Хэвлэх DOC Татаж авах
БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 06 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь бараа, үйлчилгээний тэмдэг /цаашид “барааны тэмдэг” гэх/, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж

2.1.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг;

3.1.2.“хамтын тэмдэг” гэж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хуулийн этгээдийн нэгдсэн хяналтын доор түүний гишүүд ашиглах барааны тэмдгийг;

/Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.3.“гэрчлэх тэмдэг” гэж тухайн бараа, үйлчилгээний чанар, үйлдвэрлэх арга, бусад онцлог шинж чанарыг эрх бүхий байгууллага гэрчлэн бусад этгээдэд ашиглуулах барааны тэмдгийг;

3.1.4.“газар зүйн заалт” гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг;

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.5.“бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт” гэж хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэсэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг;

3.1.6.“гэрчилгээ” гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг гэрчилж, төрөөс олгож байгаа баримт бичгийг;

3.1.7.“барааны тэмдэг эзэмшигч” гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг;

3.1.8.“газар зүйн заалт хэрэглэгч” гэж газар зүйн заалтыг өөрийн бараа, бүтээгдэхүүнд ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг;

3.1.9.“мэдүүлэг” гэж барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгүүлэхийг хүссэн иргэн, хуулийн этгээдээс оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаа өргөдөл, хуульд заасан бусад  баримт  бичгийг;

3.1.10.“мэдүүлгийн бүрдлийн хяналт” гэж энэ хуулийн 6, 21 дүгээр  зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах чиглэлээр оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааг;

3.1.11.“шүүлт” гэж тухайн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 5, 20 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг;

3.1.12.“лицензийн гэрээ” гэж барааны тэмдэг эзэмшигч  бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээдэд ашиглуулах тухай бичгээр байгуулсан хэлцлийг;

3.1.13.“нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг” гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг;

3.1.14.“албан ёсны тогтмол хэвлэл” гэж Оюуны өмчийн тухай хуулийн 3.1.4-т заасныг;

/Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.15.“анхдагч огноо” гэж энэ хуулийн 7.2, 11.2, 23.2-т заасан он, сар, өдрийг;

3.1.16.“давамгайлах огноо” гэж мэдүүлгийн анхдагч огнооноос өмнө Парисын конвенцийн гишүүн болон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн аль нэг улсад уг барааны тэмдгийг бүртгүүлэхээр мэдүүлсэн он, сар, өдөр, эсхүл Парисын конвенцийн 11 дүгээр зүйлд заасан он, сар, өдрийг;

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.17.“бараа, үйлчилгээний ангилал” гэж 1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрээр баталсан “Бараа, үйлчилгээний олон улсын ангилал”-ыг;

3.1.18.“барааны тэмдгийн олон улсын мэдүүлэг” гэж Мадридын хэлэлцээр, Мадридын протоколын дагуу Дэлхийн оюуны өмчийн байгууллагын оюуны өмчийн олон улсын товчоо /цаашид “Олон улсын товчоо” гэх/-оор  дамжуулан гаргасан мэдүүлгийг;

3.1.19.“Парисын конвенци” гэж 1883 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, нэмэлт, өөрчлөлт оруулж хянан засварласан Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийг;3.1.20.“Мадридын хэлэлцээр” гэж 1891 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан, нэмэлт, өөрчлөлт оруулж хянан засварласан Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийг;3.1.21.“Мадридын протокол” гэж 1989 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийн протоколыг;

3.1.22.“Нийтлэг журам” гэж Мадридын хэлэлцээр болон Мадридын протоколыг хэрэгжүүлэх журмыг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАРААНЫ ТЭМДГИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ

4 дүгээр зүйл. Барааны тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэр

4.1.Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, өнгөний хослол, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Хэвлэх

5 дугаар зүйл.Барааны тэмдэгт тавих шаардлага

5.1.Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй:

5.1.1.үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал;

5.1.2.тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс;

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.1.3.тухайн бараа, түүний сав, баглаа боодлын үл ялгагдах хэлбэр, дүрс;

5.1.4.Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийн нэр, дүрс дангаараа байвал;

5.1.5.Монгол Улсын түүхэн хүмүүсийн бүтэн нэр, зохиомол нэр, хөрөг, зураг, тэдгээрт шууд хамаарах төсөөллийн нэр дангаараа байвал.

