Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 13

                                                                                                                                                                                                                     Үндсэн хуулийн цэцийн
                                                                                                                                                                                                                          хуралдааны танхим
                                                                                                                                                                                                                                     15.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нарантуяаг оролцуулан хийв.
Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Б.Баярсайхан, Б.Эрдэнэбилэг, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж нар оролцов.
Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баярсайхан, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Эрдэнэбилэг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
“...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д “...дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй”, 347 дугаар зүйлийн 347.5-д “...эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол ... эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ” гэсэн нь дараахь үндэслэлээр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.
1.1992 оны Монгол Улсын Үндсэн хууль нь урьд өмнө прокуророос төрийн бүхий л байгууллагын үйл ажиллагаанд ерөнхий хяналт тавих эрхтэй байсныг халж, зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаа, мөн ял эдлүүлэх ажиллагаанд тус тус хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэгтэйг хуульчлан бэхжүүлсэн юм. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Прокурорын байгууллагын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх болон Шүүхийн тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдаж, уг хуулиудыг Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцүүлж прокурорын чиг үүргийг улам тодорхой болгосон зарчмын заалтууд орсон юм. Прокурорын байгууллагаас хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалтай хэрхэн харилцах тухай заалтуудыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 19-23 дугаар зүйлүүдэд тодорхой тусган зохицуулсан болно.
Тухайлбал, уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Улсын ерөнхий прокурор Улсын Дээд шүүхийн хяналтын журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоолд хуульд харшилсан гэж үзвэл санал гаргана”, 23 дугаар зүйлийн 23.4-д “Улсын Ерөнхий прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай баримт илэрвэл түүнийг шийдвэрлүүлэхээр Улсын Дээд шүүхэд шилжүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор шүүх хуралдаанд оролцох чиг үүргээ биелүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эсэргүүцэл бичнэ” гэж;
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д “...улсын яллагч ...хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл гаргах эрхтэй”, 347 дугаар зүйлийн 347.2-д “Энэ хуулийн 347.1-д заасан тогтоол хуульд харшилсан гэж үзсэн Улсын Ерөнхий прокурор эсхүл Улсын Дээд шүүхийн шүүгчийн саналыг үндэслэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан тохиолдолд хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан хэлэлцэнэ” гэж;
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргавал хэрэг маргааныг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан юм.
1992 оны Үндсэн хуульд Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, ...нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн тунхаглахын учир мөн нөгөө талаар дээр нэр дурдсан хуулийн заалтууд хүчин төгөлдөр үйлчилж нийгмийн харилцааг зохицуулж буйг үл харгалзан УИХ-аас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342, 347 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн зарчимтай шууд зөрчилдөж байна.
2.Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдах бөгөөд яллах тал нь прокурор, харин өмгөөлөх, цагаатгах тал нь шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч байна. Мөн талууд шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэн судлахад оролцох, хүсэлт гаргах, хэрэгт ач холбогдол бүхий ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх талаар эрх тэгш байна хэмээн зохицуулсан.
Ийм ч учраас 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл талууд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж эрх тэгш байх зарчмынхаа дагуу өмгөөлөгч гомдлоо гаргаж, харин шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон прокурор буюу улсын яллагч эсэргүүцэл бичиж болох ба уг асуудлаар гагцхүү Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан тохиолдолд хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцдэг байв. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 буюу хуучин заалт/
Гэтэл 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг дүгнэлт гаргасан, эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.5-д оруулсан байна. Энэхүү заалт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчиж байна.
3.1992 оны Монгол Улсын Үндсэн хууль нь засаглалын хуваарилалтыг нарийвчлан тогтоосны зэрэгцээ шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангах явдлыг хуульчлан бэхжүүлсэн юм. Тухайлбал, “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”, “Монгол Улсын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд ...давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх” гэсэн заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн 49, 50 дугаар зүйлд хуульчлан заасан.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1, 347 дугаар зүйлийн 347.5-д зааснаар улсын яллагчаас гадна эрх зүйн байдал нь тодорхой бус “прокурор” гэх албан тушаалтан шүүн таслах ажиллагаанд оролцож, эсэргүүцэл бичих болсон нь нэг талаас хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэргийг шийдвэрлэдэг шүүгчийн хараат бус байдлыг зөрчсөн үйлдэл төдийгүй, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож буй илрэл гэж үзэхээс өөр аргагүй.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д “...дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй”, 347 дугаар зүйлийн 347.5-д “эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол эсэргүүцэл бичсэнээс ...” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтыг тус тус зөрчиж байна.
