A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

77. ХҮН БАРЬЦААНД АВАХЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталж,

1983 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон

Энэхүү конвенцид оролцогч улсууд,

олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, улсуудын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг анхааралдаа авч,

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад дурдсаны дагуу хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, Улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу найрсгаар харилцах, хамтран ажиллах талаархи олон улсын эрх зүйн зарчмуудын тухай тунхаглал, түүнчлэн Ерөнхий Ассамблейн холбогдох бусад тогтоолд тусгасан улс түмний тэгш эрх, өөртөө засан тохинох зарчмыг дахин нотолж,

хүн барьцаанд авах нь олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийг ноцтой түгшээсэн гэмт хэрэг бөгөөд хүн барьцаанд авах үйлдэл хийж буй аливаа этгээдийг энэхүү конвенцийн заалтын дагуу эрүүгийн журмаар яллах эсхүл шилжүүлэн өгөх ёстой гэж үзэж,

хүн барьцаанд авах бүх үйлдлийг олон улсын терроризмын илрэл гэж үзэн тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг яллах болон шийтгэх талаар үр нөлөөтэй арга хэмжээ боловсруулж, батлах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг улсуудын хооронд хөгжүүлэх тулгамдсан шаардлагатай байгаад итгэж;

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

1. Гурав дахь этгээдээр, тухайлбал улс, засгийн газар хоорондын олон улсын байгууллага, хувь хүн, хуулийн этгээд, эсхүл бүлэг этгээдээр аливаа үйлдэл гүйцэтгүүлэх буюу гүйцэтгэхээс татгалзуулах зорилгоор өөр нэг хүн (цаашид "барьцааны хүн" гэх)-ийг суллах шууд буюу шууд бус болзол болгон тавьж түүнийг олзлох буюу саатуулах, амийг нь хөнөөх, бие махбодид нь гэмтэл учруулах, эсхүл үргэлжлүүлэн саатуулахаар заналхийлж буй аливаа этгээдийг энэхүү конвенцийн хүрээнд хүн барьцаалах гэмт хэрэг (хүн барьцаалах) үйлдсэн гэж үзнэ.

2. Аливаа этгээд:

(а) хүн барьцаалах үйлдэл хийхийг завдсан; эсхүл

(b) хүн барьцаалах үйлдэл хийсэн буюу чингэхийг завдсан этгээдийн гэмт хэрэгт хамтран оролцсон

бол энэхүү конвенцийн зорилгод гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

2 дугаар зүйл

Оролцогч улс тус бүр 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдэд тэдгээрийн ноцтой шинжийг харгалзан зохих шийтгэл ногдуулна.

3 дугаар зүйл

1. Гэмт хэрэгтэн нутаг дэвсгэрт нь хүн барьцаалсан бол оролцогч тухайн улс барьцааны хүний байдлыг хөнгөвчлөх, тухайлбал, түүнийг суллах, сулласны дараа шаардлагатай тохиолдолд уг улсаас гарахад нь тусламж дэмжлэг үзүүлэх талаар зохистой гэж үзсэн бүх арга хэмжээг авна.

2. Гэмт этгээдийн хүн барьцаалж байж олж авсан аливаа зүйл оролцогч улсын мэдэлд орсон бол тухайн оролцогч улс түүнийг аль болох түргэн хугацаанд барьцааны хүн буюу тухайн тохиолдлоос хамаарч 1 дүгээр зүйлд заасан гурав дахь этгээдэд, эсхүл тэдгээрийн эрх бүхий холбогдох байгууллагад буцааж өгнө.

4 дүгээр зүйл

Оролцогч улсууд 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана. Тухайлбал:

(a) нутаг дэвсгэрт нь буюу түүний гадна эдгээр гэмт хэргийг үйлдэхээр нутаг дэвсгэрт нь бэлтгэл хийхээс урьдчилан сэргийлэх талаар боломжтой бүх арга хэмжээ, тухайлбал аливаа этгээд, бүлэг этгээд болон байгууллага хүн барьцаалах үйлдлийг өөгшүүлэх, өдөөн хатгах, зохион байгуулах буюу оролцох зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулахыг өөрсдийн нутаг дэвсгэрт хориглох арга хэмжээ авна;

(b) эдгээр гэмт хэргийг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл солилцох, түүнчлэн захиргааны болон бусад арга хэмжээ авах ажлыг зохион байгуулна.

