35 дугаар зүйл.Улсын Их Хурлын тогтоолын төслийн эх бичвэрт тавих шаардлага

35.1.Монгол Улсын Их Хурлын тогтоол /цаашид “Тогтоол” гэх/-ын төсөл дараах шаардлагыг хангасан байна:

35.1.1.Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний заалттай уялдсан байх;

35.1.2.хуулийн заалтыг давтахгүй байх;

35.1.3.хариуцлагын хэм хэмжээ заахгүй байх.

Хэвлэх

36 дугаар зүйл.Тогтоолын төслийн бүтэц

36.1.Тогтоолын төсөл дараах бүтэцтэй байна:

36.1.1.тогтоолын төслийн гарчиг;

36.1.2.шаардлагатай бол тэмдэглэх хэсэг;

36.1.3.тогтоох хэсэг;

36.1.4.шаардлагатай бол урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай хэсэг;

36.1.5.шаардлагатай бол тогтоол хүчин төгөлдөр болох хугацаа.

36.2.Тогтоолын төслийн гарчиг дараах хэсгээс бүрдэнэ:

36.2.1.“Монгол Улсын Их Хурлын тогтоол” гэсэн толгой;

36.2.2.баталсан он, сар, өдөр /араб тоогоор бичнэ/;

36.2.3.тогтоол баталсан газар /хот/-ын нэр;

36.2.4.тогтоолын нэр. Тогтоолын нэр нь “… тухай” гэж төгсөнө.

36.3.Тогтоолын төслийн тэмдэглэх хэсэгт уг тогтоол гарах болсон үндэслэл, шаардлага, эсхүл хуулийн заалтыг үндэслэсэн байна.

36.4.Тогтоолын төслийн тогтоох хэсэгт уг тогтоолоор шийдвэрлэх асуудлыг энгийн, ойлгомжтой байдлаар томьёолж бичнэ.

36.5.Тогтоолын төслийн бүтцийн үндсэн нэгж нь заалт байх бөгөөд шаардлагатай тохиолдолд түүнийг дэд заалтад хувааж болно.

36.6.Тогтоол хавсралттай байж болох бөгөөд энэ тухай заалтыг “… -ыг хавсралтаар баталсугай.”, эсхүл “…-ыг 1, 2, 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай” гэж томьёолно.

36.7.Тогтоолын хавсралтын эхний хуудасны баруун дээд буланд “Монгол Улсын Их Хурлын ... оны … дугаар тогтоолын хавсралт”, эсхүл “Монгол Улсын Их Хурлын ... оны … дугаар тогтоолын … дугаар хавсралт” гэж заана.

36.8.Тогтоолын төслийн заалтыг дараах байдлаар дугаарлана:

36.8.1.заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. гм/;

36.8.2.заалтын доторх дэд заалтыг баруун талдаа хаалт бүхий араб тоогоор /1/ гм/.

Хэвлэх

37 дугаар зүйл.Тогтоолын төслийг өргөн мэдүүлэх

37.1.Хууль санаачлагч тогтоолын төслөө энэ хуулийн 41.1-д заасан журмын дагуу өргөн мэдүүлнэ.

37.2.Тогтоолын төсөлд энэ хуулийн 40.1-д заасан баримт бичгийг хавсаргасан байна.

37.3.Тогтоолын төсөлд хавсаргах баримт бичиг нь албан хэрэг хөтлөлтийн нийтлэг шаардлагыг хангасан байна.

37.4.Энэ хуулийн 37.1, 37.2 дахь хэсэг нь энэ хуулийн 6.2, 6.3-т хамаарахгүй.

Хэвлэх


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ, САНАЛ АВАХ

38 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах

38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.2.Хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн тайланг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хугацааг тодорхой заана.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.3.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 38.2-т заасан хугацаа 15-аас доошгүй хоног байна. Энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд саналаа бичгээр өгөх бөгөөд холбогдох этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.4.Хууль санаачлагч энэ хуулийн 38.3-т заасны дагуу ирүүлсэн саналыг харгалзан үзнэ.

38.5.Олон нийтийн хэлэлцүүлгийг дараах хэлбэрээр явуулна:

38.5.1.бичгээр санал авах;

38.5.2.уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;

38.5.3.санал асуулга явуулах;

38.5.4.олон нийтийн цахим сүлжээгээр хэлэлцүүлэг явуулах;

38.5.5.бусад хэлбэр.