4. Эрх зүйн түүхийг эргэн харвал социалист төр нь өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн тусгай байгууллагаар дамжуулж, төрийн бүхий л байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд ерөнхий болон тусгай хяналт тавьж байв.
Энэхүү хяналтын тогтолцоо өмнөх Үндсэн хуулиудад хуульчлан бэхжүүлсэн нь түүх болон үлдсэн. Тухайлбал, 1940, 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулиудад прокурорын дээд болон ерөнхий хяналтыг хуульчилсан бөгөөд уг хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд прокурор төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байсны нэгэн адил шүүх өөрийн гаргасан шийдвэрээ прокурорт хүргүүлж зохих шатны хэн нэгэн прокурор уг шийдвэрийг хянан үзсэний үндсэн дээр эсэргүүцэл бичиж, тухайн эсэргүүцэл эрх зүйн хувьд үндэслэлтэй эсэхийг үл харгалзан эсэргүүцлийн дагуу шүүх тухайн хэргийг дахин хянан хэлэлцдэг байв.
Гэтэл 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн прокурорын хяналтын хүрээг хязгаарлаж зөвхөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох болсон юм.
Өөрөөр хэлбэл хэмжээгүй эрхт хяналтын гаж буруу тогтолцоог бүрэн халсан.Дүгнэж хэлбэл нэгэнт түүх болон үлдсэн прокурорын хяналтын хуучин тогтолцоог санагалзсан мэт 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон улсын яллагчаас гадна тухайн хэргийн талаар харьяалал үл хамаарах дээд шатны прокурор хэмээх үл ойлгогдох албан тушаалтан эсэргүүцэл бичих болж байна. Дээд шатны гэх прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг заасан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1, 347 дугаар зүйлийн 347.5 дахь заалтыг утгачилан ойлговол,
Нэгдүгээрт: Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоогүй прокурор эсэргүүцэл бичнэ.
Хоёрдугаарт: Ийнхүү эсэргүүцэл бичихийн тулд аль нэг шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг хөндлөнгөөс хянаж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүн таслах ажиллагаанд хяналт тавина.
Гуравдугаарт: Шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг ямар нэгэн байдлаар олж авах, эсвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1, 347 дугаар зүйлийн 347.5 дах заалтыг практикт нэг мөр хэрэгжүүлэхийн тулд бүх шатны шүүх гаргасан шийдвэрээ прокурорын байгууллагад хүргүүлдэг хуучин журамд шилжих.
Дөрөвдүгээрт: Прокурорын байгууллага нь хуулиар олгосон эрхийхээ дагуу шүүхийн бүх шийдвэрийг хянаж, эсэргүүцэл бичихийн тулд одоогийн байгаа орон тоогоо нэмэгдүүлнэ гэсэн үг юм.
Чухамхүү ийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д “...эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй”, мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.5-д “...эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол эсэргүүцэл бичсэнээс ...” гэсэн нь Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалтыг зөрчиж байна” гэжээ.
Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  342.1 -д зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл прокурор бусад оролцогчдын адил хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй. Хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих, эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347.4,  347.5 -д заасан болно.
Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн үүрэгтэй болохыг, прокурор шүүх хуралдаанд оролцох чиг үүргээ биелүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу эсэргүүцэл бичихийг Прокурорын байгууллагын тухай хуулийн 2, 31 дүгээр зүйлд тус тус заасан. Иймд Ерөнхий прокурор хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлд заасны дагуу эсэргүүцэл бичиж зөвтгүүлж байгаа нь эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх прокурорын үндсэн чиг үүрэгтэй бүрнээ нийцэж байгаа болно.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлт, Ерөнхий прокурорын эсэргүүцлийг үндэслэж Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцсэн аль ч тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд заасан прокурор болон өмгөөлөгч нар нь адил тэгш эрхтэйгээр шүүх хуралдаанд оролцож, хэрэгт ач холбогдол бүхий ямарч асуудлаар саналаа илэрхийлж эрх тэгш мэтгэлцэх боломжтой байгаа болно.
Дээд шатны прокурор болон улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичиж байгаа нь шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүгчийн хараат бус байдлыг зөрчсөн үйлдэл огтхон ч биш бөгөөд харин прокурор, шүүгч нарын хууль бус үйл ажиллагаа, алдаа зөрчлийг тухай бүр зөвтгүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, мөн гэм буруутай этгээдэд ял завшуулахгүй байх ач холбогдолтой гэж үзэж байна.
Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд “Прокурор ...шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.7-д “яллах тал” гэж прокурорыг ойлгоно, 5.1.20-д “прокурор” гэж бүх шатны прокурорын газрын прокурорыг ойлгоно, 5.1.26-д “прокурорын дүгнэлт” гэж прокуророос шүүх хуралдаан дээр гаргасан саналыг ойлгоно, 17.2-т “шүүгдэгчид сонсгосон ялыг нотлох үүргийг прокурор хүлээнэ”, Прокурорын байгууллагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор шүүх хуралдаанд оролцох чиг үүргээ биелүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эсэргүүцэл бичнэ.” гэж тус тус заасан байдаг.
Түүнчлэн Улсын Их Хурал 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хяналтын шатны шүүхийн тогтоолд Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болсонтой холбогдуулан Прокурорын байгууллагын тухай хуулийн 23.1, Шүүхийн тухай хуулийн 20.4 дэх хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулсан.
Мөн 1998 онд Үндсэн хуулийн цэц хуучин үйлчилж байсан буюу 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлд “Улсын ерөнхий прокурор анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналыг үндэслэн эсэргүүцэл бичих эрхтэй” ...гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцээд Цэцийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар дүгнэлтээр уг асуудал нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэж байсан байна.
Цэцийн дээрх дүгнэлт нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн уг асуудлаарх холбогдох заалтын агуулга, зарчим нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд тусгагдсан байгаа болно” гэжээ.
Гурав. Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:
“...1993 онд батлагдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг боловсруулах үзэл баримтлалд дурдахдаа “...Ерөнхий прокурорын бүрэн эрхийг Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж тусгав. Энэ хүрээнд Ерөнхий прокуророос ...Улсын Дээд шүүхтэй харилцах харилцааны асуудлыг төсөлд тусгав” гэсэн байх бөгөөд энэ үзэл баримтлалын дагуу Прокурорын байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Улсын ерөнхий прокурор Улсын дээд шүүхийн хяналтын журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл санал гаргана” гэсэн заалт орсон юм.
2001 онд бичигдсэн “Прокурорын ном” гарын авлагын оршил хэсэгт доктор, профессор Б.Чимэд “...Монгол Улсын Прокурорын газрууд бол Үндсэн хуулийн чиг үүргийнхээ дагуу эрүүгийн мөрдөн шалгах хүрээний байгууллага мөн. Ерөнхий хяналтыг шилжүүлснээр прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгахаас эцэслэн шийдвэрлэх хүртэлх ажилд хууль хэрхэн биелүүлж байгааг хянаж, энэ хүрээнд хууль ёсыг хамгаалах ажлыг дагнаж эрхэлдэг мэргэшсэн байгууллага болж байгаа хэрэг. Энэ бол олон улсын нийтлэг жишиг юм” хэмээн Монгол Улсын Прокурорын байгууллагын чиг үүргийг тодорхойлсон байна” гээд одоогийн байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1, 347 дугаар зүйлийн 347.5-д тус тус заасны дагуу дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн болон Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлээр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдсан тохиолдол гараагүй байна” гэжээ.
Дөрөв. Улсын Ерөнхий прокуророос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:
“1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь зөвхөн ялтан хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нараас хяналтын шатны шүүхийн тогтоол хууль зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан тохиолдолд Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргахаар тусгагдсан. Энэ гомдол гараагүй тохиолдолд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч гэмт этгээд ял завшсан эсхүл үндэслэлгүйгээр ял шийтгэгдсэн зэрэг хууль зөрчсөн шүүхийн тогтоолыг зөвтгүүлэхээр дүгнэлт бичих боломжгүй болгож байгаа юм.
Прокурорын байгууллагын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага”, мөн хуулийн 31 дүгээр зүйлд “Прокурор шүүх хуралдаанд оролцох чиг үүргээ биелүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу эсэргүүцэл бичнэ” гэж тус тус заасан байдаг. Иймд шүүхээс гэмт этгээдэд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт, учруулсан хор уршиг зэрэгтэй нийцээгүй хэт хөнгөн ял оногдуулсан, ял завшуулсан эсхүл үндэслэлгүйгээр ял шийтгэсэн талаар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн дүгнэлт бичигдээгүй тохиолдолд Улсын Ерөнхий прокурор хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.4 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичиж зөвтгүүлэх нь Эрүүгийн хууль, тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх прокурорын үндсэн чиг үүрэгтэй нийцэж байгаа төдийгүй Үндсэн хуулийн шударга ёсны болон хууль дээдлэх, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн зорилт зарчмуудтай ч уялдаатай юм.
