A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ, УЛСЫН ИХ ХУРЛЫН 88 ДУГААР ТОГТООЛЫН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ГЭСЭН МАРГААНЫГ ЭЦ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ, УЛСЫН ИХ ХУРЛЫН 88 ДУГААР ТОГТООЛЫН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ГЭСЭН МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Тогтоол/

1995 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 02

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав, Ч.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргад Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Цэцийн хуралдаанаар: "1. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн ... Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн;

2. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн;

3. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн;
Улсын Их Хурлын тухай хуулийн 452 _#дугаар зүйлийн Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхтэй холбоотой 1, 2, 3, 4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн;
Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын "Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй" гэсэн хоёр дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн;

Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 28 зугаар зүйлийн 1, мөн хуулийн 51, 54, 56 дугаар зүйлүүдийн 1 дэх хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна" гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 тоот дүгнэлттэй маргааныг эцэслэн хэлэлцэв.

Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлөн Улсын Их Хурлын иттэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Ё.Адилбиш, гомдол гаргагч иргэн Дондовын Ламжав нар оролцов.

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

1. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ", 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ", 64 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн "... Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" гэсэн заалтуудыг зөрчиж байна. Учир нь дурьдсан маргаан нь Үндсэн хууль, бусад хуулийг сахиулахтай холбогдон гарч болох бөгөөд энэ тухай Цэцийн буюу аль нэг шатны шүүхийн шийдвэр гарч болно.

2. Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... Уг илтгэлийг сонссоны дараа Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг сонсоно...", 38 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн "... хэрэв Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэл байна гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг заавал сонсоно..." гэсэн заалтууд Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна" гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь 66 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан үндэслэл гараагүй нөхцөлд Цэцээс дүгнэлт гарахгүй тул Цэцийн дүгнэлтийг шууд дуудан сонсох хууль зүйн үндэслэл байхгүй юм.

3. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Улсын Их Хурал Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ дараахь шалтгаан, нөхцөлийг заавал тогтоосон байна:

1/ Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлт үнэн зөв эсэх;

2/ Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн үндэслэл, шалтгааныг зөв тогтоосон эсэх;

3/ Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хүрээ, нөхцөл байдлыг зөв тогтоосон эсэх;

гэсэн заалт Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт болон 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэсэн заалтуудыг зөрчиж байна. Учир нь Үндсэн хуулийн холбогдох заалтууд ёсоор Ерөнхийлөгчийг огцруулах буюу эгүүлэн татах үндэслэл байгаа нь Цэцийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон үед л энэ асуудлыг Улсын Их Хурал авч хэлэлцэх бөгөөд хэлэлцэх явцад Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх ёсгүй. Гэтэл хэлэлцэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн дээрх хоёр заалтыг зөрчиж байна.
4. Улсын Их Хурлын тухай хуулийн 452_# дугаар зүйлийн нэг дэх хэсгийн "Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гарсан ... Цэцийн дүгнэлтийг ... Цэцийн дарга, эсхүл түүний итгэмжилснээр ... Цэцийн аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулна" гэсэн заалтаас өөр Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтын дагуу Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх тухай заалт энэ хуульд ороогүй байна.
Тодруулан хэлбэл, Улсын Их Хурлын авч хэлэлцэх ёстой арван төрлийн Цэцийн дүгнэлтээс хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэрхэн авч хэлэлцэхийг дээрх зүйлд тодорхой заасан боловч үлдсэн найман төрлийн дүгнэлтийг хэрхэн хэлэлцэх талаар Улсын Их Хурлын тухай хуульд заагаагүй байна. Улсын Их Хурлаар хэлэлцэх ёстой Цэцийн дүгнэлт ийнхүү өрөөсгөл тусгагдсан атлаа Улсын Их Хурлаар хэлэлцэх ёсгүй, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /3, 4-т/ заасны дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэхээр хуульчилсан тухай дээр өгүүлсэн билээ. Улсын Их Хурлын Байнгын хороо /Дотоод асуудлын/ 1994 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хурлаараа гишүүн Ц.Төрмандах Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэж, энэ дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулжээ.

Гишүүд Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтын дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал шүүн хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах эрхтэй эсэх талаар маргалдсан боловч ганц ч удаа санал хураагаагүй бөгөөд дараа нь энэ асуудлаар тайлбар гаргахаар болж уг асуудлыг хаажээ.

Харин С.Зориг Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн талаар дахин хүчтэй маргаан өрнүүлсний эцэст санал хурааж Цэцийн дүгнэлтийг зөвшөөрчээ. Ийнхүү Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлаар цаашдаа Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал зөвшөөрөх эсэх тухай санал хурааж шийдэж байна гэсэн жишиг тогтлоо гэж гишүүд үзжээ. Улсын Их Хурлаас Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн зарим заалт зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэсэн /88 дугаар/ тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтын дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал зөвшөөрөх эсэх тухай санал хураах байдлаар эцсийн шийдвэр гаргана гэдгээ эрх зүйн актын хэмжээнд албан ёсоор илэрхийлсэн анхны тохиолдол юм.
Үндсэн хууль зөрчсөн шийдвэрт хүрэх тулгуур нь Улсын Их Хурлын тухай хуулийн 452_# дугаар зүйлийн 3 дахь заалт болсон нь дээрх хоёр баримтаас харагдаж байна.
5. Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн: "Дараахь тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх буюу эгүүлэн татна: 1/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон; 2/ Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос чөлөөлж өгөхийг хүсч өргөдөл гаргасан; ... 5/ Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд Улсын Их Хурал түүнийг гишүүнээс эгүүлэн татах шийдвэр гаргана" гэсэн заалтаас өөр Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай заалт энэ хуульд байхгүй юм. Энэ нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын үйлчилгээг зогсоож, эсхүл 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт зөрчигдөж байна. Учир нь Үндсэн хуулийн энэхүү заалтын дагуу Улсын Их Хурлын даргыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар Цэцээс дүгнэлт гаргах шаардлагатай болох үед Улсын Их Хурлын тухай хуулиас баримтлах заалт олдохгүй тул Цэц Үндсэн хуулийг сахиулах баталгаа болохынхоо хувьд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу, Үндсэн хууль болон зарим хуулийн заалтыг төсөөтэй хэрэглэн огцруулах буюу эгүүлэн татах үндэслэл байна гэж тогтоогоод Улсын Их Хуралд оруултал энэ өргөдлийн 4-т дурьдсан тохиолдолтой адил Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд Цэц Улсын Их Хурлын тухай хууль зөрчжээ гэсэн дээр санал хурааж баталгаажуулаад энэ санал хураалтаа эрх зүйн баримт болгон үйлдэх шаардлагагүй гэж үзэж болох юм.

Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт зөрчигдөж байгаа нь ойлгомжтой бөгөөд энэ санал хураалтын дүнг Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хүрээнд хамруулахгүй бол Үндсэн хууль зөрчигдсөн хэвээр хоцорч Үндсэн хуулийг сахиулах баталгаанд хохирол учирна. Хэрэв хамааруулбал Үндсэн хууль зөрчигдсөнийг залруулах боломж үлдэнэ.

6. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн: "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалт Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: " Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Улсын Их Хурлын тухай хуульд заасан ёсоор Улсын Их Хурлын гишүүн хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах албан тушаалыг цалингүйгээр эрхэлж болохоор заажээ.
7. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 _#дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд уг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай тогтоол гаргана" гэсэн заалтыг би урьд нь уг зүйлийн нэгд заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн тухай гарсан Цэцийн дүгнэлтийн тухай асуудал гэж ойлгосон нь буруу байжээ. Учир нь Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь заалтын 3, 4 дэх заалтын дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг зөвшөөрөх эсэх тухай санал хураах байдлаар эцсийн шийдвэр гаргаж болох эрх зүйн үндэслэл нь чухамхүү 452_# дугаар зүйлийн 3 дахь хэсэг болох нь Улсын Их Хурлын хуралдааны тэмдэглэлээс тодорхой байна. Ийнхүү 452_# дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: "Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг ... хянан шийдвэрлэнэ" гэсэн заалтуудыг зөрчиж байна.
8. Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын: "Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй" гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж байна.

9. Улсын Их Хурлын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал тухайн асуудлаар санал хураалт явуулж чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэ хууль болон бусад хуульд нууц санал хураалт явуулж шийдвэрлэхээр зааснаас бусад тохиолдолд санал хураалтыг илээр явуулна.

Ил санал хураалтыг гар өргөж эсхүл цахим тооцоолуураар, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тооцоолуур ашиглан явуулна. Тухайн хуралдаанд оролцсон 5-аас доошгүй гишүүний шаардсанаар эсхүл хуралдаан даргалагчийн санаачилгаар ил санал хураалтыг нэрээр хурааж болно. Ийнхүү нэрээр санал хураахдаа хуралдаан даргалагч цахим тооцоолуур дээр бичигдсэн эсхүл гар өргөсөн гишүүн нэг бүрийн нэр, өгсөн санал болон санал хураалтын дүнг танилцуулна" гэсэн заалт Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн: "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчиж байна.

Учир нь цахим тооцоолуураар санал хураахыг ил санал хураалт ч мөн, нууц санал хураалт ч мөн гэж үзээд хурал даргалагчийн хувьд хэн яаж саналаа өгсөн нь мэдэгдэж байдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь нэрээр санал хураах гэсэн ойлголт, түүнтэй холбогдсон заалтуудаар /Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4, 6 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг/ нотлогдож байна.

10. Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4-ийн "... хэрэв нэрээр санал хураавал Улсын Их Хурлын гишүүн нэг бүрийн нэр, өгсөн санал"-ыг хуралдааны явцын тэмдэглэлийг гараар бичихдээ заавал тусгахаар заасан нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчиж байна. Учир нь зөвхөн нэрээр санал хураахад гишүүдийн санал өгсөн байдал гишүүн бүрээр гарч байхаар заасан, цаг хожихын тулд санал хураалт үндсэндээ компьютерээр явагдсан санал хураалтын дүнг хуралдааны явцын тэмдэглэлд тусгахгүй байгаа нь Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрт гишүүн хэрхэн санал өгч байгааг мөн чанартаа нууц болгож байна.

Ингэснээр тухайн гишүүн өргөсөн тангарагтаа хэр зэрэг үнэнч байгааг сонгогчдын зүгээс бодитой хянах хамгийн чухал хөшүүргийг ажиллахгүй болгожээ. Үүгээр төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад үл хамаарах асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг Монгол Улсын иргэн баталгаатай эдэлнэ гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигджээ. Улсын Их Хурлын гишүүний санал өгөлтийн талаар бодитой мэдээ цацагдахгүй байгаа нь нам болон гишүүний зүгээс сонгогчдыг элдвээр төөрөгдүүлэх өргөн бололцоо бий болгож улмаар засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт эцсийн дүнд хоосон уриа болоход хүрнэ. Мөн Улсын их Хурлын үйл ажиллагаа сонгогчдынхоо өмнө ил тод байх тухай ардчилсан ёсны хамгийн чухал зарчим алдагдаж байна.

11. Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, Улсын Их Хурлын гишүүдийн ажлын зөвлөлгөөн, байнгын хорооны хуралдааны явцыг албан ёсоор дэс дараалан тэмдэглэн авах, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг Ерөнхий нарийн бичгийн даргын тогтоосон журмын дагуу Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн гүйцэтгэнэ" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасан иргэдийн төр, түүний байгууллагаас хууль ёсоор хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг зөрчиж байна.

12. Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан "Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг зөвхөн уг ажлыг эрхлэх ажилтан, эсхүл архивчийн дэргэд үзэж сонсох бөгөөд тэдгээрийг олшруулах, хувилахыг хориглоно" гэсэн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахьт заалтыг тус тус зөрчиж байна.

Учир нь Улсын Их Хурал болон байнгын хороодын хуралдааны явцын тэмдэглэлийг хориг саадгүй үзүүлдэг байлаа ч гэсэн уг тэмдэглэлийн талаар эргэлзээ гарч болно. Энэ тохиолдолд сонирхсон иргэн, зохих албан тушаалгүй л бол эргэлзээгээ тайлах бололцоо Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан ёсоор бүрэн хаагдсан байгаа нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг албан тушаалаар нь ялгаварлаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт зөрчигдөж байна" гэжээ.

Нийслэлийн иргэн Ц.Цэрэнжээ Цэцэд хандаж гаргасан гомдолдоо: "Шинэ Үндсэн хуулиар төрийн дээд байгууллагуудын эрх, үүргийг зааглан өгч, гагцхүү хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байхаар тогтоосон.

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-ын 3 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг" гагцхүү Үндсэн хуулийн Цэц гаргах эрхтэй. Өөр ямар нэг байгууллага түүний дотор Улсын Их Хуралд энэ эрх хуулиар олгогдоогүй юм.

2. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг энэ тогтоол зөрчлөө. Уг зүйлд: "Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэжээ. Улсын Их Хурал тогтоол гаргаж, Улсын прокурорын газраас явуулсан мөрдөн байцаах ажиллагааг хамгаалснаараа Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчлөө. Иймд Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолын талаар зохих шийдвэр гаргаж өгнө үү" гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 тоот дүгнэлтээрээ:

Нэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ", Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ", мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" гэсэн заалтуудыг;

Хоёр. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хууль, энэ хууль бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах, бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг;

Гурав. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Улсын Их Хурал Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ дараахь шалтгаан, нөхцөлийг заавал тогтоосон байна:

Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлт үнэн зөв эсэх;

Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн үндэслэл, шалтгааныг зөв тогтоосон эсэх;

"Ерөнхийлөгч бүрэн эрхээ зөрчсөн хүрээ, нөхцөл байдлыг зөв тогтоосон эсэх..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн " Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэсэн заалтыг;
Дөрөв. Улсын Их Хурлын тухай хуулийн 452_# дугаар зүйлийн1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гаргасан Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцийн дарга, эсхүл түүний итгэмжилснээр Үндсэн хуулийн Цэц аль нэг гишүүн Улсын Их хуралд танилцуулна".
2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг танилцуулсаны дараа тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хариуцаж байсан зохих байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо дүгнэлт гаргана. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, хариулт авч, санал дүгнэлт гаргаж болно."

3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд уг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай тогтоол гаргана."

4 дэх хэсгийн "Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд уг дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг хүчингүй болгож, эсхүл тэдгээрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна"

Хууль зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

Ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүнийг ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх" гэсэн заалтыг;

Тав. Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын "Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй" гэсэн хоёр дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн", мөн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Зургаа. Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 51, 54, 55 дугаар зүйлүүдийн 1 дэх хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байх тул иргэн Д.Ламжавын энэ талаархи гомдлыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн Цэцийн 1995 оны 01 тоот дүгнэлтийн нэг, хоёр дахь хэсгийг хүлээн зөвшөөрч, гурав, дөрөв, тав дахь хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Уг тогтоолд Цэцийн дүгнэлтийн 6 дахь хэсгийг хэрхэн үзэж байгаа талаар дурьдаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга 1995 оны 8 дугаар сарын 5-ны 8 дугаар тогтоолоороо Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоолын хоёр дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж магадлан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Л.Баасан 1995 оны 9 дүгээр сарын 1-нд 12 тоот тогтоол гарган уг маргааныг Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанд шилжүүлжээ.

Гомдол гаргагч иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Цэцээс дүгнэлт гаргасны дараа би өөрийн хүсэлт хангагдсан эсэхийг шалган тулгахад Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1-ээр нэхэмжлэл гаргаагүй, 55-ын 2 ба 3 дугаар зүйлийн 1-ээр нэхэмжлэл гаргасан, 54 дүгээр зүйлийн 4-ийн 4-өөр нэхэмжлэл гаргасан, 55 дугаар зүйлийн 2, 3-ын заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлтэнд дурьдаагүй, Цэцээс дүгнэлт гаргаагүй байна. Энэ талаар Байнгын хорооны дүгнэлтэд үндэстэй дурьджээ.
Би Улсын Их Хурлын тухай хуулийн 452 _#дугаар зүйлийн 3 дахь хэсэгт холбогдох асуудлаар өргөдөл гаргасан юм. Би өргөдлийнхөө шаардлагыг тодруулах зорилгоор үүнийг тайлбарлаж байна" гэв.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Адилбиш тайлбарлахдаа: "Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой чухал асуудлууд хөндөж тавьсанд талархалтай байгаагаа илэрхийлье.

Үндсэн хуулийн Цэцээс 1994 оны 12 дугаар сарын 16-нд Улсын Их Хурлын даргын нэр дээр ирүүлсэн албан бичиг, түүнд иргэн Ламжавын зарим өргөдлийг хавсарган ирүүлсэн. Тэр өргөдөлд Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн талаар гомдол гаргаагүй юм билээ. Гэтэл Цэц дүгнэлт гаргасан харагдсан байна.

