Хэвлэх DOC Татаж авах
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫ ТАЛААР/ Дүгнэлт /

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1995 оны 08 дугаар сарын 02-ны  өдөр                                                            Дугаар 05                                                                       Улаанбаатар хот


ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ

ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫ ТАЛААР/ Дүгнэлт / 


 

Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг 1995 оны 08 дугаар сарын 2-ны өдрийн 14 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөөнд/ үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Л.Баасан, Ж.Бямбаа, /илтгэгч/, Д.Чилхаажав, Ч.Энхбаатар нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Тус хуралдаанд маргагч талыг төлөөлж иргэн А.Энхбат, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн С.Нарангэрэл нар оролцов.
Иргэн А.Энхбат 1995 оны 4 дүгээр сарын 26-нд Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх /тагнах/ ажлын журмыг Цагдаагийн төв байгууллага: цагдан хорих, баривчлах, албадан саатуулах шийдвэрийг биелүүлэх журмыг Монгол Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллага батална гэж тус тус заасан нь "Иргэний болон улс төрийн эрхийн тухай" олон улсын пактын "... хэнийг ч дур мэдэн баривчилж буюу цагдан хорьж болохгүй ... хуулиар тогтоосон үндэслэл, журмаас бусад аль ч тохиолдолд хэнийг ч хорьж болохгүй ... хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, түүний орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нууцад дур мэдэн, хууль бусаар халдах, мөн түүний нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй; түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн "... хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих_, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно ... иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэсэн заалтууд зөрчиж байна.
Хуулийн 45 дугаар зүйлд "... хамгаалах тусгай хэрэгсэл, тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийн жагсаалт, бүх төрлийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журмыг Цагдаагийн төв байгууллагын дарга дангаараа буюу Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн батална" гэсэн заалт нь хүний эрх, эрх чөлөөг тодорхой тохиолдолд зөвхөн хуулиар хязгаарлаж болох, түүнчлэн хууль тогтоох эрхийг зөвхөн Улсын Их Хуралд хадгалах тухай Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дугаарт "... хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно", Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйл "... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална" гэсэн тодорхой заалтууд зөрчигдөж байгаа юм гэжээ.
Энэхүү өргөдлийн утгатай Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн С.Нарангэрэл тодорхой танилцаад дараахь тайлбарыг 1995 оны 06 дугаар сарын 10-нд гаргаж өгөв. Үүнд:
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг урьд нь зарлиг, тогтоол, тушаалаар зохицуулж байсан бол 1993 онд Улсын Их Хурлаас баталсан хууль нь анхны хууль болж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуультай нийцүүлэхэд чухал алхам болсон.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж иргэн А.Энхбатын гаргасан өргөдөл үндэстэй бус болох нь дараахь байдлаар нотлогдож байна.
1.1. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх /тагнах/ ажлын журмыг Цагдаагийн төв байгууллага батална" гэсэн үг байхгүй. /Төрийн мэдээлэл, 1993, ¹ 8, 944 дэх тал/, атал тэр нэмж бичээд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд явуулсан.
1.2. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлыг хуулиар зохицуулна" гэсэн үгийг иргэн А.Энхбат "Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх /тагнах/ ажлын журмыг Цагдаагийн төв байгууллага батална" гэж өөрчлөн найруулсан.
Цагдан хорих, баривчлах, албадан саатуулах үндэслэл, журмыг эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулиар зохицуулдаг нь хэн хүнд ойлгомжтой баймаар.
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь "Цагдаагийн байгууллага нь эрх бүхий байгууллага, албан ташаалтнаас дээр дурьдсан хуульд заасны дагуу цагдан хорих, баривчлах, албадан саатуулахаар шилжүүлсэн хүмүүсийг хүлээн авч, холбогдох шийдвэрийг биелүүлэх агуулгатай юм. Харин хуулийн мөн зүйлийн 2 дахь хэсэг нь зөвхөн шүийдвэрийг биелүүлэх, тухайлбал, байр сууц, хоол унд, ариун цэвэр, эрүүл мэнд, хувцас, харуул хамгаалалт, төлбөрт үйлчилгээ, ном хэвлэл ашиглах, телевиз, радио, хүлээн авагчтай, тоглоом тоглох зэргийг эл журмаар тогтоосон байна.
Эдгээрээс үзэхэд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь "... хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
3.1. Иргэн А.Энхбат хуулийн 45 дугаар зүйлд "... хамгаалах тусгай хэрэгсэл, тээврийн хэрэгслийн жагсаалт, бүх төрлийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга дангаараа буюу Улсын Ерөнхий Прокурортой зөвшилцөн батална" гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзжээ. Гэтэл энэ нь хуулийн заалтаас өөр болсон.
2. Хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Галт зэвсэг, бүх төрлийн тусгай хэрэгсэл хэрэглэх зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална" гэж заажээ.