5.2.Дараахь барааны тэмдгийг  бүртгэхгүй:

5.2.1.Монгол Улсын болон Парисын конвенци, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нэр, товчилсон нэр, сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Монгол Улсын төрийн байгууллага, төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд, эсхүл Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй илэрхийллийг тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан;

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан./

5.2.2.Монгол Улсын нэрд гарсан хүний бүтэн нэр, эсхүл зохиомол нэр, хөрөг, зургаас бүрдсэн илэрхийллийг тухайн хүний буюу түүний өв залгамжлагчийн зөвшөөрөлгүй ашигласан;

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан./

5.2.3.Монгол Улсын төрийн одон, медаль болон бусад шагнал, баталгаа, хяналтын албан ёсны тэмдэг, дардастай ижил, төсөөтэй;

5.2.4.агуулга нь нийгмийн дэг журам, зан суртахуунд харш;

5.2.5.бараа,  үйлчилгээний   чанар,   гарал  үүсэл  болон  бусад  шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;

5.2.6.Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил;

5.2.7.Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;

5.2.8.бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар;

5.2.9.Монгол Улсад нийтийн хүртээл болсон бүтээлийн зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр.

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.10.Монгол Улсад бүртгэгдсэн газар зүйн заалттай ижил, эсхүл төсөөтэй байдал нь хэрэглэгчийг барааны гарал үүслийн хувьд төөрөгдөлд оруулах;

/Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.11.барааны тэмдгийг шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн.

/Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.3.Энэ хуулийн 5.1, 5.2.1-д заасан зүйл нь тухайн барааны тэмдгийн дийлэнх хэсгийг бүрдүүлэхээргүй бол тухайн зүйлийг хамгаалалтад авахгүйгээр барааны тэмдгийг бүртгэж болно. 

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.4.Энэ хуулийн 5.1.5, 5.2.2-т заасан Монгол Улсын түүхэн, нэрд гарсан хүмүүсийг тодорхойлох болон барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, шүүлт хийх журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ баталж мөрдүүлнэ.

5.5.Энэ хуулийн 3.1.13-т заасан нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалтыг төрийн захиргааны байгууллага баталж, энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр  нийтэд мэдээлнэ.

5.6.Энэ хуульд заасан барааны тэмдгийн ижил, эсхүл төсөөтэй эсэхийг тодорхойлох шалгуурыг төрийн захиргааны байгууллага тогтооно.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

6 дугаар зүйл. Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах

6.1.Барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад монгол хэлээр цаасаар, эсхүл цахим хэлбэрээр гаргана.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.2.Барааны тэмдгийн мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргана.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.3.Барааны тэмдгийн нэг мэдүүлэг нэг барааны тэмдэгт хамаарна.

6.4.Барааны тэмдгийн мэдүүлэг дараахь зүйлээс бүрдэнэ:

6.4.1.төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

6.4.2.энэ хуулийн 9.4-т заасны дагуу хураамж, үйлчилгээний хөлс төлсөн тухай баримт болон энэ хуулийн 6.6-д заасан баримт.

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.5.Энэ хуулийн 6.4.1-д заасан өргөдөлд дараахь зүйлийг тусгана:

6.5.1.барааны тэмдгийг бүртгүүлэх тухай хүсэлт;

6.5.2.мэдүүлэг гаргагч нь иргэн бол түүний эцэг /эх/-ийн нэр,  өөрийн нэр, хаяг, харьяалал, байнга оршин суудаг буюу үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, мэдүүлэг гаргасан он, сар, өдөр, гарын үсэг;

6.5.3.мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, төрөл, хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг,  тамга, тэмдэг;

6.5.4.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, гарын үсэг; 

6.5.5.давамгайлах эрх хүсэх тохиолдолд энэ тухай мэдэгдэл;

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.6.бүртгүүлэхээр мэдүүлж байгаа барааны тэмдэг;

6.5.7.барааны тэмдгийн тодорхойлолт;

6.5.8.барааны тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэрийн тухай мэдэгдэл;

6.5.9.хамтын тэмдгээр бүртгүүлэх бол энэ тухай мэдэгдэл;

6.5.10.гэрчлэх тэмдгээр бүртгүүлэх бол энэ тухай мэдэгдэл;

6.5.11.барааны тэмдэг нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухайн тэмдгийн кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга;

6.5.12.тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний ангилал болон бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт.

6.6.Барааны тэмдгийн мэдүүлэгт дараахь зүйлийг хавсаргана:

6.6.1.тухайн барааны тэмдгийг хамтын тэмдгээр бүртгүүлэх бол түүнийг ашиглах журам, түүнийг ашиглах эрх бүхий этгээдийн нэрсийн жагсаалт;

6.6.2.тухайн барааны тэмдгийг гэрчлэх тэмдгээр бүртгүүлэх бол түүнийг ашиглах журам, гэрчлэх байгууллага мөн болохыг нотолсон баримт бичиг;

6.6.3.давамгайлах эрх хүссэн бол урьд гаргасан мэдүүлгийн хуулбар, эсхүл холбогдох нотлох баримт;

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.6.4.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл.

6.7.Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана.

Хэвлэх

7 дугаар зүйл.Барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянах, анхдагч огноог тогтоох

7.1.Төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн бүрдлийн хяналтыг тухайн барааны тэмдгийн мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хийнэ.

