Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүг

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 10 

                                                                                                                                                                                                  Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
                                                                                                                                                                                                                         танхим 14.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ч.Дашням, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хорооны оршин суугч, иргэн Б.Баяр, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж нар оролцов.
Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол, 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
“...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2, 230 дугаар зүйлийн 230.1.2,3,4, 239.4.2, 250 дугаар зүйлийн 250.2, 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.2.3, 322 дугаар зүйл, 323 дугаар зүйлийн 323.1.2-ын “...бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийх буюу шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байвал” гэсэн заалт, 350 дугаар зүйлийн 350.1.3, 352 дугаар зүйл, 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.
Үндсэн хуулийн үзэл санаа болон Монгол Улсын олон улсын гэрээ, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн тухай хуулийн зарчмаар мэтгэлцээний тал нь яллах болон өмгөөлөх талууд байж, шүүх үүнд хөндлөнгийн, хараат бус байр сууринаас хандан мэтгэлцэгч талуудын гаргасан баримт, тайлбарт үндэслэн шийдвэр гаргах явдал юм. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтуудаас үүдэн шүүхээс ялангуяа давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй нотлох баримт, зүйлийг тогтоолгохоор, эсвэл хэргийг хүндрүүлж зүйлчлэн дахин хэлэлцүүлэхээр буцаах явдал гарч байна.
Ингэснээрээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1- дэх хэсгийн заалтыг ноцтойгоор зөрчиж шүүх шууд мэтгэлцээний нэг тал өөрөөр хэлбэл, яллах талд үйлчлэн ажиллах болов. Энэ нь иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх” эрхийг боогдуулж “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн зарчмыг хөсөрдүүлж байна...
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн дагуу шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ уг зүйлийн 225.1.2-д заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг буцаах нь хэргийн оролцогчдыг байлцуулахгүй гаргаж буй шийдвэр учир Үндсэн хуулийн зарчмыг шууд бөгөөд ил тодоор зөрчиж байна.
Мөн уг хуулийн 230 дугаар зүйлийн /Хэргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтад буцаах/ 230.1 дэх хэсэг буюу “230.1.2.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол; 230.1.3.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад энэ хуулийг ноцтой зөрчсөн бол; 230.1.4.улсын яллагч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн... бол хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаахаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 болон Тавин зургадугаар зүйл, тухайлбал төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд зааглан хуваарилах, мөн шүүхийн байгууллага шүүн таслах ажиллагааг явуулах, прокурорын байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох онцгой чиг үүргийг ногдуулсан заалтуудтай тус тус зөрчилдөж, шүүх, шүүгчид прокурорын үүргийг ногдуулж, тэр ч байтугай улсын яллагчийн үзэмжээр шийдвэр гаргахыг шаардсан байна.
Өөрөөр хэлбэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах байгууллагууд түүний дотор гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд багтах байгууллагын хүлээсэн үүргийг шүүх өөрөө хэрэгжүүлэхэд хүргэж байна гээд үүнийхээ үндэслэл болгон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурорын эрх, үүргийг дурдахдаа уг хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.13-т заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуулийн шаардлагыг биелүүлэх талаар бичгээр заалт өгч хэргийг буцаах”, 193.1.18-д заасан “нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тодорхой чиглэл өгөх, хэргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид буцаах”, 215 дугаар зүйлийн 215.2.3-т заасан “нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах” зэрэг прокурорын эрх хэмжээг онцолжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн /Магадлал гаргах/ 315.1.2 дахь хэсэг “Тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буюу анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах” гэсэн нь мөн л шүүхэд ногдуулах ёсгүй үүрэг, функцийг ногдуулж, хууль завхруулах, хүний эрх зөрчих нөхцөл бүрдүүлээд байна. ...Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос ямар нэг хүсэлт гаргаагүй, шаардаагүй байхад давж заалдах шатны шүүх өөрөө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгийг буцаасан бол зөвхөн яллах талын ашиг сонирхлыг илүү илэрхийлдэг бөгөөд өөрт байх учиргүй яллах чиг үүргийг хэрэгжүүлснийг нь биелүүлээгүй бол “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг нэг талыг барьсан буюу гүйцэд биш гэж үзэж” улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317.1.1 болон 315.1.2 дахь заалтуудыг баримтлан дахин дахин хэргийг буцаах нөхцөл бүрдээд байгаа ба давж заалдах шатны зарим шүүгчид үүнийг бурангуйгаар ашиглан заавал хүнд ялтай зүйл ангиар зүйлчлэн шийдэхээс өөр аргагүй байдалд анхан шатны шүүхийг оруулж хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Үүнтэй нэг адил 322 дугаар зүйл /Тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд буцаах/ бүхэлдээ, 323 дугаар зүйлийн /Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох/, 323.1.2-ын “...бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийх буюу шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байвал” гэсэн заалт, 350 дугаар зүйлийн /Хяналтын шатны шүүхийн шийдвэр/ 350.3.1, 352 дугаар зүйл /Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах/ бүхэлдээ болон 353 дугаар зүйлийн /Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ/ 353.3-ын “Хяналтын шатны шүүхийн заалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхээр шинэчлэн хэлэлцэхэд заавал биелүүлнэ” гэсэн заалтууд нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээс яллах талын үүргийг гүйцэтгэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хийж гүйцэтгэх үүргийг нь урьдчилан заасан төдийгүй заавал биелүүлэхийг шаардсан заалт тул Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэсэн зарчмыг шууд зөрчиж байна.
