Хэвлэх DOC Татаж авах
ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫ ТАЛААР/Дүгнэлт  /

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫ ТАЛААР/Дүгнэлт  /

1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 02

Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагт Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүдэд Г.Нямдоо /илтгэгч/, Ц.Цолмон, Ж.Бямбаа, Ч.Энхбаатар нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Хуралдаанд маргагч талыг төлөөлж иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Дашцэдэн нар оролцов.
Иргэн Д.Ламжав 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "1. Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1. Иргэд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3-т заасан албан тушаалтан Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлаар Цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлнэ гэсэн заалт Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1. үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар ... хянан шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчиж байна.
Учир нь Цэцийн тухай хуулийн дээрх заалт ёсоор иргэн Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дүгээр заалтын дагуу л өргөдөл, мэдээлэл ирүүлэх болсон байна. Хэрэв энэ заалтыг баримталбал хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэхгүй байгаа тухай иргэнээс ирүүлсэн өргөдөл, мэдээллийг Цэц авч хэлэлцэх ёсгүй болж байна.
Гэтэл Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 Үндсэн хуулийн Цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна гэснээс ч ийм эрх иргэнд олгогдсон нь ойлгомжтой байна.
2. Цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2. Улсын Их Хурал ... хүсэлтээ чуулган буюу хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналд үндэслэж гаргана гэсэн заалт Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1. Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг Улсын Их Хурлын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчиж байна.
Учир нь Улсын Их Хурал шийдвэрээ олонхиор гаргадаг бөгөөд гаргасан шийдвэрээ хамгаалах зүй ёсны сонирхол тухайн шийдвэрийг гаргасан олонхид бий. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гарч болох ба энэхүү зөрчлийг шийдвэр гаргасан олонхи ямар нэг шалтгаанаар /хуулийн сүлжээг дутуу ашиглах, тухайн үеийн улс төрийнхөө сонирхолд хөтлөгдөх зэргээр/ олж харахгүй, нэгэнт гаргасан шийдвэрээ Цэцээр хянуулаад олох юмгүй тул Цэцэд хүсэлт гаргах сонирхол төрөхгүй. Ийнхүү хуулийн энэ заалт нь Үндсэн хуулийн тухайн заалтын үйлчилгээг хаасан байна. Энэ нь Үндсэн хуулийг дээдлэх хэвийн үйл ажиллагаанд ч муугаар нөлөөлж болно. Төрийн ардчилсан тогтолцоотой улсуудад харьцангуй цөөн тооны гишүүн хамтран эсвэл намын бүлэг Үндсэн хууль зөрчигдсөн тухай маргаан үүсгэж Үндсэн хуулийн шүүхдээ хандах эрхийг хуулиар урьдчилан олгосон байдаг нь парламент алдаагаа өөрөө засах, хууль тогтоох үйл ажиллагаанд нямбай хандах, төрийн тогтвортой байдлыг хангах хөшүүрэг болж өгдөг байна.
Цэцийн тухай хуулийн энэ заалт нь зарим үед парламент дахь улс төрийн тэмцлийг гудамжинд түлхэн гаргах өдөөн хатгалгын үүрэг гүйцэтгэж ч мэдэх юм" гэжээ.
Д.Ламжав 1995 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Цэцэд өгсөн нэмэлт тайлбартаа: "...10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг намын бүлэг, аль эсвэл Улсын Их Хурлын тодорхой тооны гишүүн хамтран Улсын Их Хурлын хүсэлтийг гаргаж болдог байхаар өргөтгөвөл Үндсэн хуулийн тодорхой заалтын үйлчилгээг хааж байгаа дээрх зөрчил арилна. Ийм боломж нээгдсэнээр Улсын Их Хурлын үйл ажиллагаанд хууль дээдлэх хамтран ажиллах явдалд ахиц гарах, төрийн эрхийн төлөө намуудын хоорондохь улс төрийн тэмцэл илүү соёлтой болох нь дамжиггүй. Миний өргөдөлд бичигдсэн Үндсэн хууль зөрчигдөж байгаа тухай маргааныг анхааралтай хянан шийдвэрлэж өгнө гэдэгт гүнээ найдаж байна" гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дашцэдэн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалттай зөрчилдсөн юм байхгүй. Цаана нь иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандах эрх нээлттэй байгаа гэж үзэж байна. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт ч мөн Үндсэн хуулийг зөрчөөгүй. Улсын Их Хурал бол хамтын хариуцлагын байгууллага учраас шийдвэрээ олонхийн саналд үндэслэн гаргадаг ёстой гэв.
Д.Ламжав Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа нэмж хэлээд байх зүйл байхгүй байна. Өргөдөл, нэмэлт тайлбартаа тодорхой тайлбарлаад хэлчихсэн байгаа гэв.
ХЯНАВАЛ:
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай аль ч асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандах тухай иргэдэд Үндсэн хуулиар нэгэнт олгогдсон эрхийг хэт хязгаарлаж, зөвхөн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан албан тушаалтанд хамруулж уг эрхийг эдлүүлэх болгосноор Үндсэн хуулийг илэрхий зөрчихөд хүргэсэн байна.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөвхөн Улсын Их Хурлын баталсан хуулиуд хийгээд түүний бусад шийдвэрүүдтэй холбон явцууруулж ойлгох нь учир дутагдалтай тул энэ хэсгийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс энэ талаархи иргэн Д.Ламжавын гомдлыг хангах боломжгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон гаргах дҮгнэлт:
1.монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна.
2.монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.
3.Энэхүү дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг Улсын Их Хурлын хаврын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна.
ДАРГА Л.БААСАН
ГИШҮҮД Г.НЯМДОО
Ц.ЦОЛМОН
Ж.БЯМБАА
Ч.ЭНХБААТАР