Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 365 ДУГААР ЗҮЙЛД  ЗААСАН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭТГЭЭДИЙН ҮЙЛДСЭН ХЭРГИЙН  ТАЛААР НЭМЖ ТОГТООВОЛ ЗОХИХ БАЙДЛУУДЫН ТУХАЙ.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

 

2009 оны 3 дугаар                                                                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 31-ний өдөр                                                                                                                                                                                                                                                        хот

 

 

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 365 ДУГААР ЗҮЙЛД

ЗААСАН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭТГЭЭДИЙН ҮЙЛДСЭН ХЭРГИЙН

ТАЛААР НЭМЖ ТОГТООВОЛ ЗОХИХ БАЙДЛУУДЫН ТУХАЙ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаас гадна мөн хуулийн 365 дугаар зүйлд заасан насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэргийн хувьд нэмж тогтоовол зохих байдлуудыг хэрхэн тогтоож байгаа талаарх шүүхийн практик болон энэ талаар 2007 онд НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийгдсэн судалгааны дүнг судлан үзээд Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖ болгох нь:

1.Насанд хүрээгүй яллагдагчийн /шүүгдэгчийн/ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбарыг хэрэгт заавал хавсаргасан байвал зохино. Хэрэв дээрх бичиг баримтууд байхгүй бол иргэний бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зохих лавлагааг авч хэрэгт хавсаргах замаар насанд хүрээгүй яллагдагчийн /шүүгдэгчийн/ төрсөн он, сар, өдөр, насыг тогтоох нь зүйтэй.

2.Насанд хүрээгүй яллагдагчийн /шүүгдэгчийн/ хувьд амьдралын ямар нөхцөл байдал, хүмүүжилтэй болохыг тодруулахдаа түүний гэр бүлийн байдал, эцэг, эхийнх нь өөр хоорондын харилцаа болон хүүхдийнхээ хүмүүжилд хэр анхаарал тавьдаг зэргийг тодруулж, холбогдох этгээдүүдээс мэдүүлэг авах, хэрэв ерөнхий боловсролын сургуульд сурдаг бол хувийн хэргийг нь хуулбарлан хэрэгт хавсаргаж, өмнө нь гэмт хэрэг үйлдсэн эсэх, захиргааны зөрчил гаргаж байсан эсэхийг заавал тогтоосон байх шаардлагатай.

Хэрэв гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байсан бол ямар арга хэмжээ авагдаж байсан, түүний талаар цагдаагийн байгууллагад ямар бүртгэл, судалгаа байгааг тодруулж, зохих баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргасан байна.

3.Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцлийг тогтоохдоо тухайн этгээдийн гэр бүлийн хүмүүжил, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтаг, шалтгаан, сэдэлт, зорилго, уг гэмт хэргийг үйлдэх боломжийг бий болгосон нөхцөл байдлууд, мөн эцэг, эх болон насанд хүрсэн өөр хүмүүс гэмт хэрэгт татан оролцуулсан эсэх, түүнчлэн эцэг, эх нь үр хүүхдээ хүмүүжүүлэх үүргээс санаатай зайлсхийсэн эсэхийг тогтоосон байвал зохино.

4.Сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүй байдал илэрвэл ухаан санааны ерөнхий хөгжил, өөрийн үйлдлийг учир холбогдлыг ойлгож байгаа эсэхийг шинжээч томилж заавал тогтооно.

 

 

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