Ийнхүү хэргийг хүндрүүлж буюу хөнгөрүүлэн шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох зарчмын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлт, Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлийг үндэслэж нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцсэн аль ч тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд заасан прокурор болон өмгөөлөгч нар нь адил тэгш эрхтэйгээр шүүх хуралдаанд оролцож, хэрэгт ач холбогдол бүхий ямар ч асуудлаар илэрхийлж, эрх тэгш мэтгэлцэх боломжтой байгаа болно.
2. ...2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт гагцхүү шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоолд эсэргүүцэл бичихээр хуульчлагдсан байсан. Ингэснээр улсын яллагч тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /амралттай, өвтэй, гадаадад явсан зэрэг/ байгаагүй бол шүүхийн хууль зөрчсөн тогтоолыг зөвтгүүлэх боломжгүй болох эсхүл улсын яллагч үндэслэлгүйгээр яллахаас татгалзсанаар гэм буруутай этгээд ял завших, хохирогчийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх явдал цөөнгүй гарч байна” гээд үүнтэй холбогдуулан эрүүгийн хэргээс нэг жишээ дурдсан байна.
Цааш нь тайлбартаа: шүүх нь өөрийн санаачлагаар шүүгдэгчийн ялыг хүндрүүлэхгүй, яллах үүрэгтэй прокурор нь эсэргүүцэл бичих эрхгүй гэсэн хуучин хуулийн заалтуудаас болж гэмт этгээдүүд ял завших асуудал удаа дараа гарч байна. Эдгээр нөхцөл байдлууд болон Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан “прокурор ...шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар шүүхийн тогтоолд дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болох тухай зохицуулалтыг шинээр хуульчилсан болно.
Улсын Ерөнхий прокурор болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах эсэх нь гагцхүү шүүх, шүүгчийн хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтад тулгуурлан дотоод итгэл, бүрэн эрхийн хүрээндээ шийдвэрлэдэг асуудал тул шүүхийн үйл ажиллагаанд прокурор хяналт тавьж буй арга хэрэгсэл гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл прокурорын эсэргүүцэл нь заавал биелэгдэх шинжгүй, шүүх хуралдаанд оролцогч нараас тавьдаг саналуудын нэг нь гэж ойлгож болно” гэжээ.
Тав. Эрүүгийн эрх зүйн доктор, профессор, эрдэмтэн Б.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“...Түүхэн үүднээс авч үзвэл Монгол Улсад прокурор давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолын талаар эсэргүүцэл бичиж байсан буюу өөрөөр хэлбэл шүүн таслах үйл ажиллагаанд хяналт тавьж байсан нь прокурорын байгууллагаас яам, тусгай газар, албан тушаалтны гаргасан шийдвэрт ерөнхий хяналт тавьж байсантай холбоотой байсан байна. Харин 1992 оны шинэ Үндсэн хуулиар прокурорын ерөнхий хяналтыг халж зөвхөн прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргийг хуульчлан заасан байна.
Үндсэн хуулийн дээрх заалтын үзэл санаанд нийцүүлж 1993 онд батлагдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Улсын ерөнхий прокурор Улсын дээд шүүхийн хяналтын журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл санал гаргана”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт “...тогтоол хуульд харшилсан гэж үзсэн Улсын ерөнхий прокурорын ...саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан тохиолдолд хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан хэлэлцэнэ” гэсэн заалтууд нь шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, аль ч байгууллага албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтаас урган гарч ирсэн зохицуулалт буюу шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын бодит тусгал болсон юм.
Харин Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сард батлагдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.4, 347.5-д; Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т тус тус оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Улсын Их Хурал ямар үзэл баримтлал, зарчимд нийцүүлж дээрх нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан нь тодорхойгүй байна.