7.2.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.3.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй гэж үзвэл энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зохих засварыг хийж ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.4.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 7.3-т заасан хугацаанд хийж ирүүлсэн бол төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огноог түүнийг анх хүлээн авсан өдрөөр тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.5.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 7.3-т заасан хугацаанд хийж ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.6.Энэ хуулийн 6.6.1, 6.6.2, 6.6.4-т заасан зүйлийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш хоёр сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.7.Энэ хуулийн 6.6.3-т заасан баримт бичгийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш гурван сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.8.Энэ хуулийн 6.6.1, 6.6.2, 6.6.4-т заасан баримт бичгийг энэ хуулийн 7.6-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.9.Энэ хуулийн 6.6.3-т заасан баримт бичгийг энэ хуулийн 7.7-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага давамгайлах огнооны эрх хүсээгүйд тооцно.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.10.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа мэдүүлсэн барааны тэмдгийн ном зүй, илэрхийллийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.11.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.7, 7.8-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

8 дугаар зүйл. Барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийх

8.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана.

8.2.Төрийн захиргааны байгууллага шүүлтийг барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огнооноос хойш есөн сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

8.3.Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.

8.4.Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.5.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 8.4-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Хэрэв мэдүүлэг гаргагч хүндэтгэн үзэх шалтгаантай бол уг хугацааг гурав хүртэлх сараар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.6.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 8.5-д заасан хариуг хүлээж авснаас хойш гурван сарын дотор тухайн барааны тэмдгийг бүртгэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргана.

8.7.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 8.5-д заасан хариуг зохих хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.8.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч барааны тэмдгийг өөрчлөхөөс бусад өөрчлөлтийг мэдүүлэгтээ оруулж болох ба барааны тэмдгийн мэдүүлэгт бараа, үйлчилгээний ангилал нэмэхээр бол шинээр мэдүүлэг гаргана.

8.9.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч бараа, үйлчилгээний нэгээс дээш ангилалд хамаарах барааны тэмдгийн мэдүүлгийг салгаж тус тусад нь гаргаж болно.

8.10.Энэ хуулийн 7.10-т заасны дагуу нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт анхдагч огнооноос хойш гурван сарын дотор сонирхогч этгээд эсэргүүцэл  гаргаж болно.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.11.Эсэргүүцэл гаргасан этгээд энэ хуулийн 8.10-т заасан хугацааг хоёр хүртэл сараар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.12.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 8.5, 8.10-т заасан хариу болон эсэргүүцлийг өөрөө, эсхүл Оюуны өмчийн тухай хуулийн 16.2-т заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан төрийн захиргааны байгууллагад гаргана.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.13.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 8.4, 8.7-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

9 дүгээр зүйл. Барааны тэмдгийг бүртгэх, хэвлэх

9.1.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.

9.2.Барааны тэмдгийн улсын бүртгэлд тухайн барааны тэмдгийн улсын бүртгэлийн дугаар, мэдүүлгийн бүртгэлийн дугаар, барааны тэмдэг эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, улсын нэр, барааны тэмдгийн дүрс, олон улсын ангиллын дагуу ангилсан тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт, анхдагч огноо, давамгайлах огноо, бүртгэлийн хүчинтэй байх хугацаа болон хамгаалагдаагүй үг, дүрсийн талаархи мэдээллийг заана.

9.3.Барааны тэмдгийн бүртгэл нь анхдагч огнооноос эхлэн 10 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг тухай бүр 10 жилээр сунгаж болно.

9.4.Барааны тэмдгийн гэрчилгээ олгох, бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хэмжээгээр хураамж болон үйлчилгээний хөлс төлнө.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.5.Төрийн захиргааны байгууллага нь бүртгэгдсэн барааны тэмдгийн ном зүй, дүрсийг энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

9.6.Бүртгэгдсэн барааны тэмдэг нь зөвхөн улсын бүртгэлд заасан эзэмшигч болон бараа, үйлчилгээнд хамаарна.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

10 дугаар зүйл.Барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах

10.1.Барааны тэмдгийн улсын бүртгэлд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтээр дараахь өөрчлөлтийг оруулна:

10.1.1.бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах;

10.1.2.барааны тэмдэг эзэмшигчийн нэр, хаягийг өөрчлөх;

10.1.3.барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлэх;

10.1.4.бараа, үйлчилгээний ангилал болон нэрсийн жагсаалтаас хасалт хийх.

10.2.Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай хүсэлтийг тухайн бүртгэл хүчинтэй байх сүүлийн нэг жилийн дотор, эсхүл бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш  хөнгөлөлтийн хугацаа болох зургаан сарын дотор төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.3.Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад барааны тэмдгийг өөрчлөхгүй бөгөөд бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтад нэмэлт хийхгүй.