5 дугаар зүйл

1. 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн алийг ч дор дурдсан байдлаар үйлдсэн бол оролцогч улс бүр тухайн хэрэгт харьяаллаа тогтооход шаардлагатай байж болох арга хэмжээг авна:

(a) нутаг дэвсгэрт нь, эсхүл тухайн улсад бүртгэлтэй хөлөг онгоц буюу агаарын хөлөгт үйлдсэн;

(b) харьяат нь, эсхүл тухайн улс зохистой гэж үзвэл нутаг дэвсгэрт нь байнга оршин суудаг харьяалалгүй этгээд үйлдсэн;

(c) тухайн улсаар аливаа үйлдэл гүйцэтгүүлэх буюу гүйцэтгэхээс татгалзуулах зорилгоор үйлдсэн; эсхүл

(d) тухайн улс зохистой гэж үзвэл, тухайн улсын харьяат болох хүнийг барьцаалж үйлдсэн.

2. Оролцогч улс бүр сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа бөгөөд тухайн улс түүнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан улсын аль нэгэнд шилжүүлээгүй тохиолдолд 1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт харьяаллаа тогтооход шаардлагатай байж болох арга хэмжээг мөн адилаар авна.

3. Энэхүү конвенц нь дотоодын хууль тогтоомжийн дагуу хэрэгжих эрүүгийн хэргийн харьяаллыг үгүйсгэхгүй.

6 дугаар зүйл

1. Нөхцөл байдал тийнхүү шаардаж байгаа гэж үзсвэл сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа оролцогч аливаа улс эрүүгийн байцаан шийтгэх буюу шилжүүлэх ажиллагаа явуулахад шаардлагатай хугацаанд уг этгээдийг цагдан хорих буюу бэлэн байлгах бусад арга хэмжээг хууль тогтоомжийхоо дагуу авна. Оролцогч улс тухайн хэргийн талаархи урьдчилсан мөрдөн байцаалтыг нэн даруй явуулна.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хорих арга эмжээний талаар дараахь этгээдэд шууд буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан хойшлуулахгүй мэдэгдэнэ:

(a) нутаг дэвсгэрт нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн улс;

(b) тулган шаардалт өөрийнх нь эсрэг чиглэсэн буюу чингэхийг завдсан улс;

(c) өөрийн нь харьяат хувь хүн буюу хуулийн этгээдийнх нь эсрэг тулган шаардалт чиглэсэн буюу чингэхийг завдсан улс;

(d) барьцаанд байгаа хүн харьяат нь буюу нутаг дэвсгэрт нь байнга оршин суудаг улс;

(e) сэжигтэн этгээд харьяат нь буюу тэрбээр харьяалалгүй этгээд бол түүний байнга оршин суудаг улс;

(f) тулган шаардалт өөрийнх нь эсрэг чиглэсэн буюу чингэхийг завдсан засгийн газар хоорондын олон улсын байгууллага;

(g) холбогдох бусад улс.

3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авахуулж буй аливаа этгээд дараахь эрх эдэлнэ:

(a) харьяат нь болох улсынхаа хамгийн ойр байгаа буюу ийм холбоо тогтоох эрх бүхий зохих төлөөлөгчтэй, эсхүл хэрэв тэрбээр харьяалалгүй этгээд бол байнга оршин суудаг улсынхаа төлөөлөгчтэй хойшлуулалгүй холбоо тогтоох;

(b) тухайн улсын төлөөлөгчтэй уулзах.

4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа улсын хууль тогтоомжийн дагуу эдлүүлэх бөгөөд эдгээр хууль тогтоомж нь энэ зүйлийн 3 дахь хэсгийн дагуу эрх олгож буй зорилгыг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн байвал зохино.

