Хэвлэх DOC Татаж авах
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэл

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 05

Цөмийн энергийн тухай хуулийн зарим заалт
Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай
маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Н.Жанцан, Ж.Болдбаатар, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Б.Цэцэнбилэг, Б.Тэмүүлэн, Л.Лхаасүрэн, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн нар оролцов.
Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 1, 2, 3, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалт, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Цэцэнбилэг 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө:
“...2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлаас батлагдсан Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн дараах заалтуудыг зөрчиж байна. Үүнд:
Нэг. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”
1.1. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлагдсан төрийн үйл ажиллагааны тэгш байдлын зарчим нь Монгол Улсын төр, иргэн, хуулийн этгээд нь нийгмийн харилцаанд ямарваа ялгаваргүй, ижил тэгш нөхцлөөр хангагдаж, хууль, шүүхийн өмнө адил эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох үндсэн агуулгыг илэрхийлдэг.
Энэхүү агуулгаас үзэхэд “төрийн үйл ажиллагааны тэгш байдлын зарчим” гэдэг нь нийгмийн аливаа харилцаанд оролцож буй субъектүүдэд хууль, эрх зүйн тэгш нөхцлийг бий болгох шаардлагыг төрд бий болгодог бөгөөд Улсын Их Хурал нь аливаа хуулийг батлан гаргахдаа тухайн нийгмийн харилцаанд оролцогчдын тэгш байдлыг алдагдуулахгүй байх ёстой.
Гэтэл Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсгийн заалтуудаар цацраг идэвхт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хувь, хэмжээг төр “үнэ төлбөргүй, шууд” авахаар зохицуулсан нь аливаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд ялгавартай байдлыг бий болгож, тэгш байдлыг олгоогүй байна.
...Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хувь, хэмжээг Монгол Улсын төр “ямар нэг хэмжээний хөрөнгө оруулахгүйгээр, үнэ төлбөргүй, шууд” авч, өөрийн өмчлөлд шилжүүлэх гэсэн агуулга бүхий зохицуулалт хийсэн нь нийгмийн харилцаанд оролцогчдын хувьд тэгш бус, ялгавартай нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэх үндэслэл болж байна…
1.2. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлагдсан “хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” нь Монгол Улсын төр, иргэн, хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаандаа Үндсэн хууль болон бусад төрөлжсөн хуулиудыг хүндэтгэн сахин биелүүлэх, нийгмийн харилцаанд оролцогч талууд харилцан хариуцлага хүлээх, хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хангах, аливаа зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээх, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд явагдах, байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч хууль ёсыг чандлан сахих зэргээр хуулийн засаглал тогтоох агуулгыг илэрхийлдэг хэмээн онолын хувьд тодорхойлсон байдаг.
...Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсэгт тусгагдсан заалтууд нь төр Үндсэн хуулиар тодорхойлогдоогүй аргаар бусдын өмчийг үнэ төлбөргүй авах зохицуулалтыг бий болгожээ.
...Иймээс Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Хоёр. ...Цацраг идэвхт ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцаа гэдгийг тусгайлан тодорхойлсон хууль Монгол Улсад байхгүй. Харин “компанийн хувьцаа” гэдгийг хуульд зааснаар тодорхойлвол “тухайн компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас” /Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг иш татсан/ бөгөөд “энэхүү үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг эдлэгч нь үнэт цаасны өмчлөгч байдаг” /Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.8 дахь хэсгийн заалтыг иш татсан/.
Дээр дурдсанаас үзвэл компанийн хувьцааг “өмч” гэж тодорхойлсон ба энэ агуулгын хүрээнд “өмчлөгчийн эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан байна”. Ийнхүү өмчлөх эрх хуулиар хамгаалагдсан хэдий ч өмчлөгчийн эрхийг Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж зохицуулжээ. Гэвч энэ заалт нь өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах, мөн хамгаалах эрхүүдийг /Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн заалтыг иш татсан/ хязгаарлахад хамаардаг. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрийн эрхээ хуульд заасан хэмжээ, хязгаарын дотор эдлэх, хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд харшилж байгаа бол хуульд зааснаар өмчлөгчийн эрхийг хязгаарлах агуулга юм...
