Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 5.1.11, 45.7 ДАХЬ ЗААЛТУУД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН Ш

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 5.1.11, 45.7 ДАХЬ ЗААЛТУУД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт/

2003. 10.29 Улаанбаатар хот





Дугаар 03

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим
14 цаг 00 минут
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Д.Чилхаажав, Ж.Болдбаатар, В.Удвал, Ч.Дашням \илтгэгч\ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, өргөдөл гаргагч иргэн О.Нямдаваа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Мөрөн нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Нэг.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд оршин суугч О.Нямдаваа 2003 оны 5 дугаар сарын 28-нд Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө:
“1.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д зааснаар Монгол Улсын иргэн нь “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” үндсэн эрхтэй.
Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45.7-д “Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж хуульчлан тогтоож, үүнээс болж Монгол Улсын иргэн-гэрч нь төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэсэн хэм хэмжээ нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн тухайн хэм хэмжээг өргөтгөн тайлбарлаж зөрчсөн гэж үзэж байна.
ЭБШ хуулийн 5.1.14-д: “Төрөл, садангийн хүн” гэж нэг гэр бүлд хамт амьдардаггүй эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач зээ, гуч, жич, төрсөн ах, эгч, дүү авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлнэ хэмээн тайлбарлав. Энд төрөл садан гэх дундаа таслалтай хоёр өөр үгийг нэг ижил агуулгаар тайлбарласан нь буруу байх ба тайлбарын агуулга нь хэт механик субъектив шинжтэй, төрөл саданг ойлгох ард түмний үндсэн ойлголттой зөрчилдөж байна. Энэ шалтгаанаар үл төгсөх маргаан үүсэх, төрөл, садангийн тоо төрөл /хуульд заасан/ улам өсөх нээлттэй байдлыг бий болгосон байж болзошгүй байна.
Төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөвхөн гэрчид олгоод, процессын бусад оролцогчид, тухайлбал хохирогч, сэжигтэн, яллагдагч нарт үл хамааруулж, үл олгосон нь /ЭБШ хуулийн 35, 36, 42/, Үндсэн хуульд тунхагласан тэгш эрхийг зөрчиж тухайн тодорхой эрхийг нийт иргэдэд олгосныг зөрчиж явцуу болгосон байна. Ингэснээрээ Үндсэн хуулийн 1.2-ын шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг давхар зөрчиж байна.
Монгол орны иргэдийн ахуй амьдрал бусад орнууд ялангуяа европын суурьшсан орны иргэдийнхээс огт өөр малчид хоёр, гурван гэрээрээ хот суурин газарт хашаанд мөн л 2-3 гэрээрээ гол төлөв хамт амьдардаг. Эдгээр нь эцэг, хүү, хүргэн, төрсөн ах дүүсийнх гээд ойр төрөл садангууд байдаг. Орон сууцанд ч гэсэн, орон байрны боломж муутайгаас эцэг эх, үр хүүхдүүд олноороо хамт амьдрах нь түгээмэл. Монголд хүмүүс айлаар чөлөөтэй орж гардаг, ийм учраас ахуйн шинжтэй хэрэг зонхилж гардаг. Хэрэг илрүүлэх арга, техник төдий л хангалтгүй байгаа одоо үед төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх иммунитетийг гэрч-оролцогчид олгож, Үндсэн хуулийн хэм хэмжээг өргөтгөсөн нь хэрэгт гэрчээр асуугдах хүн үл олдох, улмаар хэрэг илрэх боломж багасч, хууль үл хэрэгжих, ЭБШ хуулийн зорилго үл хэрэгжих, эмх журамгүй анархи байдал бий болох хэтийн муу балагтай гэж үзэж байна. Ийнхүү Үндсэн хуулийн 1.2-ын хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байх заалт давхар зөрчигджээ.
2.ЭБШ хуулийн 5.1.11-д ”Гэр бүлийн гишүүн-сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эхнэр, нөхөр, тэдэнтэй хамт амьдарч байгаа эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрөл, садангийн хүнийг хэлнэ хэмээн зааж тогтоосон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “Монгол Улсын иргэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэснийг дараах байдлаар зөрчиж байна.
Бүх оролцогчид бус зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамааруулж гэр бүлийн гишүүн гэдэг ойлголтыг тайлбарлаж, бусад оролцогчдод хамааруулж хэрэглэх боломжгүй болгож, Үндсэн хуулийн тухайн хэм хэмжээг ЭБШ хуульд явцуу утгатайгаар, буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ үндэслэлийг няцаах өөр хэм хэмжээ ЭБШ хуульд байхгүй байна” гэжээ.
Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын даргын 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаар захирамжаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, УИХ-ын гишүүн Д.Мөрөн 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
“1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэдээс эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрхийн тухай заасан байдаг. Тэр дундаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд оршиж байна гэж үзэж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гэрч голлох үүрэг гүйцэтгэдэг, өөрөөр хэлбэл гэрч нь болсон үйл явдлыг үнэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж илрүүлэхэд чухал үүрэг бүхий эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч юм. Гэрч нь гэмт хэрэг болсон нөхцөл байдал ба гэм буруутай этгээд, эсхүл хохирогчийн талаар хэрэгт ач холбогдолтой мэдээлэл өгч чадах боловч гэр бүл, эцэг эх, үр хүүхэд, ураг төрлийн хоорондын харилцааг хүндэтгэн хамгаалах үүднээс өөрийн гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45.7-д хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “Монгол Улсын иргэн …гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх… эрхтэй” гэснийг өргөтгөн тайлбарласан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Эрх зүйн онолд Үндсэн хуулийн тухайн заалтыг өөр хуулиар тайлбарлах арга байдаг бөгөөд хууль тогтоогч Үндсэн хуулийн “гэр бүлийн гишүүд” гэдгийг Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; “Төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг; “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно гэж тодорхойлон тайлбарласан байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн “гэр бүлийн гишүүн” гэдэг тодорхойлолтын “төрөл садангийн хүн” гэдэг нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй хамт амьдарч байгаа, өөрөөр хэлбэл, албан ёсоор нэг өрхийн бүртгэлтэй байгаа ач, зээ, гуч, жич, төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хамааруулсан ойлголт юм.