Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 389 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 389.4, 396 ДУГААР ЗҮЙЛИЙН 396.3, 396.4, 396.5 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 389 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 389.4, 396 ДУГААР ЗҮЙЛИЙН 396.3, 396.4, 396.5 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2006 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар





Дугаар 03

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Л.Рэнчин, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч иргэн С.Халтар оролцож, Улсын Их Хурлын даргын 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн У.Хүрэлсүх оролцоогүй болно.
Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Халтар Үндсэн хуулийн цэцэд 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн өргөдөлдөө:
“Монгол Улсын Их Хурлаас 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Шүүх, прокурор, мөрдөн байцаах хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах тухай” Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд 44 дүгээр бүлэг болгон нэгтгэн найруулан батлахдаа 396 дугаар зүйл 396.3.4.5-д хөөн хэлэлцэх хугацааг шинээр 1-3 жилээр нэмэн тогтоон хохирогчийн эрхээ сэргээх эрхийг хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйл, түүний олон улсын хүний эрх, эрх чөлөөг хамгаалах заалтуудтай зөрчилдөж байна. Тухайлбал,
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлгийн 396 дугаар зүйл 396.3-т эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гаргана ,  396.4 -т бусад эрхийг сэргээлгэх тухай өргөдлийг тухайн иргэнд эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргаж болно,  396.5 -д энэ хуулийн 396.3.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол сонирхогч этгээдийн өргөдлөөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор эсхүл шүүх сэргээж болно гэж хуульчилсан юм.
2.Энэ заалтууд Үндсэн хуулийн хүний эрх хамгаалах заалттай зөрчилдөж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг, Арван есдүгээр зүйлийн 19.1-д заахдаа “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэхтэй, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.
-Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн Долдугаар зүйл 7.3-д Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон хүний эрхийг дордуулсан заалт бүхий БНМАУ-ын хууль болон олон улсын гэээ, тэдгээрийн заалтыг мөнхүү Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрэглэхийг хориглоно.
-Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Монгол Улсын хууль ба олон улсын гэрээний хүний эрхийн талаарх заалт зөрчигдвөл уул гэрээний заалтыг баримтална.
-Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 5.3-т Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно гэжээ. Үндсэн хуулийн дээрх заалтууд болон манай улсын нэгдэн орсон олон улсын хүний эрх, эрх чөлөөг хамгаалах гэрээ, конвенци, пактуудад хүн зөрчигдсөн эрхээ сэргээх хугацааг хязгаарласан нэг ч заалт байхгүй байна.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэг 396 дугаар зүйл 396.3.4.5 дахь заалт нь Үндсэн хуулийн дээрхи заалттай ийнхүү зөрчилдөж байгаа учраас хилс хэрэгт шийтгүүлж цагаатсан цөөн ч гэсэн хохирогчид хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэдгээр хохирлоо арилгуулж эрхээ сэргээлгэж чадахгүй байгаа хүмүүсийн нэг нь С.Халтар би юм. Мэдээллээс хол хөдөө орон нутагт амьдардаг малчин, тариачин, ажилгүйчүүд, ядуучууд болон бичиг үсэг мэддэггүй нийгмийн давхаргад энэ хуулийн заалт үнэхээр хүнд тусаж байгаа юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлгийн 396 дугаар зүйл 396.3.4.5 дахь заалт Үндсэн хуулийн заалтай зөрчилдөж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.
Мөн иргэн С.Халтар Үндсэн хуулийн цэцэд 2006 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлд заахдаа байцаан шийтгэх ажиллагааны явцад иргэнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах, тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр тогтоож өгсөн нь уг эрхийг баталгаатай болгоход чухал ач холбогдолтой. Харин хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохтрлыг төр хариуцахгүй /хуулийн 389.4/гэсэн заалт Үндсэн хуулийн учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх /16-ийн 14 болон хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцах төрийн үүрэгтэй /19.1/ нийцэхгүй байна. Үндсэн хуульд хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг тусгахдаа шууд буюу шууд бус хохирол гэж ялгаагүй ба тэр тусмаа төрийн хувьд ямар нэгэн ялгавар хөнгөлөлтийг заагаагүй билээ. Иймд 389 дүгээр зүйлийн 389.4 дэх заалтыг 396.3.4.5 дугаар зүйлтэй хамт нэг мөр хянаж өгнө үү” гэжээ.
Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн У.Хүрэлсүх тайлбартаа:
1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний …хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу Улсын Их хурал 2002 онд баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмыг процессын хуульд нэг мөр тусгаж өгсөн нь хохирогчийн учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх эрхийг баталгаатай болгоход чиглэгдсэн.
