A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

                              ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 338, 339, 340 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШҮҮХЭЭС АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

Хэвлэх

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /цаашид Хуулийн гэх/ 338, 339, 340 дүгээр зүйлийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас 3ӨВЛӨМЖ болгох нь:

338 дугаар зүйл.Тогтоолыг биелэгдээгүй байгаа бусад тогтоолтой нэгтгэж биелүүлэх

Хэвлэх

338.1.Ялтны талаар биелэгдээгүй хэд хэдэн тогтоол байгаа ба түүнийг сүүлчийн тогтоол гаргасан шүүх мэдээгүй бол тухайн буюу түүнтэй адил эрхтэй бөгөөд тогтоолыг биелүүлбэл зохих шүүх Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлийг удирдлага болгон ялтанд бүх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэж хэрэглэх тухай захирамж гаргах үүрэгтэй гэсэн заалтыг дор дурьдсанаар хэрэглэнэ. Үүнд:

1.Ял шийтгэл оногдуулсан шүүхийн өмнөх тогтоол хүчин төгөлдөр бөгөөд ялаа эдлээгүй байгааг сүүлийн шийтгэх тогтоол гаргасан шүүх мэдэлгүйгээр тусдаа тогтоол гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлийн аль тохирохыг удирдлага болгон бүх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэж, биечлэн эдэлбэл зохих ялыг заавал тогтооно. Хэрвээ ялтан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлснийхээ дараа энэ тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ сүүлд нь ял шийтгүүлсэн байвал Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийг, харин шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг эдлээгүй байж байгаад гэмт хэрэг шинээр үйлдэж түүндээ дахин ял шийтгүүлсэн байвал Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоно.

2.Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлээр ял нэгтгэхэд хамгийн сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялуудын заримыг буюу бүгдийг зайлшгүй нэмж нэгтгэдэг учраас хооронд нь нэмж нэгтгэж болохгүй ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр зааж өгнө.

3.Тогтоолыг биелэгдээгүй байгаа бусад тогтоолтой нэгтгэж биелүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3, 58.4, 58.5-д заасан хэмжээ, журмыг зөрчихгүй байхад онцгой анхаарвал зохино.

4.Энэ зүйлд заасан "…тухайн… шүүх" гэж "…сүүлчийн тогтоол гаргасан…" анхан шатны шүүхийг,

"түүнтэй адил эрхтэй бөгөөд тогтоолыг биелүүлбэл зохих…" гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14, 15, 16, 18 дугаар бүлэгт зааснаар шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа газрын анхан шатны шүүхийг хэлнэ.

5.Ялуудыг нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох асуудлыг сүүлийн шийтгэх тогтоол гаргасан шүүх буюу түүнтэй адил эрхтэй бөгөөд шийтгэх тогтоолыг биелүүлбэл зохих газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

Ийнхүү тогтоосон биечлэн эдлэх ялыг шүүхийн шийдвэр биелүүлэх газар биелүүлнэ.

339 дүгээр зүйл.Тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх

Хэвлэх

339.1.Тогтоол биелүүлэхийг хойшлуулах, торгох, албадан ажил хийлгэх ялыг өөр ялаар солих, түүнчлэн тогтоол биелүүлэх үед гарсан ямар нэг тодорхой биш зүйлийг тодруулах асуудлыг уг тогтоол гаргасан шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.

339.2.Тогтоол нь түүнийг гаргасан шүүхийн нутаг дэвсгэрийн харъяалалд үл хамаарах өөр орон нутагт биелэгдэж байгаа бол дээр дурдсан асуудлыг тогтоол биелүүлж байгаа газрын адил эрхтэй шүүх, хэрэв тийм шүүх байхгүй бол дээд шатны шүүх шийдвэрлэж, захирамжийг тогтоол гаргасан шүүхэд явуулна.

339.3.Өвчний учир ял эдлүүлэхээс чөлөөлөх, хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх, эдлээгүй үлдсэн ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих, гянданд эдлүүлэх ялыг хорих ангид эдлүүлэхээр солих, хорих ангид эдлэх ялыг гянданд эдлүүлэхээр солих асуудлыг уг тогтоолыг ямар шүүх гаргасныг харгалзахгүйгээр тогтоол биелүүлж байгаа газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ гэсэн заалтыг дараах байдлаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:

1.Хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д дурьдсан шийдвэрлэвэл зохих асуудлыг тухайн шийтгэх тогтоол гаргасан шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ. Хэрвээ энэ асуудал нь тогтоол гаргасан шүүхийн нутаг дэвсгэрийн харьяаллаас гадна өөр орон нутагт тавигдаж байгаа бол тогтоол биелүүлж байгаа газрын бөгөөд шийтгэх тогтоол анх гаргасан шүүхтэй адил эрхтэй шүүхийн шүүгч, хэрэв тийм шүүх байхгүй бол дээд шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

