Хэвлэх DOC Татаж авах
ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 480

ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.1, Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:    

1. Зарим аймагт мал өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн хэмжээ болон түүнийг тээвэрлэх зардал 500,000,000 (таван зуун сая) төгрөгийг 1 дүгээр, малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт олгох “УАЗ-31519” маркийн автомашины хуваарь, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 248,000,000 (хоёр зуун дөчин найман сая) төгрөгийг 2 дугаар, улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6,565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох хуваарийг 3 дугаар, 2011-2014 онд бүрдүүлсэн 2,678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгох хуваарийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталж, үнэгүй болон үнэ хямдруулан олгосон өвс, тэжээлийн үнийн зөрүү 1,789,738,400.0 (нэг тэрбум долоон зуун наян есөн сая долоон зуун гучин найман мянга дөрвөн зуун) төгрөг, нийт 2,537,738,400.0 (хоёр тэрбум таван зуун гучин долоон сая долоон зуун гучин найман мянга дөрвөн зуун) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрсүгэй. /Энэ заалтад ЗГ-ын 2016-11-16-ны өдрийн 140-р тогтоолоор өөрчлөлт орсон/    

2. Малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үйл ажиллагаатай холбогдуулан гарах нэмэлт зардалд зориулан 1,800,000,000 (нэг тэрбум найман зуун сая) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, холбогдох аймгуудад хуваарилан олгохыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт зөвшөөрсүгэй.      

3. Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах, олгосон хөрөнгийг энэ тогтоолын хавсралтуудад заасны дагуу зарцуулан, гүйцэтгэлийн тайланг гарган холбогдох баримтын хамт 2016 оны II улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхийг  дээрх аймгийн Засаг дарга нарт даалгасугай.   

4. Улсын нөөцөөс олгосон өвс, тэжээл, автомашиныг 2016 оны II улиралд багтаан нөхөн бүрдүүлж, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, биелэлтийг зохион байгуулах үүрэг бүхий Онцгой комисс байгуулах тухай” Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 307 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд                                                   Ц.ОЮУНБААТАР

Сангийн сайд                                                                          Б.БОЛОР