Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ, ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ, ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 06

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 
14.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Амарсанаа/илтгэгч/,Ч.Дашням,Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Улсын Дээд шүүхийг төлөөлж Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Д.Батсайхан, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, мөн Улсын Ерөнхий прокурорыг төлөөлж Улсын Ерөнхий прокурорын туслах мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог нар оролцов.
Нэг.Монгол Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуяг Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/636 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтдээ:
“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 178 дугаар зүйлийн 178.1-д хэрэг бүртгэх ажиллагааг хөнгөн гэмт хэрэгт 14 хоног, хүндэвтэр гэмт хэрэгт 30 хоногт явуулна гэж заасан атал Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулиар уг хуулийн 178 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан хөнгөн гэмт хэргийн хэрэг бүртгэх ажиллагааг 4 хоногт, хүндэвтэр гэмт хэргийн хэрэг бүртгэх ажиллагааг 7 хоногт багтаан явуулна”
гэсэн 4 дэх хэсэг нэмсэн нь байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарын хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласнаас гадна хэрэг бүртгэлт явуулах үндсэн хугацаатай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл хөнгөн буюу хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, яллагдагч нь хэрэг шалгах хугацааны дотор эрх, үүргээ хэрэгжүүлэх ижил нөхцөл, боломжтой байх эрхийг боогдуулж алагчлал ялгавартай тогтоосон шинжтэй болжээ.
Нийт хөнгөн, хүндэвтэр хэргүүдээс тусад нь зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлд заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх”, 131 дүгээр зүйлд заасан “Сонгуулийн болон бүх нийтийн санал хураалтын баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах” гэмт хэргийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг хэт багасгаж бууруулснаар Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчөөд зогсохгүй хэргийн байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоож шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна” гэжээ.
Хоёр.Улсын дээд шүүхээс 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1097 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ:
“1.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлт буюу уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.5, 233 дугаар зүйлийн 233.2, 302 дугаар зүйлийн 302.4, 304 дүгээр зүйлийн 304.4, 309 дүгээр зүйлийн 309.4, 346 дугаар зүйлийн 346.4-т Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар хэрэг бүртгэлт явуулах, уг хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг хэт багасган тогтоосон нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх… эрхтэй” гэсэн заалттай зөрчилдөж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тодорхой зүйл, заалтад шинээр оруулсан нэмэлтийг ижил төрлийн харилцааг зохицуулж буй мөн зүйлийн тухайн зүйл хэсэгтэй харьцуулан үзвэл жишээ нь, бусдад эд зүйлээ дээрэмдүүлсэн хэргийн хохирогч “А”-гийн гомдлоор эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 309 дүгээр зүйлийн 309.1-д зааснаар давж заалдах шатны шүүх 30 хоногийн дотор, харин сонгогдох эрх нь зөрчигдсөн гэх хэргийн хохирогч буюу нэр дэвшигч, эсвэл Сонгуулийн хорооны гишүүний гомдлоор “Б”-гийн хэргийг шинээр оруулсан нэмэлт буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 309 дүгээр зүйлийн 309.4-д зааснаар давж заалдах шатны шүүх 5 хоногийн дотор хэлэлцэх журамтай болжээ.
Ийнхүү Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан дээрх нэмэлтүүд нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэнтэй зөрчилдөж байна.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлтийн дагуу тухайлбал, хэрэг бүртгэгч хөнгөн гэмт хэрэг бүртгэлтийг 4 хоногт багтаан явуулах ба харин анхан шатны шүүх уг хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарсан өдрөөс эхлэн 3 хоногоос хэтрүүлэхгүйгээр шүүх хуралдаанаар хэлэлцэх болсон нь Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нотлох баримт шалгуулах хүсэлтээ гаргах боломжийг хязгаарлаж байгаагаас гадна эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос ийм хүсэлт гаргасан тохиолдолд ч хэрэг бүртгэгч болон шүүх цаг хугацааны хувьд уг хүсэлтийг хүлээн авч хангаж чадахгүйд хүргэж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлтийн дагуу Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулах, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх маш богино, хязгаарлагдмал хугацааг тогтоосон нь хэргийн бодит үнэнийг тогтоох гэсэн зарчмыг хэрэг бүртгэлт хийгээд шүүхийн үйл ажиллагаанаас ангид байлгаж, улмаар тухайн иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхээ бодитой эдлэх боломжийг хязгаарлах нөхцөлийг бий болгож байна.
Ийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан дээрх нэмэлтүүд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж байна.