Цэцийн дүгнэлтийн 6 дахь хэсгийн талаар Улсын Их Хурал хэлэлцсэн боловч Үндсэн хуулийн Цэц нэгэнт хянан шийдвэрлэсэн. Иймд энэ асуудлаар тусгайлан тогтоол гаргах, тогтоолд заалт оруулах шаардлагагүй гэж үзсэн. Гишүүн Ж.Бямбадорж санал гаргасан. Гишүүдийн саналаар тусгайлан акт гаргахгүйгээр дээрх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэсэн болно.
Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд зааснаар 21 асуудлаар дүгнэлт гаргах ёстой. Энэ дотроос зөвхөн Улсын Их Хурлын шийдвэрийн талаар Цэц дүгнэлт гаргасан үед Улсын Их Хурал түүнийг яаж хэлэлцэх вэ гэдэг журмыг Улсын Их Хурлын тухай хуулийн 452_# дугаар зүйлд заасан. Энэ зүйлд Цэцээс дүгнэлт гаргах бүх асуудлыг багтаагаагүй. Энэ бол Улсын Их Хурлын тухай хуульд оруулах өөрчлөлтөөр зохицуулагдах зүйл юм. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтэд тодорхой дурьдсан.
Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь заалт Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй. Учир нь Цэц дүгнэлт гаргасан үед Улсын Их Хурал түүнийг сонсоод Ерөнхийлөгчийг огцруулна гэдэг асуудал байж болохгүй.

Улсын Их Хурлын 88 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал бий. Энэ талаар Улсын Их Хуралд гурван янзын практик бий. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-ын 3, 4-т заасан асуудлаар гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэрхэн хэлэлцэх вэ? Эсхүл хэлэлцэхгүй байх уу? гэдэг асуудал одоогоор эрх зүйн зохицуулалтгүй байгаа болно. Энэ бол хуулиар зохицуулбал зохих асуудал болно. Энэ талаар Улсын Их Хуралд оруулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтэд тодорхой дурьдсан болно.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцангаас:

Адилбиш гишүүний тайлбарыг дэмжинэ. Үндсэн хуулийг амьдралд хэрэгжүүлэх асуудлаар иргэн Д.Ламжав олон удаа хүсэлт гаргасан, Цэц хэд хэдэн удаа дүгнэлт гаргажээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан механизм ажиллаж байгаагийн илрэл болно.

Гэхдээ Улсын Их Хурлын тухай хуулийг боловсронгуй болгох асуудал бий. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйл Үндсэн хуулийг зөрчөөгүй юм шүү. Яагаад гэвэл Улсын Их Хурал бол Үндсэн хууль тайлбарлах эрхийнхээ дагуу Үндсэн хуулийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийг Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд дэлгэрүүлэн тодотгосон байна.
Мөн хуулийн 452_# дугаар зүйл, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоол аль аль нь Үндсэн хуулийг тодотгох зорилгоор гарсан зүй ёсны актууд мөн. Нэгэн зүйл дээр нэмж тайлбарлахад Ерөнхийлөгчийг огцруулах тухай Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал сонсоод асуудал шийдвэрлэнэ гэвэл Их Хурал маань компьютер болно биз дээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн тогтолцоо бол бат бэх байх ёстой. Үүнийг бэхжүүлэх талаас нь Цэц цаашид дүгнэлт гаргахдаа бодолцоно байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье гэв.

ХЯНАВАЛ:

Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн материалаас үзвэл Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоолын 2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдов.
Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлаар үүссэн маргааны талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хянан хэлэлцэж, уг дүгнэлтийн хууль зүйн үндэстэй эсэхийг шийдвэрлэх тухай заалт Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 452_# дугаар зүйлд тусгагдсан ба эл зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Зориг, Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, Улсын ерөнхий прокурор Н.Ганбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, мөн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоол гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1-д буй "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" гэсэн заалт; мөн зүйлийн 2-т буй "Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна" гэсэн заалт; мөн хуулийн 35 дугаар зүйлийн 2-т буй "Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэсэн заалт; мөн хуулийн 66 дугаар зүйлийн 3-т буй "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн Цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана" гэсэн заалтаас үзэхэд Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэлээр гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хянан хэлэлцэхгүй нь тодорхой байна.

Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т дурьдсан асуудлаар гарах Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хянан хэлэлцэж зөвшөөрөх эсэх тухай асуудал бол Цэцээс Үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих эрхийг үгүйсгэх буруу практик тогтож байна.
Хоёр. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 _#дугаар зүйлд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх тухай заахдаа зөвхөн Улсын Их Хурлын шийдвэрийн талаарх Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх агуулга тусгагдсан байна. Гэвч уг зүйлийн гурав дахь хэсэг нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3, 4-т заасан асуудлаар гаргасан Үндсэн хуулийн Цэцийн бүх дүгнэлтүүдийг хэлэлцэхэд хэрэглэх практик тогтох үндэслэл болсон нь Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны явцад нотлогдов.
Гурав. Үндсэн хуулийн Цэцийн 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 тоот дүгнэлтэд иргэн Д.Ламжавын Цэцэд хандаж тавьсан хүсэлт буюу Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4, 55 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн талаар тодорхой шийдэлт гаргаагүй байна. Иймд Цэцийн 01 тоот дүгнэлтийн 6 дахь хэсэгт зохих өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Дөрөв. Улсын Их Хурлын 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолд Үндсэн хуулийн Цэцийн 1995 оны 01 тоот дүгнэлтийн 6 дахь хэсгийг хүлээн авсан эсэхийг заагаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг, мөн хуулийн 452_# дугаар зүйлийг бүхэлд нь;
2. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг; Улсын Их Хурлын 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хоёр дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

3. Үндсэн хуулийн Цэцийн 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 тоот дүгнэлтийн "Зургаа" гэсэн хэсгийг "Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4, 55 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна" гэж өөрчлөн найруулсугай.

