A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 248

Улаанбаатар хот

"ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ" ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Орон сууцны тухай хуулийн 6.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2016 оны 169 дүгээр тогтоол, 2019 оны 138 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. Хөтөлбөрийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар хэрэгжүүлж, түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхтэй холбогдон гарсан зардлыг буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. "Түрээсийн орон сууц" хөтөлбөрт хамрагдах нөхцөл, шалгуур үзүүлэлт болон тухайн жилд мөрдөх түрээсийн орон сууцны нэг сарын төлбөрийн хэмжээг баталж мөрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ахмад дайчдын орон сууцны тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Барилга, хот байгуулалтын сайд Д.ЦОГТБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