2.Тогтоол биелүүлэх үед гарсан тодорхой биш зүйл гэдэгт урьдчилан хоригдсон хоног дутуу байх, дэглэм тодорхойгүй байх, төлбөр тооцооны зарим асуудал тодорхойгүй байх, ялтан урьдчилан хоригдсон эсэхийг заалгүй орхигдуулсан, хорих ялыг ямар дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь тодорхойгүй, иргэний нэхэмлжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, эд мөрийн баримтыг хэрхэхийг шийдвэрлээгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардлыг хуваарилаагүй зэрэг шийтгэх тогтоолыг биелүүлэх ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тодорхой биш асуудлуудыг хамааруулах бөгөөд түүнийг заавал тодруулан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай

3.Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэх ажиллагаа нь хойшлогдсон насанд хүрээгүй этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй, эсхүл ийнхүү хойшлуулсан хугацаанд ямар нэг зөрчил гаргасны улмаас захиргааны шийтгэл хүлээсэн бол холбогдох нотлох баримт, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож анх оногдуулсан хорих ялыг бүхэлд нь биечлэн эдлүүлэхээр тогтоол гаргасан шүүхийн шүүгч шийдвэрлэж, захирамж гаргана.

4.Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу мөн насны хүүхэдтэй ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дээрх ялтан /эх, эцэг/ хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол дээр дурдсан журмын дагуу шийдэрлэнэ.

5.Торгох ялаас ноцтойгоор зайлсхийсэн этгээдийн ялыг солих тухай асуудлыг хуулийн 336 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

6.Албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатай зайлсхийсэн этгээдийн эдлээгүй үлдсэн ялын найман цагийг нэг хоног баривчлах ялд дүйцүүлэн солино.

7.Хэрэв торгох ял шийтгүүлсэн этгээд шүүхээс тогтоосон буюу хойшлуулсан хугацаанд торгуулийн ялыг хэсэгчлэн төлөөд үлдэх хэсгийг төлөхөөс ноцтойгоор зайлсхийвэл төлөөгүй үлдсэн торгох ялын хэмжээг харгалзан хорих ялаар солих асуудлыг Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасныг үндэслэж шийдвэрлэнэ.

8.Харин хуулийн 339 дүгээр зүйлийн 339.3-т заасан шийдвэрлэвэл зохих асуудлыг зөвхөн тогтоол биелүүлж байгаа газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл уг шийтгэх тогтоолыг ямар шүүх гаргасан нь үүнд хамааралгүй.

340 дүгээр зүйл.Тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх журам

Хэвлэх

340.1.Тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шүүх хуралдаанаар прокурорыг оролцуулан шийдвэрлэнэ.

340.2.Ялтан, түүний өмгөөлөгч, хэрэв тогтоол биелүүлэх асуудал иргэний нэхэмжлэлд хамаарагдаж байгаа бол иргэний нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд дуудаж болох ба уг этгээд ирээгүй нь хэргийг хэлэлцэхэд саад болохгүй.

340.3.Шүүх ялтныг өвчний учир хугацаанаас нь өмнө ял эдлэхээс чөлөөлөх буюу эмнэлгийн байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дүгнэлт гаргасан эмч нарын комиссын төлөөлөгчийг заавал байлцуулна.

340.4.Ялаас хугацааны өмнө суллах буюу ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих, гянданд эдлэх ялыг зохих дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр солих, зохих дэглэмийн хорих ангид эдлэх ялыг гянданд хорих ялаар солих тухай асуудлыг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.

340.5.Хэрэг хэлэлцэх ажиллагааг шүүгчийн мэдээллээр эхлэх бөгөөд шүүх хуралдаанд ирсэн хүмүүсийн санал ба прокурорын дүгнэлтийг сонсож, улмаар шүүгч захирамж гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно гэсэн асуудлыг шийдвэрлэхдээ дараах зүйлийг анхаарвал зохино. Үүнд:

1.Тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаан нь шүүгчийн мэдээллээр эхлэж, шүүх хуралдаанд ирсэн хүмүүсийн санал ба прокурорын дүгнэлтийг сонсох дарааллаар явагдах боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар бүлэг "Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл"-д заасан журам, хэмжээ хязгаарын дотор явагдана. Тэгэхдээ энэ шүүх хуралдаанаар зөвхөн тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэнэ. Түүнээс хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол дахь ялтны гэм буруу, үйлдсэн хэргийн байдал, оногдуулсан ялтай холбогдсон асуудал, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийж, уг шийтгэх тогтоолыг өөрчилж болохгүй.

2.Ялаас хугацааны өмнө суллах буюу ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих, хорих ял эдлэх, ял дэглэмийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын төлөөлөгчийг, ялтныг өвчний учир хугацааны өмнө ялаас чөлөөлөх, эмнэлгийн байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дүгнэлт гаргасан эмч нарын комиссын төлөөлөгчийг заавал шүүх хуралдаанд оролцуулж санал, дүгнэлт, тайлбарыг сонсоно.

3.Хуулийн 338, 339 дүгээр зүйлд дурьдсан асуудлыг 340 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжинд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд дээд шатны шүүх ердын журмаар хянан хэлэлцэнэ.

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