Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЕРӨНХИЙ АНГИЙН 71 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

2012 оны 1 дүгээр                                                                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 13-ны өдөр                                                                                                      Дугаар 02                                                                                                                                    хот

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЕРӨНХИЙ АНГИЙН 71 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ

ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

 

Хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар заасан Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖЛӨХ НЬ:

1.Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн” гэдэгт урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүйгээс гадна гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан боловч мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар ялгүй болсон эсхүл ял шийтгэлгүйд тооцогдсон этгээдийг тус тус хамааруулж үзнэ.

2.Энэ зүйл, хэсэгт заасан “…гэм буруутай этгээд…” гэдэгт гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хамааруулан ойлгох нь зүйтэй.

3.Мөн зүйл, хэсэгт заасан “…сайн дураараа эвлэрсэн…” гэж гэмт хэргийн улмаас хохирсон этгээд, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч хөндлөнгийн ямар нэгэн дарамт, шахалт, төөрөгдөлд оролгүйгээр, өөрийн хүсэл зоригийн дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй эвлэрч, энэ талаарх хүсэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтанд бичгээр гаргасныг хэлэх бөгөөд энэ тохиолдолд хохирогч нь эрх зүйн бүрэн чадамжтай байхаас гадна эвлэрэл нь бусад иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, мөн эвлэрэхийг хүссэн санаачилга нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн зүгээс эхэлж гарсан байх зэргийг анхаарвал зохино.

4.Эд хөрөнгө, албан тушаалын болон бусад нөхцөл байдлын улмаас яллагдагч /сэжигтэн, шүүгдэгч, ялтан/-ийн эрхшээлд байгаа хохирогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй бөгөөд энэ тохиолдолд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

5.Энэ зүйл, хэсэгт заасан "…учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан…" гэдгийг Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6.2.1, 6.2.4-т тус тус зааснаар ойлгож хэрэглэнэ.

6.Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол уг хохирлын хэмжээг Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6.1.3-т зааснаар тооцон барагдуулна.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д мансуурсан буюу согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй талаар заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулж, дээрхээс өөрөөр ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байх тул Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй дээрх заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон шийдвэрлэж байхыг зөвлөж байна.

 

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