A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

         ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ЗОХИГЧДЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ ШҮҮГЧИЙН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Хэвлэх

Орчин үед иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний болон гэр бүлийн эрх зүйн маргаантай талуудыг шүүхийн журмаар эвлэрүүлэх ажиллагааг улам бүр боловсронгуй болгох нь шүүхээр зайлшгүй шийдвэрлэгдэх шаардлагагүй, эрх зүйн гэхээс илүү харилцааны маргаантай хэргийг шүүх хянан шийдвэрлэхгүй байх, шүүн таслах ажиллагааны ачааллыг багасгах боломжийг бүрдүүлж, улмаар шүүхийн зардал, ажиллагаа хэмнэгдэх ач холбогдолтойгоос гадна маргалдагч талуудыг цаг зав алдах, хөрөнгийн илүү зардал гаргах, сэтгэл зүйн хувьд хохирох зэрэг хор уршгаас урьдчилан сэргийлэх үндэс болох юм. Нөгөө талаар аливаа маргааныг хүчээр, албадлагаар шийдвэрлэх нь уг маргааныг дуусгавар болгохоос илүү далд байдалд оруулдаг төдийгүй, эцэс төгсгөлгүй үргэлжлэх муу талтай байдаг нь судалгаагаар тогтоогдсон тул талуудыг аль болох эвлэрүүлэх ажиллагаа хийх нь шүүгчийн эн тэргүүний үүрэг байх ёстой.

Монгол Улсын шүүн таслах ажиллагааны статистик мэдээнээс үзвэл 2007 онд нийт 30699 иргэний хэрэг шийдвэрлэсний 10141 буюу 33%, 2008 онд 28480 иргэний хэрэг шийдвэрлэсний 8707 буюу 30.6%, 2009 онд 35822 иргэний хэрэг шийдвэрлэсний 15322 буюу 42.8%-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Энэхүү статистик тоон үзүүлэлтээс харахад 2009 онд өмнөх жилийн шийдвэрлэсэн хэргээс 7342-оор илүү буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэрэг 12.2 хувь өссөн байна. Эдгээр үзүүлэлтээс үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа юм. Ийнхүү хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхийн зүгээс зохигчдод эвлэрэх боломжийг нь танилцуулснаас бус ямар нэг тодорхой ажиллагаа явуулахгүй байгааг нь учир дутагдалтай гэж үзнэ. Хэрэв шүүгч зохигчдын эвлэрэх боломжийг зөвхөн эрхийг нь тайлбарлахаар хязгаарлахгүй үр дүн, ач холбогдол, холбогдох хуулийн зохицуулалт зэргийг таниулан ойлгуулдаг бол шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 51-67 хувийг шүүх хуралдаан хийхгүйгээр хялбаршуулсан журмаар, зохигчдын эвлэрлээр зохицуулах боломжтой юм.

Иймээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдыг эвлэрүүлэх ажиллагааны талаар нэгдсэн ойлголттой болох, холбогдох хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, шүүхийн практикт гарч байгаа алдаа, зөрчлийг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4. дэх заалтыг үндэслэн Улсын Дээд Шүүхээс ЗӨВЛӨМЖ болгох нь:

Нэг. Иргэний хэрэг, маргааны талуудыг эвлэрүүлэх ажиллагааны талаар

1.1.Аливаа маргааныг эцэслэн шийдвэрлэх үүрэг бүхий шүүгч шүүн таслах ажиллагааны төрөл бүрт маргааны оролцогчдыг эвлэрүүлэх, эв зүйгээр асуудлыг шийдвэрлэх арга ухаан, ур чадварыг эзэмшсэн байх ёстой.

1.2.Шүүгч иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагаанд талуудыг эвлэрүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой тусгагдаагүй боловч хуулийн хүрээнд хийх боломжтой идэвхтэй ажиллагаа явуулах тохиолдол бүрт хууль ёсны байдлыг хангаагүйгээс, мөн ёс зүйн болон харилцааны зүй бус хандлага гаргаснаас талуудад хардлага төрүүлэх, улмаар шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулах магадлалтай гэдгийг анхаарвал зохино.