Гурав.Улсын дээд шүүхээс 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1168 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ:
“1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд “Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай шүүгчийн шийтгэврийн талаарх болон сонгуулийн холбогдолтой хэрэгт давж заалдсан гомдлыг шүүх хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэсэн нэмэлтийг уг зүйлийн 7 дугаар хэсэг болгон оруулжээ.
Захиргааны хариуцлага хүлээлгэх тухай анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэрт гомдол гаргах журам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170, 171 дүгээр зүйлүүдэд тусгагдсан ба шүүгчийн шийтгэвэрт 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргахаар зохицуулагдсан байдаг. Энэ гомдлыг нь тухайн шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, тогтоол гаргах ба уг тогтоол нь эцсийн шийдвэр байхаар заасан байна. Үүнээс гадна, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба түүнд давж заалдсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сум буюу сум дундын, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заажээ. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэх гомдлын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт … давж заалдах гомдол гаргах”-аар тусгасан бөгөөд аймаг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхүүд захиргааны хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэврийг давж заалдах журмаар хянадаггүй билээ.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд орсон дээрх нэмэлт сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдийн зөрчилд захиргааны шийтгэл оногдуулсан шүүгчийн шийтгэврийг хянах журмыг бусад төрлийн захиргааны зөрчлийн талаар гарсан шийтгэврийг хянах журмаас өөрөөр тогтоосон ба энэ нь шүүгчийн шийтгэврийг хянах шүүхийн тогтолцоог эвдэж, мөн хуулийн бусад зүйл, заалттай зөрчилдөж байгаагаас гадна Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.
Захиргааны зөрчил гаргаж, шүүгчийн шийтгэврээр шийтгэл хүлээсэн аливаа этгээдийн гомдлыг анхан шатны шүүх хэлэлцдэг байхад сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн гомдлыг аймаг, нийслэлийн шүүх хэлэлцэх ямар үндэслэл байгаа нь ойлгомжгүй болжээ. Сонгуулийн хууль тогтоомжийн зөрчлийг бусад хуулийн зөрчлөөс илүү чухал гэж үзэх, эсхүл тухайн зөрчил гаргагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч буюу түүнийг дэмжигч тул бусад зөрчил гаргагчдаас илүү ач холбогдолтой гэж үзэх нь “хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …үзэл бодлоор нь …ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг хөндөж байна гэж Улсын Дээд шүүх үзнэ.
Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай шүүгчийн шийтгэвэрт гарсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170, 171, 161, Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан зохицуулалтыг баримталж, анхан шатны шүүх хэлэлцэх, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.7-д заасны дагуу давж заалдах шатны шүүх хэлэлцэх нь ойлгомжгүй байгаагаас Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүгч …гагцхүү хуульд захирагдана” гэсэн зарчмыг шүүх бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжгүй болж байна.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлд “сонгуулийн холбогдолтой хэргийг хяналтын шатны шүүх хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэн нэмэлтийг 2 дахь хэсэг болгон оруулжээ.
Хяналтын шатны шүүх нь өөрийн эрх хэмжээний хүрээнд иргэний хэргийг 30 хоногийн дотор хянахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заажээ.
7 хоног гэдэг нь 30 хоногт багтах хугацаа хэдий ч хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааны дээд хязгаарыг зөвхөн сонгуулийн холбогдолтой хэрэг маргаанд доошлуулж тогтоосноор тухайн хэргийн оролцогчдын эрх, шүүхээс хэргийг ул үндэстэй шийдвэрлэх боломжид муугаар нөлөөлөөд зогсохгүй угтаа “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Нөгөө талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим хугацаатай харьцуулж үзвэл иргэний бүх төрлийн хэргийг давж заалдах журмаар 30 хоног, хяналтын журмаар 30 хоногийн дотор хянан хэлэлцэхээр тогтоосон байхад сонгуулийн холбогдолтой хэргийг 7 хоногт хянан шийдвэрлэх нь хэтэрхий бага хугацаа гэдэг нь ойлгогдоно. Түүнчлэн хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш давж заалдах гомдлыг 14 хоногийн дотор, хяналтын гомдлыг 30 хоногийн дотор гаргадаг байхад хяналтын шатны шүүх /давж заалдах шатны шүүх ч мөн адил/ хэргийн оролцогчийн гомдол бичих хугацаанаас даруй 2-4 дахин богино хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй болж байна.
