A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 16

Улаанбаатар хот

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.

3. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбар болон тухайн орон нутагтаа хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах арга хэмжээнд зарцуулах нэмэлт хөрөнгийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой санаачилга гарган ажиллахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