A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

                                    ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ БИЧМЭЛ НОТЛОХ БАРИМТ БА ЭД МӨРИЙН БАРИМТ

Хэвлэх

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд "бичмэл нотлох баримт", 45 дугаар зүйлд "эд мөрийн баримт"-ын тухай заажээ.

   Хуулийн зүйл заалт бүрийг зөв тайлбарлан хэрэглэх, уг хэрэглээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөвшүүлэх нь шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг боловсруулан гаргах нөхцөлийг бүрдүүлдэг.

   Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтын талаар туссан зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах, эдгээр зохицуулалтыг хэрэглэхэд анхаарвал зохих зарим асуудлыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах аргачлал олгох зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4.-т заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ЗӨВЛӨМЖ БОЛГОХ НЬ:

1.Бичмэл нотлох баримт

   Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг "Бичмэл нотлох баримт" гэж хуульд тодорхойлжээ.

   Иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйд бичмэл нотлох баримт гэдэгт иргэний хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий фактуудыг илэрхийлж, агуулсан бичгийн болон бусад хэлбэрийн эд зүйлийг хамааруулан тодорхойлдог. Энэ нь ямар материалд бэхжиж үлдсэн гэдгээсээ үл хамааран нотолгооны агуулгыг илэрхийлдэг.

   Бичгийн нотлох баримтад дараах зүйлүүдийг хамааруулна.

а/Үйл явдлыг тодорхойлсон бүх төрлийн бичиг. Үүнд:

   Захирамжилсан шинжтэй бичмэл баримт байдаг. Энд байгууллагын удирдлагын тогтоол, тушаал, бичгийн шийдвэрээс гадна гэрээ, хэлцэл, өргөдөл гэх мэт иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, хүсэл зоригийг илэрхийлсэн бичиг баримтуудыг хамааруулан ойлгодог байна.

Эдгээр бичиг баримтын агуулга нь шүүхэд хянагдаж буй маргааныг шийдвэрлэх үндэслэл болж байдгаараа нотолгооны хэрэгсэл болдог.

   б/Гэрчилж тодорхойлсон бичмэл баримт. Энэ нь эрх зүйн харилцааны хууль зүйн фактуудыг баталсан эсхүл үгүйсгэсэн, хэргийн нөхцөл байдлыг тодорхойлсон шинжтэй бичиг баримт байдаг. Үүнд: тэмдэглэлийн дэвтэр, захидал, гэрчилгээ, үнэмлэх, лавлагаа, тодорхойлолт зэрэг баримт бичиг орно.

   Захирамжилсан, гэрчилж тодорхойлсон баримт бичгийн аль аль нь бичмэл нотлох баримтанд тооцогдох тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил анхаарч байх нь зүйтэй юм. Шүүхийн практикт захирамжилсан баримтыг илүү анхаарах явдал байдаг нь учир дутагдалтай юм.

   Түүнчлэн, гэрчилж тодорхойлсон баримт нь гэрчийн мэдүүлэг биш боловч бичмэл нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёстой байтал эдгээр баримтыг

-гэрчийн мэдүүлгийн хэмжээнд үнэлэх

-гэрчийн мэдүүлэг биш тул огт үнэлэхгүй байх

зэрэг алдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цөөнгүй гардаг.

· Зураг, зураглал. Гэрэл болон гар зураг, кино, дүрс бичлэг, компьютер графикийн аргаар бүтээсэн зураг болон план зураг, түүнчлэн, гар схем зэрэг зураглан үзүүлсэн тойм, дүрс зэрэг нь "зураглал" гэдэг ойлголтод хамаарна. Энэ нь цаасан дээр хийгдсэн байхаас гадна мод, чулуу бусад зүйл дээр үйлдэгдсэн байж болно.

· Тэмдэглэл. Бичиж тэмдэглэсэн аливаа зүйл хамаарах бөгөөд албан ёсны болон албан бус, хувийн аль ч тэмдэглэлийг бичмэл нотлох баримт гэж үзнэ

· Цахилгаан бичиг, факс, и-мэйл, мессеж, мессенжерт бичигдсэн зүйл, компьютерийн мэдээлэл бичмэл баримтад тооцогдоно.

