A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2007 оны 3 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

                                                ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 40 ДҮГЭЭР ЗҮЙЛ /АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ/-ИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Хэвлэх

Гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал болох "Аргагүй хамгаалалт"-ын талаар заасан Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийг шүүн таслах ажиллагаанд хэрхэн хэрэглэж буйг судлаж үзэв.

Сүүлийн гурван жилд улсын хэмжээнд бүгд 5 хэргийг аргагүй хамгаалалт гэж үзэж шийдвэрлэснээс 2004 онд 1 хэрэг, 2006 онд 3 хэрэг, 2007 онд 1 хэрэг байна.

Дээрхээс Дорнод аймаг дахь Сум дундын шүүхээр 1 хэрэг, Баянзүрх дүүргийн шүүхээр 1 хэрэг, Архангай аймгийн шүүхээр 1 хэрэг, Нийслэлийн шүүхээр 1 хэрэг, Улсын Дээд шүүхээр 1 хэрэг тус тус хянан шийдвэрлэгджээ.

Хэргийн төрлөөр нь авч үзвэл "Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан" /Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг/ хэрэг 2, "Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан" /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг/ хэрэг 1, "Хүнийг санаатай алсан" /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг/ хэрэг 2 байна.

Эдгээр хэргийг судалж үзэхэд аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн довтолгоон бүхий үйлдлийн эсрэг хийсэн, халдлага эхэлсэн тухайн цаг үед өөрийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөгөө хамгаалахын тулд хариу арга хэмжээ авсан үйлдлүүдэд хэрэглэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон зэргээс дүгнэхэд шүүхүүд Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийг үндсэндээ зөв хэрэглэж байна.

Гэвч Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны зарим шүүх "Шүүхийн тогтоол", зарим нь "Цагаатгах тогтоол" гаргаж байгаагийн дээр зөвхөн Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг, эсвэл мөн зүйл хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгтэй давхар, түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсгийг дангаар нь баримталж хэргийг хэрэгсэхгүй болгох буюу аргагүй хамгаалалт гэж тооцох зэргээр өөр өөрөөр шийдвэрлэжээ.

Гэмт халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах эрхийг 2002 оны Эрүүгийн хуулиар нилээд өргөжүүлсэн болохыг тэмдэглэж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийг нэг мөр ойлгож, шүүн таслах ажиллагаанд зөв хэрэглэхэд туслах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖ болгох нь:

1.Нийгэмд аюултай халдлагаас хамгаалж аргагүй хамгаалалт хийх нь Эрүүгийн хуулиар тогтоож, зөвшөөрсөн хувь хүний эрх юм.

2.Аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай бөгөөд идэвхтэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн хэдий ч бодит агуулгаараа төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдаг тул нийгэмд ашигтай үйлдэл мөн.

3.Аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн довтолгоон үйлдэж буй этгээдийн эсрэг халдагч этгээдийн эрх чөлөө, эрүүл мэнд, амь биед хохирол учруулах замаар хийдэг бөгөөд гэм хор нь хэлбэрийн хувьд эд хөрөнгийг нь устгасан буюу гэмтээсэн, бие махбодид нь гэмтэл учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан, амь насыг нь хохироосон байж болно.

4.Нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн довтолгоон эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх учиртай. Түүнээс довтолгоон төгссөн хойно хийсэн хариу үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж болохгүй. Түүнчлэн хуулийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны /хууль сахиулах байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэж байгаа тохиолдолд гэх мэт/ эсрэг үйлдэл хийснийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй.

5.Нийгэмд аюултай халдлага гэдэг нь гэмт этгээдээс төр нийгмийн ашиг сонирхол, хүний амьд явах болон халдашгүй, чөлөөтэй байх түүнчлэн бусад эрх, эрх чөлөөнд хохирол учруулахын тулд хийж байгаа, Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, санаатай үйлдэл байна.

6.Халдлага бодитой хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой болсон тохиолдолд төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг түүнээс хамгаалж хийсэн үйлдлийн улмаас халдагч этгээдэд учирсан хохирлын хэмжээг үл харгалзан хамгаалагч этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байвал зохино.

7.Хэрэв халдлага бодитой хийгдээгүй, эсхүл халдагч этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад аргагүй хамгаалалт хийж, бусдад гэм хор учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульд заасан ердийн журмаар шийдвэрлэнэ.

8.Аргагүй хамгаалалт зохих ёсоор хийгдсэн эсэхэд халдлага бий болсон орон цаг, нөхцөл байдал, довтолгооны шинж, халдлагын объект, учирсан буюу учрах байсан хор уршгийн хэр хэмжээ, хэрэглэсэн арга, зэвсэг, хэрэгсэл, хүчний харьцаа зэрэг нь ямар нэгэн ач холбогдолгүй.

9.Нас хүйс, ажил мэргэжил, албан тушаал, албаны болон бусад тусгай бэлтгэлээс үл хамааран хүн бүр нийгэмд аюултай халдлагын эсрэг аргагүй хамгаалалт хийх эрхтэй.

10.Нийгэмд аюултай халдлагаас хамгаалалт хийхээс өөр байдлаар зайлсхийх болон бусдаас тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт хийх эрхэд нөлөөлөхгүй.

11.Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлан тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй тухай "Шүүхийн тогтоол"-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг удирдлага болгон гаргаж байвал зохино.

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