A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 496

Улаанбаатар хот

ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН БУС ХУВАНЦАР САВНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.1, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.7, 14.1, 18.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүнсний зориулалтын бус сав, баглаа боодлыг зориулалтын саваар солих бэлтгэл ажлыг үе шаттай хангаж, хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэлд тавих техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хуванцар, шил, цаас, металл, мод, арьсан болон нийлэг сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нутагшуулах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр татварын болон эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгасугай.

2. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын стандартыг шинэчлэх, олон улсын стандартыг нутагшуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрт үүрэг болгосугай.

3. Хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт хоол, хүнсний савлагаанд хэрэглэхийг хориглож, хэрэгжилтэд нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодтой хамтран хяналт тавьж ажиллан, энэ тухай нийтэд мэдээлэл, сэрэмжлүүлэг түгээж, сургалт, сурталчилгаа зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Чанар, стандартын шаардлага хангасан сав, баглаа боодлын талаар мэдээллийн сан бүрдүүлж, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлэх ажлыг мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.

5. Тухайн жилд хэрэглэгдсэн химийн хорт болон аюултай бодисын сав, баглаа боодлын хөдөлгөөний тайлан, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр гаргуулан авч, хадгалах, устгах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж, тодорхой хэсгийг гадаадын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР