A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

                                          ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ЗАРИМ АСУУДАЛ

Хэвлэх

Улсын тэмдэгтийн хураамжийн талаарх хуулийн зохицуулалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай 2003, 2006 оны зөвлөмжийн ач холбогдол хэвээр байгаа боловч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр батлагдаж, уг хуульд 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр болон 2012 оны 05 дугаар сарын 17, 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан, түүнчлэн улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой шүүхийн практикт гарч буй зарим асуудлыг судлан үзсэний үндсэн дээр Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4.-т заасныг баримтлан Улсын Дээд шүүхээс ЗӨВЛӨМЖ болгох нь:

1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай ойлголт, ач холбогдол.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар төрийн эрх бүхий байгууллагаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигч мөнгөн хөрөнгө төлөх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3, 5 дугаар зүйлийн 5.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт нийцнэ.

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаар үйлчилгээ хүртэж буй этгээд хуульд заасан журмын дагуу хураамж төлөх ёстой тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны төлөө төлбөл зохих хураамжийг хуульд заасан хэмжээгээр холбогдох этгээдээс бүрэн гаргуулсан байх нь шүүхийн үүрэг гэж үзнэ.

Тэмдэгтийн хураамж огт төлөгдөөгүй эсхүл дутуу төлөгдсөн байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 163, 164, 173 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, давж заалдах болон хяналтын гомдлыг хүлээн авахгүй байх нөхцөл болохыг анхаарвал зохино.

Хэргийн аль нэг, эсхүл хоёр тал хуульд зааснаар буюу шүүхийн шийдвэрлэснээр хураамжаас чөлөөлөгдөх явдал эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үнэ төлбөргүй явагдана гэсэн үг биш юм.

Төлбөрийн чадваргүй болох нь баримтаар тогтоогдсон, эсхүл хуульд заасан тодорхой үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс нэг этгээдийг чөлөөлөх нь шүүхэд мэдүүлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаатай хангах арга хэрэгслүүдийн нэг болохоос шүүн таслах ажиллагааг ялгавартай явуулах, эсхүл эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээг өөр хэлбэрээр явуулах үндэслэл биш болно.

Иймд нийт шүүхүүд хэргийн оролцогчдоос нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад төлж буй тэмдэгтийн хураамжийн хэмжээ, хугацаа, журмыг анхааралтай хянаж, гарч буй зөрчлийг цаг алдалгүй тухайн бүрт нь илрүүлэн залруулж байвал зохино.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн талаарх хууль тогтоомжийн өөрчлөлт ба хураамж тооцох арга.

2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх талаар уг хуулийн 47 дугаар зүйлд заажээ.

2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 2010 оны хуульд 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдөр болон 2012 оны 5 дугаар сарын 17, 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон байна.

2.1.Шинэчлэн найруулсан хуулийн 7 дугаар зүйлд шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг зохицуулсан байна. Энэ зүйлд заасан хэмжээ 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөгдсөн байна.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хэвлэгдсэн тул Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-т зааснаар 2011 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилжээ.

Иймд шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, гомдлын хугацаанаас хамааран улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг өөрөөр тодорхойлно:

2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл

2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл

2011 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс хойш

1993 оны хуулиар

Шинэчлэн найруулсан хуулиар

Шинэчлэн найруулсан хуульд нэмэлт, өөрчлөлт орсон одоогийн даган мөрдөгдөж буй хуулиар

Харин улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьд хуулиар төлсөн байтал уг хураамжийг хуваарилахад өөр хууль үйлчилж байгаа тохиолдолд шүүх шинэ хуулийг баримталж, хариуцагчаас гаргуулах тохиолдолд нэхэмжлэгчид олгохоос илүү хэмжээг улсын орлогод оруулахаар заана. Харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээс хураамжийн зөрүүг нөхөн гаргуулах шаардлагагүй болно. Хураамжийг зохигчдын хэн алинд нь хуваарилж байгаа тохиолдолд мөн ижил зарчмыг баримтална.

Хураамжийн хэмжээ шинэ хуулиар багассан тохиолдолд илүү төлөгдсөн хэсгийг буцаан олгоно.

2.2.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эрх зүйн маргаан зохицуулахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 44, 71дүгээр зүйлд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөх талаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуульд заасан байгааг шүүх анхаарвал зохино.

3.Нэхэмжлэлийн үнийн дүн ба улсын тэмдэгтийн хураамж.

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс, гомдол гаргаж байгаа тохиолдолд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр тооцдог учир нэхэмжлэлийн үнийн дүн, хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээ зэргийг зөв тодорхойлох чухал юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох үндэслэлийг заажээ.

3.1.Мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлдог тул энэ тооцоог хийхэд хамгийн хялбар юм. Мөнгө гаргуулах тухай хэд хэдэн шаардлага гарсан тохиолдолд нийлбэр дүнгээр тооцно. Хэд хэдэн шаардлагын зарим нь мөнгө гаргуулах тухай зарим нь өөр төрлийнх бол мөн адил нийлбэр дүнгээр тооцно.

3.2.Эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тооцдог ба зах зээлийн үнэ тодорхой бус байгаа тохиолдолд нотлогдсон хэмжээгээр буюу зохигч хэрхэн тодорхойлсноор тооцно.

Эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч хэрхэн тодорхойлсноос үл хамааран шүүх хэргийг шийдвэрлэхдээ хураамжийг зохих журмын дагуу гаргуулна. Тухайлбал, орон сууц чөлөөлүүлэх, орон сууцнаас нүүлгэн гаргах гэж шаардлага тодорхойлсон боловч шаардлагыг орон сууц гаргуулах тухай гэж үзэж, орон сууцны үнээс хураамжийн хэмжээг тооцно.

3.3.Бие даасан хэд хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын нийлбэрээр нэхэмжлэлийн үнийн дүнг тооцдог учир шаардлага тус бүрийн дүнг зөв тодорхойлбол зохино.

Тухайлбал, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүн: эд хөрөнгийн бус, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг, эд хөрөнгийн гэсэн гурван шаардлагын үнийн дүнгээс бүрдэнэ. Харин улсын тэмдэгтийн хураамж тооцохдоо тэтгэлэг гаргуулах хэсэгт ногдох хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар чөлөөлж, шаардлагыг хангасан тохиолдолд тэтгэлэг төлөх этгээдээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож гаргуулна.

3.4.Гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно. Гэрээ хэлцлийн үнийн дүнг шууд тодорхойлоход хүндрэлтэй бол хураамжийг хэсэгчлэн төлүүлж, шийдвэр гарах үед нөхөн төлүүлж болно. Гэрээ, хэлцлийг бүхэлд нь бус харин зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын үнийн дүнг тэр хэсгээр нь тооцох боломжтой.

3.5.Тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно. Энэ төрлийн шаардлага бүхий нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх эсэхийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлээс шаалгах шаардлагатай. Нэхэмжлэл гаргахад хураамжаас чөлөөлөгдөх явдал нэхэмжлэлийг үнийн дүнгүй гэж үзэх, хариуцлага хүлээх этгээдийг хураамжаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.6.Үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно. Бүртгэлийн газраас олгосон гэрчилгээнд үнийн дүн заагдаагүй, эсхүл тухайн эд хөрөнгө бүртгэлд ороогүй бол энэ зүйлийн 63.1.2.-т заасан үндэслэлд хамааруулж, эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр, зах зээлийн үнэ тодорхой бус байгаа тохиолдолд нотлогдсон хэмжээгээр буюу зохигч хэрхэн тодорхойлсноор тооцно.

3.7.Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэлд заасан үнийн дүнгээр тодорхойлдог учир тухайн нэхэмжлэлийн эд хөрөнгийн бус болон эд хөрөнгийн хэсгийг зааглан үзвэл зохино. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх хэсгийг эд хөрөнгийн бус нэхэмжлэл гэж үзэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хураамж тооцно. Харин хохирол гаргуулах шаардлагыг мөнгө төлүүлэх шаардлага гэж үзнэ. Эдгээр шаардлагын үнийн дүнг энэ зүйлийн 63.1.3.-т заасан зарчмаар тодорхойлно.

3.8.Үнэт цаастай холбогдох нэхэмжлэлд хөрөнгийн биржийн тухайн үеийн ханшаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлно. Үнэт цаастай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлсноор үнийн дүнг зөв тогтооно. Үнэт цаастай холбоотой шаардлага болгоныг энэ хэсэгт хамааруулахгүй.

3.9.Тусгай зөвшөөрөл, тендертэй холбогдох нэхэмжлэлд тусгай зөвшөөрлийн, эсхүл тендерийн хураамжийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохоор хуульд заасан боловч тухайн төрлийн маргааны хэргийн харьяаллыг юуны өмнө анхаарвал зохино.

4.Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх, хураамжийн хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлэх

Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх, хураамжийн хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлэх асуудлыг шүүх хүсэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

4.1.Судалгаанаас үзэхэд иргэд, хуулийн этгээд нь улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлөх хүсэлтийг бараг гаргадаггүй, харин улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтийг их гаргадаг байна.

Улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар, эсхүл шүүхийн шийдвэрээр /шүүгчийн захирамжаар/ чөлөөлнө.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д шүүхэд нэхэмжлэл гаргахад хураамжаас чөлөөлөх үндэслэлийг заажээ. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар шүүх хураамж төлөхөөс чөлөөлдөг.

Дээрх хоёр тохиолдлын алин нь ч нэхэмжлэгчид хамааралтай болохыг анхаарах шаардлагатай юм. Харин шүүхээс нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хуульд заасан журам, хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод төлнө.

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4., 173 дугаар зүйлийн 173.3.-т зааснаар гомдол гаргасан тал /нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь/ дээрх хоёр үндэслэлээр хураамжаас чөлөөлөгдөх боломжтой.

Жишээлбэл: Төсвийн байгууллага нэхэмжлэгч байгаа тохиолдолд нэхэмжлэл, гомдлын алиныг нь ч гаргахад хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар чөлөөлөгдөх бол хариуцагч төсвийн байгууллага зөвхөн гомдол гаргах тохиолдолд чөлөөлөгдөж, харин хураамж хуваарилахад чөлөөлөгдөхгүй.

Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн шат болгонд урьдчилан төлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэх тул "улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх хүсэлт"-ийн агуулгыг шүүх анхаарч байвал зохино.

Аль нэг шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн шийдвэр /шүүгчийн захирамж/ тухайн шатны шүүхэд тухайн хэргийг шийдвэрлэхэд тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлдөг тул шүүхийн шат бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтийг тохиолдол бүрт зохих журмын дагуу гаргаж шийдвэрлүүлнэ.

Хүсэлтийн агуулгаас хамаарч тухайн хэргийг гурван шатны шүүх шийдвэрлэхэд тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн нэг шийдвэр /захирамжийг/ анхан шатны шүүх гаргахыг үгүйсгэхгүй ч судалгаанаас үзэхэд нэхэмжлэлийн үнийн дүн, шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээ зэргээс хамаарч ихэнхдээ шүүхийн шат бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтийг тохиолдол бүрт зохих журмын дагуу гаргаж шийдвэрлүүлдэг байна.

Иймд тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ хүсэлтийн агуулгыг тодруулж, нотлох баримтыг үнэлэх нь зүйтэй. Хүсэлтийн агуулга нь хүсэлтийг нотолсон баримтыг үнэлэхэд ач холбогдолтойг анхаарах шаардлагатай.

Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөхөд тухайн этгээд төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон байх ёстой бол тэрээр төлбөрийн чадвар муутай, эд хөрөнгийн байдал дорой байх нь хураамж төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Эд хөрөнгийн байдлаас гадна бусад байдал гэсэнд эрүүл мэндийн, ахуй нөхцлийн, амьжиргааны, бизнесийн г.м байдлууд хамаарах бөгөөд шүүх тухайн харгалзаж буй нөхцөл байдлыг тодорхой тусгаж, хуульд заасан бусад арга хэрэгслийг сонгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг зөрчихгүй юм.

4.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах, эсхүл хугацааг хойшлуулах, хэсэгчлэн төлүүлэх боломжтой. Зохигчид эдгээр боломжийн талаар тэр бүр мэддэггүй учир улсын тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй тохиолдол бүрт хураамжаас чөлөөлүүлэхийг хүсдэг. Шүүх тухайн хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон арга хэрэгслийг бүтээлчээр хэрэглэх боломжтой гэж үзнэ.

5.Бусад

5.1.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч уг хураамжийг буцаан авалгүйгээр төсвийн дансанд байлгаж байгаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг арилган шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа урьд төлсөн хураамжийн баримт, тухайн хураамжийг буцаан аваагүй тухай тодорхойлолтыг зохих байгууллагаас хавсарган ирүүлэх тохиолдол олширч байна.

Нэхэмжлэл гаргаж буй хугацаа, төлбөр төлсөн хугацаа зөрөх, хураамжийн талаар гарсан хүчин төгөлдөр эрхийн актын заалт биелэгдэхгүй зэрэг сөрөг үр дагавар гарах магадлалтай тул зүй нь нэхэмжлэгч хураамжийн төлбөрийг шинээр төлөх ёстой ба түрүүчийн хураамжийг буцаан авах эсэх нь түүний эрхийн асуудал юм.

Гэвч хэргийн онцлог, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, дахин нэхэмжлэл гаргах хоёр үйл явдлын хооронд богино хугацаа өнгөрсөн байх, хураамжийн хэмжээ их байх зэрэг шалтгаанаар нэхэмжлэгчийн дээрх ажиллагааг шүүх зөвшөөрч байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын заалтыг хэрхэх талаар шүүхийн шийдвэрт заах шаардлагатай.

5.2.Давж заалдах болон хяналтын гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн бол анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзана, харин давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцэхээс татгалзана. Хураамжийг гүйцээж төлсөн явдал гомдол гаргах хугацааг харгалзахгүй байх үндэслэл болохгүй. Тухайн тохиолдол бүрт гомдол гаргах хугацааг сэргээх эсэх асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нөхцөлд хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлнэ.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