...Хэрэв Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсэгт тус тус тусгагдсан зохицуулалт нь бусдын өмчийг дайчлан авч буй хэлбэр гэж үзвэл Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/-т “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасны дагуу зайлшгүй нөхөн төлбөр төлөх шаардлагатай юм.
...Иймээс Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дах хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/-т “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Гурав. ...Олон Улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “Олон Улсын гэрээ гэж Монгол Улс, Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд, хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ” гэжээ.
2009 оны байдлаар Монгол Улс нь гадаадын 40 гаруй улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ, хэлэлцээрийг байгуулсан бөгөөд Олон Улсын гэрээний тухай Монгол Улсын хуульд зааснаар тэдгээр 40 гаруй гэрээ, хэлэлцээрүүд нь Монгол Улсын олон улсын гэрээ мөн.
...“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Бүгд Найрамдах Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 2 болон 5 дугаар зүйлүүд, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 3 дугаар зүйлийн 1 болон 4 дүгээр зүйлүүд, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Бүгд Найрамдах Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 5 дугаар зүйл, “Хөрөнгө оруулалтыг дэмжиж хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 5 дугаар зүйл болон Монгол Улсын бусад улсуудтай байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр талын гэрээнүүдэд хөрөнгө оруулалтыг хамгаалах, тэрхүү хөрөнгө оруулалт буюу бусдын өмчийг дайчлан авах тохиолдолд эрх зүйн урьдчилсан тодорхой нөхцөл үүссэн байх, хэрэв тухайн нөхцөл үүссэн тохиолдолд төрөөс нөхөн олговор зайлшгүй олгох тухай тусгагдаж, баталгаажсан байдаг байна.
Дээрх гэрээнүүд Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн Арван зургадугаар зүйлийн 3-т тус тус заасантай бүрэн нийцэж байгаа бөгөөд ийнхүү “бусдын өмчийг хамгаалах, мөн аливаа хэлбэрээр дайчлан авсан тохиолдолд нөхөн олговор олгох тухай” зохицуулалтууд байсаар атал Цөмийн энергийн тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсэгт бусдын өмчийг төр “үнэ төлбөргүйгээр, шууд” авах зохицуулалт бий болгосон нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд ...Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Арван зургадугаар зүйлийн 3 дах заалт “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож, дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.” гэжээ.
Хоёр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Тэмүүлэн 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө:
“...Нэг. ...Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтуудын зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалттай харьцуулбал, Ашигт малтмалын тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсгүүдэд зааснаар “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэжээ. Үүнээс үзвэл, газрын хэвлийд байдаг ашигт малтмал /алт, хүдэр, нүүрс гэх мэт/ болон цацраг идэвхт ашигт малтмалын хувьд, хоёулангийнх нь орд стратегийн ач холбогдолтой гэсэн ангилалд багтахын зэрэгцээ төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийх тохиолдолд төрийн оролцооны хувь хэмжээ нь төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийгээгүй нөхцлөөс их хэмжээтэй байх зэрэг адил нөхцөл байдал үүссэн буюу урьдчилсан нөхцлүүд нь нэгэн адил байхад ашигт малтмалын хувьд цацрагт идэвхт ашигт малтмалын зохицуулалтаас өөр байдлаар “тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь эзэмшихээр” зохицуулалт хийгдсэн байна. Энэ нь ...харилцаанд оролцогчдын ашиг сонирхлын байдал адил байхад, ашигт малтмалын болон цацрагт идэвхт ашигт малтмалын харилцааг ялгаатай байдлаар зохицуулсан нь тодорхой байна. Улмаар ашиг сонирхлын адил нөхцөлд байгаа этгээдүүдэд төрийн зүгээс адил боломж олгож, адил эрх зүйн зохицуулалт хийгээгүй нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан “шударга ёсны” зарчмыг зөрчиж байна гэж үзэх үндэслэл болно.
Хоёр. ...Цөмийн энергийн тухай хуульд хувьцааны тухай ойлголт, гүйцэтгэх чиг үүрэг зэрэг ойлголтуудыг тодорхойлох шаардлагагүй тул энэ ойлголтыг зохицуулсан холбогдох хуулиудад шууд хандвал, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу “Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ”, түүнчлэн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд компанийн аливаа нэг эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй”. Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т заасны дагуу “Хувьцаа гэдэг нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас” гэж хувьцааны тухай ойлголтыг тодорхойлсон байна...
Харин Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтуудад хуульчилсан “үнэ төлбөргүйгээр” хамтарсан компанийн хувийг эзэмших зохицуулалт нь дээр дурдсан холбогдох хуулиудын хувьцааны тухай заалт, зохицуулалтыг зөрчиж буй нь илэрхий байна...
Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1-т заасны дагуу “энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэр”-ийг тусгай зөвшөөрөл хүсэгч нь бүрдүүлэн өгөх бичиг баримтанд хавсаргах үүрэг хүлээж байгаа. Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2, 3 дугаар зүйлүүдэд зааснаар “Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгосон цацрагт идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 11 дүгээр сарын 15-ны дотор уг хуульд заасан нөхцөл журмын дагуу шинэчлэн бүртгэх” бөгөөд шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдөлдөө “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Цөмийн энергийн тухай хуульд заасан төрийн оролцооны хувийг төрд эзэмшүүлэхийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэрийг ...хавсаргасан байна”. Нэгэнт үүсгэн байгуулагдчихсан, үйл ажиллагаагаа эрхлэн явуулж буй компанийн хувь нийлүүлэгчдийн хувьцаанаас холбогдох хуульд заасан тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр төрийн эзэмшилд шилжүүлж буй тохиолдолд энэ нь компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд хамаарах хэсгийг эрх бүхий субъектын хүсэл зоригоос хамааралгүйгээр төрийн өмчлөлд шилжүүлж буй явдал бөгөөд үүний хариуд үнэ төлбөр төлөхгүй байх нь Үндсэн хуульд тунхаглагдсан хууль дээдлэх, хууль ёсны байх зарчмыг зөрчиж байгаа билээ.
Үнэт цаас болж байгаагийн хувьд Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу “Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг эдлэгч нь үнэт цаасны өмчлөгч байна”. Улмаар хувьцаа үнэт цаас болж байгаа учир хувьцаа эзэмшигч нь түүний өмчлөгч байх ба үнэт цаасны хувьд өмчлөх эрх эдлэх юм. Өмчлөх эрхийн тухай ойлголтыг хувийн эрх зүйд тодорхойлсон байдаг бөгөөд өмчлөх эрх субъектив эрх болж байдаг. ...Улмаар Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтууд нь субъектив эрх болж буй үнэт цаасыг өмчлөх эрх шилжих хувийн эрх зүйн догматикийг зөрчиж байгаа нь тодорхой байна...
Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэжээ. Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтуудын дагуу цацрагт идэвхт ашигт малтмалын ордыг хамтарсан компани байгуулж, хувь нийлүүлэгч болж буй хуулийн этгээдийн хүсэл зоригоос гадуур, үл хамааран хувьцааны тодорхой хувийг төрийн мэдэлд шилжүүлнэ гэдэг нь Үндсэн хуульд тусгагдсан дайчлан авах үйлдэл мөн гэж үзэж болох юм. ...Гэхдээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу дайчлан авч буй тохиолдолд заавал нөхөн олговор эсхүл төлбөр төлөх шаардлагатай...
Дөрөв. ...Цацрагт идэвхт ашигт малтмалыг ашиглах зорилгоор үүсгэн байгуулах хамтарсан компанийн хувьд хувь нийлүүлэгчдийн хувиа оруулан өмчилж буй хувьцааг төр үнэ төлбөргүй авна гэдэг нь бусдын өмчлөлийн зүйлийг, тодруулбал, бусдын хөдөлмөр, зүтгэл, мөнгө, хөрөнгөөр олж авсан үнэт цаас болох хувьцааг хариу төлбөргүйгээр олж авч байгаа үйлдэл билээ. Энэ нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг давхар зөрчиж байна гэж үзэх үндэслэл байгааг нотолж байна. Учир нь өмчийн баталгаа гэх ойлголтод аливаа зүйлсийг өөрөө хариуцлага хүлээх нөхцөлтэйгээр өөрийн үйлдэл, хөрөнгө, ажил хөдөлмөрөөр олж авна гэсэн үзэл санаа багтах бөгөөд өөрийн хөдөлмөр, ажил, хөрөнгө, мөнгө, хичээл зүтгэлээр олж авсан зүйлсийг өөр этгээд авч байгаа бол заавал хариу нөхөн төлбөр өгөх шаардлага урган гарч ирж байна.
Тав. ...Монгол Улс бусад улстай байгуулсан хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хоёр талын 40 гаруй олон улсын гэрээ байдгаас жишээ болгон дурдвал, Монгол Улс Америкийн Нэгдсэн Улстай байгуулсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоорондын гэрээ” бөгөөд тус гэрээний ...3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн ашиг сонирхлын үүднээс ялгаварлан гадуурхахгүйгээр, хойшлуулахгүй зохих ёсны, үр ашигтай нөхөн төлбөр хийх үндсэн дээр зохих хууль болон хоёрдугаар зүйлийн 2-т заасан нөхцлийн ерөнхий зарчмын дагуу гүйцэтгэхээс бусад тохиолдолд хөрөнгө оруулалтыг хураан авах, нийгэмчлэх /”дайчлан гаргуулах”/ буюу үүнтэй адилтгах аливаа арга замаар шууд буюу шууд бусаар хураан авах буюу нийгэмчилж болохгүй” байна.
...Иймд Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтууд нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт болох “Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн байх” цацрагт идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг, түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээг, улмаар Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж байна. Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1 дэх заалтын дагуу “энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэр”-ийг тусгай зөвшөөрөл хүсэгч нь бүрдүүлэн өгөх бичиг баримтанд хавсаргах үүрэг хүлээж байгаа. ...Ийнхүү шийдвэрийг хавсаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлөө хураалгах, алдах нөхцөл байдал үүснэ. Гэтэл энэ нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж буй явдал билээ.
Иймд Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалт, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчиж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гурав. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Л.Лхаасүрэн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө:
“Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ" гэсэн заалт, мөн зүйлийн 5.3 дахь хэсгийн “Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ" гэсэн заалтууд нь хуулийн хувьд ихээхэн учир дутагдалтай байгаад зогсохгүй Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна.
Энэ заалтуудад дурдсан хувьцаа гэдэг үгсийг анхаарч үзвэл энэ нь Иргэний хуулийн тодорхойлолтын дагуу өмч гэж тодорхойлогдсон байна. Компанийн хувьцаа яригдаж байгаа бол гарцаа байхгүй тухайн компанийн хувь эзэмшигчийн өмч, аж ахуйн баланс бүртгэл дээр нь тодорхой үнэ цэнэ агуулж байдаг үнэт цаас юм.
...Үндсэн Хуулийн Тавдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтууд тус тус ноцтойгоор зөрчигдлөө. Дээр дурдсаны дагуу хувьцаа бол өмч мөн. Үндсэн хууль бол хөдөлмөрчдийн өмчийг хамгаалах хамгийн том баталгаа байх ёстойн дагуу “шууд” бөгөөд “үнэ төлбөргүй” өмчөөс салгах үндэс байхгүй.
...Иймд ...дээрх хоёр хуулийн дурдсан заалт буюу Цөмийн Энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсгийн заалт, Цөмийн Энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл тус тус Үндсэн хуультай зөрчилдөж байгааг тогтоож, улмаар хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн Үндсэн хуулийн цэцэд 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан тайлбартаа:
“...Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг... зөрчөөгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, мөн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, түүнчлэн Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна” гэж Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүний хэвлийд байгаа баялгийн өмчлөл төрд хадгалагдахаар тодорхойлсон.
...Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ: 1/ хууль батлах,...” гэж заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Цөмийн энергийн тухай хуулийг 2009 оны хаврын ээлжит чуулганаараа хэлэлцэж батлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан бүрэн эрх, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу холбогдох нөхцөл, журмыг хуулиар тодорхойлж хуулийн этгээдэд төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйл буюу энэ тохиолдолд газрын хэвлий, түүний баялгийг эзэмшүүлэх, ашиглуулахдаа төр өөрийн эзэмших хувь хэмжээгээ тогтоосон. Уг хувь хэмжээ нь газрын хэвлий, ой, ус, ан амьтан зэрэг баялгийг төр өмчлөх эрхийг хөндөөгүй, харин тухайн баялгийн зарим хэсгийг зохих журмын дагуу ашиглах эрх бүхий хамтарсан өмчит хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хэсгийг өмчлөх эрхийг төрд олгосон юм.
...Өнөөдрийн байдлаар Монгол Улс нь цөмийн аюулгүйн чиглэлээр болон Олон улсын атомын энергийн агентлагийн хүрээнд дараахь олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц, протоколд нэгдэн орж соёрхон баталсан билээ.
...Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасны дагуу олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт нь үе шаттайгаар хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийг Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэн ажиллаж байгаа билээ.
...Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “цацраг идэвхт ашигт малтмал нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засагт онцгой ач холбогдолтойг харгалзан цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулна” гэж тодорхойлсон...
Үүнээс дүгнэхэд төр өөрийн өмчийг, тодруулбал газар, газрын хэвлий, түүний баялаг буюу энэ тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмал - стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, ордыг хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн дагуу шаардлагатай нөхцөл, журмын дагуу буюу дотоод, гадаадын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ашиглуулахдаа хамтарсан компани байгуулж, түүний хяналтын багцыг эзэмшинэ. Төр өөрийн өмчийг ашиглуулахдаа буюу бусад хуулийн этгээдтэй хамтран нөөцийг ашиглахдаа улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувь, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр бэлэн бусаар буюу өөрийн өмч буюу газар, газрын хэвлий, түүний баялгаар хөрөнгө оруулж байгаа гэсэн ойлголт юм. Түүнчлэн, дээр дурдсанчлан цацраг идэвхт ашигт малтмал нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал учраас төр цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хамтарсан компанийн хяналтын багцыг зайлшгүй өөртөө хадгалах шаардлага нь зүй ёсны бөгөөд энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой юм” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан байна.
Цөмийн энергийн тухай Монгол Улсын хуульд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн болон улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хамтран эзэмшигч компанийн хувьцаанаас төр өөрийн эзэмших хувь хэмжээ, нөхцөлийг тогтоосон нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.
Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ”, мөн зүйлийн 5.3 дахь хэсэгт “Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Аравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Арван зургадугаар зүйлийн 3/-ын “Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс
ДҮГНЭЛТ гаргах нь:
1. Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ”, мөн зүйлийн 5.3 дахь хэсгийн “Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 1, 2, 3, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг тус тус зөрчөөгүй байна.
2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авч, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Н.ЖАНЦАН
Ж.БОЛДБААТАР
Д.МӨНХГЭРЭЛ