Хэвлэх DOC Татаж авах
ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИЙН МЭДҮҮЛГИЙГ ҮНЭЛЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

2008 оны 12 дугаар                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 15-ны өдөр                                                                                                                                                                                                                                                           хот

 

ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИЙН МЭДҮҮЛГИЙГ

ҮНЭЛЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 81, 82 дугаар зүйлд заасан нотлох баримтын эх сурвалж болох сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг хэрхэн үнэлж байгаа талаарх шүүхийн практикийг судлан үзээд Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖ болгох нь:

Яллагдагч /шүүгдэгчийн/ мэдүүлэг гэдэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлж авсан бөгөөд сонсгосон ялын агуулгыг тодорхойлж буй нөхцөл байдал болон хэргийн бусад байдлын талаар яллагдагч /шүүгдэгч/-аас өгч буй аман мэдээлэл юм.

Яллагдагч /шүүгдэгч/-ийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн явдалтай нь холбогдуулж байцаадаг тул түүний мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой.

Хэрэв яллагдагч /шүүгдэгч/ гэм буруугаа хүлээн мэдүүлж байвал, энэ мэдүүлэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох үндэс болно.

Гэм буруугаа ийнхүү хүлээн мэдүүлж буй мэдүүлэг нь дангаараа түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэл болохгүй ч хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Гэвч шүүх, шүүгч гэм буруугаа хүлээн мэдүүлж буй мэдүүлгийг хэтрүүлэн үнэлэх нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг анхаарвал зохино.

Яллагдагч /шүүгдэгч/-ийн мэдүүлгийг үнэлэхдээ:

1.Яллагдагч /шүүгдэгч/ ял шийтгэл хүлээхээс эмээж, худал мэдүүлэг өгч болзошгүй ба ийнхүү худал мэдүүлэг өгснийхөө хариуцлага хүлээдэггүй;

2.Бусдын нөлөөгөөр өөр хүний үйлдсэн гэмт хэргийг хүлээж, энэ талаар мэдүүлэг өгч байж болзошгүй;

3.Үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй тул хэргийг ямар нэгэн аргаар өөрийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэх сонирхол давамгайлсан байдаг зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад яллагдагч /шүүгдэгч/ үйлдсэн хэргээ үнэхээр хүлээж байгаа эсэхийг ялгаж салгахын тулд яллагдагч /шүүгдэгч/-ийн мэдүүлэгт агуулагдаж байгаа мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан авч үзэх шаардлагатай.

Ингэхийн тулд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 270-277 дугаар зүйлд заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гэрч, хохирогчийн гаргасан мэдүүлгийг уншиж сонсгох, шинжилгээ хийлгэх, эд мөрийн баримтад үзлэг хийх, туршилт явуулах зэргээр яллагдагч /шүүгдэгч/-ийн мэдүүлгийг шалгаж болно.

Үүнээс гадна тухайн хэргийн яллагдагч /шүүгдэгч/ нь заавал өмгөөлөгчтэй байх эсэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хийгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан эсэх, яллагдагчийг хөтлөх, тулгах аргаар байцаасан, аль нэг талыг барьсан эсэхийг нарийвчлан шалгасан байх шаардлагатай.

Хэрэв нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар нотлох чадвараа алдана.

Тэрчлэн заавал өмгөөлөгч оролцуулах заалтыг зөрчиж, яллагдагчаас мэдүүлэг авсан бол энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчилд тооцогдож, улмаар шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болно.

Практикт хэргийг хэлэлцэх явцад хоёр ба түүнээс дээш тооны яллагдагч /шүүгдэгч/ нарын мэдүүлгүүдэд зөрүү гарвал шүүхээс эдгээр яллагдагч нарын мэдүүлгүүдийн аль нэгийг нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан гэж тооцох явдал цөөнгүй гардаг.

Энэ тохиолдолд бусад мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоол, магадлалд заавал дурдаж байвал зохино.

 

 

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