Зүй нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд тухайн хүний үйлдэл, гэм буруу нь тогтоогдохгүй байвал аль ч шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож тухайн хүнийг цагаатгах эсвэл нотлох баримтаар тогтоогдож байгаа хөнгөн ялтай үйлдэлд нь ял шийтгэх нь шударга ёс хийгээд Үндсэн хуульд нийцэх билээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30, 193, 195, 215 зүйлүүдэд гэмт хэргийг нотлох, яллах талаархи прокурорын эрх, үүргийг хангалттай заасан атал нэгэнт ялын дүгнэлтээ үйлдэж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдаан эхэлсний дараа тус хуулийн 239.4.2-т зааснаар улсын яллагч хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргах төдийгүй уг саналыг нь шүүгч харгалзан үзэж хүлээн авах нөхцлийг бүрдүүлсэн нь шүүх зөвхөн яллах талд үйлчилсэн, шүүгдэгч, өмгөөлөгч талын эрх, ашгийг бүрэн үгүйсгэсэн заалт болсноороо Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна” гэжээ.
Иргэн Б.Баяр өргөдөлдөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтууд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 1, 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж дурдсан бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээ, Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байна гээд Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг бичсэн байна.
Түүнчлэн ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр, мөн Их Британи Улсын иргэн Силвано Жино, Монгол Улсын иргэн Ч.Сарангэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар дурдсан байна. Ингээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтууд Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг зөрчиж байгаа тул маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“...Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүгч хянаад мөн хуулийн 230 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаадаг билээ. Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрийг гаргахад талуудыг заавал байлцуулах шаардлагагүй бөгөөд энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэл үгүй юм. Ер нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хэргийн оролцогч талуудыг байлцуулахгүйгээр гаргадаг шийдвэрүүд олонтаа байдаг билээ. Түүнчлэн өргөдөл гаргагч нь өргөдөлдөө шүүгчийн гаргаж байгаа энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн ямар зарчмыг зөрчиж байгаа талаар тодорхой дурдаагүй байна.
...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230.1.2 дахь заалтад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, Шүүхийн тухай хуулийн 3.2 дахь хэсэгт шүүх нь хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа мөн гэж заасан байдаг бөгөөд энэхүү хуулиар олгосон онцгой эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ шүүх хэргийг тал бүрээс нь нягтлан үнэн зөв, бодитой шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг билээ.
Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй зарим ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд шүүх эдгээр ажиллагааг нэмж гүйцэтгүүлэхээр хэргийг буцааж байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд харин хэргийн талаархи бодит үнэнийг тогтоох зорилгоор хэрэгжүүлж байгаа шүүхийн үйл ажиллагаа болно. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргийг шүүхэд ногдуулсан байдаг билээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230.1.3 дахь заалтад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар хуульчилсан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Ер нь эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай хэм хэмжээ нь байцаан шийтгэх ажиллагааны явцад гаргасан алдаа дутагдлыг залруулах чухал зохицуулалт мөн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвхөн мөрдөн байцаалтад буцааснаар шийдвэрлэх боломжтой байдаг.
Учир нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй нь эх газрын эрх зүйн тогтолцооны мөрдөн шалгах хэлбэрийн процессийн ажиллагаанд хамаардаг бөгөөд энэ нь урьдчилсан мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг гэсэн бие даасан үе шатуудад хуваагддаг билээ. Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчигдсөн тохиолдолд уг алдааг мөрдөн байцаалтын шатанд буцаахгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд залруулах боломжгүй юм. Энэ ч үүднээс хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах тухай заалт нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зайлшгүй байвал зохих зохицуулалт юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230.1.4 дэх заалтад улсын яллагч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн бол шүүх хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаахаар заасан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэл үгүй болно. Учир нь прокурор нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд яллах чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болохынхоо хувьд хэргийн талаар бодитой, үнэн зөв шийдвэр гаргах зорилгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахаар шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлж байгаа хэрэг юм. Хэрэв прокурор хэргийн талаархи шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр бодит үнэнд нийцэхгүй байх, ингэснээр хэргийн оролцогчын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүрэх юм. Түүнчлэн прокурор нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн хариуцлагыг хүндрүүлэх бус хөнгөрүүлөх нөхцөл байдлыг ч мөн адил тогтоох үүрэгтэй байдаг билээ.
...Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30.1 дэх хэсэгт зааснаар прокурор нь шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцох үүрэгтэй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239.4.2 дахь заалтад заасны дагуу шүүх хуралдааны явцад үүсэн бий болсон тодорхой нөхцөл байдалтай холбогдуулан шүүгдэгчийг яллахаас татгалзан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шалгуулах хүсэлт гаргах нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй билээ. Учир нь дээр дурдсанчлан прокурор нь яллах чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болохынхоо хувьд ийнхүү хүсэлт гаргах нь хууль ёсны бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр бодитой, үнэн зөв байх нөхцөлийг хангахад оршино.
Иргэн Б.Баярын өргөдөлдөө дурдсан 315.1.2, 318.2.3 дахь заалт, 322 дугаар зүйл, 323.1.2, 350.1.3 дахь заалт, 352.1, 353.3 дахь хэсэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахтай холбоотой зохицуулалт бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүх нь дээр дурдсан зүйл, заалтыг үндэслэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн үе шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн аливаа алдаа зөрчлийг арилгуулах боломжтой байдаг бөгөөд ингэснээрээ хэргийн оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээж, шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх зарчмыг хангадаг билээ.
Иргэн Б.Баяр нь өргөдөлдөө Прокурорын байгууллагыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хүрээнд багтааж, шүүх хэргийг мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хүлээсэн үүргийг хэрэгжүүлж байна хэмээн дурджээ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэг буюу Шүүх эрх мэдэл гэсэн бүлгийн Тавин зургадугаар зүйлд Прокурорын байгууллагыг оруулсан байдаг бөгөөд шүүх, прокурорын байгууллагууд нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн институт юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах тухай зохицуулалт нь хүний эрх, эрх чөлөөг хөндсөн ямарваа асуудал гаргаагүй болохыг хууль хяналтын байгууллагууд давхар нотолж байгаа билээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэн Б.Баярын өргөдөлд дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зүйл, заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлгүй болно” гэжээ.
Гурав. Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Алтанхуягын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:
1. “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “ Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасныг удирдлага болгон шүүх хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргах нь тухайн хэргийг бодит үнэнийг тогтоох, зорилгоос үүдэлтэй болно.
Шүүх эрүүгийн хэрэгт ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзээд хэргийг дахин шалгуулахаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцааж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2, 230 дугаар зүйлийн 230.1, 250 дугаар 250.2, 315.1.2, 322 дугаар зүйл, 350 дугаар зүйлийн 350.1.3, 352 дугаар зүйлийн 352.1-д заасан хуулийн зохицуулалтыг зөвхөн яллах талын нотлох баримтуудыг нэмж хийлгүүлэхээр буцааж байгаа тул Үндсэн хуулийг зөрчсөн гэж өрөөсгөлөөр дүгнэж болохгүй бөгөөд шүүх цагаатгах талын нотлох баримтуудыг ч мөн нэмж шалгуулахаар буцаах эрхтэй.
2. Прокурор хэдийгээр шүүх хуралдаанд яллах чиг үүрэгтэй оролцдог боловч Үндсэн хуулийн 56-р зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 30 дугаар зүйл, 193 дугаар зүйл, Прокурорын байгууллагын тухай хуулийн 12, 15 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ цагаатгах болон яллах нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж хэргийг хянах үүрэгтэй юм.
Түүнчлэн шүүх хуралдаанд яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хангалттай бус нотлох баримтанд үндэслэн шүүгдэгчийг яллах бус харин ч хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.2-т зааснаар саналаа бичгээр гаргах төдийгүй уг саналыг нь шүүгч хүлээн авах нөхцлийг бүрдүүлсэн нь шүүх зөвхөн яллах талд үйлчилсэн, шүүгдэгч, өмгөөлөгч талын эрх, ашгийг бүрэн үгүйсгэсэн заалт болсноороо Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд харин байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчигдөхөөс хамгаалах үүргээ хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл гэж үзэж байна.
3. Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэсэн заалттай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т “Хяналтын шатны шүүхийн заалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхээр шинэчлэн хэлэлцэхэд заавал биелүүлнэ” гэж заасан нь бүрэн нийцэж байна” гэжээ.
Мөн Монгол Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:
“...Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны түүхэн уламжлалын талаар авч үзэж Улс орнуудын эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь 5 хэв маягтай байдаг бөгөөд Монгол Улс “мөрдөн шүүх” хэв маягаар байцаан шийтгэх ажиллагаагаа явуулдгыг тайлбарласан байна.