1.3.Талууд бусдын албадлагагүйгээр өөрийн ухамсарт ажиллагааны үр дүнд маргааныг зохицуулах нь тэдний сэтгэл санаа, эд хөрөнгө цаг завыг барахгүйгээс гадна эрх зүйн ухамсрыг нь дээшлүүлэх үндэс суурь болохын зэрэгцээ дахин энэ төрлийн харилцаанд алдаа зөрчилгүй оролцох боломжийг бүрдүүлдэг учир шүүгч талуудад маргааны шалтгаан, нөхцөлийг тайлбарлах, алдаа, зөрчлийг нь ойлгуулах ажиллагаа явуулсны эцэст тэдгээрт өөрсдөө тохиролцох боломжийг нь олгох учиртай. Эвлэрэх болон муудалцах үйлдлийг хүн зөвхөн өөрийн хүсэл зоригоор хийдэг учир шүүх эвлэрэх хүсэл зоригийг нь өдөөх л ажиллагаа явуулахаас бус ямар нэгэн хэлбэрийн дарамт үзүүлэх үндэслэлгүй гэдгийг онцгой анхаарах учиртай.

Хоёр.Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааны талуудыг эвлэрүүлэх ажиллагааны талаар.

2.1.Сүүлийн 3 жилийн байдлаар улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн 11.5-12.7 хувийг гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан эзэлж байна.

Мөн дээрх хугацаанд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авсан шүүх гэрлэгчдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр шууд гэрлэлтийг цуцалсан хэргийн тоо нийт гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хэргийн 90-91 хувийг эзэлж байгаа нь шүүхийн статистик болон судалгаагаар тогтоогдсон байна. Ийнхүү шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх талаар ямар нэг ажиллагаа хийхгүйгээр шууд гэрлэлтийг цуцалж байгаа нь шүүхийн ажлын ачаалал болон эвлэрүүлэх ажиллагааг зохицуулсан тодорхой журам Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүйтэй холбоотой байж болох талтай ч уг ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүйг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

2.2.Гэр бүл нь аливаа үндэстний хөгжил, дэвшлийн эх үндэс, суурь нь болдгийн хувьд монгол гэр бүлийн бат бэх байдалд анхаарал хандуулах шаардлагын үүднээс шүүгч бүр гэрлэлт цуцлах асуудалд туйлын анхааралтай хандаж, яаруу түүхий шийдвэрээр гэр бүлийн хувь заяаг дүгнэхгүй байх нь чухал юм.

Гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлийг хуульд тодорхой заасан байдаг тул түүнд хамаарах шалтгаан нөхцөл бүрдээгүй бол гэрлэгчдийг эвлэрүүлэх тэдэнд тохирсон арга хэмжээг авбал зохино.

2.3.Шүүгч иргэний хэрэг маргааны талуудыг эвлэрүүлэх талаар хуульд зааснаас өөрөөр идэвхтэй ажиллагаа явуулах нь зарчмын олон хэм хэмжээгээр хязгаарлагддаг ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан "Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна" гэсэн зохицуулалтаар гэрлэгчдийг эвлэрүүлэх талаар идэвхтэй ажиллах боломжийг шүүхэд олгожээ.

Гагцхүү ийнхүү хийх ажиллагаа бүрийг шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.-т заасныг баримтлан тэмдэглэл хөтлөх, үзлэг хийх, туршилт явуулах, шинжээч томилох зэрэг хуульд заасан ажиллагаануудын аль тохирох хэлбэрээр явуулбал тухайн ажиллагааны хууль ёсны байдал хангагдах боломжтой болно.

2.4.Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхийн өмнө шүүгч өмгөөлөгчийн тусламжтайгаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авах нь үр дүнтэй байх боломжтой.

2.5.Шүүгч гэрлэгчдийг эвлэрүүлэхийн тулд гэрлэгч тус бүртэй ганцаарчлан уулзах, санал бодлыг нь сонсох, гэрлэлт, гэрлэгчдийн эрх, үүргийн талаарх тухайн хүний ойлголтыг тодруулах, үр хүүхдийн хүмүүжил, ирээдүйд гэрлэлт цуцлалт хэрхэн нөлөөлдөг талаар ном, нийтлэл, кино үзүүлэх, гэрлэлт цуцлуулах болсон шалтгааныг нарийвчлан судлах, гэрлэгчдийн найз, садан төрлийн хүмүүстэй уулзах зэргээр гэрлэлт цуцлуулах бодит үндэслэл, шалтгаан байгаа эсэхийг эсэхийг сайтар тогтоосны эцэст гэрлэлтийг цуцлах, эсхүл гэрлэгчдэд эвлэрэх хугацаа өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг тус тус шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн болон холбогдох бусад байгууллагын ажилтнуудыг дээрх ажиллагаанд татан оролцуулж болно.

