Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 418 ДУГААР ЗҮЙЛИЙН 418.2 ДАХЬ ХЭСЭГТ “…ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ГОМДОЛ ГАРГАХГҮЙ” ГЭЖ ЗААСАН НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 418 ДУГААР ЗҮЙЛИЙН 418.2 ДАХЬ ХЭСЭГТ “…ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ГОМДОЛ ГАРГАХГҮЙ” ГЭЖ ЗААСАН НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/ 

2008 оны 10 дугаар сарын 29 Улаанбаатар хот





Дугаар 08 

                                                                                                                                                                 Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.45 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар С.Энхтуулыг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Манлайбаатар, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Цэнд-Аюуш, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “…шүүхийн шийдвэрийг давж заалдах…эрхтэй…” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Манлайбаатар, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Цэнд-Аюуш нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
“Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар бүлэг /хуулийн 414 дүгээр зүйлээс 419 дүгээр зүйл хүртэл/-т Эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн шинэлэг зохицуулалт нэмэлтээр оруулсан. Ингэхдээ эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй байхаар хуульчилжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтыг зөрчиж байна. Тодруулбал:
…Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2-т “Шүүгч хэргийг хүлээн авсанаас хойш 72 цагийн дотор шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хэргийг шийдвэрлэн тогтоол гаргах ба шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэж заажээ.
2007 оны 8 дугаар сарын 09-нд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Улсын Дээд Шүүхээс уг хуулийг хэрэглэх журмын тухай 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ¹35 тоот тогтоолыг гаргасан. Уг тогтоолын 17-д “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2-т заасан “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй гэдгийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэх болон цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргахгүй гэж ойлгоно” гэж тайлбарлажээ.
… Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлд шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжинд гомдол, эсэргүүцэл бичиж болохгүй тохиолдлуудыг хуульчилсан байдаг. Эдгээр нь таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг өөрчлөх, хэргийн харъяалал тогтоох, шүүхээс шүүх хуралдааны дэгийг зөрчсөнд хариуцлага хүлээлгэх, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлаар гаргасан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид гомдол эсэргүүцэл бичиж болохгүй тохиолдлууд байдаг. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн явдал биш бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилтыг хангахад чиглэгддэг.
Харин эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шүүхээр шийдвэрлээд гаргасан шүүхийн шийтгэх тогтоол болон цагаатгах тогтоолд гомдол, эсэргүүцэл, бичиж болохгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтыг ноцтой зөрчсөн явдал мөн. …” гэжээ.
Хоёр. Улсын Их Хурлын даргын 2008 оны 10 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаар захирамжаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“…Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэ хуулийн 414 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд, гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч нар харилцан зөвшөөрсөн, хүсэлт гаргасан, хохирогч хохирлын талаар маргаангүй байх эдгээр гол нөхцөл бүрдсэн тохиолдолд явагдана. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, хохирлын хэмжээ болон ногдуулах ялын талаар маргаантай бол хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй ба хэргийг ердийн журмаар шийдвэрлэнэ. Үүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415, 416 дугаар зүйл болон 417 дугаар зүйлийн 417.4 –д “Сэжигтэн, яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан, хохирогч ялын талаар санал зөрсөн бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана.”, 418 дугаар зүйлийн 418.6-д “Хэрэг хянан шийдвэрлэх явцад яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тодорхой заасан байна. Эндээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд яллагдагч, хохирогч хүсэлтээ гаргаж хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх эрхтэй байна. Шүүх хуульд заасан шаардлага хангагдсан нөхцөлд хэргийг хянан шийдвэрлэх товыг зарлаж, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хэргийг шийдвэрлэж байгаа болно. Нэгэнт өөрсдийн хүсэлтээрээ хэргээ шийдвэрлүүлж байгаа тул давж заалдах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Оролцогч нараас эргэлзээ төрвөл хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэн гарсан шийдвэрт нь хуулийн дагуу давж заалдах бүрэн эрх нь нээлттэй байгаа болно.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсгийн “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “…шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэсэн хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэж заасан нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэх болон цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргахгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэж зааснаар эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоолд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчдийн хувьд хааж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад, ялангуяа шүүхийн шатанд процессын журам зөрчигдсөн, эсхүл эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ялтай санал нийлээгүй тохиолдолд Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан эрхээ хамгаалуулах, сэргээн тогтоолгохоор шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан байна.
Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын пактад ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оногдсон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг заасан байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “…шүүхийн шийдвэрийг давж заалдах…эрхтэй…” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “…шүүхийн шийдвэрийг давж заалдах…эрхтэй…” гэснийг зөрчсөн байна.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсгийн “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2008 оны 10 дугаар 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногт багтаан хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
Д.НАРАНЧИМЭГ
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