Сонгуулийн холбогдолтой хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх шаардлага нь сонгуулийн өөрийн хугацаатай холбоотой болох нь ойлгомжтой ч хугацааны энэхүү шахуу байдлыг шүүх өөрийн ажлын дотоод зохион байгуулалтаар хянан тохируулах боломжтой байхад хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг хязгаарласан нь процессын хуулийн нэгдмэл агуулгыг ч алдагдуулж, Үндсэн хуулийн зарчмыг ч зөрчсөн гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2-т “сонгуулийн холбогдолтой хэргийг” гэж заасан хэдий ч хуулийн 166 дугаар зүйлийн 166.7-д сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэсэн шүүгчийн шийтгэврийг давж заалдах шатны шүүх хянахаар туссан ба давж заалдах шатны шүүхийн магадлалд мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргах боломжтой тул захиргааны шийтгэл хүлээлгэсэн шүүгчийн шийтгэврийг хяналтын шатны шүүх хянах үүрэгтэй болж байна.
Энэ утгаараа хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.7, 167 дугаар зүйлийн 167.5, 174 дүгээр зүйлийн 174.2-т заасныг баримталвал захиргааны шийтгэл ноогдуулсан шийтгэврийг хянаж, мөн хуулийн 170, 171 дүгээр зүйл, 172 дугаар зүйлийн 172.1-ийг баримталбал шийтгэврийг хянахгүй байхаар болжээ.
Уг тохиолдолд нэг асуудлыг хоёр өөрөөр зохицуулсан адилхан хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зүйл, заалтын нэгийг нь баримталж, нөгөөг нь зайлшгүй зөрчих тул шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ажиллагаа мухархалд орж, “…шүүгч гагцхүү хуульд захирагдана” гэсэн Үндсэн хуулийн шаардлага хэрэгжих боломжгүй болно” гэжээ.
Дөрөв.Улсын дээд шүүхээс 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1127 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ:
“1.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “11.6.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг хянан шалгах ажиллагааг шүүгч 7 хоногт багтаан явуулна” гэсэн нэмэлт оруулжээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар захиргааны зөрчлийг эрх бүхий албан тушаалтан зөрчлийн тухай гомдол, мэдээлэл, үйл баримтыг үндэслэн, зөрчлийг хянан шалгах ажиллагааг 14 хоногийн дотор явуулах, энэ хугацаанд дуусгах боломжгүй бол тухайн эрх бүхий байгууллагын удирдлагын шийдвэрээр 14 хоногоор сунгаж, зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх, шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр хураах, зөрчил гаргасан этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, албадан саатуулах зэрэг цогц ажиллагаанууд хийгдэх ёстой билээ.
Гэтэл сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг шүүгч өөрөө 7 хоногийн дотор хянан шалгаж, нотлох баримтыг өөрөө цуглуулж, зөрчил гаргасан этгээдэд арга хэмжээ авах эсэхээ шийдвэрлэхээр болж байгаа нь талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байгаа төдийгүй, захиргааны зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг хянан шалгах хугацааг 2 өөрөөр хуульчилж, тухайн хуульд заасан боломжит хугацааг хэт багасгаснаар захиргааны зөрчил гаргасан этгээдийн эрхээ хамгаалуулах боломжийг алдагдуулж байна.
Энэ нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн заалттай зөрчилдөж байгаагас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
2.Мөн хуулийн “Захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах” гэсэн 19 дүгээр зүйлд “19.8. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн шийтгэвэрт 3 хоногийн дотор гомдол гаргаж болох ба давж заалдах гомдлыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт заасны дагуу хянан шийдвэрлэнэ” гэсэн нэмэлт оруулжээ.
Захиргааны зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дээд шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол давж заалдах гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр Захиргааны хариуцлагын тухай хуульд заажээ.
Гэтэл захиргааны зөрчил гаргасан этгээдэд шийтгэл ногдуулсан анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэрт гомдол гаргах журам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170, 171 дүгээр зүйлүүдийн дагуу зохицуулагдсан ба шүүгчийн шийтгэвэрт 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргахаар өөрөө заагджээ.
Энэ заалт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн “Энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба түүнд давж заалдсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сум буюу сум дунд, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ” гэсэн заалттай нийцэж байхад сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн шийтгэвэрт 3 хоногийн дотор гомдол гаргаж болохоор хуульчлан зааж, гомдол гаргах хугацааг багасгаж, бусад захиргааны зөрчилд шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэвэрт гомдол гаргаж болох хуульд заасан хугацаанаас өөрөөр тогтоосон нь дээрх хуулийн заалтуудтай зөрчилдөж байгаагаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “шүүгч …гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтуудтай нийцэхгүй байна.