10.4.Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдөх, эрх шилжүүлэх бүрт ийнхүү өөрчлөлт орсон өдрөөс хойш зургаан сарын дотор төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

10.5.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бол энэ тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

10.6.Энэ хуулийн 10.2, 10.4-т заасан хугацаа сунгуулах хүсэлт гаргахад, эсхүл улсын бүртгэлд өөрчлөлт оруулахад үйлчилгээний хөлс төлнө.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

11 дүгээр зүйл. Барааны тэмдгийн олон улсын  бүртгэлтэй холбоотой асуудал

11.1.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдэгт шүүлт хийх, түүнийг бүртгэхэд энэ хуулийн 8 дугаар зүйл болон 9.5-д заасныг баримтална.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огноог олон улсын бүртгэлийн огноогоор, эсхүл нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх тухай хүсэлтийн огноогоор тогтооно.

11.3.Энэ хуульд заасны дагуу барааны тэмдгээ бүртгүүлсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг болон байнга оршин суудаг аливаа этгээд уг барааны тэмдгийг Мадридын хэлэлцээр болон Мадридын протоколын гишүүн улсад бүртгүүлэх хүсэлтэй бол мэдүүлгийг өөрөө, эсхүл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан Олон улсын товчоонд гаргана.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.4.Энэ хуулийн 11.3-т заасан мэдүүлгийн хувьд төрийн захиргааны байгууллага хүлээн авагч байгууллага байна.

11.5.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлэг гаргахад Мадридын хэлэлцээр, Мадридын протокол, Нийтлэг журамд заасныг баримтална.

11.6.Мэдүүлэг гаргагч нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн хугацааг сунгуулах, барааны тэмдэг эзэмшигчийн эрх шилжүүлэх, хүчингүй болгуулах, нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагаар дамжуулан Олон улсын товчоонд гаргана.

11.7.Мэдүүлэг гаргагч нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн хураамжийг Нийтлэг журамд заасны дагуу Олон улсын товчоонд төлнө.

11.8.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдэгтэй холбоотой аливаа шийдвэрийг Олон улсын товчоонд мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.9.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгийн хувьд энэ хуулийн 8.10-т заасан эсэргүүцлийг олон улсын хэвлэлийн огнооноос хойш таван сарын дотор гаргаж болно.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.10.Энэ хуулийн 11.3, 11.6-д заасан хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хянаж, гэрчилнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.11.Энэ хуулийн 11.10-т заасан хүсэлтийг хянуулж, гэрчлүүлэхэд үйлчилгээний хөлс төлнө.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.12.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 11.9-д заасан эсэргүүцлийг өөрөө, эсхүл Оюуны өмчийн тухай хуулийн 16.2-т заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан  төрийн захиргааны байгууллагад гаргана.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАРААНЫ ТЭМДЭГ ЭЗЭМШИГЧИЙН ОНЦГОЙ ЭРХ

12 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх

12.1.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

12.2.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн хэлбэр болон бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.3.Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ:

12.3.1.бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх;

12.3.2.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах;

12.3.3.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад шилжүүлэх;

12.3.4.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

12.3.5.бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд  ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.3.6.энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах.

12.4.Энэ хуулийн 12.3.5-д заасан онцгой эрх нь бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт уг барааны тэмдэгтэй ижил тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд шударгаар ашиглаж байсан этгээдийн эрхийг хөндөхгүй.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

   

Хэвлэх

13 дугаар зүйл. Барааны тэмдгийг ашиглах

13.1.Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно:

13.1.1.барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд  хэрэглэсэн бол;

    

13.1.2.барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол;

    

13.1.3.барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол;    

13.1.4.барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол.

13.2.Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг бүртгэгдсэнийг илэрхийлэх дугуй хүрээтэй “R” гэсэн латин үсэг бүхий таних тэмдгийг барааны тэмдгийн хамт хэрэглэж болно.

13.3.Барааны тэмдгийн оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт болгох, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлага худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.4.Энэ хуулийн 13.3-т заасан зорилгоор гэрээ байгуулсан бол уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

14 дүгээр зүйл. Хамтын тэмдгийг ашиглах

14.1.Хамтын тэмдэг эзэмшигч нь тухайн хамтын тэмдгийг ашиглахад нэгдсэн хяналт тавих үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хуулийн этгээд байх бөгөөд гишүүд нь хамтын тэмдгийг нэгдсэн хяналтын доор ашиглах эрхтэй.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.2.Хамтын тэмдэг эзэмшигч болон ашиглагч нь тухайн хамтын тэмдгийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй.

14.3.Хамтын тэмдэг эзэмшигч болон ашиглагч нь тухайн хамтын тэмдэг, түүнтэй төсөөтэй тэмдгийг хууль бусаар ашигласны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Хэвлэх

15 дугаар зүйл. Гэрчлэх тэмдгийг ашиглах

15.1.Гэрчлэх тэмдэг эзэмшигч нь тухайн бараа, үйлчилгээний онцлог шинж чанарыг гэрчлэх  байгууллага  байх бөгөөд зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй.