4. Энэхүү тогтоол нь гармагц хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Г.НЯМДОО

Л.БААСАН

Ц.ЦОЛМОН

Н.ЖАНЦАН

С.ЖАНЦАН

Ж.БЯМБАА

Д.ЧИЛХААЖАВ

Ч.ЭНХБААТАР

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ, УЛСЫН ИХ ХУРЛЫН 88 ДУГААР ТОГТООЛЫН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ГЭСЭН МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Тогтоол/

1995 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 02

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав, Ч.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргад Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Цэцийн хуралдаанаар: "1. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн ... Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн;
2. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн;
3. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн;
Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхтэй холбоотой 1, 2, 3, 4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн;
Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын "Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй" гэсэн хоёр дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн;
Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 28 зугаар зүйлийн 1, мөн хуулийн 51, 54, 56 дугаар зүйлүүдийн 1 дэх хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна" гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 тоот дүгнэлттэй маргааныг эцэслэн хэлэлцэв.
Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлөн Улсын Их Хурлын иттэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Ё.Адилбиш, гомдол гаргагч иргэн Дондовын Ламжав нар оролцов.
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
1. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ", 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ", 64 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн "... Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" гэсэн заалтуудыг зөрчиж байна. Учир нь дурьдсан маргаан нь Үндсэн хууль, бусад хуулийг сахиулахтай холбогдон гарч болох бөгөөд энэ тухай Цэцийн буюу аль нэг шатны шүүхийн шийдвэр гарч болно.
2. Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... Уг илтгэлийг сонссоны дараа Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг сонсоно...", 38 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн "... хэрэв Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэл байна гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг заавал сонсоно..." гэсэн заалтууд Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна" гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь 66 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан үндэслэл гараагүй нөхцөлд Цэцээс дүгнэлт гарахгүй тул Цэцийн дүгнэлтийг шууд дуудан сонсох хууль зүйн үндэслэл байхгүй юм.
3. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Улсын Их Хурал Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ дараахь шалтгаан, нөхцөлийг заавал тогтоосон байна:
1/ Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлт үнэн зөв эсэх;
2/ Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн үндэслэл, шалтгааныг зөв тогтоосон эсэх;
3/ Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хүрээ, нөхцөл байдлыг зөв тогтоосон эсэх;
гэсэн заалт Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт болон 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэсэн заалтуудыг зөрчиж байна. Учир нь Үндсэн хуулийн холбогдох заалтууд ёсоор Ерөнхийлөгчийг огцруулах буюу эгүүлэн татах үндэслэл байгаа нь Цэцийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон үед л энэ асуудлыг Улсын Их Хурал авч хэлэлцэх бөгөөд хэлэлцэх явцад Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх ёсгүй. Гэтэл хэлэлцэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн дээрх хоёр заалтыг зөрчиж байна.
4. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн "Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гарсан ... Цэцийн дүгнэлтийг ... Цэцийн дарга, эсхүл түүний итгэмжилснээр ... Цэцийн аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулна" гэсэн заалтаас өөр Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтын дагуу Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх тухай заалт энэ хуульд ороогүй байна.
Тодруулан хэлбэл, Улсын Их Хурлын авч хэлэлцэх ёстой арван төрлийн Цэцийн дүгнэлтээс хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэрхэн авч хэлэлцэхийг дээрх зүйлд тодорхой заасан боловч үлдсэн найман төрлийн дүгнэлтийг хэрхэн хэлэлцэх талаар Улсын Их Хурлын тухай хуульд заагаагүй байна. Улсын Их Хурлаар хэлэлцэх ёстой Цэцийн дүгнэлт ийнхүү өрөөсгөл тусгагдсан атлаа Улсын Их Хурлаар хэлэлцэх ёсгүй, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /3, 4-т/ заасны дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэхээр хуульчилсан тухай дээр өгүүлсэн билээ. Улсын Их Хурлын Байнгын хороо /Дотоод асуудлын/ 1994 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хурлаараа гишүүн Ц.Төрмандах Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэж, энэ дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулжээ.
Гишүүд Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтын дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал шүүн хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах эрхтэй эсэх талаар маргалдсан боловч ганц ч удаа санал хураагаагүй бөгөөд дараа нь энэ асуудлаар тайлбар гаргахаар болж уг асуудлыг хаажээ.
Харин С.Зориг Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн талаар дахин хүчтэй маргаан өрнүүлсний эцэст санал хурааж Цэцийн дүгнэлтийг зөвшөөрчээ. Ийнхүү Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлаар цаашдаа Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал зөвшөөрөх эсэх тухай санал хурааж шийдэж байна гэсэн жишиг тогтлоо гэж гишүүд үзжээ. Улсын Их Хурлаас Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн зарим заалт зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэсэн /88 дугаар/ тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтын дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал зөвшөөрөх эсэх тухай санал хураах байдлаар эцсийн шийдвэр гаргана гэдгээ эрх зүйн актын хэмжээнд албан ёсоор илэрхийлсэн анхны тохиолдол юм.