1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар байцаан шийтгэх ажиллагаа нь хэв маягын хувьд мөрдөн шүүх буюу мөрдөн шалгах шинжтэй байхаар хуульчлан бэхжүүлсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь дээрх хэв маягийн шинжтэй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа Монгол Улсад явагдахыг хуульчилж өгсөн. Тухайлбал, уг хуулийн 6 дугаар зүйлд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилтыг тодорхойлохдоо “...аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, явдлыг хангахад оршино” гэжээ.
Онол арга зүйн хүрээнд авч үзвэл, мөрдөн шалгах хэв шинжтэй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг баримтлах бөгөөд энэ нь төрийн үүрэг гэж үздэг. Харин мэтгэлцүүлэн шүүдэг хэв шинжтэй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь хэргийн бодит үнэнийг тогтооход биш, харин процессын үнэнийг тогтооход оршдог. Чухам ийм учраас мэтгэлцүүлэн шүүдэг тогтолцоотой улс орнууд яллах нотлох баримтыг прокурор, цагаатгах нотлох баримтыг өмгөөлөгч цуглуулж, шүүх хуралдаанд өөртөө байгаа нотлох баримтаа гаргаж танилцуулах ба шүүх уг нотлох баримтыг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан эсэхэд үнэлгээ өгч, хэрэв нотлох баримтыг цуглуулахдаа хууль зөрчсөн гэж үзвэл хэргийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэдэг онцлогтой.
Мэтгэлцүүлэн шүүх зарчмаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагддаг улс орнуудад иргэдийн төлөөлөл болсон тангарагтны шүүх нь шүүгдэгч гэм буруутай эсэхийг бие даан шийдвэрлэх ба харин мэргэжлийн шүүгч ял оногдуулах асуудлыг шийдвэрлэдэг нь бас нэг онцлог нь байдаг.
2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлд “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино” гэсэн нь дээрх хэв маягыг сонгосны илрэл бөгөөд ...16 дугаар зүйлийн 16.1-д, 21 дүгээр зүйлийн 21.1-д, 80 дугаар зүйлийн 80.1-д, 95 дугаар зүйлийн 95.1-д “...прокурор, шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, мөн зүйлийн 95.2-т “...прокурор, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаараа шүүх мөн нотлох үүрэгтэйг давхар хуульчилж өгсөн.
Иргэн Б.Баярын өргөдөлд дурдсан заалтуудыг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн бусад заалтуудтай харьцуулснаар:
Үндсэн Хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Дээд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд ...хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх; мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тухайлбал, 350, 352, 353 дугаар зүйлүүдэд улам тодотгон заасан юм.
Бодит байдлыг тогтоох зарчимд тулгуурлан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагддаг буюу эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудын шүүх нь хэрэгт цугларсан баримтыг бүх талаас нь бодит байдлаар хянан үзэх үүрэг хүлээдэг. Энэ үүргийн хүрээнд шүүх тухайлбал, хяналтын шатны шүүх нь хэрэг, маргааныг хянаж тухайн хэргийн бодит байдал хэрхэн тогтоогдсноос хамаарч 4 төрлийн шийдвэр гардаг атал өргөдөл гаргагч Б.Баярын ойлголтоор, шүүх хэрэг маргааныг хянаж үзээд гэмт хэрэг үйлдсэн гэвэл шийтгэх тогтоол, эсвэл хэргийн байдал тогтоогдохгүй байна гээд тухайн хэрэгт холбогдож байгаа хүнийг цагаатгах тогтоол л гаргана гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу явагдахыг хүлээн зөвшөөрсний нэг илрэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230,  271 -277, 293, 296 дугаар зүйлийн 296.1, 318, 319, 321, 348, 353 дугаар зүйлийн 353.1-д заасан заалтууд юм. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д “шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагааг хянаж үзэх үүрэгтэй...” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1.Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буюу шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох зарчмын хүрээнд шүүхээс явуулж байгаа ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ...” гэж заажээ.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2, 230 дугаар зүйлийн 230.2,3,4, 239.4.2, 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.2.3, 322 дугаар зүйл, 323 дугаар зүйлийн 323.1.2-ын “...бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийх буюу шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байвал” гэсэн заалт, 350 дугаар зүйлийн 350.1.3, 352 дугаар зүйл, 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлаж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна”, 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ...шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй. ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...шударга ёс...төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2, 230 дугаар зүйлийн 230.2,3,4, 239.4.2, 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.2.3, 322 дугаар зүйл, 323 дугаар зүйлийн 323.1.2-ын “...бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийх буюу шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байвал” гэсэн заалт, 350 дугаар зүйлийн 350.1.3, 352 дугаар зүйл, 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 1, 2, 3, Арван зургадугаар зүйлийн 14, Дөчин есдүгээр зүйлийн 1, Тавин зургадугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.
2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
Ч.ДАШНЯМ
Д.НАРАНЧИМЭГ
Д.МӨНХГЭРЭЛ