38.6.Хууль санаачлагч олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуулийн төсөлд тусгасан болон тусгаагүй саналын товъёгийг бэлтгэн албан ёсны цахим хуудсандаа байршуулна.

38.7.Хууль санаачлагчийн боловсруулж байгаа хууль тогтоомжийн төслийн үндэсний аюулгүй байдлын үүднээс хуулиар нууцад хамааруулсан асуудалтай холбоотой хэсгээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй.

38.8.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 12.2-т заасан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болно.

/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

39 дүгээр зүйл.Төрийн байгууллагаас санал авах

39.1.Хууль санаачлагч санаачилж байгаа хууль тогтоомжийн төсөлдөө түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох бусад байгууллагаас санал авна.

39.2.Төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжийн төсөлд харьяа болон холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг авч нэгтгэн хууль санаачлагчид хүргүүлж болно.

39.3.Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөлд тусгасан асуудал нь Улсын Их Хурлаас байгуулдаг төрийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах бол тухайн байгууллагаас санал авна.

39.4.Энэ хуулийн 39.1, 39.3-т заасан саналыг бичгээр үйлдэнэ.

Хэвлэх


ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭХ

40 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэр

40.1.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөлд дараах баримт бичгийг хавсаргана:

40.1.1.хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх тухай хууль санаачлагчийн албан бичиг;

40.1.2.хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан, эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлан;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

40.1.3.дагалдаж өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн төсөл;

40.1.4.олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу хянан баталгаажуулсан олон улсын гэрээний монгол хэлээрх орчуулга;

40.1.5.хууль тогтоомжийн төсөл батлагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, авах арга хэмжээний санал;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

40.1.6.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн тухайд Засгийн газрын санал, дүгнэлт;

40.1.7.Засгийн газрын өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн тухайд энэ хуулийн 20.7-20.9-д заасны дагуу санхүү, төсвийн, гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл;

40.1.8.энэ хуулийн 15.2-т заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлсэн тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвлөмж;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

40.1.9.энэ хуулийн 40.1.1-40.1.8-д заасан баримт бичгийн цахим хувь;

40.1.10.энэ хуулийн 38.6-д заасан саналын товъёг.

40.2.Энэ хуулийн 40.1-д заасан баримт бичиг нь албан хэрэг хөтлөлтийн нийтлэг шаардлагыг хангасан байна.

40.3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46.1-д заасан Хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилт, мөн хуулийн 47.2-т заасан тайлан нь энэ хуулийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байна.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

40.4.Хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийн цахим хувийг үйлдэх, баталгаажуулах, хүлээлцэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийн дугаарт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

41 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

41.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

41.2.Хууль санаачлагч энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг хангаж, хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээс өмнө Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ.

41.3.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль тогтоомжийн төслийг 72 цагийн дотор энэ хуулийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, шаардлага хангуулах арга хэмжээ авах, мөн хугацаанд шаардлага хангаагүй бол хууль санаачлагчид буцаана.

41.4.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ хуулийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг хангасан төслийг Улсын Их Хурлын даргад танилцуулж, Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээр товлосон хугацааг хууль санаачлагчид албан бичгээр мэдэгдэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх


НАЙМДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ НИЙТЛЭХ, ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАХ

/Энэ бүлгийн гарчгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

42 дугаар зүйл.Хууль тогтоомжийн албан ёсны эх

42.1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу ёсчилсон Улсын Их Хурлын Тамгын газарт хадгалах хууль тогтоомжийн хувийг албан ёсны эх гэнэ.

42.2.Хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэр, хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үе шатанд бүрдүүлсэн баримт бичгийг байнга хадгална.

42.3.Хууль тогтоомжийн архивын нэгж бүрдүүлэх журмыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга батална.

Хэвлэх

43 дугаар зүйл.Хууль тогтоомжийг нийтлэх

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.1.Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.2.Монгол Улсын олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийг соёрхон баталсан гэрээний хамт “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.3.“Хууль тогтоомжийн эмхэтгэл”-д нийтэлсэн хууль тогтоомж албан ёсны эхтэйгээ зөрчилдсөн тохиолдолд албан ёсны эхийг баримтална.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

44 дүгээр зүйл.Хууль тогтоомжийг хүргэх

44.1.Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн албан ёсны эхээс хуулбарласан хувийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

44.2.Хууль тогтоомжийн албан ёсны эхээс хуулбарлан хүргүүлсэн хувийг хүлээж авсан төрийн байгууллага хууль тогтоомжийн санг бүрдүүлнэ.