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.11-д “гэр бүлийн гишүүн” гэдэг нэр томъёонд “төрөл, садангийн хүн”-ийг хамааруулан тайлбарласан. Энэ тайлбар Гэр бүлийн тухай хуулийн “төрлийн хүн”, “садангийн хүн” гэсэн ойлголтыг тайлбарласантай нийцэж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуульд уг ойлголтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
2.Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим эрүүгийн эрх зүйд үйлчилдэг бөгөөд хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг тогтоох, түүнд зохих шийтгэлийг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй буюу эрүүгийн ял оногдуулахгүй байхад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа чиглэгддэг билээ. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоор тодорхойлж, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэр бүлийн гишүүд тэдний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байгаа нь эдгээр хүмүүсийн хоорондын ураг төрлийн болон амьдралын хамгийн ойр дотны харилцааг харгалзсан хуулийн энэрэнгүй байх зарчимтай холбоотой гэж үзэж байна.
Иймд хууль тогтоогч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гэр бүлийн гишүүн гэдэг ойлголтыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид илүү хамааруулсан нь зөв юм” гэжээ.
Гурав.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон өргөдөл гаргагч иргэн О.Нямдаваа:
“1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д гэр бүлийн гишүүн гэдгийг зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчидтэй холбож хуульчилсан нь Үндсэн хуулиар нийт иргэдэд олгосон эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогчид хийгээд жирийн иргэдэд хамааралгүй болгож, Үндсэн хуулийн дээрх заалтыг явцуу утгаар буруу хэрэглэсэн, мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч бус эхнэр буюу нөхрийн нь төрөл, саданг орхигдуулсан байна. Энэ заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, тэгш байдал...” гэсэн заалтыг давхар зөрчиж байна.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт гэр бүлийн гишүүнд “төрөл, садангийн хүнийг” оруулан хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг өргөжүүлж зөрчсөн, “төрөл”, “садан” гэсэн хоёр өөр үгийг нэг ойлголт болгож хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна” гэв.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Мөрөн:
“Эрх зүйн онолд Үндсэн хуулийн заалтыг салбар харилцааг зохилцуулсан бусад хуулиар тайлбарлах тохиолдол байдаг. Энэ үндсэн дээр “гэр бүлийн гишүүн”-ий тухай ойлголтыг Гэр бүлийн тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан. Эдгээр хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөхгүй байгаа. Төрөл, садны хүн нь гагцхүү баг, хорооны захиргааны бүртгэлээр ам бүлд нь байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүн болох юм. Хамтран амьдарч байгаа хүмүүсийн тухайд гэр бүлээ батлуулаагүй бол албан ёсны гэр бүлд тооцохгүй юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11, 45 дугаар зүйлийн 45.7 заалтууд Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэхгүй байна” гэв.
ДҮГНЭЛТИЙН ҮНДЭСЛЭЛ:
1.Монгол Улсын Их Хурлаас 2002 он 1 дүгээр сарын 10-ны өдөр баталж, 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7-д “Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж заасны “…гэр бүлийн гишүүн, эцэг, эх үр хүүхэд, төрөл, садан…” гэсэн үгүүд өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийн хэлбэрээр, холбогдох хүмүүсийг тоочин тодорхойлж бичсэн нь гэр бүлийн гишүүн биш “төрөл, садан”-г хамруулсан ойлголт болсон байх бөгөөд ингэснээрээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “…гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…” гэсэн заалтыг агуулгын хувьд дэлгэрүүлэн тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д “гэр бүлийн гишүүн” гэдгийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдуулан тодорхойлсон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болох” тухай заалтыг тухайн хуулиар зохицуулж, салбар эрх зүйн харилцааны зарим гол субъектыг тухайлан зааж хуульчилсан байна. Үндсэн хуулийн дээр дурдсан заалтаар олгосон эрхийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчдээс бусад Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид эдлэхийг хязгаарласан, хориглосон зүйл үгүй бөгөөд Үндсэн хуулийн тухайн хэм хэмжээг Эрүүгийн байцаан шийтгэх хууль явцуу утгатайгаар буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсгийн “Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэсэн заалтын “төрөл, садангийн хүний ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, …” гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-ийн “Гэр бүлийн гишүүн” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эхнэр, нөхөр, тэдэнтэй хамт амьдарч байгаа эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрөл, садангийн хүнийг хэлнэ” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, …” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.
3. Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.


ДАРГА Н.ЖАНЦАН


ГИШҮҮД Д.ЧИЛХААЖАВ  Ж.БОЛДБААТАР В.УДВАЛ Ч.ДАШНЯМ