A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 184

 

СУУДЛЫН АВТОМАШИНЫ АШИГЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

 

Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 27.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Төрийн байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь “албан тушаалын, албан ажлын, дуудлагын, хөдөө ажлын” гэж ангилан тогтоож, “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Албан тушаалын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор хуанлийн хоног (баярын болон долоо хоногийн амралтын өдрийг оролцуулан)-т дунджаар 70 км, албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор ажлын хоногт дунджаар 50 км, дуудлагын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж 2500 см3-ээс илүүгүй байхаар тогтоож, ажлын хоногт дунджаар 40 км-ээс тус тус хэтрүүлэхгүй хэрэглэж байхаар тогтоосугай.

3. Хөдөө ажлын автомашины зардлыг тухайн албан тушаалтны томилолтын төсөвт тусган баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нар болон  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарт даалгасугай.

4. Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасугай:

 

4.1. Энэ тогтоолын хавсралтаар баталсан “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ын “Нэг”-ийн 1-д заасан албан тушаалтан хөдөө ажлын зориулалтаар хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 3501-4700 см3 автомашинтай байхыг зөвшөөрч, Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулдаг байгууллага, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, яам, Засгийн газрын агентлагийн хөдөө ажлын зориулалтаар ашиглаж байгаа автомашинуудыг Засгийн газрын автобаазад төвлөрүүлж, нэгдсэн журмаар гэрээний үндсэн дээр тээврийн үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;

4.2. Засгийн газрын автобаазын зохион байгуулалтын бүтцэд энэ тогтоолын хавсралтад заасан албан тушаалтанд автомашинаар үйлчилдэг төрийн үйлчилгээний хэсэг, төрийн бусад байгууллагын дотоод албан хэрэгцээний дуудлагын автомашин болон хөдөө ажлын автомашинаар үйлчилдэг хэсгийг тус тус байгуулах;

4.3. Засгийн газрын автобаазын төрийн үйлчилгээний хэсгээр үйлчлүүлэх  албан тушаалтны автомашины зардлыг Сангийн сайдын төсвийн багцад тусган гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх, төрийн бусад байгууллагын хөдөө ажлын болон  дотоод албан хэрэгцээний дуудлагын автомашинаар үйлчилдэг хэсгийн зардлыг гэрээний үндсэн дээр тухайн байгууллагаас санхүүжүүлэх арга хэмжээ авах;

4.4. Засгийн газрын автобаазын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, үйлчилгээний стандарт, үнэ тариф, зардлын норм, нормативыг боловсруулан зохих журмын дагуу баталж мөрдүүлэх.

 

5. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг болон төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод албан хэрэгцээнд хэрэглэх дуудлагын автомашины тоо, төрлийг шинэчлэн тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн хороо (Ш.Солонго)-нд даалгасугай.

 

6. Яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллагууд 2015 онд суудлын автомашин шинээр худалдаж авахгүй байхыг Засгийн газрын гишүүд, Төрийн өмчийн хороо (Ш.Солонго)-нд, эдгээр байгууллагын албан хэрэгцээнд шаардлагатай автомашиныг бусад байгууллагын автомашины хэрэглээнд зохицуулалт хийх замаар тухай бүр шийдвэрлэж байхыг Төрийн өмчийн хороо (Ш.Солонго)-нд тус тус  даалгасугай.

 

7. Албан ажлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд ажлын хоногт 50 км-ээс хэтрүүлэхгүйгээр 1 км-ийг 450 төгрөгөөр тооцож, зардлыг сар тутамд олгож байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон холбогдох бусад албан тушаалтанд зөвшөөрсүгэй.

 

8. Төсвөөс санхүүждэг байгууллага хот дотор ажил, үйлчилгээнд хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс дээш, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэх, бүх шатны байгууллага, албан тушаалтан эрхлэх асуудлын хүрээний болон харьяа байгууллагаас автомашин гаргуулан хэрэглэх, шатахууны зардлыг төлүүлэхийг тус тус хориглосугай.

 

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 349 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ч.САЙХАНБИЛЭГ

 

Монгол  Улсын  сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх  газрын  дарга                                                         С.БАЯРЦОГТ