Үндсэн хууль зөрчсөн шийдвэрт хүрэх тулгуур нь Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн 3 дахь заалт болсон нь дээрх хоёр баримтаас харагдаж байна.
5. Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн: "Дараахь тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх буюу эгүүлэн татна: 1/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон; 2/ Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос чөлөөлж өгөхийг хүсч өргөдөл гаргасан; ... 5/ Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд Улсын Их Хурал түүнийг гишүүнээс эгүүлэн татах шийдвэр гаргана" гэсэн заалтаас өөр Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай заалт энэ хуульд байхгүй юм. Энэ нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын үйлчилгээг зогсоож, эсхүл 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт зөрчигдөж байна. Учир нь Үндсэн хуулийн энэхүү заалтын дагуу Улсын Их Хурлын даргыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар Цэцээс дүгнэлт гаргах шаардлагатай болох үед Улсын Их Хурлын тухай хуулиас баримтлах заалт олдохгүй тул Цэц Үндсэн хуулийг сахиулах баталгаа болохынхоо хувьд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу, Үндсэн хууль болон зарим хуулийн заалтыг төсөөтэй хэрэглэн огцруулах буюу эгүүлэн татах үндэслэл байна гэж тогтоогоод Улсын Их Хуралд оруултал энэ өргөдлийн 4-т дурьдсан тохиолдолтой адил Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд Цэц Улсын Их Хурлын тухай хууль зөрчжээ гэсэн дээр санал хурааж баталгаажуулаад энэ санал хураалтаа эрх зүйн баримт болгон үйлдэх шаардлагагүй гэж үзэж болох юм.
Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт зөрчигдөж байгаа нь ойлгомжтой бөгөөд энэ санал хураалтын дүнг Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хүрээнд хамруулахгүй бол Үндсэн хууль зөрчигдсөн хэвээр хоцорч Үндсэн хуулийг сахиулах баталгаанд хохирол учирна. Хэрэв хамааруулбал Үндсэн хууль зөрчигдсөнийг залруулах боломж үлдэнэ.
6. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн: "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалт Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: " Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Улсын Их Хурлын тухай хуульд заасан ёсоор Улсын Их Хурлын гишүүн хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах албан тушаалыг цалингүйгээр эрхэлж болохоор заажээ.
7. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд уг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай тогтоол гаргана" гэсэн заалтыг би урьд нь уг зүйлийн нэгд заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн тухай гарсан Цэцийн дүгнэлтийн тухай асуудал гэж ойлгосон нь буруу байжээ. Учир нь Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь заалтын 3, 4 дэх заалтын дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг зөвшөөрөх эсэх тухай санал хураах байдлаар эцсийн шийдвэр гаргаж болох эрх зүйн үндэслэл нь чухамхүү 452 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болох нь Улсын Их Хурлын хуралдааны тэмдэглэлээс тодорхой байна. Ийнхүү 452 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: "Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг ... хянан шийдвэрлэнэ" гэсэн заалтуудыг зөрчиж байна.
8. Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын: "Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй" гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж байна.
9. Улсын Их Хурлын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал тухайн асуудлаар санал хураалт явуулж чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэ хууль болон бусад хуульд нууц санал хураалт явуулж шийдвэрлэхээр зааснаас бусад тохиолдолд санал хураалтыг илээр явуулна.
Ил санал хураалтыг гар өргөж эсхүл цахим тооцоолуураар, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тооцоолуур ашиглан явуулна. Тухайн хуралдаанд оролцсон 5-аас доошгүй гишүүний шаардсанаар эсхүл хуралдаан даргалагчийн санаачилгаар ил санал хураалтыг нэрээр хурааж болно. Ийнхүү нэрээр санал хураахдаа хуралдаан даргалагч цахим тооцоолуур дээр бичигдсэн эсхүл гар өргөсөн гишүүн нэг бүрийн нэр, өгсөн санал болон санал хураалтын дүнг танилцуулна" гэсэн заалт Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн: "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчиж байна.
Учир нь цахим тооцоолуураар санал хураахыг ил санал хураалт ч мөн, нууц санал хураалт ч мөн гэж үзээд хурал даргалагчийн хувьд хэн яаж саналаа өгсөн нь мэдэгдэж байдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь нэрээр санал хураах гэсэн ойлголт, түүнтэй холбогдсон заалтуудаар /Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4, 6 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг/ нотлогдож байна.
10. Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4-ийн "... хэрэв нэрээр санал хураавал Улсын Их Хурлын гишүүн нэг бүрийн нэр, өгсөн санал"-ыг хуралдааны явцын тэмдэглэлийг гараар бичихдээ заавал тусгахаар заасан нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчиж байна. Учир нь зөвхөн нэрээр санал хураахад гишүүдийн санал өгсөн байдал гишүүн бүрээр гарч байхаар заасан, цаг хожихын тулд санал хураалт үндсэндээ компьютерээр явагдсан санал хураалтын дүнг хуралдааны явцын тэмдэглэлд тусгахгүй байгаа нь Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрт гишүүн хэрхэн санал өгч байгааг мөн чанартаа нууц болгож байна.
Ингэснээр тухайн гишүүн өргөсөн тангарагтаа хэр зэрэг үнэнч байгааг сонгогчдын зүгээс бодитой хянах хамгийн чухал хөшүүргийг ажиллахгүй болгожээ. Үүгээр төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад үл хамаарах асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг Монгол Улсын иргэн баталгаатай эдэлнэ гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигджээ. Улсын Их Хурлын гишүүний санал өгөлтийн талаар бодитой мэдээ цацагдахгүй байгаа нь нам болон гишүүний зүгээс сонгогчдыг элдвээр төөрөгдүүлэх өргөн бололцоо бий болгож улмаар засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт эцсийн дүнд хоосон уриа болоход хүрнэ. Мөн Улсын их Хурлын үйл ажиллагаа сонгогчдынхоо өмнө ил тод байх тухай ардчилсан ёсны хамгийн чухал зарчим алдагдаж байна.
11. Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, Улсын Их Хурлын гишүүдийн ажлын зөвлөлгөөн, байнгын хорооны хуралдааны явцыг албан ёсоор дэс дараалан тэмдэглэн авах, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг Ерөнхий нарийн бичгийн даргын тогтоосон журмын дагуу Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн гүйцэтгэнэ" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасан иргэдийн төр, түүний байгууллагаас хууль ёсоор хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг зөрчиж байна.
12. Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан "Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг зөвхөн уг ажлыг эрхлэх ажилтан, эсхүл архивчийн дэргэд үзэж сонсох бөгөөд тэдгээрийг олшруулах, хувилахыг хориглоно" гэсэн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахьт заалтыг тус тус зөрчиж байна.
Учир нь Улсын Их Хурал болон байнгын хороодын хуралдааны явцын тэмдэглэлийг хориг саадгүй үзүүлдэг байлаа ч гэсэн уг тэмдэглэлийн талаар эргэлзээ гарч болно. Энэ тохиолдолд сонирхсон иргэн, зохих албан тушаалгүй л бол эргэлзээгээ тайлах бололцоо Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан ёсоор бүрэн хаагдсан байгаа нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг албан тушаалаар нь ялгаварлаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт зөрчигдөж байна" гэжээ.
Нийслэлийн иргэн Ц.Цэрэнжээ Цэцэд хандаж гаргасан гомдолдоо: "Шинэ Үндсэн хуулиар төрийн дээд байгууллагуудын эрх, үүргийг зааглан өгч, гагцхүү хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байхаар тогтоосон.
1. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-ын 3 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг" гагцхүү Үндсэн хуулийн Цэц гаргах эрхтэй. Өөр ямар нэг байгууллага түүний дотор Улсын Их Хуралд энэ эрх хуулиар олгогдоогүй юм.
2. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг энэ тогтоол зөрчлөө. Уг зүйлд: "Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэжээ. Улсын Их Хурал тогтоол гаргаж, Улсын прокурорын газраас явуулсан мөрдөн байцаах ажиллагааг хамгаалснаараа Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчлөө. Иймд Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолын талаар зохих шийдвэр гаргаж өгнө үү" гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 тоот дүгнэлтээрээ:
Нэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ", Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ", мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" гэсэн заалтуудыг;
Хоёр. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хууль, энэ хууль бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах, бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг;
Гурав. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Улсын Их Хурал Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ дараахь шалтгаан, нөхцөлийг заавал тогтоосон байна:
Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлт үнэн зөв эсэх;
Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн үндэслэл, шалтгааныг зөв тогтоосон эсэх;
"Ерөнхийлөгч бүрэн эрхээ зөрчсөн хүрээ, нөхцөл байдлыг зөв тогтоосон эсэх..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн " Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэсэн заалтыг;
Дөрөв. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гаргасан Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцийн дарга, эсхүл түүний итгэмжилснээр Үндсэн хуулийн Цэц аль нэг гишүүн Улсын Их хуралд танилцуулна".
2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг танилцуулсаны дараа тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хариуцаж байсан зохих байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо дүгнэлт гаргана. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, хариулт авч, санал дүгнэлт гаргаж болно."
3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд уг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай тогтоол гаргана."
4 дэх хэсгийн "Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд уг дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг хүчингүй болгож, эсхүл тэдгээрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна"
Хууль зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
Ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүнийг ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх" гэсэн заалтыг;
Тав. Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын "Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй" гэсэн хоёр дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн", мөн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Зургаа. Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 51, 54, 55 дугаар зүйлүүдийн 1 дэх хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байх тул иргэн Д.Ламжавын энэ талаархи гомдлыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.
Монгол Улсын Их Хурлын 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн Цэцийн 1995 оны 01 тоот дүгнэлтийн нэг, хоёр дахь хэсгийг хүлээн зөвшөөрч, гурав, дөрөв, тав дахь хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Уг тогтоолд Цэцийн дүгнэлтийн 6 дахь хэсгийг хэрхэн үзэж байгаа талаар дурьдаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга 1995 оны 8 дугаар сарын 5-ны 8 дугаар тогтоолоороо Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоолын хоёр дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж магадлан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Л.Баасан 1995 оны 9 дүгээр сарын 1-нд 12 тоот тогтоол гарган уг маргааныг Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанд шилжүүлжээ.
Гомдол гаргагч иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Цэцээс дүгнэлт гаргасны дараа би өөрийн хүсэлт хангагдсан эсэхийг шалган тулгахад Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1-ээр нэхэмжлэл гаргаагүй, 55-ын 2 ба 3 дугаар зүйлийн 1-ээр нэхэмжлэл гаргасан, 54 дүгээр зүйлийн 4-ийн 4-өөр нэхэмжлэл гаргасан, 55 дугаар зүйлийн 2, 3-ын заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлтэнд дурьдаагүй, Цэцээс дүгнэлт гаргаагүй байна. Энэ талаар Байнгын хорооны дүгнэлтэд үндэстэй дурьджээ.
Би Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт холбогдох асуудлаар өргөдөл гаргасан юм. Би өргөдлийнхөө шаардлагыг тодруулах зорилгоор үүнийг тайлбарлаж байна" гэв.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Адилбиш тайлбарлахдаа: "Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой чухал асуудлууд хөндөж тавьсанд талархалтай байгаагаа илэрхийлье.