Аливаа процессын үйл ажиллагаа хуулиар тогтоосон хугацаа, журмын хүрээнд явагддаг тул хууль тогтоогч хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор, бусад эрхийг сэргээх тухай өргөдлийг тухайн иргэнд эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргаж болохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3, 396.4-т заан хуульчилсан нь эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус зарим эрх, үүрэг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн фактыг тодорхой болгож өгсөн бөгөөд энэ бол хуулиар тогтоосон хугацаа юм.
Эд хөрөнгийн эрхээ хамгаалуулах буюу эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх асуудал нь иргэний эрх зүйн харилцааны объект бөгөөд иргэний эрх зүйд ихэнх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, маргаантай нөхцөл байдлуудыг урт удаан хугацаа өнгөрсний дараа шаардлагатай хэмжээнд үнэн бодитойгоор тогтооход хүндрэлтэй байдаг тул энэхүү хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан. Ингэснээр хөөн хэлэлцэх хугацаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаархи нотлох баримтууд цаг хугацааны хувьд хадгалагдах илүү баталгаатай байдаг.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396.3,  396.4 -т заасан хугацааг иргэн мэдсэнээс хойш тооцохоор заасан нь тухайн иргэний эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин ч шүүх тухайн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэх нөхцөл баталгааг бүрдүүлж өгч байгаа явдал юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396.5-д дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд сонирхогч этгээдийн өргөдлөөр шүүх сэргээж болохоор заасан.
3.Хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий ба тусгай хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Иргэний хуулиар Ерөнхий хугацааг 10 жил байхаар тогтоосон. Тусгай хугацаа нь ерөнхий хугацаанаас богино байдаг бөгөөд хууль тогтоогч энэхүү тусгай хугацааг 3 жил, 1 жилээр тогтоож өгсөн.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396.3, 396.4, 396.5 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1.Монгол Улсын Иргэний хуулийн /2002 оны/ 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байдаг ба хуульд тусгайлан заасан тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацааг хэрэглэж болдог. Гэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:
75.2.1. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;
75.2.2. үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил;
75.2.4. бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил… гэх мэтээр тусгай хугацаа тогтоосон байна.
Түүнчлэн мөн хуулийн 74.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй”;
74.3-т “хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасан нь тухайн харилцааны онцлогт тохируулан хөөн хэлэлцэх хугацаа тогтоодгийг харуулж байна.
Иргэний эрх зүйн харилцаанд сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлэн тэгш эрхийн үндсэн дээр оролцож байгаа эрх зүйн этгээдүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээх хөөн хэлэлцэх хугацаатай харьцуулахад төр, иргэн хоёрын хоорондох нэг нь нөгөөдөө захирагдах тэгш бус харилцаанд төрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн эрх нь зөрчигдсөн иргэний эрхийг сэргээх хөөн хэлэлцэх хугацаа тогтоосон, тэгэхдээ иргэний эрх зүйн харилцааны ерөнхий хөөн хэлэлцэх хугацаанаас ч бага байхаар тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд харин ч төр иргэндээ эрхээ хамгаалуулах илүү боломж олгох ёстой.
Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн зэрэг үйлдэл нь төрийн албадлагын үйлдэл учраас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах ёстой.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан.
Гэтэл төр иргэндээ гэм хор учруулах замаар эрхийг нь зөрчөөд эргээд зөрчигдсөн эрхийг сэргээхдээ дээрх эрхийг хөөн хэлэлцэх хэт богино хугацаагаар хязгаарласан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3, 396.4 дэх заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 оны/ шинэчлэгдэн батлагдахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан “Шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах тухай” Монгол Улсын хуульд /1990 оны/ зөрчигдсөн эрхийг сэргээх хөөн хэлэлцэх тусгай хугацаа заагаагүй байсан бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны журмыг баримталж байсан байна.
2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.5 дахь заалт нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх асуудлыг зохицуулсан байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4 дэх заалт нь төр үйл ажиллагааныхаа улмаас учруулсан гэм хор, хохирлыг л хариуцах үүрэгтэй тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ гаргах нь:
1.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3 дахь хэсэгт “Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гаргана”, 396.4 дэх хэсэгт “Бусад эрхийг сэргээлгэх тухай өргөдлийг тухайн иргэнд эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргаж болно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.5-д “Энэ хуулийн 396.3,  396.4 -т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол сонирхогч этгээдийн өргөдлөөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, эсхүл шүүх сэргээж болно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг, 389 дүгээр зүйлийн 389.4-т “Хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт, мөн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх… гэсэн хэсгийг тус тус зөрчөөгүй байна.
3.Өргөдөл гаргагчийн өргөдөлдөө үндэслэл болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Долдугаар зүйлийн 3 дахь хэсэг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3, 396.4, 396.5 дахь хэсэгт холбогдолгүй байна.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3, 396.4 дэх заалтын үйлчлэлийг 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
5. Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Л.РЭНЧИН
Ч.ДАШНЯМ
Д.НАРАНЧИМЭГ
Ц.САРАНТУЯА