Хэвлэх DOC Татаж авах
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1, 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 1, 2, 4 ДЭХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН 47 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ЗААЛТЫГ ЗӨРЧС

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1, 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 1, 2, 4 ДЭХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН 47 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫ ТАЛААР / дүгнэлт /

2000-02-16 Улаанбаатар хот





Дугаар 01

Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг 2000 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Төрийн ордны 251 дүгээр өрөөнд зөвлөлдөж гаргав.
Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүд Ж.Болдбаатар, Ж.Бямбажав, Д.Дэмбэрэлцэрэн, В.Удвал (илтгэгч) нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Тус хуралдаанд маргагч (нэхэмжлэгч) тал болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Ө.Сэргэлэн оролцов. Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Хувьтөгөлдөр хуралдаанд ирээгүй болно.
Иргэн Ө.Сэргэлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд 1999 оны 12 дугаар сарын 17-нд гаргасан өргөдөлдөө: “Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заажээ. Тухайн заалтад буй “гагцхүү шүүх” гэдэг нь шүүх байгууллага шүүх эрх мэдлийн хүрээнд ганцаараа эцсийн шийдвэр гаргана гэсэн утга агуулгыг илэрхийлж байна. Тэгвэл шүүх байгууллага болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий бусад субъектүүд болох прокурор, цагдаагийн байгууллагууд нь нэгдмэл нэг зорилгын хүрээнд бие даасан хараат бус байдалд үйл ажиллагаа явуулснаар ардчилсан ёс, тэгш байдлыг хангах, гагцхүү хуульд захирагдаж хуулийг дээдлэх боломж бүрдэх юм. Шүүх эрх мэдэл нь эрүү, иргэн, захиргааны хэргийг үүсгэх, хянан шийдвэрлэх, шүүн таслах гэсэн олон талт үйл ажиллагааны хүрээнд авч үзэх өргөн ойлголт юм.
Эрүүгийн процессын энэ бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэгч субъектүүдийн аль нэг нь зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэрийн хувьд шүүх эрх мэдлээс ангид байхаар хуульчлагдах нь гэм бурууг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх явцад хуульд захирагдахгүй байх, энэ утгаараа шүүх шударга шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа болно. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй субъектүүдийн тогтолцоог Үндсэн хууль, бусад хуулиар зохицуулжээ. “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль”-ийг боловсруулж, батлан гаргахдаа төрийн эрх мэдэл хуваарилах Үндсэн хуулийн концепцийг умартан онол арга зүйн ноцтой алдаа гаргаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагыг бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэрийн хувьд төрийн гүйцэтгэх эрх мэдлийн шууд хяналтан дор байхаар хуульчилсан нь шүүх эрх мэдэл нь гэм бурууг тогтоох эхний шатнаасаа, гүйцэтгэх эрх мэдлийн тодорхой албан тушаалтнуудын хууль бус ашиг сонирхолд нийцэж байхаас аргагүйд хүрэх, тэдний сонголт, томилолтоор үйл ажиллагаа нь хөтлөгдөн явах, улс төр, бизнесийн тодорхой бүлэглэлийн хүрээнд хууль үйлчлэхгүй байж болох эрх зүйн сөрөг орчинг бүрдүүлж, энэ нь коррупци, авилгалын гэмт хэрэг гарч нийгмийн бүхий л хүрээг хамарч байх ёстой зүйл, жирийн үзэгдэл мэт болтлоо өргөжиж, улс орныг мөхөлд ч хүргэж болох аюулыг нүүрлэж байна.
Иймд Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх заалт Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-ийг зөрчиж буйг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр Ө.Сэргэлэн гаргасан нэмэлт тайлбартаа: “Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий мөрдөн байцаах газрыг цагдаагийн байгууллагын системд оруулж, түүний удирдлагыг Засгийн газраас томилж байгаа нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-ийн “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” хэмээх заалтыг зөрчиж байна.
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага цагдаагийн байгууллагын шууд бүтцэд багтах нь тохиромжгүй бөгөөд эдгээрийн удирдлагыг Засгийн газар томилох, өөрчлөх асуудлыг шийдэж байгаа нь Үндсэн хуулийн агуулгад нийцэхгүй байна” гэлээ.
ХЯНАВАЛ:
1.Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны явцад нэхэмжлэгч Ө.Сэргэлэн өөрийн өргөдөл дэх “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгтэй холбогдож гаргасан гомдлын шаардлагаасаа татгалзсан болно.
2.Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт буй “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг Монгол Улсын Цагдаагийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-д буй “Засгийн газар Монгол Улсын хууль зүйн сайдын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллагын бүтцийг баталж, даргыг томилж, чөлөөлнө” гэсэн заалт зөрчсөн тухай үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зйүлийн 4-д буй “Засгийн газар Монгол Улсын хууль зүйн сайдын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллагын бүтцийг баталж, даргыг томилж, чөлөөлнө” хэмээх заалт Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт буй “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.
2.Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.


ДАРГА Н.ЖАНЦАН