Хэвлэх DOC Татаж авах
НАСАНД ХҮРЭЭГҮЙ СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХОД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

 

2009 оны 3 дугаар                                                                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 31-ний өдөр                                                                                                                                                                                                                                                          хот

 

 

НАСАНД ХҮРЭЭГҮЙ СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ,

ЦАГДАН ХОРИХОД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

 

Насанд хүрээгүй этгээдийг баривчлах, цагдан хорих асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дөчин хоёрдугаар бүлэгт заасан тусгай журмаар гүйцэтгэнэ.

Сэжигтнийг баривчлах, сэжигтэн яллагдагчийг цагдан хориход анхаарах зарим асуудлаар Улсын Дээд шүүхээс 2008 оны 3 сарын 31-нд “Зөвлөмж” гаргаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх нийтлэг үндэслэлүүдийг тусгасан ч насанд хүрээгүй этгээдийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг шүүгч гаргахдаа дараах зүйлийг анхаарахыг зөвлөмж болгож байна.

1.Насанд хүрээгүй этгээдийн насыг тодорхойлох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг заавал нягтлан шалгаж, эрх бүхий этгээдийн баталсан хувийг хэрэгт хавсаргаж байвал зохино. Ингэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний бичилт, огноо засваргүй, ямар нэгэн эргэлзээгүй байгаа эсэхийг онцгой анхаарах шаардлагатай.

Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримт байхгүй тохиолдолд орон нутгийн засаг захиргаа, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, дүгнэлт зэрэг бусад бичиг баримтыг үндэслэнэ.

2.Насанд хүрээгүй этгээдийн байнгын оршин суудаг хаяг, амьдралын нөхцөл байдлыг заавал тодруулсан байна. Үүнд: эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хаягийн тэмдэглэл, оршин суугаа баг, хорооны тодорхойлолт, ажлын газар, сургуулийн тодорхойлолт гэх мэт.

3.Насанд хүрээгүй этгээдийг баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгохдоо түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 372 дугаар зүйлд заасны дагуу заавал оролцуулж, баривчилсан эсхүл цагдан хорьсон тохиолдолд мөн хуулийн 366 дугаар зүйлийн 366.2-т заасан хугацаанд эрх бүхий этгээдэд заавал мэдэгдэж байвал зохино.

4.Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих асуудлыг шүүгч шийдвэрлэхдээ түүнтэй биечлэн уулзаж байх нь зүйтэй.

5.Насанд хүрээгүй яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 366 дугаар зүйлийн 366.4-т заасан хугацаанаас хэтрүүлэхгүй бөгөөд захирамж гаргасан шүүгч хугацааны хяналтыг бүртгэлээр хэрэгжүүлнэ.

6.Насанд хүрээгүй этгээдийг баривчилсан, цагдан хорьсон байдлыг анхан шатны шүүхүүд жил бүр судлаж, дүнг хэлэлцэн, гарсан алдаа зөрчлийг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах нь зүйтэй.

 

 

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