Хэвлэх DOC Татаж авах
ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТУУД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДТАЙ ХАРШИЛЖ БАЙГАА ЭСЭХ МАРГААНЫГ

 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр                                                             Дугаар 02                                                                                 Улаанбаатар хот


ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТУУД
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДТАЙ ХАРШИЛЖ БАЙГАА ЭСЭХ
МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбаа, Ч.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Хуралдаанаар Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дугаар заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудтай харшилж байна гэж Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн Ж.Баярсайханы гаргасан гомдолтой маргааныг эцэслэн хянан хэлэлцэв.
Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлөн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, өргөдөл гаргагч иргэн Ж.Баярсайхан нар оролцов.
Монгол Улсын иргэн Жамбалын Баярсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд "Шүүхийн үндсэн тогтолцоо нь Монгол Улсын Дээд шүүх, аймаг, нийслэл, сум буюу сум дундын дүүргийн шүүхүүдээс бүрдэнэ" гэж заасан. Гэтэл Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний хуулиар нийслэлд 12 дүүрэг буюу захиргааны нэгж байхад 8 дүүргийн шүүх байгуулж 4-ийг нь дүүрэг дундын /Хан-Уул дүүргийн, Баянзүрх-Гачуурт дүүргийн, Сонгинохайрхан-Жаргалант дүүргийн, Багануур-Багахангай дүүргийн/ болгон байгуулжээ. Эдгээр шүүхүүдийн тамга, тэмдэг, хаяг, албан бичгийн маягт нь дүүрэг дундын хэлбэрээр хийгджээ. Эдгээр байдлуудаас үндэслэн үзэхэд Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа тул асуудлыг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа гаргасан 05 тоот дүгнэлтэндээ: "Шүүх байгуулах тухай" Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн "Багануур, Багахангай дүүргийн шүүх, Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүх, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн шүүх, Хан-Уул, Туул дүүргийн шүүх" гэсэн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна гэжээ.
Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцээд гаргасан Монгол Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны 52 дугаар тогтоолд: Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 1, 3, 5, 7 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргын 1994 оны 7 дугаар сарын 18-ны 10 тоот тогтоолоор иргэн Ж.Баярсайханы гомдол бүхий шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Цэцийн хуралдаанд оролцож иргэн Ж.Баярсайхан тайлбарлахдаа: "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал аваагүй атлаа 1994 оны 7 дугаар сарын 8-нд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулж дүүргийн шүүхийг дугаарлах зохицуулалт буй болгожээ. Ер нь Цэцийн дүгнэлтийг аваагүй нь:
Орон тоо, төсөв хэмнэх;
Нийслэлд дүүргүүдийг байгуулахдаа хүн ам, нутаг дэвсгэрийн байршлыг харгалзаагүй гэсэнтэй холбоотой байна. Ерөнхийлөгч П.Очирбат хүний эрхийг хамгаалах болон шүүхийн ажилд төсөв зарцуулахад гар татаж болохгүй гэснийг Улсын Их Хурал анхаарсангүй. Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 8-ны тогтоол мөн чанартаа Үндсэн хуулийг зөрчсөн бөгөөд энэ нь: 1. Засаг захиргааны нэгж болох дүүргүүд дунд шүүх ажиллах мөн чанар нь хэвээр байгаа, 2. Үндсэн хуулийн заалтаар "дүүргийн шүүх" гэсэн агуулга байгаагаар тайлбарлагдана. Иймд Улсын Их Хурлаас 1993 оны 6 дугаар сарын 14-нд гаргасан шүүх байгуулах тухай хууль, мөн хуульд өөрчлөлт оруулах 1994 оны 7 дугаар сарын 8-ны хуулиуд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг зөрчиж байгааг хянан үзэж зохих шийдвэр гаргахыг хүсье" гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Шүүх байгуулах нэгэн үндэслэл бол тойргийн зарчим болно. Энэ зарчмын дагуу Улсын Их Хурал шүүх байгуулах хуульд өөрчлөлт оруулан нийслэлийн дүүргийн шүүхүүдийг тойргийн системээр байгуулсан.
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэж байх үед Цэцийн хуралдаан даргалсан Л.Баасан Улаанбаатар хотод шүүхийг тойргоор байгуулах тухай үзэл ярьсан. Энэ бол шүүх байгуулах асуудлаар Улсын Их Хурлын үзэл бодолтой нийцсэн үйл ажиллагаа мөн. Иймээс Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй. Шүүх байгуулах тухай хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Улсын Их Хурлаас баталсан хуулиуд нь Үндсэн хуультай зөрчилдөөгүй байна" гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна.
Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан Монгол Улсын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хууль Монгол Улсын Үндсэн хуулийн заалттай зөрчсөн эсэх асуудлаар Цэцийн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёрын санал аваагүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
Энэхүү тогтоол нь гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.
ДАРГА Г.СОВД
ГИШҮҮД Г.НЯМДОО
Л.БААСАН
Ц.ЦОЛМОН
Н.ЖАНЦАН
С.ЖАНЦАН
Ж.БЯМБАА
Д.ЧИЛХААЖАВ
Ч.ЭНХБААТАР