Хэвлэх DOC Татаж авах
ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл. Ирээдүйн өв сангийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хүний хөгжил санд хуримтлагдсан өрийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон улсын төсөвт өглөгөөр бүртгэж улсын төсвөөс барагдуулах ба улсын төсөв тухайн шилжүүлэн авсан дүнгээр Ирээдүйн өв сангаас авах авлагаар бүртгэнэ.

2 дугаар зүйл. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу бүрдүүлсэн сангийн эх үүсвэр, хөрөнгөөс 2017 онд 160 тэрбум төгрөг, 2018 онд 100 тэрбум төгрөг, 2019 онд 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тус тус шилжүүлнэ.

3 дугаар зүйл. Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан шилжүүлэг болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.1, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон Корпорацийн зардлыг шилжүүлсний дараа үлдэх эх үүсвэрээр энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан Ирээдүйн өв сангийн өглөгийг төлж барагдуулна.

4 дүгээр зүйл. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 8.3 дахь хэсгийг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу өглөгийг төлж барагдуулж дууссанаар дагаж мөрдөнө.

5 дугаар зүйл. Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу өглөгийг барагдуулж, Ирээдүйн өв санд хуримтлал үүсэх хүртэлх хугацаанд Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу Корпорацийн зардлын хязгаарыг тогтоож, санхүүжүүлэхдээ санд хуримтлал бий болж эхлэх үеийн хэмжээний хөрөнгийг удирдахад тохирсон бүтцийг байгуулж, үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэлийг хангахад нийцсэн зохистой түвшинд байлгах зарчмыг баримтална.

6 дугаар зүйл. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар шинэчлэн батална.

7 дугаар зүйл. Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.