2.6.Гэр бүлийн маргаанаас болж хамгийн их хохирол амсаж буй этгээд нь хүүхэд байдаг тул тэднийг хагас өнчин байдалд хүргэхгүй байх талаас шүүх нэн тэргүүнд анхаарч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааны гол хүчин зүйл болгох шаардлагатай.

Шүүх бүрт гэр бүлийн холбогдолтой маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориулж, ая тухтай сэтгэлээ дэлгэж ярих нөхцөл бүрдсэн өрөө тохижуулах, хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг сэтгэл зүйд нь дарамт үүсгэхгүй байх орчинд авах, гэрлэлт цуцлах явдал хүүхдийн ирээдүй, хүмүүжил, сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг талаар үзүүлэн, ном, сэтгүүл, нийтлэл, видео бичлэг зэрэг арга зүйн материалтай болох зэрэг асуудалд шүүхийн тамгын хэлтэс, албадууд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

2.7.Гэрлэлтээ цуцлуулсан гэрлэгчдийн үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг нь хэн алинд нь хэвээр үлддэг боловч талууд тухайн асуудлаар тэр бүр харилцан тохиролцдоггүй, тохиролцохыг хүсдэггүйгээс гадна хүүхдийг эд хөрөнгийн адил хуваах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаанд харилцан тооцох хэмжүүр болгох, бие биендээ гомдсон сэтгэлийн өш хонзон тайлах хэрэгсэл болгох зэрэг зохисгүй байдал гаргадаг.

Гэрлэлтээ цуцлуулснаар хүмүүсийн эхнэр, нөхрийн харилцаа дуусгавар болдог болохоос эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, харин хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил, өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр, оролцоо өөрчлөгддөг тул шүүх хүүхдийн зөвхөн асрамж, тэтгэлгийн асуудлыг л шийдвэрлэдэг нь учир дутагдалтай болох нь харагдаж байна.

Хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, боловсрол зэрэг асуудлууд нь дан ганц тэтгэлгийн мөнгө, эцэг, эхийн хэнтэй нь хамт амьдрахыг тогтоосноор шийдвэрлэгддэггүй учир гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахгүй байх тал дээр эвлэрч чадаагүй бол гэрлэлт цуцлуулснаас хойш үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, ирээдүйг нь хэрхэн хангах талаар харилцан тохиролцох эрх зүйн бөгөөд ёс суртахууны үүрэгтэй.

Энэ асуудлаар гэрлэгчдийн зүгээс шүүхэд шаардлага гаргах нь бага байдгийн зэрэгцээ шүүх тухайн асуудлыг хөндөхгүйгээр гэрлэлт, хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг практик тогтсоныг өөрчлөх шаардлагатай болжээ.

Гурав.Шүүх хуралдааны өмнөх шатанд зохигчдыг эвлэрүүлэх шүүгчийн ажиллагааны талаар

3.1.Эвлэрүүлэх ажиллагааны зорилт нь талуудын хооронд маргаан үүсэх болсон шалтгаан, түүнээс үүсэх үр дагаврын тухай субъектив үнэнийг илэрхийлэх, нийгмийн хувьд хүлээн авч болохуйц гэрээ хийхэд нь тэдэнд туслах явдал байдаг. Үүнээс үзэхэд шүүгчээс явуулсан эвлэрүүлэх ажлын үр дүн болох эвлэрлийн гэрээ нь шударга ёсны субъектив илрэл учраас энэ нь шүүхийн хувьд биш, харин тодорхой хүмүүсийн хэлцлийн хууль зүйн үр дүн болно.

3.2.Эвлэрүүлэх ажиллагааг явуулсан туршлагыг судалж үзэхэд уг ажиллагаа нь сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн сөрөг байдлуудыг арилгах эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ зөвхөн маргалдагч талуудаар хязгаарлагдахгүй, мөн нийгэмд ашигтай, ач тустай үйлдэл юм. Хүмүүсийн хоорондын найрсаг харилцааг сэргээн тогтоох, дахин алдаа, зөрчилтэй харилцаанд орохоос урьдчилан сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэмнэх, тухайн ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг шүүгчид анхаарвал зохино.

3.3.Шүүгч эвлэрүүлэх ажиллагаа явуулахдаа дараах зүйлүүдийг мөрдлөг болгон ажиллавал эвлэрүүлэх ажиллагаа илүү амжилттай болдог:

а/Уулзалт болон үйл ажиллагааны цагийг хатуу баримтлах

б/Өөрийн ярианы агуулга, үг хэллэг, харилцаагаа анхаарах

в/Тэвчээртэй, эелдэг, хүлээцтэй байх

г/Шударга эсэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх

д/Талуудтай уулзах цаг ижил байх, хэрэв тодорхой шалтгаанаар илүү цаг зарцуулах шаардлагатай бол нөгөө талд танилцуулах

е/Нэг тал руу илүү хандан ярих эсхүл тэмдэглэлд нэг талын хэлж, ярьсныг илүү тусгахгүй байх

ё/Талуудыг удирдах чадвартай байх /ярианы өнгө аясыг тохируулах, сэдвээс холдуулахгүй байх, сэтгэл хөдлөлд хэт автуулахгүй байх, бүдүүлэг үг, үйлдлийг гаргуулахгүй байх, хүнд байдлыг зөөлрүүлэх, тайвшруулах арга хэлбэрийг олох г.м.

ж/Талуудын хувийн нууцыг хадгалах

з/Уулзалтын байрыг зөв сонгох

Дөрөв.Шүүх хуралдааны явцад зохигчдыг эвлэрүүлэх шүүгчийн ажиллагааны талаар.

4.1.Зохигчдыг эвлэрүүлэх ажиллагаа нь бүх шатны шүүх хуралдааны үед явагдах боломжтой юм. Шүүгч /даргалагч/ нэхэмжлэлийн гол утгыг танилцуулсны дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг заавал асууж, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана.

4.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг тодруулсны дараа улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4., 56.5., 106 дугаар зүйлийн 106.6. зохицуулалтуудын дагуу хянан шийдвэрлэхийг тайлбарлаж өгөх шаардлагатай гэж үзнэ.

4.3.Хэрэв шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, зохигчид эвлэрсэн бол энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, зохигчдын гарын үсгийг зуруулна. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, зохигчид эвлэрсэн тухай баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө бичгийн хэлбэрээр үйлдсэн бол уг баримтыг хэргийн материалд хавсаргаж, тэмдэглэл үйлдэнэ.

Нөгөө талаар ийнхүү татгалзах, зөвшөөрөх, эвлэрэх нь эрх зүйн ямар үр дагавар үүсгэдгийг заавал тайлбарлах учиртай.

4.4.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, зохигчдыг эвлэрэх байдалд хүргэхийн тулд шүүх ажиллах шаардлагатай ба түүнээс гадна шүүгч өөрөө хуулийг тайлбарлах тэдэнд учрах эрх зүйн үр дагаврыг танилцуулах, улмаар эвлэрэх талаар санал гаргах зэрэг ажиллагаа явуулахыг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

4.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4-т заасан үйл баримт болсон бол нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.

4.6.Шүүх эвлэрүүлэх ажиллагааг явуулахдаа тухайн татгалзал, зөвшөөрөл, эвлэрэл нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадаж байгаа эсэх, бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөж байгаа эсэхэд туйлын анхааралтай хандах нь чухал юм. Түүнээс гадна зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "бүрэн эрх нь" итгэмжлэлд заасан хэмжээ, хязгаарын дотор байгаа эсэхийг нотловол зохино.

4.7."Татгалзал, зөвшөөрөл, эвлэрэл" нь шүүх хуралдааны явцад бий болсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхээс өөр ажиллагаа болно.

4.8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан "хувааж хариуцуулна" гэсэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд баримталдаг "тал хувиар бууруулна" гэсэн зохицуулалтаас өөр ойлголт гэдгийг анхаарвал зохино.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