Хуулийн 40, 41, 42, 43, 44, 46 зэрэг зүйлд цагдаагийн зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэх үндэслэл, тавигдах хууль ёсны шаардлага, журмыг нарийвчлан тогтоож зохицуулсан юм. Харин галт зэвсэг, бүх төрлийн тусгай хэрэгслийн ашиглалт, хадгалах зэрэг техникийн шинжтэй асуудлыг энэ хуулийн хүрээнд зохицуулах эрхийг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын даргад олгосон. Хүлэг, ороох цамц, усан хөөрөг, гар хурууны гав, бороохой гэх мэт нь ямар стандартчилал, технологитой байх нь хууль тогтоох бус харин цэвэр техникийн шинжтэй асуудал билээ.
3. Хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтыг цагдаагийн төв байгууллагын дарга батална" гэж заажээ. Энэ нь "Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгсэлтэй хамт ороогүй, зөвхөн хамгаалах тусгай хэрэгсэл. Хуулийн 41 дүгээр зүйлд цагдаагийн тусгай хэрэгслийн нэгэн төрөл нь хамгаалах тусгай хэрэгсэл болохыг тогтоожээ. Ингэснээр хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдах учиргүй бөгөөд гагцхүү амь дүйсэн үед цагдаа өөрийгөө гэмт хэрэгтний халдлага довтолгооноос хамгаалахад зориулагдсан юм. Өнөөдөр соёлт хүн төрөлхтөн цагдаагийн амь нас, эрүүл мэнд золиослогдохоос аврахад чиглэгдсэн бамбай, өмсгөл зэрэг олон арга хэрэгслийг бий болгожээ. Ийм хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтыг баталж байх эрхийг хуулиар Цагдаагийн төв байгууллагын даргад олгосон. Энэ нь Улсын Их хурал хууль тогтоох эрх мэдлээ бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болж чадахгүй" гэв.
Иргэн А.Энхбат Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Би Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан гомдолдоо хуульд огт байхгүй зүйлийг нэмж бичээгүй ч төсөл байхаас өөрчлөгдсөн зарим заалтуудыг андуу ташаарсан талтай. Ийм ч учраас өргөдөлд дурьдсан цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 45 дугаар зүйлийн 2 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Харин хуулийн 15 дугаар зүйлийн 2, 45 дугаар зүйлийн 1 дэх заалтууд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 болон "Иргэний болон улс төрийн эрхийн тухай" олон улсын пактын холбогдох заалтуудыг зөрчжээ. Ер нь хүний эрх, эрх чөлөөнд халдсан ямарваа харилцааг хуулинд тулгуурласан нэрийдлээр заавар, журмаар зохицуулж болохгүй байх. Цагдаагийн байгууллагын хуулийн 15 дугаар зүйлийн 2, 45 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу гарсан заавар, журмуудад нэр бүхий заалтуудаас агуулгын хувьд хальсан гэж үзэх зүйлүүд цөөнгүй тохиолдож байна. Энэхүү баримтаас ч үзсэн Цагдаагийн байгууллагын хууль Үндсэн хууль зөрчиж байгаа юм биш үү. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 45 дугаар зүйлийн 1-д заасан заалтууд хуультай адил хэм хэмжээ тогтоож өгчээ. Тэрхүү зааврууд нь техник, технологийн биш, агуулгын шинж чанартай болжээ" гэв.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын их Хурлын гишүүн С.Нарангэрэл Цэцийн хуралдаанд тайлбарлахдаа нэхэмжлэл гаргагч иргэн А.Энхбат зарим нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа юм байна. Гэтэл тэр үндэслэл нь төрийн сонин хэвлэлд нийтлэгдсэн учраас олон түмний дотор Цагдаагийн байгууллагад дураар аашилдаг тухай ойлголт төрөхөд нэмэрлэсэн. Энд, Цэцийн хурал дээр нэхэмжлэлээсээ татгалзах нэг хэрэг. Хуулийн 15 дугаар зүйлийн 2, 45 дугаар зүйлийн 1 дэх заалтууд Үндсэн хууль зөрчиж байна, зөрчих үүд хаалгыг нээж өглөө гэсэн гомдлыг үндэслэлгүй зүйл гэж үзэж байна. Хуулинд хорих, баривчлах, албадан саатуулах, зэвсэг хэрэглэх бүхий л үндэслэлийг зааж өгсөн байдаг. Тэрхүү шийдвэр, үндэслэлд тулгуурлан цагдаагийн байгууллага зөвхөн биелүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь тодорхой журамд орж байна. Боловсронгуй болох үүднээс цааш нь хууль тогтоох, гүйцэтгэх байгууллага нэлээд зүйл хийх нь ойлгомжтой. Ялангуяа УИХ-ын гаргасан хуулийн дагуу гаргаж байгаа журмууд хууль зөрчиж байгаа эсэхэд сайн хяналт тавьж байх шаардлагатай болох нь хуралдааны явцад ажиглагдлаа. Дээрх хуулийн заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй гэв.
ХЯНАВАЛ:
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалт нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гагцхүү хуульд тулгуурлан цагдан хорих, баривчлах, албадан саатуулах шийдвэр гаргаж шилжүүлсэн хүмүүсийг цагдаагийн байгууллага хүлээн авч тэрхүү шийдвэрийг хэрхэн биелүүлэх нийтлэг журам тогтооход чиглэгдсэн учраас Монгол Улсын Үндсэн хууль, "Иргэний болон улс төрийн эрхийн тухай" олон улсын пактыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэн А.Энхбат Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь заалт болон Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх, тагнах ажлын талаар гаргасан нэхэмжлэлээс Цэцийн хуралдаан дээр татагалзсан учраас тэрхүү маргааныг тухайлан авч хэлэлцэн шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзэв.
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх заалтыг мөн хуулийн 40, 41, 42, 43, 44, 46 дугаар зүйлүүдтэй уялдуулан авч үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 45 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу Цагдаагийн ерөнхий газраас гаргасан журам заавруудад Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хэм хэмжээ тогтоосон зарим заалт байгаа боловч уг журам заавар нь Үндсэн хуулийн Цэцийн хяналтын объект биш учир хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон гаргах дҮгнэлт:
1.Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 45 дугаар зүйлийн 1 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчөөгүй байна.
2.Энэхүү дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг Улсын Их Хурлын намрын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна.
ДАРГА Н.ЖАНЦАН
ГИШҮҮД Л.БААСАН
Ж.БЯМБАА
Д.ЧИЛХААЖАВ
Ч.ЭНХБААТАР