5. Энэ зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтууд нь 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсгийн заалтын дагуу хэргийн харьяаллаа тогтоохыг хүссэн оролцогч аливаа улс Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийг сэжигтэн этгээдтэй холбоо барих, уулзалт хийхийг урих эрхийг хөндөхгүй.

6. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтын дагуу урьдчилсан мөрдөн байцаалт явуулж буй улс олж тогтоосон зүйлээ энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан улсууд буюу байгууллагуудад даруй тайлагнаж, хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх эсэхээ мэдэгдэнэ.

7 дугаар зүйл

Нутаг дэвсгэрт нь сэжигтэн этгээдийг яллаж буй оролцогч улс уг ажиллагааны эцсийн үр дүнгийн талаар өөрийн хууль тогтоомжийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга нь уг мэдээллийг холбогдох бусад улс болон засгийн газар хоорондын олон улсын холбогдох байгууллагад дамжуулна.

8 дугаар зүйл

1. Оролцогч улс нь нутаг дэвсгэрт нь олж тогтоосон сэжигтэнг шилжүүлээгүй бол гэмт хэрэг нутаг дэвсгэрт нь үйлдэгдсэн эсэхээс үл хамаарч уг хэрэгт тухайн улсын хууль тогтоомжийн дагуу байцаан шийтгэх ажиллагаа явуулж өөрийн эрх бүхий байгууллагад яллуулахаар шилжүүлэх үүргийг аливаа нөхцөлгүйгээр хүлээнэ. Эдгээр байгууллага шийдвэрээ тухайн улсын хууль тогтоомжийн дагуу ноцтой шинж бүхий ердийн гэмт хэргийг шийдвэрлэдгийн адилаар гаргана.

2. 1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаа явуулж буй аливаа этгээдэд байцаан шийтгэх ажиллагааны бүх үе шатанд шударга хандаж үүний дотор түүнийг байгаа улсынх нь хууль тогтоомжид заасан бүх эрх, баталгаагаар бүрэн хангана.

9 дүгээр зүйл

1. Шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авсан оролцогч улс дор дурдсан хангалттай үндэслэл байна гэж үзвэл сэжигтэн этгээдийг энэхүү конвенцийн дагуу шилжүүлэх тухай хүсэлтийг биелүүлэхгүй байж болно:

(a) аль нэг этгээдийг 1 дүгээр зүйлд дурдсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн түүнийг шилжүүлэн өгөхийг арьс үндэс, шашин шүтлэг, үндэс, угсаа эсхүл улс төрийн үзэл бодлоос нь шалтгаалан яллах буюу шийтгэх зорилгоор хүсвэл;

(b) шилжүүлэх нь тухайн этгээдийн байдалд дараахь байдлаар хохирол учруулж болох бол:

(i) энэ хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан аль нэг шалтгаанаар, эсхүл

(ii) түүнийг хамгаалах эрх бүхий улсын зохих байгууллагууд түүнтэй холбоо барих боломжгүй болох бол.

2. Энэхүү конвенцид тодорхойлсон гэмт хэргийн тухайд оролцогч улсуудын хооронд үйлчилж буй гэмт хэрэгтнийг шилжүүлэх тухай гэрээ, хэлэлцээрийн заалтыг энэхүү конвенцид нийцэхгүй байгаа хэмжээнд оролцогч улсуудын хооронд өөрчилнө.

10 дугаар зүйл

1. 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийг гэмт хэрэгтнийг шилжүүлэх тухай оролцогч улсуудын хоорондын аливаа гэрээнд шилжүүлбэл зохих гэмт хэрэгт багтаан тусгах ёстой. Оролцогч улсууд ийм гэмт хэргийг гэмт хэрэгтнийг шилжүүлэх тухай өөр хоорондоо байгуулах гэрээ бүртээ шилжүүлбэл зохих гэмт хэрэгт багтаан тусгах үүрэг хүлээнэ.

2. Хэрэв гэмт хэрэгтнийг гэрээний үндсэн дээр шилжүүлэх нөхцөл тавьдаг оролцогч улс түүнтэй гэрээ байгуулаагүй оролцогч нөгөө улсаас гэмт хэрэгтэн шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авбал 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд энэхүү конвенцийг гэмт хэрэгтнийг шилжүүлэх эрх зүйн үндэслэл гэж өөрийн үзэмжээр тооцож болно. Шилжүүлэх ажиллагааг хүлээн авагч улсын хуульд заасан бусад нөхцлийн дагуу гүйцэтгэнэ.

3. Гэмт хэрэгтнийг гэрээний үндсэн дээр шилжүүлэх нөхцөл тавьдаггүй оролцогч улсууд 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүсэлт хүлээн авагч улсын хуульд заасан нөхцлийн дагуу өөр хоорондоо шилжүүлбэл зохих гэмт хэрэг хэмээн хүлээн зөвшөөрнө.

4. 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газар төдийгүй 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хэргийн харьяаллаа тогтоох ёстой улсын нутаг дэвсгэрт үйлдсэн гэж оролцогч улсуудын хооронд гэмт хэрэгтнийг шилжүүлэх зорилгын үүднээс үзнэ.

11 дүгээр зүйл

1. Оролцогч улсууд 1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахтай холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаанд шаардлагатай өөрсдийн мэдэлд байгаа бүх нотлох баримтыг гаргаж өгөх зэргээр бие биедээ бүрэн хэмжээгээр туслалцаа үзүүлэх бүхий л арга хэмжээг авна.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх талаар аливаа бусад гэрээгээр хүлээсэн үүргийг хөндөхгүй.

12 дугаар зүйл

Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай 1949 оны Женевийн конвенцууд буюу тэдгээрийн нэмэлт протоколуудыг хүн барьцаалах тодорхой үйлдлийн хувьд хэрэглэдэг бөгөөд энэхүү конвенцид оролцогч улсууд дээрх конвенцуудын дагуу хүн барьцаалсан этгээдийг яллах буюу шилжүүлэн өгөх үүрэг хүлээсний хэрээр 1977 оны нэмэлт I протоколын 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу улсууд найрсгаар харилцах, хамтран ажиллах талаархи олон улсын эрх зүйн зарчмын тухай тунхаглалд дурдсан өөртөө засан тохинох эрхээ хэрэгжүүлэх үүднээс колонийн дарлал, харийн эзлэн түрэмгийлэл, арьсны үзэлт дэглэмийн эсрэг хийж буй ард түмнүүдийн тэмцлээс үүдсэн зэвсэгт мөргөлдөөн зэрэг 1949 оны Женевийн конвенцууд болон тэдгээрийн протоколуудад заасан зэвсэгт мөргөлдөөний үед хүн барьцаалах үйлдлийн хувьд энэхүү конвенцийг хэрэглэхгүй.

13 дугаар зүйл

Гэмт хэргийг нэг улсын нутаг дэвсгэрт үйлдсэн бөгөөд барьцаанд байгаа хүн болон сэжигтэн этгээд хоёул тухайн улсын харьяат, түүнчлэн сэжигтэн этгээдийг тухайн улсын нутаг дэвсгэрт олж тогтоосон тохиолдолд энэхүү конвенцийг хэрэглэхгүй.

14 дүгээр зүйл

Энэхүү конвенцийн аль ч заалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн эсрэг аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолыг зөрчих явдлыг зөвтгөх утгаар тайлбарлаж болохгүй.

15 дугаар зүйл

Энэхүү конвенцийн заалтууд энэхүү конвенцийг батласан өдөр оролцогч улсуудын хооронд мөрдөгдөж байсан Орогнолын тухай гэрээнүүдийг хэрэглэхийг хөндөхгүй боловч энэхүү конвенцийн оролцогч улс дээрх гэрээнүүдийн тал бус энэхүү конвенцийн оролцогч өөр улсын хувьд дээрх гэрээнүүдийг зааж хэрэглэхгүй.

16 дугаар зүйл

1. Энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар хоёр буюу түүнээс дээш оролцогч улсын хооронд гарсан бөгөөд хэлэлцээний замаар зохицуулж чадаагүй аливаа маргааныг тэдгээрийн аль нэгний хүсэлтээр арбитрт шилжүүлнэ. Хэрэв арбитрт хүсэлт гаргасан өдрөөс хойш зургаан сарын дотор талууд арбитрыг зохион байгуулах талаар тохиролцож чадаагүй бол аль нэг талын хүсэлтээр маргааныг Олон улсын шүүхэд уг шүүхийн дүрмийн дагуу шилжүүлж болно.

