Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 62, 621, 69 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

2009 оны 7 дугаар                                                                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 10-ны өдөр                                                                                                             Дугаар 4                                                                                                                            хот

 

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 62, 621, 69 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ

ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

 

Эрүүгийн хуулийн 62, 621, 69 дүгээр зүйлийг шүүхийн практикт зөв хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасныг баримтлан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Зөвлөмж болгох нь:

Нэг.Эрүүгийн хуулийн /цаашид хуулийн гэх/ 62 дугаар зүйл ”Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” тухай.

1.1.Хуулийн энэ заалтыг хэрэглэхэд дараах үндсэн нөхцөл нэгэн зэрэг бүрдсэн байх учиртайг анхаарах. Үүнд:

-уг “насанд хүрээгүй этгээд анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,

-түүндээ”хорих ял шийтгүүлсэн”,

-үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал нь сүбьектыг “нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой” гэж дүгнэхэд хүргэсэн байх.

1.2. Насыг:

-төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх,

-мэргэшсэн шинжээч нарын дүгнэлт,

-эдгээр нь байхгүй, маргаантай бол иргэний шүүхийн шийдвэрийг үндэслэн тооцоолж гаргана.

1.3.Шийтгэх тогтоол биелүүлэхийг “хойшлуулж болно” гэсэн нь зөвшөөрсөн заалт бөгөөд шүүхэд заавал хойшлуулахыг үүрэг болгоогүйг анхаарч ажиллах.

1.4.Харин шүүх нэгэнт “хойшлуулах үндэслэл байна” гэж үзээд хорих үндсэн ялыг биелүүлэхийг хойшлуулсан бол нэмэгдэл ял биелүүлэхийг “нэгэн адил хойшлуулна”.

1.5.Хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д заасан хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, иргэний “хүсэлт”, “зөвшөөрөл” нь байгууллагын хувьд бичгээр гарч түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж зохих журмын дагуу ёсчлогдсон,

Энд нэрлэгдсэн бусад этгээдийн хувьд өөрсдийнх нь гарын үсэг бүхий бичгээр гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт, хэрэв эдгээрийг амаар гаргасан бол мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдах хэлбэрээр гарч болно.

Хоёр.Хуулийн 621 дүгээр зүйлд заасан “Насанд хүрээгүй этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах” тухай.

2.1.Хуулийн энэ заалтыг хэрэглэхэд дараах үндсэн нөхцөл нэгэн зэрэг бүрдсэн байх ёстойг анхаарах. Үүнд:

“хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн” /хүндэвтэр хэргээс эхлээд/, субьект “насанд хүрээгүй”,

“гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан”,

тухайн этгээдийн “хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанар” нь “хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж болох” юм гэсэн дүгнэлтэд хүргэсэн байх.

2.2.Хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур тогтоох хязгаарыг Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 10 дугаар тогтоолын 10-д тайлбарласнаар ойлгоно.

2.3.Хуулийн энэ заалт нь хорих ялын “доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болно” гэж шүүхэд зөвшөөрсөн, гэхдээ үүрэг болгоогүйг анхаарах.

Гурав.Хуулийн 69 дүгээр зүйлд заасан “Насанд хүрээгүй этгээдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай.

3.1.Хуулийн энэ заалтыг хэрэглэхэд дараах үндсэн нөхцөл нэгэн зэрэг бүрдсэн байх шаардлагатайг анхаарах. Үүнд:

“хөнгөн буюу хүндэвтэр” гэмт хэрэг “анх удаа” үйлдсэн,

субьект “насанд хүрээгүй”,

хэргийн болон хэрэгтний хувийн байдал нь шүүх “ял оногдуулахгүй байх нь зохистой” гэж үзэхэд хүргэсэн байх.

3.2.Албадлагын арга хэмжээ хэрэглэхийн өмнө шүүх тухайн насанд хүрээгүй сүбьектын гэм бурууг тогтоож, хэргийг нь зөв зүйлчилнэ,

Гэхдээ хуулийн тусгай ангид заасан үндсэн болон нэмэгдэл ялыг оногдуулахгүй,

Ингээд 69 дүгээр зүйлийн 69.1.1 ба 69.1.2-д нэрлэсэн даалгавар болон үүргийг насанд хүрээгүй шүүгдэгчид хүлээлгэнэ,

Түүнчлэн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-д заасанчлан тухайн шүүгдэгчийг “хяналтдаа байлгах” үүрэг хүлээх бусад талуудыг нэрлэж, тэдэнд чухам ямар үүрэг ногдуулснаа заах байдлаар хуулийг хэрэгжүүлнэ.

3.3.Хуулийн энэ заалт нь “хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж болно” гэж шүүхэд зөвшөөрсөн, гэхдээ үүрэг болгоогүйг анхаарах.

Дөрөв.Хуулийн 62 зүйлийн “Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуусан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах”, 621дүгээр зүйлийн “Насанд хүрээгүй этгээдэд хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах”, 69 дүгээр зүйлийн “Насанд хүрээгүй этгээдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” үндэслэлтэй гэж үзсэн,

Эсхүл боломжгүй гэж байгаа бол шүүх шийтгэх тогтоол, магадлал, тогтоолд түүнийхээ үндэслэлийг тодорхой зааж байвал зохино.

 

 

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