44.3.Энэ хуулийн 44.2-т заасан хууль тогтоомжийн сан бүрдүүлэх, системчлэн ангилж, хууль тогтоомжийн хувийн хэрэг хөтлөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

45 дугаар зүйл.Хууль тогтоомжийн сан бүрдүүлэх

45.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээлэл, лавлагаа өгөх зорилгоор Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн нэгдсэн санг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэх, хууль тогтоомжийг системчлэх ажлыг хариуцан зохион байгуулна.

45.2.Энэ хуулийн 45.1-д заасан санд Монгол Улсын олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийг соёрхон баталсан тухайн гэрээний хамт оруулна.

45.3.Хууль тогтоомжийн цахим санг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулна.

Хэвлэх

46 дугаар зүйл.Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

46.1.Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран зохион байгуулж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

46.2.Ерөнхийлөгчөөс санаачилсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар зохион байгуулж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

46.3.Засгийн газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжийг өөрийн бүрэн эрх, чиг үүргийн дагуу харьяалах салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

47 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах нийтлэг арга хэмжээ

47.1.Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг хүлээн авсан даруйд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хяналтын хувийн хэрэг нээж, харьяалах хүрээний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

Хэвлэх

48 дугаар зүйл.Хуулиар тусгайлан эрх олгосны дагуу нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт гаргах

48.1.Хуульд тусгайлан зааж эрх олгосноос бусад тохиолдолд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гаргахыг хориглоно.

48.2.Хуульд нийцээгүй, эсхүл хуулиар олгосон эрхийг хэтрүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг дагаж мөрдөхгүй.

48.3.Хуульд өөрөөр заагаагүй бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гаргах эрх хуулиар олгосон этгээд уг эрхээ бусдад шилжүүлэхийг хориглоно.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх


АРАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

49 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нэгж

49.1.Улсын Их Хурал, Засгийн газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоог бүрдүүлж, холбогдох бүтцийн нэгжийг ажиллуулна.

49.2.Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран хэрэгжүүлнэ.

49.3.Засгийн газраас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

49.4.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн байгууллагаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэх буюу хамтарч болно.

49.5.Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний бүтцийн нэгж нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн эерэг, сөрөг үр дагаврын талаарх хяналт шинжилгээний дүнг хууль санаачлагчид тогтмол мэдээлнэ.

49.6.Энэ хуулийн 49.5-д заасан хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээний дүнд үндэслэн хууль тогтоомжийн зорилгын түвшин хангалтгүй, хууль тогтоомжийн үзэл баримтлалд заасан үр дүнд хүрч чадахгүй тохиолдолд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийнэ.

49.7.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

49.8.Хууль тогтоомжийн зохицуулах харилцааны онцлог, асуудлаас хамааран хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үр дагаврын үнэлгээ хийхдээ хууль тогтоомжийг бүтнээр нь, эсхүл зарим зүйл, заалтыг сонгож болно.

Хэвлэх

50 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ

50.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээг дараах чиглэлээр хийнэ:

50.1.1.хууль тогтоомжийн зорилгыг хангаж байгаа түвшинг тодорхойлох;

50.1.2.хууль тогтоомжийн үзэл баримтлалд тодорхойлсон үр дүнд хүрэх байдлыг тогтоох.

50.2.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийх хяналт шинжилгээг энэ хуулийн 12.1.5-д заасан аргачлалын дагуу хийнэ.

Хэвлэх

51 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ

51.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх аргачлал дараах агуулгыг хамаарна:

51.1.1.хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгах;

51.1.2.хууль тогтоомжийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг байдлыг тодорхойлох;

51.1.3.зохистой, үр дүнтэй хэрэгжих, хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлох.

51.2.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг энэ хуулийн 12.1.6-д заасан аргачлалын дагуу хийнэ.

51.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

52 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцэх

52.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг Улсын Их Хурал, Засгийн газар жилд нэг удаа тогтмол хэлэлцэж хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль тогтоомжийг хооронд нь уялдуулах, хууль тогтоомжийг системчлэн кодификаци хийх, шинээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

52.2.Улсын Их Хурал хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлахдаа тухайн хууль тогтоомжийн ач холбогдол, зохицуулалтын онцлогийг харгалзан шаардлагатай бол уг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг танилцуулах хугацаатай үүргийг Засгийн газарт өгч болно.

Хэвлэх


АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

53 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

53.1.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД