Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ  АЖИЛЛАГААН ДАХЬ ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

2008 оны 10 дугаар                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 10-ны өдөр                                                                                                                                                                                                                                                            хот

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

АЖИЛЛАГААН ДАХЬ ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтийн талаарх зохицуулалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, шүүхийн практикт гарч байгаа алдаа, зөрчлийг арилгах, анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс ирүүлсэн санал асуулга, судалгаанд тулгуурлан нийт шүүгчдэд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4. дэх хэсгийг үндэслэн Улсын Дээд шүүхээс ЗӨВЛӨМЖ БОЛГОХ НЬ:

Нэг.Шинжээчийн дүгнэлтийн тухай ойлголт, төрөл

1.1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шүүхээс томилогдсон эрх бүхий мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, мэргэшсэн ажилтны бичгээр гаргаж буй үнэлэмжийг шинжээчийн дүгнэлт гэж ойлгоно.

Эрх зүйн толь бичигт зааснаар шинжээчийн дүгнэлтийг “шүүхийн шинжилгээ” гэсэн утгаар тайлбарласан байна.

Харин шинжилгээ гэдэг нь тусгай мэргэжил эзэмшсэн этгээдээс шинжлэх ухааны тодорхой салбарын онол, арга зүйг хэрэглэн бодит материал дээр судалгаа хийх зорилгоор хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулж, тодорхой асуудалд шинжлэх ухааны үндэстэй хариулт өгөх явдал юм.

1.2.Шинжилгээг дотор нь:

Ø Анхны шинжилгээ

Ø Нэмэлт шинжилгээ

Ø Дахин шинжилгээ

Ø Комиссын шинжилгээ

Ø Иж бүрэн шинжилгээ гэсэн төрлүүдэд хувааж үздэг.

Шинжээчийн анхны дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн биш болсон тохиолдолд түүнийг нөхөн гүйцэлдүүлж, дүнг бүрэн гаргах зорилгоор нэмэлт шинжилгээ хийгддэг.

Өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй буюу зөв болох нь эргэлзээтэй байгаа тохиолдолд тухайн асуудлаар давтаж хийгддэг шинжилгээг дахин шинжилгээ гэдэг. Энэ тохиолдолд анхны шинжилгээ хийсэн шинжээчийг дахин шинжилгээ хийх бүрэлдэхүүнд оролцуулдаггүй.

Комиссын буюу бүрэлдэхүүнтэй шинжилгээг нэг төрлийн мэргэжлийн гурваас дээш шинжээч явуулдаг.

Иж бүрэн шинжилгээ явуулахад хэд хэдэн төрлийн мэргэжлийн шинжээчид оролцож, дүгнэлт гаргадаг.

Хоёр.Хуулийн зохицуулалтын талаар

2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зохигчдын хүсэлтээр, эсхүл зарим тохиолдолд өөрийн санаачилгаар шүүх дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж, шүүгчийн захирамж гаргана.

2.2.Шинжээчийн дүгнэлт тодорхой бус, дутуу, эсхүл үндэслэлгүй, эргэлзээтэй, зөрүүтэй гарсан гэж шүүх үзвэл санаачлагаараа дахин шинжээч томилох эрхтэй. Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1., 133.1.3., 135 дугаар зүйлийн 135.2.13., 141 дүгээр зүйлийн 141.3., 142 дугаар зүйлийн 142.1., 143 дугаар зүйлийн 143.1., 143.2.-т тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж байгаа хэргүүдэд шүүх зохигчийн хүсэлт байгаа эсэхээс үл хамааран санаачлагаараа шинжээч томилох боломжтой болох энэ төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийг анхаарвал зохино.

2.3.Шинжээчид тавигдах шаардлагын нэг үндэслэл нь “мэргэшсэн” байх явдал юм. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т “мэргэшил” гэсэн ойлголтыг “тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадварын түвшин” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн дагуу тодорхой хугацаанд ажиллаж, дадлага туршлагатай болсон байх чанарыг “мэргэшил” гэж үзнэ.

2.4.Мөн шинжээч нь хэргийн талаар хувийн болон албаны сонирхолгүй этгээд байх учиртай. Шинжээч санаатайгаар худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх талаар шинжээч томилох тухай шүүгчийн захирамжид зааж, холбогдох хуулийн зүйл, заалтыг шинжээчид танилцуулсан байвал зохино. Мөн хэргийн оролцогчид шинжээчийг татгалзах тухай гомдол гаргавал гомдлын үндэслэлийг нягтлан үзэж байх шаардлагатай.

Шинжээчийн дүгнэлт гаргах асуудал нь түүний өөрийн болон эрхэлж буй албан тушаал, ажиллаж буй байгууллага, хуулийн этгээдийн эрх ашигт хамааралгүй байх нь шинжээчийн хувийн болон албаны сонирхолгүй байх хуулийн шаардлагын илэрхийлэл болно. Шүүх мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдийн мэргэшсэн ажилтныг шинжээчээр томилох учиртай боловч тухайн мэргэжилтнийг нэр заах нь зохимжгүй юм.

Харин тухайн хэрэг, хэлэлцэж буй асуудлаас шалтгаалан цорын ганц мэргэшсэн этгээд байгаа тохиолдолд талуудын хүсэлтийг үндэслэн шинжээчийг нэр заах тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй юм. Түүнчлэн зохигчид шинжээчийн дүгнэлт гаргах этгээдийн талаар харилцан тохиролцож болох тул шүүх тэдгээрийн хүсэлтээр шинжээчийг нэр зааж томилох боломжтой.

2.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн анхны дүгнэлт, дахин дүгнэлт хоёр хоорондоо зөрүүтэй байвал шүүх өөр шинжээчээр нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан шинжээч нарын зөрүүтэй дүгнэлтийн аль нь зөв болохыг нэг мөр болгох нь зүйтэй. Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлт дахин гаргах шаардлагагүй гэж үзвэл ямар шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт заавал тусгана.

2.6.Шинжээчийн дүгнэлт гаргуулахтай холбогдуулан хэргийн материалаас ямар нотлох баримтыг эхээр, эсхүл хуулбараар шинжээчид хүргүүлж байгааг дагалдах албан бичигт тодорхой бичих шаардлагатай. Шинжээчийн дүгнэлт гаргахад шаардлагагүй бусад нотлох баримтыг эмхтгэсэн иргэний хэргийн материалтай бүхэлд нь шинжээчид хүргүүлэх үндэслэлгүй юм. Хэргийн материалаас холбогдох баримтыг шинжээчид хэрхэн танилцуулах талаар шүүгч тухай бүрт анхааралтай хандаж байх нь зүйтэй.

Хэрвээ дүгнэлт гаргуулахаар шүүхээс ирүүлсэн баримтыг шаардлага хангаагүй гэж шинжээч үзэж, энэ талаар шүүхэд мэдэгдвэл, шүүх зохигчдоос холбогдох баримтыг нөхөн гаргуулах эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ.

2.7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7.-д зааснаар шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай зохигчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох, эсхүл өөр шинжээч томилох асуудлыг шүүх шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ. Энэ ажиллагааг хийхгүй орхигдуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа болно.

2.8.Шинжээч дүгнэлтээ бичгээр гаргах бөгөөд дараах зүйлүүд дүгнэлтэнд заавал тусгагдсан байна. Үүнд:

а.Ямар баримт материалуудыг судалж шинжилсэн тухай тэмдэглэл;

б.Ямар шинжилгээ хийсэн, шинжилгээ хийсэн арга, хэлбэрийн тухай
танилцуулга;

в.Эдгээрт үндэслэн гаргасан дүгнэлтийн агуулга.

Мөн шүүгчийн захирамжид тусгагдсан асуулт, түүнд өгч байгаа хариу, дүгнэлтийн үндэслэлийг дэлгэрэнгүй тусгасан байна.

Шинжээчийн дүгнэлтийн агуулга нь дараах гурван хэсгээс бүрдэнэ.

А.Оршил хэсэг. Дүгнэлт гаргасан байгууллага, хуулийн этгээд, шинжээчийн нэр, үйл ажиллагааны чиглэл, мэргэшлийн байдал, дүгнэлт гаргасан огноо, газрын нэр, шинжилгээ явуулах болсон шүүгчийн захирамжийн огноо, дугаар, шүүхээс ирүүлсэн үндсэн болон нэмэгдэл материал, туршилтын загвар, нэмэлт шинжилгээ явуулж байгаа бол шинжилгээ хийх болсон шалтгаан, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тавигдсан асуулт зэргийг бичнэ.

Б.Шинжилгээний хэсэг. Энд шинжилгээний объектын талаар болон шинжилгээ хийсэн явц байдлыг тодорхойлно. Мөн шинжилгээ явуулсан аргачлал, хэрэглэсэн багаж, хэрэгсэл, бодис, томьёолол, тогтоогдсон үйл баримтад шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг өгнө. Дахин шинжилгээний үр дүн урьдах шинжилгээний дүгнэлттэй зөрж байвал учир шалтгааныг заавал тайлбарлана.

В.Дүгнэлтийн хэсэг. Шүүгчийн захирамжаар шинжээчийн өмнө тавигдсан асуулт бүрт хариулт бичнэ. Шинжээчийн дүгнэлтийг бататгасан баримт болон материалуудыг дүгнэлтэд хавсаргах бөгөөд энэ нь дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болно. Үүнд гэрэл зураг, гарын үсгийн загвар, тооцоолон бодох программын дүн, зураг, санхүүгийн баримт зэрэг материал байж болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10.-т зааснаар шинжээч хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоосон бол энэ талаар шүүхээс асуулт тавигдаагүй ч дүгнэлтэндээ оруулах учиртай.

“Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал” гэдэг нь шүүгчийн тавьсан асуултаас гадна хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдол бүхий зүйлийг дүгнэлт гаргах явцдаа олж мэдсэн бөгөөд түүнийгээ мэргэжлийн болон мэргэшсэн дадлага туршлагадаа тулгуурлан хэрэг шийдвэрлэхэд зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн шинжээчийн үнэлэмж байна.

Гурав.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй алдаа, зорчил, цаашид анхаарах асуудлын талаар.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргуулах талаарх шүүхийн үйл ажиллагаа, дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж байгаа байдлыг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2007 онд хянагдсан хэргийн байдлаар судалж үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын 2.2 хувь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийг зөрчсөнөөс өөрчлөгдөж, хүчингүй болсон байна.

Иймд дараах асуудлыг нийт шүүгчид анхаарвал зохино гэж үзлээ. Үүнд:

3.1.Шинжээч “томилуулах тухай зохигчийн хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэхгүй орхигдуулах, эсхүл хуульд заасан үндэслэлээс гадуур санаачлагаараа шинжээч томилох зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гарч байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 47.5., 111 дүгээр зүйлийн 111.3. дахь хэсгүүдийг зөв тайлбарлан хэрэглэх, хэргийн зохигчдоос шинжээч томилуулах талаар гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзвэл мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9., 105 дугаар зүйлийн 105.1., 123 дугаар зүйлийн 123.1. дэх заалтын дагуу шийдвэрлэж байхыг анхаарвал зохино.

3.2.Шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримттай харьцуулан үзэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгодог алдаа түгээмэл гарч байна.

Шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Зарим тохиолдолд зөвхөн шинжээчийн дүгнэлтэнд тулгуурлан хэргийг шийдвэрлэснээс “шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчим алдагддаг.

Шүүх шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон тохиолдолд хэрэгт авагдсан бусад нотлох баримт нь шинжээчийн дүгнэлтээр хэрхэн үгүйсгэгдэж байгаа болон хэргийн шийдвэрлэлтэнд хэрхэн нөлөөлж байгаа үндэслэлийг тодорхой зааж өгөх ёстой. Эс тэгвээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй болж, хэргийн зохигчид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргах үндэслэл болдог байна.

3.3.Дүгнэлт гаргуулахаар шинжээчид тавьж буй шүүхийн асуулт хэрэгт ач холбогдолгүй, тодорхой бус, ойлгомжгүй байхаас гадна шүүх өөрөө шийдвэрлэх ёстой эрх зүйн асуудлаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох алдаа шүүхийн практикт гарсаар байна.

Шинжээч томилуулах талаар гаргасан зохигчдын хүсэлт болгоныг шүүх хангах шаардлагагүй юм. Эдгээр тохиолдолд шүүх уг хүсэлтийг шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож, хүсэлтийг хангахаас татгалзаж буй үндэслэлээ тодорхой заасан байвал зохино.

Гагцхүү шүүх шинжээч томилох шаардлагатай гэж зохигчийн хүсэлтийг хангаж байгаа бол шинжээчид тавьж буй асуулт, түүнд үндэслэж гарах дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байх учиртай.

Нэхэмжлэлийг хангах эсэх, аливаа асуудлын талаар эрх зүйн дүгнэлт өгөх нь зөвхөн шүүхийн бүрэн эрхийн асуудал тул энэ талаар шинжээч томилох, шинжээчид ийм агуулга бүхий асуулт тавих нь хууль хэрэглээний бүдүүлэг алдаа болно.

3.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт, судалгаа тооцооны алдаатай, тайлбар, томьёолол зэрэг нь зөрүүтэй, ойлгомжгүй, бүрэн бус, тодорхой бус байхад шүүх нэмэлт болон дахин шинжээч томилохгүй байх алдаа гаргасаар байна.

Шинжээчийг зөвхөн зохигчийн хүсэлтээр томилох учиртай гэх хуулийн шаардлагыг явцуу тайлбарлаж ирснээс энэ алдаа түгээмэл гардаг ажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3. дахь хэсэг нь уг хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө ч үйлчилж байсан бөгөөд одоо хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 47.5.-д орсон нэмэлт, өөрчлөлтөөр шүүх өөрийн санаачилгаар нэмэлт болон дахин шинжээч томилох ажиллагааг улам бүр тодорхой болгосон тул дээрх алдааг шүүх гаргахгүй байх боломжтой болжээ.

3.5.Эрүү, иргэн, захиргааны өөр хэргийн болон эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгодог алдаа гарч байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох тохиолдолд зөвхөн “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолоор нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй” гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай. Тийм учраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол гараагүй хэргийн шинжээчийн дүгнэлтийг одоо шийдвэрлэж буй иргэний хэргийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

 

 

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