Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ЖАГСААЛТ, ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ /ус цаг агаар/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 286

ЖУРАМ, ЖАГСААЛТ, ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”, “Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Ус цаг агаар, орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаар урьдчилан сэргийлэх мэдээ дамжуулах журам”-ыг 1 дүгээр, “Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт”-ыг 2 дугаар, “Гэнэтийн аюул, үйлдвэрлэлийн ослын үед нийтэд мэдээлэх орчны бохирдлын сэрэмжлүүлэх мэдээний жагсаалт”-ыг 3 дугаар, “Үндэсний олон нийтийн радио, телевизээр ус цаг агаарын мэдээг зарлах хуваарь”-ийг 4 дүгээр, “Ган, зудын байдалд үнэлгээ хийх журам”-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Үндэсний ус цаг уур, орчны албанаас гаргасан ус цаг агаар, орчны аюултай болон гамшигт үзэгдлийн талаарх мэдээг Газар хөдлөлөөс амжиж дамжуулах систем (Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах    систем)-ээр нийтэд шуурхай хүргэж байхыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд даалгаж, Үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарьд зөвлөсүгэй.

3. Ус цаг уурын сүлжээг түшиглэн улсын хэмжээнд хийж байгаа цөлжилтийн хяналт-шинжилгээ, өвөл, хаврын бэлчээрийн даац, багтаамжийг тодорхойлох судалгааны ажлыг цаашид хамтран зохион байгуулж байхыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт үүрэг болгосугай.

4. Үүрэн телефоны үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хангаж, ус цаг агаар, орчны аюул, гамшгийн мэдээг нийтэд үнэ төлбөргүй, шуурхай хүргэж ажиллах талаар орон нутагт радио, телевиз, үүрэн телефоны үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулах гэрээнд тусган, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад үүрэг болгосугай.  

5. Ус цаг агаар, орчны аюул гамшгийг урьдчилан мэдээлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай. 

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Цаг агаарын мэдээ дамжуулалтыг тогтмолжуулах тухай” Засгийн газрын 2000 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар, “Ган, зуд, ус, цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2000 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 190 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                               Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил,

аялал жуулчлалын сайд                                                                      Д.ОЮУНХОРОЛ