Мөн захиргааны зөрчилтэй хэргийн оролцогчдоос захиргааны зөрчилд шийтгэл ногдуулсан анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэрт гомдол гаргахдаа дээд шатны шүүхэд нь гомдол гаргах Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөгийн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.7 дахь хэсгийн дагуу давж заалдах шатны шүүх гомдлыг үндэслэн шийтгэврийг хянахаар байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 57 дугаар зүйлийн 57.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170, 171 дүгээр зүйлийн заалтуудтай зөрчилдсөн, аль хууль нь Үндсэн хуульд нийцэж байгааг тодорхойлох боломжгүй, дээрх хуулиудад нэг үйл баримтыг хоёр өөрөөр зохицуулсан зэрэг нь “шүүгч …гагцхүү хуульд захирагдана” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг шүүн таслах ажиллагаанд хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа юм.
Иймд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.
Тав. Улсын Их Хурлын иргэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн тайлбартаа:
“Улсын Их Хурал 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулиар Улсын Их Хурлын сонгуулийг санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө зарлахаар хуульчилж, сонгуулийн үйл ажиллагааны үе шатны ажлуудын хугацааг богиносгон тогтоосонтой холбогдуулж, Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт хэрэг бүртгэх ажиллагаа явуулах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх, шүүхийн шийдвэрийн хувийг холбогдох этгээдэд гардуулах, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, хяналтын журмаар уг хэргийг хянан шийдвэрлэх, түүнчлэн сонгуультай холбогдсон иргэний хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдсон хугацааг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндсэн хугацаанаас багаар тусгайлан тогтоосон өөрчлөлтийг эдгээр хуульд оруулсан. Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуульд ч дээрхтэй адил өөрчлөлт оруулсан.
Сонгуультай холбоотой маргаан сонгуулийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй байх явдал өмнөх сонгуулийн үед гарч байсан тул сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотой асуудлыг сонгууль зохион байгуулах хугацаанд шийдвэрлэж байх шаардлагын үүднээс ийнхүү тогтоосон бөгөөд энэ нь сонгуулийн холбогдолтой хэрэг, маргааныг шалган шийдвэрлэхэд богино хугацаа тогтоосноор асуудлыг тухайн цаг үед нь хянан шийдвэрлэх замаар оролцогчдын эрхийг ханган баталгаажуулах боломж бүрдүүлнэ гэж хууль тогтоогч үзсэн юм.
Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1.Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэг бүртгэх ажиллагааг явуулах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх, шийтгэх ба цагаатгах тогтоолын хуулбарыг гардуулан өгөх, шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэж, захиргааны зөрчлийг хянан шалгах, захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах хугацааг дээрхи хуулиудын ерөнхий хугацаанаас богиносгож тогтоосноор процессын нэгдмэл нэг журам, хэлбэрээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг байх нийтлэг зарчмыг зөрчжээ.
Үүний улмаас байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод төрөөр баталгаажсан адил тэгш эрх, үүрэгтэй байх боломж алдагдсан байна.
Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод хэрэглэж буй хууль ижил, нэгдмэл байх нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх гол болзол бөгөөд энэхүү болзлыг мөн зөрчсөн байна.
Хугацааг ялгавартайгаар тогтоож богиносгосноороо хэргийн бодит үнэнийг тогтоох, дүгнэлт гаргах, нотлох баримтыг шалгуулах, шүүхээр хамгаалуулах боломжийг хязгаарласан байна.
Ийнхүү хугацааг богиносгосноор эрх бүхий байгууллага асуудалд хөнгөн, хуумгай хандаж, хүний эрхийг зөрчиж иргэдийг хохироох хууль зүйн үндэслэл бий болгосон байна.
2.Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн зохих заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2; Арван зургадугаар зүйлийн 14/; Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйл /Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 178.4; 225.5; 233.2; 302.4; 304.4; 309.4; 346.4 дэх хэсэг нэмсэн/, 2 дугаар зүйл; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйл /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 166.7; 174.2 дахь хэсэг нэмсэн/, 2 дугаар зүйл; Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Захиргааны хариуцлагын тухай хуульд 11.6; 19.8 дахь заалт нэмсэн/ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх
хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
2.Дээр дурдсан хуулийн холбогдох заалтууд нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2; Арван зургадугаар зүйлийн 14/; Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.
3.Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, мөн Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1/; 2/ дахь хэсгийн заалтын үйлчлэлийг 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
4.Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар 15 хоногийн дотор хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
Ж.АМАРСАНАА
Ч.ДАШНЯМ
Д.НАРАНЧИМЭГ