A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

/Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцоно./

ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор ирээдүйн тэтгэврийн нөөц сан байгуулах, түүний хөрөнгийг бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, УДИРДАХ

3 дугаар зүйл. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, түүнийг бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэр

Хэвлэх

3.1.Хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн урьдчилан тааварлах боломжгүй эрсдэл тохиолдох үед тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай бүрдүүлэх, иргэдийн орон сууцны ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгийг "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан" /цаашид "сан" гэх/ гэнэ.

3.2.Сангийн хөрөнгө, орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

3.2.1.Монголбанкнаас шилжүүлсэн орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас;

3.2.2.орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон зээлийн шаардах эрх;

3.2.3.ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны үндсэн төлбөр;

3.2.4.ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны хүүгийн орлого;

3.2.5.ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар банкинд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр;

3.2.6.ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас худалдсаны орлого;

3.2.7.ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалсан зээлийн эх үүсвэр;

3.2.8.улсын төсвөөс хуваарилсан мөнгөн хөрөнгө;

3.2.9.гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл, тусламж;

3.2.10.хуульд заасан бусад эх үүсвэр.

3.3.Сангийн мөнгөн орлогыг Монголбанк дахь тусгай дансанд төвлөрүүлнэ.

4 дүгээр зүйл. Сангийн хөрөнгийн удирдлага

Хэвлэх

4.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг дараах зарчимд нийцүүлэн хэрэгжүүлнэ:

4.1.1.макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой харшлахгүй байх;

4.1.2.хараат бус байх;

4.1.3.тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх бодлоготой нийцсэн байх.

4.2.Сангийн хөрөнгийн удирдлагыг Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАРЦУУЛАЛТ, ТАЙЛАГНАЛ

5 дугаар зүйл. Сангийн хөрөнгө оруулалт

Хэвлэх

5.1.Энэ хуулийн 3.2.4-т зааснаас бусад эх үүсвэрээр зөвхөн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг худалдан авах буюу энэ зорилгоор банкинд урьдчилгаа санхүүжилт олгож болно.

5.2.Ипотекийн зээлийн болон санхүүжилтийн ерөнхий журмыг Засгийн газар батална.

6 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн зарцуулалт

Хэвлэх

6.1.Сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:

6.1.1.орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 3.2.4-т заасан орлогоос санхүүжүүлэх;

6.1.2.энэ хуулийн 3.2.7-д заасан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх;

6.1.3.ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны бүртгэл, төлбөр тооцоотой холбоотой шимтгэл, хураамж төлөх.

6.2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг сангийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.

6.3.Энэ хуулийн 6.2-т заасан зориулалтаар сангийн хөрөнгөөс 2030 он хүртэл зарцуулалт хийхгүй.

6.4.Энэ хуулийн 6.1.1-д заасан хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газар батална.

7 дугаар зүйл. Сангийн төсвийн төслийг батлах

Хэвлэх

7.1.Улсын Их Хурал сангийн төсвийг дараах үзүүлэлтээр батална:

7.1.1.санд төвлөрүүлэх орлогыг эх үүсвэрийнх нь төрлөөр;

7.1.2.сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг хуульд заасан зориулалтаар;

7.1.3.санд авч ашиглах зээл, хөрөнгийн эх үүсвэрийг хуульд заасан төрлөөр;

7.1.4.сангаас энэ хуулийн 5.1-д заасны дагуу хийх хөрөнгө оруулалтын хэмжээ;

7.1.5.Төсвийн тухай хуульд заасан бусад.

8 дугаар зүйл. Сангийн үйл ажиллагааг тайлагнах

Хэвлэх

8.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу улсын төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгаж, Улсын Их Хуралд тайлагнана.

9 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

9.1.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ зүйлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД