A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

 Улаанбаатар хот

                                                  ОНЦГОЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРМААР ЗАРИМ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ

Хэвлэх

Онцгой ажиллагааны журмаар шүүх зарим хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлгийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байх тул тухайн бүлгийн зохицуулалтыг нэг мөр ойлгож, уг асуудлыг зөв шийдвэрлэх явдлыг хангах, цаашид анхаарвал зохих зарим асуудлыг зөвлөх зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4.-т заасныг баримтлан Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖ болгох нь:

Нэг:Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны нийтлэг үндэслэлийн талаар

1.1.Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай.

Хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл иргэн, хуулийн этгээд өөрийн болон бусдын нэрийн өмнөөс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг бөгөөд шүүх эсрэг сонирхол бүхий нэхэмжлэгч, хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шийдвэр гаргадаг. Нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд материаллаг эрх зүйн маргаан заавал байдаг.

Харин онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог тул энэ хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй. Хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

1.2.Онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх дараах зүйлийг анхаарвал зохино. Үүнд:

а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас бусад хуулийн зохицуулалтыг юуны өмнө судлах шаардлагтай.

Жишээ нь, хуулийн этгээдийг дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхэд Дампуурлын тухай хуулийн дагуу хэрэг үүсгэж, хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж Дампуурлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2. дахь хэсэгт заасан байна.

Дампуурлын тухай хуулиар зохицуулагдаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

б.Бусад хуульд өөрөөр заагаагүй бол шүүх ИХШХШТХ-ийн 13 дугаар бүлгийн зохицуулалтыг авч үзнэ.

Онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэхэд зарим тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зардлыг төр хариуцдаг /ИХШХШТХ-ийн 144 дүгээр зүйлийн 144.1., 154 дүгээр зүйлийн 154.1/

Түүнчлэн, хүсэлтэд нотлох баримтыг хавсаргах, холбогдох иргэн, хуулийн этгээдэд мэдэгдсэний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх, бусдын эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээрийг гуравдагч этгээдээр оролцуулах зэрэг заалтуудыг шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ анхаарах нь чухал

в.Бусад хууль болон ИХШХШТХ-ийн 13 дугаар бүлэгт өөрөөр заагаагүй бол уг хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэнэ.

Тухайлбал, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх, нотлох баримт хуулийн шаардлагад нийцсэн байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий журамд хамаарна.

Шүүх онцгой ажиллагааны журмаар үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог тул энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх,эвлэрэх зэрэг ажиллагаа хийгдэхгүй, харин хүсэлтийг хэд хэдэн этгээд хамтран гаргасныг мөн татгалзлыг хүлээн авах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд харшлахгүй гэж үзнэ.

1.3.Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт ИХШХШТХ-ийн 133 дугаар зүйлд заасан хэрэг багтана. Харин эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд мөн хуулийн 135 дугаар зүйлд заасан үйл явдал хамаарна.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоодог хэдий ч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд ИХШХШТХ-ийн 137-1551 дүгээр зүйлд заасан ажиллагаа ордоггүй.

1.4.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 263, 2007 оны 36 дугаар тогтоол болон "Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зөвлөмжийг судлабал зохино.

Хоёр:Хэрэг хянан шийдвэрлэх харъяалал.

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэгт заасан үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтийг иргэн, хуулийн этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд, хорих ял эдэлж байгаа хүн хүсэлтээ ял эдэлж байгаа газрын нутаг дэвсгэрийн харъяалах шүүхэд гаргана.

2.2.Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг уг иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын харъяалах шүүхэд.

2.3.Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хүсэлт уг иргэний оршин суугаа буюу эмчлүүлж байгаа газрын шүүхэд.

2.4.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд.

2.5.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газрын шүүхэд, харин асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газар тодорхойгүй бол хүсэлтийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оршин суугаа газрын шүүхэд.

2.6.Үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг уг баримт бичгийг олгосон байгууллагын оршин байгаа газрын шүүхэд.

2.7.Иргэний бүртгэлийн байгууллага өөрийн бүртгэлд залруулга хийхээс татгалзсан бол гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай

хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд.

2.8.Хэргийн материалыг сэргээх тухай хүсэлтийг уг хэргийг хянан шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн материалыг сэргээх тухай хүсэлтийг уг шийдвэрийг гүйцэтгэвэл зохих газрын шүүхэд.

2.9.Хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд

2.10.Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч, эсхүл үүргээ биелүүлж чадахгүй болсон хуулийн этгээд өөрийгөө дампуурсанд тооцуулахаар тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж ИХШХШТХ-ийн 136 дугаар зүйлийн 136.1., 136.2., 137 дугаар зүйлийн 137.1., 141 дүгээр зүйлийн 141.2., 145 дугаар зүйлийн 145.1., 146 дугаар зүйлийн 146.1., 147 дугаар зүйлийн 147.1., 149 дүгээр зүйлийн 149.1., 152 дугаар зүйлийн 152.1., 155 дугаар зүйлийн 155.1., 1551дүгээр зүйлийн 1551.1. дэх хэсэгт тус тус заасан байдаг.

2.11.Шүүх энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харъяалал буюу ИХШХШТХ-ийн 189 дүгээр зүйлийн 189.2.6., 191, 192 дугаар зүйлийн заалтыг анхаарвал зохино.

Гурав:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3., 135.3., 137-141 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэх талаар.

"Нас барсныг тогтоох", "нас баралтыг бүртгүүлсэн байдлыг тогтоох", "нас барсан гэж зарлах" нь хоорондоо ялгаатай.

3.1.Нас барсныг тогтоох

3.1.1.Иргэн нас барсан нь тодорхой, энэ талаар маргаангүй боловч нас барсныг бүртгэлийн байгууллага Иргэний бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн бүртгэх боломжгүй бол иргэний нас барсныг шүүх тогтооно.

3.1.2.Нас барсныг тогтоохдоо хүсэлт гаргагч болон бусад иргэн, хуулийн этгээдээс иргэний нас барсныг нотлох баримтуудыг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13., 19 дүгээр зүйлд заасан аль байгаа баримтын хамт олж авч үнэлэх нь чухал гэж үзнэ.

3.1.3.Шүүхийн шийдвэрийг үндэслэн эрх бүхий байгууллага иргэний нас барсныг бүртгэдэг тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.1., 19.5.3. дахь хэсэгт заасан мэдээллийг баримтаар нотолж, шүүхийн шийдвэрийн "тогтоох" хэсэгт нас барагчийн овог, эцгийн нэр, төрсөн он, сар, өдөр, газар болон нас барагчийн нас барсан он, сар, өдөр, газар мөн иргэний харъяалал,оршин сууж байсан газрыг тодорхой бичнэ.

3.1.4.Нас барсныг тогтооход Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14. дэх хэсгийг баримтална.

3.1.5.Шүүхийн шийдвэрт заасан нас барсныг тогтоосон он, сар, өдрийг тухайн иргэний нас барсан он, сар, өдөр гэж үзнэ.

3.1.6.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан хүүхэд нас барсан болохыг тогтоолгох агуулгатай хүсэлтийг шүүхэд гаргах нь ихсэх хандлагатай байна.

Төрснийг нь бүртгэхээс өмнө нас барсан хүүхдийн төрсөн болон нас барсныг эмнэлгийн магадлагааг үндэслэн тус тусад нь бүртгэнэ гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13. дахь хэсэгт заасан байна.

Өөрөөр хэлбэл, хүүхэд нас барсныг тогтоохоос өмнө хүүхэд төрсөн болох нь тогтоогдсон байх учиртай тул энэ төрлийн хэргийг шийдвэрлэхдээ:

а.Хүүхэд төрснийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн эсэх.

б.Хүүхэд нас барсныг бүртгэлийн байгууллага бүртгэсэн эсэх.

в.Нас барсныг бүртгэхээс татгалзсан эсэхийг тус тус тогтоох нь зөв.

3.2.Нас баралтыг бүртгүүлсэн байдлыг тогтоох

3.2.1.Эрх бүхий байгууллага Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.8., 11.3., 19 дүгээр зүйл, 34 дүгээр зүйлд заасны дагуу нас барсныг бүртгэсэн боловч уг бүртгэл алга болсон, устсан, үрэгдсэн, буруу бүртгэсэн бөгөөд бүртгэлийг сэргээн тогтоох боломжгүй болсон бол нас баралтыг бүртгүүлсэн байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүх шийдвэрлэнэ.

3.2.2.Нас баралтыг бүртгүүлсэн байдлыг тогтоохдоо үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилго, уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг ирүүлэхийг хүсэлт гаргагчаас шүүх шаардана.

Нас барсныг иргэний бүртгэлд бүртгэсэн анхны болон сэргээн тогтоосон бичилт байхгүй болсныг мөн олж авах буюу сэргээн тогтоох боломжгүй болсон талаарх бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтыг үнэлэхдээ шүүх уг баримтыг нас баралтыг бүртгэсэн бүртгэлийн байгууллага гаргаж өгсөн эсэхийг шүүх анхаарч байх нь чухал.

3.2.3.Нас баралтыг бүртгүүлсэн байдлыг тогтооход Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3. дахь хэсгийг баримтална.

3.2.4.Нас баралтыг бүртгүүлсэн байдлыг тогтоохдоо шүүх Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.1.-19.5.3., 19.5.5. дахь хэсэгт заасан мэдээлэл буюу нас барагчийн нас барсан он, сар, өдөр, газар болон нас барагчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, газар мөн иргэний харъяалал, оршин сууж байсан газрын хаяг, нас барсныг бүртгүүлсэн он, сар, өдрийг нотолсон баримтыг бүрдүүлэхэд анхаарна.

Шүүхийн шийдвэр гарснаар иргэний нас барсныг бүртгүүлсэн огноо тодорхой болох учиртай.

3.2.5.Шүүхийн шийдвэрийн "тогтоох" хэсэгт шүүх нас барагчийн нас барсан он, сар, өдөр, газар болон нас барагчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, газар мөн иргэний харъяалал, оршин сууж байсан газрын хаяг, нас барсныг бүртгүүлсэн он, сар, өдрийг заана.

3.2.6.Шүүхийн шийдвэрээр тогтоосон, нас барсныг бүртгүүлсэн он, сар, өдрийг нас барсныг бүртгэсэн он, сар, өдөр гэж үзнэ.

3.3.Нас барсан гэж зарлах

3.3.1.Нас барсан гэж зарлах тухай хэргийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137-140 дүгээр зүйлд заасан журмын дагуу Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийг үндэслэн шийдвэрлэнэ.

3.3.2.Иргэнийг нас барсан гэж зарлахад тухайн иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жил өнгөрсөн эсэх, таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон эсэх, амь үрэгдэж болох ямар нөхцөл байдал бий болсон, уг нөхцөл байдал бий болсноос хойш нэг жил өнгөрсөн эсэх, уг хугацаанд тэрээр амьд байгаа эсэх нь мэдэгдсэн эсэх, байлдааны ажиллагаанд оролцсон эсэх, оролцсон бол уг ажиллагаа дууссан өдрөөс хойш хоёр жил өнгөрсөн эсэхийг шүүх заавал тогтооно.

3.3.3.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн этгээд өөрийн үүргийг биелүүлэхээс зайлсхийх, үүрэг дуусгавар болгох үндэслэл болох /Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3./-т заасан болон Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар ял завших зорилгоор оргон зайлсан байж болзошгүй тохиолдлыг заавал шалгаж байх нь зөв.

Иргэн оршин суугаа газраасаа алга болсон гэдэгт тухайн иргэн өөрийн хүсэл зоригийн дагуу санаатайгаар "алга болсон" тохиолдол хамаарахгүй тул жишээ нь, эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа этгээд хаана байгаа нь тодорхойгүй, оршин суугаа газраасаа явсан, ялтан оргосон зэрэг нь тухай иргэнийг нас барсан гэж зарлах үндэслэл биш юм.

3.3.4.Иргэнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэж үзнэ. Амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсон иргэнийг нас барсан гэж зарласан бол шүүх түүний нас барсан байж болох өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэж тооцож болдог.

Дөрөв:Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх бусад хэргийн талаар

4.1.Иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцох

4.1.1.Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцдог.

4.1.2.Шүүх энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ сэтгэцийн өвчин нь түр зуурын эмгэг сааталтай холбоотой эсэхийг сайтар тогтоох шаардлагатай. Сэтгэцийн түр зуурын саатал нь иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцох үндэслэл биш гэж үздэг.

4.1.3.ИХШХШТХ-ийн 141 дүгээр зүйлд зааснаар хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, засаг дарга/ асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана.

Иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцох нь түүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй асуудалтай холбоотой тул ИХШХШТХ-ийн 141 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүсэлт гаргаж буй этгээдийг шүүх анхааралтай авч үзэх нь чухал юм.

4.1.4.Иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцсон шүүхийн шийдвэрт иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулж буй этгээдийн хүйс, овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэх болон регистрийн дугаарыг тусгаж байх шаардлагатай.

Тав:Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргийг хооронд нь болон ижил төстэй бусад төрлийн хэргээс ялгах талаар:

5.1.Өөрийгөө хүүхдийн эцэг гэдгийг татгалзаж байгаа тохиолдолд уг этгээд хүүхдийн эцэг мөн эсэхийг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэргийг ердийн журмаар шүүх шийдвэрлэж, Гэр бүлийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлан тогтооно.

Хүүхэд төрөхөөс өмнө эцэг нь нас барсан бол хүүхдийн эцгийг Иргэний бүртгэлийн байгууллага Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7. дахь хэсэгт заасан журмын дагуу бүртгэж болно.

Харин хүүхдийн эцгийг бүртгэхээс татгалзсан эсхүл гэр бүлийн баталгаагүй байхад хүүхдийн эцэг нас барвал шүүхийн журмаар эцэг тогтоосны үндсэн дээр бүртгэлийн байгууллага нас барсан этгээдийг хүүхдийн эцгээр бүртгэнэ.

Нас барсан этгээд өөрийгөө тухайн хүүхдийн эцэг мөн гэдгийг маргаангүй хүлээн зөвшөөрдөг байсныг тогтоох нь эрх зүйн ач холбогдолтой тул энэ байдлыг нотлох замаар шүүх хүүхдийн эцгийг онцгой ажиллагааны журмаар ИХШХШТХ-ийн 135 дугаар зүйлийн 135.2.7. дахь хэсгийг баримтлан тогтоодог.

5.2.Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь тухайн иргэнийг нас барсан гэж үзэх үндэслэл биш тул түүний эд хөрөнгөд шүүхээс эрхлэн хамгаалалт тогтоодог, харин иргэний нас барсан гэж зарласан этгээдийн хөрөнгийг өвийн журмаар бусдад шилжүүлдэг.

Зургаа:Шүүхээс гарах шийдвэр

6.1.Маргалдагч тал байдаггүй тул онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэж, хүсэлтийг хангасан шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол бараг гардаггүй.

Иймд анхан шатны шүүх энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг чанд баримтлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад анхаарах нь зүйтэй.

6.2.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шийдвэр ИХШХШТХ-ийн 115, 116, 118 дугаар зүйлийн шаардлагыг бүрэн хангасан байх учиртай.

6.3."хүсэлтийг хүлээн авахаас татгалзах", "хүсэлтийг хэрэгсэхгүй болгох", "хүсэлттэй хэргийг хэрэгсэхгүй болгох" нь ердийн журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх үед гарах эрхийн акттай агуулга, үр дагаврын хувьд адил гэдгийг шүүх онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаарч байх нь чухал байна.

6.4.Шүүх шийдвэр гаргахдаа "Шүүхийн шийдвэрийн тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоол, "Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зөвлөмжийг судалбал зохино.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