15.2.Гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй этгээд нь гэрчлэх тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр тухайн гэрчлэх тэмдгийг  бусад этгээд  хууль бусаар ашиглахаас  урьдчилан сэргийлэх  арга хэмжээ авах эрхтэй.

15.3.Гэрчлэх тэмдэг эзэмшигч нь гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй этгээдийн өмнөөс тухайн гэрчлэх тэмдэг, түүнтэй төсөөтэй тэмдгийг  бусад этгээд  хууль бусаар ашигласны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.

15.4.Гэрчлэх тэмдэг нь  газар  зүйн заалтаас бүрдсэн бөгөөд барааны гарал үүслийг гэрчилж байвал уг гэрчлэх тэмдэгт энэ хуулийн  газар  зүйн заалтыг хамгаалахтай холбогдсон заалт нэгэн адил хамаарна.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

16 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмших эрхийг шилжүүлэх

16.1.Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр уг эрхээ бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд энэ нь бүртгэгдсэн барааны тэмдэгт хамаарах бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээнд хамаарч болно.

16.2.Барааны тэмдэг эзэмших эрх шилжүүлэх гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, барааны тэмдгийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулснаар барааны тэмдэг эзэмших эрх шилжсэнд тооцно. Монгол Улсын иргэн, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд хуульд заасан бол холбогдох татварыг төлсөн байна.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

16.3.Барааны тэмдэг эзэмших эрх шилжсэн тухай төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

Хэвлэх

17 дугаар зүйл. Барааны тэмдгийг бусдад ашиглуулах

17.1.Барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээний хувьд  лицензийн гэрээ байгуулсны үндсэн дээр бусад этгээдэд ашиглуулж болно. 

17.2.Лицензийн гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах ба уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчинтэйд тооцно.

17.3.Лицензийн гэрээг бүртгүүлэхэд Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хураамж  болон үйлчилгээний хөлс төлнө.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.4.Лицензийн гэрээ байгуулагдсан тухай мэдээллийг төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

Хэвлэх

18 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмших эрх дуусгавар болох

18.1.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх дараахь үндэслэлээр дуусгавар болно:

18.1.1.барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссан бөгөөд уг хугацааг сунгуулах тухай хүсэлтийг энэ хуулийн 10.2-т заасан хугацаанд гаргаагүй бол; 

18.1.2.барааны тэмдэг эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд эрх нь бусад этгээдэд шилжээгүй бол;

18.1.3.барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бол;

18.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

18.2.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх дуусгавар болсон тохиолдолд төрийн захиргааны байгууллага нь энэ тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ

19 дүгээр зүйл. Газар зүйн заалтын илэрхийлэгдэх хэлбэр

19.1.Газар зүйн заалт нь тухайн бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлсон газар нутгийн газар зүйн нэр дангаараа, эсхүл тухайн бараа, бүтээгдэхүүний нэртэй хосолсон хэлбэрээр илэрхийлэгдэж болно.

Хэвлэх

20 дугаар зүйл.Газар зүйн заалтад тавих шаардлага

20.1.Энэ хуулийн 3.1.4-т заасан тодорхойлолтод хамаарахгүй зүйлийг газар зүйн заалтад тооцохгүй.

20.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн төрлийн бараа, бүтээгдэхүүний ерөнхий нэр болсон зүйлийг газар зүйн заалтаар бүртгэхгүй.

/Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

21 дүгээр зүйл. Газар зүйн заалтын мэдүүлэг гаргах

21.1.Газар зүйн заалтад хамаарч байгаа бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн, газар зүйн заалт бүртгүүлэх хүсэлтэй нэгдэл, холбоо, байгууллага нь тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг төлөөлөх хуулиар олгосон эрхийн дагуу газар зүйн заалтыг бүртгүүлэхээр мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагын тогтоосон журмын дагуу цаасаар, эсхүл цахим хэлбэрээр гаргана.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.2.Газар зүйн заалтын мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргана.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.3.Газар зүйн заалтын мэдүүлэг зөвхөн нэг газар зүйн заалтад хамаарна.

21.4.Газар зүйн заалтын мэдүүлэг дараахь зүйлээс бүрдэнэ:

21.4.1.төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

21.4.2.энэ хуулийн 25.4-т заасны дагуу хураамж, үйлчилгээний хөлс төлсөн тухай баримт.

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.5.Өргөдөлд дараахь зүйлийг тусгана:

21.5.1.газар зүйн заалтыг бүртгүүлэх тухай хүсэлт;

21.5.2.мэдүүлэг гаргагчийн оноосон нэр, хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, зохион байгуулалтын хэлбэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;

21.5.3.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр,  өөрийн нэр, хаяг, гарын үсэг; 

21.5.4.бүртгүүлэхээр мэдүүлж байгаа газар зүйн заалт;

21.5.5.тухайн газар нутгийн газар зүйн байршил;

21.5.6.газар зүйн заалт нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухайн газар зүйн заалтын кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга;

21.5.7.бараа, үйлчилгээний ангиллын дагуу ангилсан тухайн газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний нэр;

21.5.8.бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай тайлбар.