· Дуу авианы бичлэг болон дүрс дууны бичлэг бичмэл нотлох баримт болно.

   Шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой эдгээр баримтыг эх хувиар нь болон хуулбарлан хэрэгт хавсаргахдаа заавал бичгийн хэлбэрт оруулсан байх нь зүйтэй.

   Тухайлбал, бичгийн хэлбэртэй хувийн тэмдэглэлийг эхээр нь эсхүл хуулбараар нь хэрэгт хавсаргах нь тодорхой бөгөөд ойлгомжтой юм. Харин дуу авианы хальсанд бичигдсэн яриаг цаасан дээр бичмэл хэлбэртэй болгож, уг бичлэгт юу сонсогдож байгаа, эсхүл сонсогдохгүй байгаа, хэдий хугацаанд үргэлжилж байгаа зэрэг мэдээллийг тусгасан байх шаардлагатай .

   Мөн дүрс бичлэгийн хувьд тухайн баримтыг шүүх хүлээн авч, хэрэгт хавсаргасан атлаа нотлох баримтын хэмжээнд үнэлсэн эсэх нь тодорхой бус байдаг. Өөрөөр хэлбэл, дүрс бичлэгт байгаа мэдээллийн талаар шүүх тэмдэглэл үйлдэх учиртай. Энд үзлэг явуулах шүүхийн ажиллагааг зохицуулсан хуулийн зүйл, заалтыг ашиглах боломжтой .

   Бичмэл нотлох баримтыг шүүхэд хэрхэн гаргах асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зохицуулжээ.

   1.1.Бичмэл баримтыг шүүхэд эх хувиар өгөх нь тухайн нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэх боломжийг бүрдүүлдэг юм. Бичмэл баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй тохиолдолд хуулбарыг нь өгөх ёстой. Хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна. Хуулиар тогтоосон эдгээр шаардлага нь хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, иргэн хэн алинд нэгэн адил хамаарах юм. Нотариатч нь тухайн баримтын үнэн зөвийг биш харин тухайн баримтын хуулбар нь эх хувьтай нийцэж байгаа байдлыг гэрчлэн баталж байгаа хэрэг.

   Бичмэл нотлох баримтын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн тохиолдолд шүүх шаардлагатай гэж үзвэл нотлох баримт гаргасан этгээдээс бичмэл нотлох баримтын эхийг шаардан авч болно. Шаардлагатай бол гэдэг ойлголтод тухайн нотлох баримтын хуулбар үнэн зөв эсэхэд эргэлзэх, хуулбар тодорхой бус байх, баримтын эх байсан эсэх нь эргэлзээтэй байх г.м. тухай хэргийн онцлогоос шалтгаалан хэрэгт авагдсан бичмэл баримтын хуулбарыг үнэлэх боломжгүй, эсхүл хангалтгүй байх нөхцөлүүд хамаарна.

   Хуулийн эдгээр зохицуулалт нь шүүхэд үнэн зөв бичмэл нотлох баримт гаргахад чиглэгдсэн шаардлага юм.

   Бичмэл нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдолд тухайн баримт нотлох чадвараа алдах бөгөөд үр дагавар нь уг баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй болно. Үүнтэй уялдан хуулиар тогтоосон дээрх журмыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хүчингүй болох тохиолдол гардаг. Иймд хуульд заасан дээр дурьдсан шаардлагыг биелүүлсэн байхыг анхаарах нь зүйтэй.

   1.2.Шүүх бичмэл нотлох баримтыг бүрдүүлэхдээ дараах зүйлийг анхаарвал зохино.

   Иргэний хэргийн зохигч, гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох, шаардлагыг биелүүлэхэд, татгалзлыг хүлээн авахад үндэслэл болох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, нотлох баримтыг өөрсдөө болон төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан цуглуулах үүрэгтэй байдаг. Гэвч тухайн бичмэл нотлох баримтын эх хувийг зохигч шүүхэд гаргаж өгөөгүй ба шүүх жинхэнэ эх хувийг шаардан авах шаардлагатай гэж үзсэн боловч уг бичмэл нотлох баримтыг олж авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр тухайн баримт хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулж, шинжлэн судлах замаар баримтын үнэн зөвийг шалгаж болно.

   Шүүх бичмэл нотлох баримт хадгалагдаж байгаа газарт үзлэг явуулах, шинжлэн судлах ажиллагаа  явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн гэрч байлцуулах, хэргийн оролцогчийг оролцуулах, тэмдэглэл үйлдэх зэрэг хуулиар тогтоосон журмыг биелүүлнэ. Үзлэг явуулах тухай бүрт шүүгч захирамж гаргаж, уг захирамжид үзлэгийг хэзээ, хаана явуулах, ямар хүмүүс оролцох, тэдгээрт хэрхэн мэдэгдэх талаар тусгасан байвал зохино.

   1.3.Шүүхэд бичмэл нотлох баримт гаргасан хэргийн оролцогч нь түүнийг буцаан авахыг хүсэх эрхтэй байдаг. Энэ тохиолдолд шүүх бичмэл нотлох баримтыг буцаан өгч болно. Түүнийг буцаан өгөхдөө дараах ажиллагааг гүйцэтгэх нь зүйтэй:

а.Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл нотлох баримтын эхийг буцаан өгөх хуулийн шаардлагыг заавал биелүүлэх ёстой.

б.Буцаан өгсөн бичмэл нотлох баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ.

в.Уг баримтын эх хувийг буцаан өгсөн тухай тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргана. Энэ тэмдэглэл нь хууль зүйн бүрдэл хангасан, баримт бичгийг хүлээж авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг зурагдсан байвал зохино.

   2.Эд мөрийн баримт

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээр хянан хэлэлцэгдэж буй иргэний хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг агуулж буй эд зүйлийг эд мөрийн баримт гэнэ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д "Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож чадах биет зүйлийг эд мөрийн баримт гэнэ" гэж тодорхойлжээ. Энд дурьдагдсан биет зүйл гэдэгт хөдлөх болон үл хөдлөх эд юмс, эд юмсын ул мөр, дүрслэл зэрэг зүйл хамаарна. Хөдлөх эд юмсад мал амьтан, эд агуурс, газартай салшгүй холбоогүй бусад эд юмс ордог бол үл хөдлөх эд юмст газар, байшин барилга, байгууламж, тэдгээрийн бүрдэл хэсгийг хамааруулна. Зарим тохиолдолд бичмэл баримт хөдлөх эд юмсад хамаардаг болохыг анхаарах хэрэгтэй.

                           2.Эд мөрийн баримтыг хадгалах.

   Эд мөрийн баримтыг хадгалах талаар хуульд заасан журмын талаарх зохицуулалтыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхааран биелүүлэх ёстой.

   Эд мөрийн баримтыг хадгалахад дараах зүйлийг анхаарвал зохино:

   а/Эд мөрийн баримтыг хэрэгт хадгална. Энэ тохиолдолд эд мөрийн баримтаар авагдаж буй эд зүйл нь хавтаст хэрэгт хадгалагдах боломжтой зүйл байна. Түүнийг бичмэл нотлох баримтын нэгэн адил хэрэгт хавсаргана.

   б/Хавтаст хэрэгт хадгалах боломжгүй эд мөрийн баримтыг тусгай бэлтгэсэн байр саванд хадгалах бөгөөд бүртгэл үйлдэж, бүрэн бүтэн байдлыг хамгаалахад анхаарна.

   в/Шүүхэд авчирч хадгалах боломжгүй эд мөрийн баримтыг байгаа газар нь үзлэг хийж, үзлэгийн талаар тэмдэглэл хөтлөн бэхжүүлэх ажиллагааг шүүх гүйцэтгэнэ.

   2.2.Эд мөрийн баримтыг бусдад хадгалуулах.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.-т заасны дагуу эд мөрийн баримтын чанар байдлаас шалтгаалан эд мөрийн баримтыг бусад этгээдэд хадгалуулж болно.

   Энэ тохиолдолд шүүх дараах зүйлийг анхаарна:

   а/Эд мөрийн баримтыг хэвийн байдлаар хадгалж чадах этгээдийг зөв сонгох. Хуульд зааснаар тухайн этгээдийг дараах хүмүүсээс сонгоно:

· Эд мөрийн баримтыг эзэмшигч

· Баг, хорооны Засаг дарга

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

· Цагдаагийн байгууллага

· Эдгээр байгууллагын албан тушаалтан.

   Шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж, эд мөрийн баримтыг хадгалах арга, хадгалагчийн эрх, үүргийг тодорхойлсон байвал зохино.

   2.3.Эд мөрийн баримтыг буцаан олгох.

   Эд мөрийн баримтыг буцаан олгох хоёр тохиолдлыг хуульд тодорхойлсон байна. Үүнд:

   а/Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчоос давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацаа өнгөрч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд эд мөрийн баримтыг буцаан олгоно.

   б/Түргэн муудаж гэмтэх зүйлийг үзлэг хийсний дараа өгсөн этгээдэд буцаан олгоно. Энд хүнсний зүйл болон хадгалалт даахгүй, түргэн муудаж, гэмтэж, устаж болох эд хөрөнгө хамаардаг.

   в/Эд мөрийн баримтыг хуульд өөрөөр заагаагүй бол буцааж олгоно. Энд тухайн эд мөрийн баримт нь хуульд заасны дагуу хураах, устгавал зохих зүйл бол түүнийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байх нь зүйтэй.

   г/Эд мөрийн баримтыг буцаан олгосон тухай баримтыг хэрэгт хавсаргана. Ингэхдээ тухай эд мөрийн баримтын байдлыг бүрэн илэрхийлж чадах арга хэлбэрийг ашиглах хэрэгтэй. Тухайлбал кино ба гэрэл зураг, дүрс, дууны бичлэг, зураглал зэргээр эд мөрийн баримтыг бэхжүүлж, хэрэгт хавсаргана. Мөн түүнчлэн, буцаан олгосон эд мөрийн баримтын шинж тэмдгийг тодорхойлсон, хэнд, хэзээ олгосон талаарх мэдээлэл бүхий тэмдэглэлийг үйлдэж, хэрэгт хавсаргана.

   4.Зарим төрлийн хэрэг дэх бичмэл болон эд мөрийн баримт

   Эрх зүйн аливаа маргаантай иргэний хэрэгт тухайн хэргийн бодит байдлыг нотлох баримтууд бүрэн цугларсан байх учиртай. Хэрэг болгонд бүрдэх нотлох баримт өөр өөр боловч тодорхой төрлийн хэрэгт заавал бүрдсэн байвал зохих нотлох баримтын хүрээг тодорхойлох боломжтой юм.

   Жишээ:

Маргааны төрөл

Бичмэл нотлох баримт

Анхаарах асуудал

Гэр бүлийн холбогдолтой маргаан

-гэрлэлтийн гэрчилгээ

-хүүхдийн төрсний гэрчилгээ

-ам бүлийн тодорхойлолт

-цалин, орлогын тодорхойлолт

-үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ

-бусад

Гэр бүлийн холбогдолтой маргаан нь гэрлэлтийн харилцаанаас үүсдэг тул гэрлэлтийн гэрчилгээний хуулбар байх зайлшгүй шаардлагатай.

Гэрлэгчдийн хоорондох маргааныг шийдвэрлэхэд хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудал шийдвэрлэгддэг тул хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд тухайн үед эсэн мэнд бойжиж байгааг илэрхийлсэн бичгийн баримт зайлшгүй байх шаардлагатай

Гэрлэгчдийн хоорондох эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай аливаа бичгийн нотлох баримт байж болно. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байдлыг гэрчлэх баримт чухал юм.

Хөдөлмөрийн эрх зүйн маргаан

-хөдөлмөрийн болон контрактын гэрээ

-ажилд авсан тухай ажил олгогчийн шийдвэр

-ажлаас халсан тухай ажил олгогчийн шийдвэр

-хөдөлмөрийн дотоод журам

-ажлын байрны тодорхойлолт

-цалингийн тодорхойлолт

-хурал, зөвлөлгөөний тэмдэглэл

-хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр

-цагийн бүртгэл

-бусад

Хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь гомдлоор үүсэх хэрэгт ордог.

