Хэвлэх DOC Татаж авах
КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙГ ТӨРИЙН ӨМЧИД ШИЛЖҮҮЛЭН АВАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 77

КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙГ ТӨРИЙН ӨМЧИД ШИЛЖҮҮЛЭН АВАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 6.3.1, 6.4.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос тус аймгийн Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн авсугай.

2. Концессын зүйлийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Артур)-д тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан концессын зүйлд концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу улсын төсвийн төсөвт тусгах, эсхүл векселиэр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд                                                              Д.ЭРДЭНЭБАТ