21.6.Газар зүйн заалтын мэдүүлэгт дараахь зүйлийг хавсаргана:

21.6.1.тухайн газар нутагт үйлдвэрлэл эрхэлдгийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

21.6.2.бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт;

21.6.3.гадаад улсын газар зүйн заалтыг бүртгүүлэхээр мэдүүлж байгаа бол гарлын улсдаа газар зүйн заалтаар хамгаалагдсаныг нотолсон баримт;

21.6.4.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл.

21.6.5.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт.

/Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

22 дугаар зүйл.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт, чанарын хяналт

22.1.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолтод дараах зүйлийг тусгана:

22.1.1.бараа бүтээгдэхүүний чанар, онцлог шинж чанар нь тухайн  газар нутагтай хэрхэн холбогдож байгаа тухай мэдээлэл;

22.1.2.газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний хими, физик, микробиологи, бүтцийн шинж чанарын тухай мэдээлэл;

22.1.3.газар зүйн заалтад хамаарах газар зүйн бүсийг тодорхой заах;

22.1.4.гарал үүсэл, хүний болон байгалийн хүчин зүйл, нутаг дэвсгэрийн онцлогтой хэрхэн холбогдож тухайн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг талаарх тайлбар, мэдээлэл;

22.1.5.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүн тухайн газар зүйн заалтын шинж чанарыг бүрэн агуулж байгаа эсэхийг тодорхойлох чанарын дотоод болон хөндлөнгийн хяналт хийх байгууллагын тухай мэдээлэл.

22.2.Энэ хуулийн 22.1.5-д заасан газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын дотоод хяналтыг газар зүйн заалт хэрэглэгч нэгдэл, холбоо, байгууллага хэрэгжүүлнэ.

22.3.Энэ хуулийн 22.1.5-д заасан газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтыг аймаг, нийслэлийн чанарын хяналтын лаборатори болон чанарын хяналт тавих эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.

22.4.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын хяналтын үр дүн нь энэ хуулийн 21.6.2-т заасан дүгнэлтэд тодорхойлсон шинж чанартай тохирч байвал тухайн бараа, бүтээгдэхүүнийг газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнд тооцно.

/Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

23 дугаар зүйл.Газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдлийг хянах, анхдагч огноог тогтоох

23.1.Төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн бүрдлийн хяналтыг тухайн газар зүйн заалтын мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хийнэ.

23.2.Төрийн захиргааны байгууллага газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.3.Төрийн захиргааны байгууллага газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй гэж үзвэл энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих засварыг хийж ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.4.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанд хийж ирүүлсэн бол төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огноог түүнийг анх хүлээн авсан өдрөөр тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.5.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанд хийж ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.6.Энэ хуулийн 21.6-д заасан зүйлийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш хоёр сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

23.7.Энэ хуулийн 21.6-д заасан зүйлийг энэ хуулийн 23.6-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.8.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 23.2, 23.4, 23.5, 23.7-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

24 дүгээр зүйл.Газар зүйн заалтын мэдүүлэгт шүүлт хийх

24.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийн бүрдлийн хяналт хийж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн газар зүйн заалт энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана.

24.2.Төрийн захиргааны байгууллага шүүлтийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш есөн сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг есөн сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.3.Төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалт энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн газар зүйн заалтыг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.

24.4.Төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалт энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн газар зүйн заалтыг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.5.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 24.4-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

24.6.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.5-д заасан хариуг хүлээж авснаас хойш гурван сарын дотор тухайн газар зүйн заалтыг бүртгэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргана.

24.7.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 24.5-д заасан хариуг зохих хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалтыг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.8.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч газар зүйн заалтыг өөрчлөхөөс бусад өөрчлөлтийг мэдүүлэгтээ оруулж болно.

24.9.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.4, 24.7-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

25 дугаар зүйл.Газар зүйн заалтыг бүртгэх, хэвлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах

/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.Төрийн захиргааны байгууллага газар зүйн заалтыг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг газар зүйн заалтын улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.

25.2.Газар зүйн заалтын улсын бүртгэлд тухайн газар зүйн заалтын  улсын бүртгэлийн дугаар, мэдүүлгийн бүртгэлийн дугаар, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, улсын нэр, газар зүйн заалт, бараа, үйлчилгээний ангиллын дагуу ангилсан тухайн газар зүйн заалтад хамаарах бараа,  бүтээгдэхүүний нэр, анхдагч огноог заана.

25.3.Газар зүйн заалтын бүртгэл анхдагч огнооноос эхлэн хүчинтэй байх бөгөөд тодорхой хугацаагаар хязгаарлагдахгүй.