Харин прокурорын удирдлага Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342, 347 дугаар зүйлд өөрчлөлт оруулах шаардлагыг “Улсын яллагч үндэслэлгүйгээр яллахаас татгалзсан эсхүл тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /амралттай, гадаад явсан зэрэг/ улсын яллагч шүүхийн хууль зөрчсөн тогтоолыг зөвтгүүлэх боломжгүй тохиолдолд гэм буруутай этгээд ял завших, хохирогчийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх явдал гарч байсан нь дээд шатны прокуророос эсэргүүцэл бичихэд хүргэж байгаа, ийнхүү прокурор эсэргүүцэл бичих явдал нь прокурор, шүүгч нарын хууль бус ажиллагаа, алдаа зөрчлийг тухай бүр нь зөвтгүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад ач холбогдол нь оршино” хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэл муутай юм.
Учир нь энэ асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357-363 дугаар зүйлүүдээр тусгайлан зохицуулсныг анхааран үзсэнгүй. Тухайлбал, хууль зөрчсөн прокурор, хууль бус шийдвэр гаргасан шүүгчийн талаарх гомдлыг прокурор хүлээн авах, уг гомдлыг шалгаад энэ үндсэн дээр хууль бус шийтгэх тогтоол, магадлалыг хянуулахаар прокурор дүгнэлт бичиж Улсын дээд шүүхэд хүргүүлэх, уг дүгнэлтийн дагуу хяналтын шатны шүүх хэргийг хянаж үзээд хууль зөрчиж гаргасан шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох эсвэл дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох зэрэг харилцааг эдгээр зүйл, хэсгээр зохицуулсан юм. Гадаад улс орнуудын хууль тогтоомжийн лавлагааг харж үзвэл прокурор эсэргүүцэл бичдэг, энэ дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болдог журам манайхаас өөр улс орнуудад үйлчилдэггүй байна. Харин хуучин ЗСБНХУ, түүний холбооны гишүүн улсуудад дээрх журам үйлчилж байжээ” гэжээ.
Зургаа. Эрүүгийн эрх зүйн доктор, профессор, эрдэмтэн Ж.Бямбаа Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“...Манай өнөөгийн шүүн таслах ажиллагаа нь мэтгэлцэх зарчимд тулгуурлан явагддаг, гэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зарим уламжлалыг хадгалан үлдсэн, өөрөөр хэлбэл хэргийн бодит үнэнийг тогтоох, хэлбэрийн тэгш байдлаар зогсохгүй талуудын байцаан шийтгэх ажиллагаанд, түүний дотор шүүх хуралдаанд оролцох үүргийг бодит-практик тэнцвэрт байдлыг дээд зэргээр хангаж Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулах боломжтой гэгдэх тэр хүрээнд прокурорын үйл ажиллагаа явагдаж ирсэн байна.
Гэтэл уг хуулийн 342.1, 347.5-д оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шинэ гэгдэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл баримтлалтай хэрхэн нийцэж байна вэ гэдэгт эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна. Учир нь, “дээд шатны прокурор” гэдэг томъёолол юуг агуулж байна, 347.1-д “хяналтын шатны шүүхийн тогтоол нь эцсийн шийдвэр байна” гэсэн заалттай атлаа түүнд яллагч нэг тал болох прокурор л эсэргүүцэл бичих эрхтэй гэсэн нь мэтгэлцэх зарчимд хэр нийцэх вэ зэрэг асуулт тавигдаж таарна. Иймд эдгээр нь тодорхой тайлбар шаардаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д “...дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй”, 347 дугаар зүйлийн 347.5-д “...эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол ... эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна.
1.1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 1995 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу уг хуулийн 362 дугаар зүйлийн “Улсын ерөнхий прокурор анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналыг үндэслэн эсэргүүцэл бичих эрхтэй” ...гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар дүгнэлт хүчинтэй байгаа бөгөөд уг дүгнэлтээр прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг Үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрсөн байна.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.5-д Хяналтын шатны шүүхийн тогтоолд Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ гэх зохицуулалт нь шүүхийн хараат бус байдалд халдсан шинжийг агуулаагүй байна.
Хэдийгээр Улсын Ерөнхий прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  347.5 -т заасны дагуу шүүхийн эцсийн шийдвэрт эсэргүүцэл бичиж Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааныг хуралдуулах боломжтой ч энэ нь шүүхийн шийдвэрт ямар нэг байдлаар нөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн 342 дугаар зүйлийн 342.1, 347 дугаар зүйлийн 347.5-д тус тус оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дах хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1/; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллаганы тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д тус тус заасныг үндэслэн
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д “...дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй”, 347 дугаар зүйлийн 347.5-д “...эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол ... эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна.
2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
Ж.АМАРСАНАА
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