Үндсэн хуулийн Цэцээс 1994 оны 12 дугаар сарын 16-нд Улсын Их Хурлын даргын нэр дээр ирүүлсэн албан бичиг, түүнд иргэн Ламжавын зарим өргөдлийг хавсарган ирүүлсэн. Тэр өргөдөлд Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн талаар гомдол гаргаагүй юм билээ. Гэтэл Цэц дүгнэлт гаргасан харагдсан байна.
Цэцийн дүгнэлтийн 6 дахь хэсгийн талаар Улсын Их Хурал хэлэлцсэн боловч Үндсэн хуулийн Цэц нэгэнт хянан шийдвэрлэсэн. Иймд энэ асуудлаар тусгайлан тогтоол гаргах, тогтоолд заалт оруулах шаардлагагүй гэж үзсэн. Гишүүн Ж.Бямбадорж санал гаргасан. Гишүүдийн саналаар тусгайлан акт гаргахгүйгээр дээрх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэсэн болно.
Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд зааснаар 21 асуудлаар дүгнэлт гаргах ёстой. Энэ дотроос зөвхөн Улсын Их Хурлын шийдвэрийн талаар Цэц дүгнэлт гаргасан үед Улсын Их Хурал түүнийг яаж хэлэлцэх вэ гэдэг журмыг Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлд заасан. Энэ зүйлд Цэцээс дүгнэлт гаргах бүх асуудлыг багтаагаагүй. Энэ бол Улсын Их Хурлын тухай хуульд оруулах өөрчлөлтөөр зохицуулагдах зүйл юм. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтэд тодорхой дурьдсан.
Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь заалт Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй. Учир нь Цэц дүгнэлт гаргасан үед Улсын Их Хурал түүнийг сонсоод Ерөнхийлөгчийг огцруулна гэдэг асуудал байж болохгүй.
Улсын Их Хурлын 88 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал бий. Энэ талаар Улсын Их Хуралд гурван янзын практик бий. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-ын 3, 4-т заасан асуудлаар гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэрхэн хэлэлцэх вэ? Эсхүл хэлэлцэхгүй байх уу? гэдэг асуудал одоогоор эрх зүйн зохицуулалтгүй байгаа болно. Энэ бол хуулиар зохицуулбал зохих асуудал болно. Энэ талаар Улсын Их Хуралд оруулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтэд тодорхой дурьдсан болно.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцангаас:
Адилбиш гишүүний тайлбарыг дэмжинэ. Үндсэн хуулийг амьдралд хэрэгжүүлэх асуудлаар иргэн Д.Ламжав олон удаа хүсэлт гаргасан, Цэц хэд хэдэн удаа дүгнэлт гаргажээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан механизм ажиллаж байгаагийн илрэл болно.
Гэхдээ Улсын Их Хурлын тухай хуулийг боловсронгуй болгох асуудал бий. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйл Үндсэн хуулийг зөрчөөгүй юм шүү. Яагаад гэвэл Улсын Их Хурал бол Үндсэн хууль тайлбарлах эрхийнхээ дагуу Үндсэн хуулийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийг Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд дэлгэрүүлэн тодотгосон байна.
Мөн хуулийн 452 дугаар зүйл, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоол аль аль нь Үндсэн хуулийг тодотгох зорилгоор гарсан зүй ёсны актууд мөн. Нэгэн зүйл дээр нэмж тайлбарлахад Ерөнхийлөгчийг огцруулах тухай Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал сонсоод асуудал шийдвэрлэнэ гэвэл Их Хурал маань компьютер болно биз дээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн тогтолцоо бол бат бэх байх ёстой. Үүнийг бэхжүүлэх талаас нь Цэц цаашид дүгнэлт гаргахдаа бодолцоно байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье гэв.
ХЯНАВАЛ:
Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн материалаас үзвэл Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоолын 2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдов.
Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлаар үүссэн маргааны талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хянан хэлэлцэж, уг дүгнэлтийн хууль зүйн үндэстэй эсэхийг шийдвэрлэх тухай заалт Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 452 дугаар зүйлд тусгагдсан ба эл зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Зориг, Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, Улсын ерөнхий прокурор Н.Ганбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, мөн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоол гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1-д буй "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" гэсэн заалт; мөн зүйлийн 2-т буй "Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна" гэсэн заалт; мөн хуулийн 35 дугаар зүйлийн 2-т буй "Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэсэн заалт; мөн хуулийн 66 дугаар зүйлийн 3-т буй "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн Цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана" гэсэн заалтаас үзэхэд Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэлээр гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хянан хэлэлцэхгүй нь тодорхой байна.
Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т дурьдсан асуудлаар гарах Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хянан хэлэлцэж зөвшөөрөх эсэх тухай асуудал бол Цэцээс Үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих эрхийг үгүйсгэх буруу практик тогтож байна.
Хоёр. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх тухай заахдаа зөвхөн Улсын Их Хурлын шийдвэрийн талаарх Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх агуулга тусгагдсан байна. Гэвч уг зүйлийн гурав дахь хэсэг нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3, 4-т заасан асуудлаар гаргасан Үндсэн хуулийн Цэцийн бүх дүгнэлтүүдийг хэлэлцэхэд хэрэглэх практик тогтох үндэслэл болсон нь Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны явцад нотлогдов.
Гурав. Үндсэн хуулийн Цэцийн 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 тоот дүгнэлтэд иргэн Д.Ламжавын Цэцэд хандаж тавьсан хүсэлт буюу Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4, 55 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн талаар тодорхой шийдэлт гаргаагүй байна. Иймд Цэцийн 01 тоот дүгнэлтийн 6 дахь хэсэгт зохих өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Дөрөв. Улсын Их Хурлын 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолд Үндсэн хуулийн Цэцийн 1995 оны 01 тоот дүгнэлтийн 6 дахь хэсгийг хүлээн авсан эсэхийг заагаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг, мөн хуулийн 452 дугаар зүйлийг бүхэлд нь;