Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 73 ДУГААР ЗҮЙЛИЙГ  ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

 

2012 оны 1 дүгээр                                                                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 9-ний өдөр                                                                                                               Дугаар 01                                                                                                                           хот

 

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 73 ДУГААР ЗҮЙЛИЙГ

ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

 

Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай заасан Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖ болгох нь:

Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурьдсанаар хэрэглэнэ. Үүнд:

1.“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад” гэдэгт анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэхээс эхлэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх ажиллагаа хамаарна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн уг хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэж, тогтоол гаргах хүртэлх шат шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хамааруулан ойлгох нь зүйтэй.

2.“Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн” гэж тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны цаг үеийг уг хэргийг үйлдэж байх үе болон түүнийг зүйлчлэх ёстой хуулийг баталсан үетэй харьцуулан үзэхэд нийгэм, улс төр, эдийн засаг, аж ахуй, зохион байгуулалтын хувьд улс орны хэмжээнд буюу тодорхой нэг салбар, хэсэгт өөрчлөлт гарсан байхыг хэлэх бөгөөд дараах онцлогтой.

2.1.Цаг үеийн нөхцөл байдлын дээрх өөрчлөлт нь янз бүрийн хэлбэртэй

байж болох боловч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн зан төлөвөөс үл хамаарах бодитой шалтгаанаас үүсэн гарсан байна.

2.2.Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас эрүүгийн хариуцлагаас

чөлөөлөх нь эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа, Өршөөлийн хууль болон эрүүгийн хариуцлага ял шийтгэлээс хуульд заасан бусад үндэслэлээр чөлөөлөхтэй ямар нэгэн хамаарал байхгүй гэх мэт.

Иймд эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийг хуульд заасан үндэслэлээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтган үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болгохгүй.

3.“Гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нийгэмд аюултай шинж чанараа алдсан” гэж тухайн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль нэг зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй боловч цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь гэмт халдлагаас хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх гэсэн өөрийн үйлдсэн зорилгоо хангаж чадахгүй болсон байхыг ойлгох хэрэгтэй.

Тухайлбал: улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан агнаж, ан агнуурийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргачихсан байвал гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь ач холбогдолгүй тул хариуцлагаас чөлөөлж болно.

4.“Уг этгээд нийгэмд аюулгүй болсон” гэдгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн зан төлөвийн засрал хүмүүжил нь түүний нийгэмд аюултай байдлыг арилгасан субьектив учир шалтгааны шалгуур гэж ойлгох нь зүйтэй. Зан төлөвийн хувьд нийгэмд аюулгүй болно гэдэг нь эрх зүйн төдийгүй ёс зүйн хувьд үлгэр жишээч болсон байхыг хэлнэ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд дахин хүмүүжсэнээ зан төлөвөөрөө баталж нотолсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагагүй бөгөөд зан төлөвийн засрал нь баатарлаг үйлс бүтээх өөр төрлийн ажил, амь зуулгатай болох, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох гэх мэтээр илэрч болдог.

5.Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлагас чөлөөлөх нь хуулиар олгосон шүүхийн онцгой эрх боловч зөвхөн хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад хэрэглэнэ. Ингэж хэрэглэхдээ:

5.1.Энэ үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд тухайн гэмт

хэргийн нийгэмд аюултай шинж чанар арилсан гэмт этгээд нийгэмд аюулгүй болсон байхыг шаардана.

5.2.Гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нийгэмд аюултай шинж

чанараа алдсан, эсхүл гэмт хэрэг үйлдсэн этгээд нийгэмд аюулгүй болсон гэсэн нөхцөл байдлууд хоёулаа буюу аль нэг нь бий болсон тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.

5.3.Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийг баримталж эрүүгийн хариуцлага,

ял шийтгэлээс чөлөөлөх болсон үндэслэлээ шүүх тогтоол, магадлалдаа тодорхой зааж өгнө.

5.4.Хэрвээ шүүх хэргийг хэлэлцэж байх явцад шүүгдэгч гэм буруутай болох

нь тогтоогдвол түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас уг гэмт хэрэг нийгэмд аюултай шинж чанараа алдсан буюу гэмт этгээд нийгэмд аюулгүй болсон гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

 

 

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