25.4.Газар зүйн заалтын гэрчилгээ олгоход Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хэмжээгээр хураамж болон үйлчилгээний хөлс төлнө.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.5.Төрийн захиргааны байгууллага нь бүртгэгдсэн газар зүйн заалт, түүний ном зүйг нийтэд мэдээлэх зорилгоор энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

25.6.Газар зүйн заалтын  улсын бүртгэлд газар зүйн заалт хэрэглэгчийн хүсэлтээр дараах өөрчлөлтийг оруулна:

25.6.1.газар зүйн заалт хэрэглэгчийн нэр өөрчлөх;

25.6.2.газар зүйн заалт хэрэглэгчийн хаягийн өөрчлөлт.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.7.Газар зүйн заалт хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсон өдрөөс хойш зургаан сарын дотор төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэн улсын бүртгэлд өөрчлөлтийг бүртгүүлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.8.Энэ хуулийн 25.6-д заасан өөрчлөлтийг хийлгэхэд үйлчилгээний хөлс төлнө.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.9.Төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлд орсон өөрчлөлтийг энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ,ҮҮРЭГ

26 дугаар зүйл.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх, үүрэг

26.1.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх тухайн газар зүйн заалтыг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

26.2.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх бүртгэгдсэн бараа, бүтээгдэхүүнд хамаарна.

26.3.Газар зүйн заалт хэрэглэгч тухайн газар зүйн заалтын хувьд дараахь эрх  эдэлнэ:

    

26.3.1.өөрийн бараа, бүтээгдэхүүнд газар зүйн заалтыг ашиглах;   

26.3.2.бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд тухайн газар нутагт үйлдвэрлээгүй бараа, бүтээгдэхүүнд хэрэглэсэн бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

26.3.3.бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд төсөөтэй бараа, бүтээгдэхүүнд хэрэглэснээс шударга бус давуу эрх эдлэх буюу газар зүйн заалтын нэр хүндийг гутаахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

26.3.4.бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд ашиглахдаа бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг үнэн зөвөөр заасан хэдий ч газар зүйн заалтыг хөрвүүлсэн байдлаар, эсхүл “төрлийн”, “маягийн”, “хийцийн”, “дууриамал” зэрэг илэрхийллийн хамтаар ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

26.3.5.энэ хуулийн 26.3.1-26.3.4-т заасан үйлдлээс учирсан хохирлыг  нөхөн төлүүлэхийг шаардах.

26.4.Газар зүйн заалт хэрэглэгч нь тухайн бараа, бүтээгдэхүүний  хувьд энэ хуулийн 21.6.2-т заасан дүгнэлтэд заасан чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанарыг хадгалах үүрэг хүлээнэ.

26.5.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүн тухайн газар зүйн заалтын шинж чанарыг бүрэн агуулж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор чанарын дотоод болон гадны хяналт хийнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

26.6.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын дотоод хяналтыг газар зүйн заалт хэрэглэгч нэгдэл, холбоо, байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

26.7.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний гадны  хяналтыг аймаг, нийслэлийн чанарын хяналтын лаборатори болон чанарын хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллага хэрэгжүүлнэ. 

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

26.8.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын хяналтын үр дүн нь энэ хуулийн 21.6.2-т заасан дүгнэлтэд тодорхойлсон шинж чанартай тохирч байвал тухайн бараа бүтээгдэхүүнийг газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнд тооцно.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

27 дугаар зүйл. Газар зүйн заалтыг ашиглах

27.1.Дараахь тохиолдолд газар зүйн заалтыг ашигласанд тооцно:

    

27.1.1.газар зүйн заалтыг бараа, бүтээгдэхүүн, түүний сав, баглаа боодолд хэрэглэсэн бол;

27.1.2.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан бол;

     

27.1.3.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлсэн бол;

27.1.4.газар зүйн заалтыг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт,  сурталчилгаанд ашигласан бол.

27.2.Газар зүйн заалт хэрэглэгч газар зүйн заалт бүртгэгдсэнийг илэрхийлэх таних тэмдгийг газар зүйн заалтын хамт хэрэглэж болно.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

28 дугаар зүйл. Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дуусгавар болох

28.1.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дараахь үндэслэлээр дуусгавар болно:

28.1.1.тухайн бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай шууд холбоогүй болсон бол;

28.1.2.газар зүйн заалт хэрэглэгч хуулийн этгээд татан буугдсан бол;

28.1.3.газар зүйн заалт хэрэглэгч нь тухайн газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бол;

28.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

28.2.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дуусгавар болсон тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА

29 дүгээр зүйл.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

29.1.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Оюуны өмчийн тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

29.1.1.барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах, барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох, газар зүйн заалтыг бүртгэгдсэнийг илэрхийлэх таних тэмдгийг хэрэглэхтэй холбоотой журам, дүрмийг боловсруулж, батлах;

29.1.2.барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгүүлэх тухай өргөдлийн маягт болон барааны тэмдэг, газар зүйн заалтын гэрчилгээний загварыг тогтоох;

29.1.3.барааны тэмдгийн олон улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулах;

29.1.4.хуулиар харьяалуулсан гомдол, маргааныг хянан шийдвэрлэх;   

29.1.5.энэ хуульд заасан барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн мэдээлэл, эрх эзэмшигчийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг татварын байгууллагатай харилцан солилцох;

29.1.6.хуульд заасан бусад чиг үүрэг.

29.2.Энэ хуульд заасан болон барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход төлөх үйлчилгээний хөлсний хэмжээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

29.3.Энэ хуульд заасан үйлчилгээний хөлсний орлогыг төрийн сангийн дансанд байршуулна.

/Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

30 дугаар зүйл.Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрх

30.1.Төрийн захиргааны байгууллагад оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.

30.2.Төрийн захиргааны байгууллагын дарга оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна.

30.3.Оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

30.4.Оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ оюуны өмчийн хяналтын чиглэлээр Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

30.5.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана.

30.6.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

30.7.Улсын байцаагчийн хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар бусад этгээд шийдвэр гаргахыг хориглоно.

/Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

31 дүгээр зүйл. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

31.1.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээд боловсролтой, оюуны өмчийн салбарт гурваас доошгүй жил  ажилласан, 25 насанд хүрсэн, Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд байна.

31.2.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авна.

31.3.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмыг төрийн захиргааны байгууллага батална.

/Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
ГОМДОЛ, ХҮСЭЛТ, МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

32 дугаар зүйл. Гомдол хүсэлт, маргааныг  шийдвэрлэх

32.1.Төрийн захиргааны байгууллагын дэргэд барааны тэмдэг, газар зүйн заалттай холбоотой дор дурдсан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан шийдвэрлэх комисс ажиллана:

32.1.1.энэ хуулийн 7, 8, 23, 24 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаатай холбоотой гарсан мэдүүлэг гаргагчийн гомдол;

32.1.2.бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг энэ хуулийн 33.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт;

32.1.3.бүртгэгдсэн барааны тэмдгийн бүртгэлийг энэ хуулийн 33.1.2, 33.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт;

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.1.4.тухайн барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг мөн эсэхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлт.

32.2.Энэ хуулийн 32.1.1-д заасан гомдлыг мэдүүлэг гаргагч мэдэгдэл хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана.

32.3.Энэ хуулийн 32.1.2, 32.1.3-т заасан хүсэлтийг бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана.

32.4.Маргаан шийдвэрлэх комисс нь энэ хуулийн 32.1-д заасан гомдол, хүсэлтийг хүлээж авснаас хойш зургаан сарын дотор хянан шийдвэрлэж энэ тухай гомдол, хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

32.5.Маргаан шийдвэрлэх комиссын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл  гомдол, хүсэлт гаргагч гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

32.6.Маргаан шийдвэрлэх комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх


НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

33 дугаар зүйл. Барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох

33.1.Барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:

33.1.1.барааны тэмдэг, газар зүйн заалтыг энэ хуулийн 5, 20 дугаар  зүйлийг зөрчиж бүртгэсэн бол;

33.1.2.барааны тэмдэг нь Парисын конвенцийн гишүүн аль нэг улсад тухайн барааны тэмдгийн хувьд онцгой эрх эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр түүний төлөөлөгч, эсхүл бараа, бүтээгдэхүүнийг борлуулагч этгээдийн нэр дээр бүртгэгдсэн бол.

33.1.3.барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг таван жилийн турш ашиглаагүй бол тухайн ашиглаагүй бараа, үйлчилгээний төрөл, ангиллын хувьд.

/Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

33.2.Сонирхогч этгээд энэ хуулийн  33.1.1, 33.1.2, 33.1.3-т заасан үндэслэлээр бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг Маргаан шийдвэрлэх комисст гаргана.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.3.Маргаан шийдвэрлэх комисс нь үндэслэлтэй гэж үзвэл бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж, энэ тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

33.4.Төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд өмнө бүртгэсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг тухайн эзэмшигч, хэрэглэгчийн хувьд хүчингүй болсонд тооцно:

33.4.1.барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаагүй;

33.4.2.барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг эзэмших, газар зүйн заалтыг хэрэглэх эрхээсээ татгалзсан тухай бичгээр мэдэгдсэн;

33.4.3.барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд уг барааны тэмдгийг эзэмших эрхийг өөр этгээдэд шилжүүлээгүй буюу барааны тэмдгийг лицензийн гэрээгээр ашиглуулаагүй.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.5.Төрийн захиргааны байгууллага нь барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгосон тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

Хэвлэх

34 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

34.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

34.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