Ажилтан, ажил олгогч хоёр захирах-захирагдах харилцаатай байдгаас шалтгаалан хэргийн оролцогчид нотлох баримт цуглуулах, шүүхэд гаргаж өгөх боломж харьцангуй адил байх боломжгүйг анхаарах нь чухал.

Хөдөлмөрийн эрх зүйн тухайн харилцааны оролцогчид хоорондоо гэрээ байгуулаагүй байх, тухайн байгууллагад хөдөлмөрийн дотоод журам байхгүй байх зэргээр хэрэг бүрт бүрдсэн байвал зохих бичмэл нотлох баримтын хүрээ өөр байх боломжтой.

Гэрээний эрх зүйн маргаан

-гэрээ

-гэрээ дүгнэсэн баримт

-өр хүлээн зөвшөөрсөн баримт

-тооцооны баримт

-нэхэмжлэх, падаан, мэдүүлэг зэрэг санхүүгийн баримт

-гэрээний зүйлийг тодорхойлох техникийн болон бүртгэлийн дагалдах баримт бичиг

-бусад

Гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны гол бичмэл нотлох баримт бол гэрээ юм. Бичгээр хийсэн гэрээ байхгүй тохиолдолд гэрээний харилцааг бичгийн бусад баримтаар нотлож болно. Тухайлбал, өр хүлээн зөвшөөрсөн баримт, тооцоо нийлсэн баримт зэрэг. Ялангуяа, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11.-д зааснаар гэрчээр нотлуулах эрхээ алдсан тохиолдолд бичмэл аливаа баримт ач холбогдолтой юм.

Гэм хор учруулснаас үүсэн үүргийн эрх зүйн маргаан

-гэм хор учруулах үндэслэл болсон үйл баримтыг нотлох баримт: галын нотломж, автоослын акт, үйлдвэрлэлийн осол болсон акт ОМ-1, прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр, улсын байцаагчийн акт, захиргааны бусад акт г.м.

-гэм хорын хэмжээг тодорхойлох бичмэл нотлох баримт: үнэлгээний акт, эмнэлгийн лавлагаа, магадлагаа, эмийн жор, өвчний түүх, цалингийн тодорхойлолт, бусад тодорхойлолт, санхүүгийн баримт, тийз г.м.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг тул нэхэмжлэл гаргаж байгаа тал өөрт гэм хор учирсан болохыг, түүний хэмжээг нотлох үүрэгтэй.

Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг тул өөрийн гэм буруугүйг нотлохын тулд нэхэмжлэгчийн гаргасан аливаа нотлох баримтыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөх учиртай.

Онцгой ажиллагааны хэрэг

-үйл явдлыг тогтоох бичмэл баримт: төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, сурагчийн хувийн хэрэг, улс төрийн болон олон нийтийн байгууллагын гишүүнчлэлийг тодорхойлох баримт, шагнал, сайшаал, шийтгэлийг илэрхийлэх баримт, шүүхийн шийдвэр, төрийн болон захиргааны байгууллагын акт г.м.

-бусад

Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг хууль буюу ИХШХШТХуулийн 13-р бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэдэг. Нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажиллагаа өөр журмаар явагдах нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан байна.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход бичмэл нотлох баримт чухал ач холбогдолтой бөгөөд нотлох баримтын хамааралтай байдлын зарчмын үйлчлэл тухайн төрлийн хэрэгт өөр байдгийг анхаарах нь чухал.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зүйн маргаан

-үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн талаарх мэдээлэл бүхий лавлагаа

-өмчлөх эрхийн гэрчилгээ

-үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэг дахь баримт

-өмчлөх эрх олгосон захиргааны акт

-өмчлөх эрх шилжүүлсэн гэрээ

-газар эзэмших, ашиглах гэрээ

-эд хөрөнгө эзэмших, ашиглах гэрээ,

-эрх олгосон акт

-бусад

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг, мөн хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэл үнэн зөвд тооцогдох зарчим үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн харилцаанд үйлчилдгийг анхаарах нь чухал.

   Бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулалтуудыг сайтар судлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оновчтой хэрэглэхийг нийт шүүгчдэд анхааруулж байна.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