2. Улс бүр энэхүү конвенцид гарын үсэг зурах, буюу түүнийг соёрхон батлах, эсхүл түүнд нэгдэн орохдоо энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа талаар мэдэгдэж болно. Ийм тайлбар хийсэн оролцогч улсын хувьд оролцогч бусад улс нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй.

3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тайлбар хийсэн аливаа оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх замаар тайлбараа хэдийд ч эгүүлэн авч болно.

17 дугаар зүйл

1. Энэхүү конвенц 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд бүх улс гарын үсэг зурахад нээлттэй байна.

2. Энэхүү конвенцийг соёрхон батлана. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

3. Энэхүү конвенц нь аливаа улс нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

18 дугаар зүйл

1. Энэхүү конвенц нь хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.

2. Хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш энэхүү конвенцийг соёрхон баталж байгаа буюу түүнд нэгдэн орж байгаа улсын хувьд тухайн улс батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь өдрөөс энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.

19 дүгээр зүйл

1. Оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэх замаар энэхүү конвенцийг цуцалж болно.

2. Цуцлах тухай мэдэгдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.

20 дугаар зүйл

Англи, араб, испани, хятад, орос, франц хэлээрх эх бичвэр нь адил хүчинтэй бүхий энэхүү конвенцийн жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд тэрбээр тэдгээрийн баталгаат хуулбарыг бүх улсад илгээнэ.

Дээр дурдсаныг нотолж зохих ёсоор засгийн газраасаа бүрэн эрх орлгогдсон дор гарын үсэг зурагсад 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Нью-Йорк хотноо гарын үсэг зурахад нээлттэй болсон энэхүү конвенцид гарын үсэг зурав.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
77. ХҮН БАРЬЦААНД АВАХЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталж,
1983 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон
Энэхүү конвенцид оролцогч улсууд,
олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, улсуудын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг анхааралдаа авч,
Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад дурдсаны дагуу хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, Улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу найрсгаар харилцах, хамтран ажиллах талаархи олон улсын эрх зүйн зарчмуудын тухай тунхаглал, түүнчлэн Ерөнхий Ассамблейн холбогдох бусад тогтоолд тусгасан улс түмний тэгш эрх, өөртөө засан тохинох зарчмыг дахин нотолж,
хүн барьцаанд авах нь олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийг ноцтой түгшээсэн гэмт хэрэг бөгөөд хүн барьцаанд авах үйлдэл хийж буй аливаа этгээдийг энэхүү конвенцийн заалтын дагуу эрүүгийн журмаар яллах эсхүл шилжүүлэн өгөх ёстой гэж үзэж,
хүн барьцаанд авах бүх үйлдлийг олон улсын терроризмын илрэл гэж үзэн тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг яллах болон шийтгэх талаар үр нөлөөтэй арга хэмжээ боловсруулж, батлах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг улсуудын хооронд хөгжүүлэх тулгамдсан шаардлагатай байгаад итгэж;
дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:
1 дүгээр зүйл
1. Гурав дахь этгээдээр, тухайлбал улс, засгийн газар хоорондын олон улсын байгууллага, хувь хүн, хуулийн этгээд, эсхүл бүлэг этгээдээр аливаа үйлдэл гүйцэтгүүлэх буюу гүйцэтгэхээс татгалзуулах зорилгоор өөр нэг хүн (цаашид “барьцааны хүн” гэх)-ийг суллах шууд буюу шууд бус болзол болгон тавьж түүнийг олзлох буюу саатуулах, амийг нь хөнөөх, бие махбодид нь гэмтэл учруулах, эсхүл үргэлжлүүлэн саатуулахаар заналхийлж буй аливаа этгээдийг энэхүү конвенцийн хүрээнд хүн барьцаалах гэмт хэрэг (хүн барьцаалах) үйлдсэн гэж үзнэ.