A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • 88. ДАЙНЫ ТАЛБАРТ БАЙГАА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШАРХТАН БОЛОН ӨВЧТӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ЖЕНЕВИЙН (I) КОНВЕНЦ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 88. ДАЙНЫ ТАЛБАРТ БАЙГАА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШАРХТАН БОЛОН ӨВЧТӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ЖЕНЕВИЙН (I) КОНВЕНЦ

1949 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

1950 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон

Удиртгал

Дайны талбарт байгаа цэргийн шархтан, өвчтөнд тусламж үзүүлэх тухай 1929 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Женевийн конвенцийг хянан өөрчлөх зорилгоор 1949 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Женев хотноо болсон Дипломат бага хуралд засгийн газраа төлөөлж дор гарын үсэг зурсан бүрэн эрхт төлөөлөгчид дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

I бүлэг

НИЙТЛЭГ ЗААЛТ

1 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийг ямар ч нөхцөл байдалд хүндэтгэн сахих буюу хүндэтгэн сахих явдлыг хангах үүрэг хүлээнэ.

2 дугаар зүйл

Тайван цагт хэрэгжүүлэх заалтуудын сацуу хоёр буюу хэд хэдэн хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын хооронд үүсч болох зарласан аливаа дайн буюу бусад зэвсэгт мөргөлдөөний бүх тохиолдолд тэдгээр талын аль нэг нь дайны байдлыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч энэхүү конвенцийг хэрэглэнэ.

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын нутаг дэвсгэрийг хэсэгчлэн буюу бүхэлд нь эзэлсэн тохиолдолд тухайн эзлэлт нь зэвсэгт эсэргүүцэлтэй тулгараагүй байсан ч энэхүү конвенцийг мөн хэрэглэнэ.

Хэдийгээр мөргөлдөөнд оролцогч гүрнүүдийн аль нэг нь энэхүү конвенцид оролцогч тал биш байсан ч түүнд оролцогч тал болох гүрнүүд өөр хоорондын харилцаандаа энэхүү конвенцийг заавал биелүүлэх үүрэгтэй хэвээр байна. Үүнээс гадна хэрэв дээр дурдсан гүрэн энэхүү конвенцийн заалтыг хүлээн авч хэрэглэвэл түүний хувьд тэд энэхүү конвенцийг заавал биелүүлэх үүрэгтэй байна.

3 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын аль нэгний нь нутаг дэвсгэрт үүсэх олон улсын бус шинж чанартай зэвсэгт мөргөлдөөний тохиолдолд тухайн мөргөлдөөнд оролцогч тал бүр наад зах нь дараахь заалтыг хэрэглэх үүрэг хүлээнэ:

(1) Дайтах ажиллагаанд шууд оролцоогүй этгээд, түүний дотор байлдахаа зогсоосон болон өвчлөх, шархдах, саатуулагдах буюу аливаа бусад шалтгааны улмаас байлдаанд биеэр оролцоогүй зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний этгээдтэй арьс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс, гарал үүсэл, эд хөрөнгийн байдал болон бусад төсөөтэй шалгуурт үндэслэн ялгаварлан гадуурхалгүйгээр бүх нөхцөл байдалд хүнлэг харьцана.

Энэ үүднээс дараахь үйлдлийг дээр дурдсан этгээдийн хувьд хэзээ ч, хаана ч хийхийг хориглоно:

(a) амь нас, бие махбодид халдах, тухайлбал, бүхий л хэлбэрээр амийг нь хөнөөх, хүнд гэмтэл учруулах, харгис хэрцгийгээр харьцах, эрүүдэн шүүх;

(b) барьцаанд авах;

(c) хүний нэр төр, алдар хүндэд халдах, тухайлбал, доромжлон гутаах;

(d) соёл иргэншилт ард түмнүүдийн зайлшгүй гэж хүлээн зөвшөөрсөн шүүхийн бүх баталгаагаар хангаж байнгын ажиллагаатай шүүхээс урьдчилан гаргасан шийдвэргүйгээр ял оноох болон ял эдлүүлэх.

(2) Өвчтөн, шархтанг олж авч тусламж үзүүлнэ.

Олон улсын улаан загалмайн хороо зэрэг хараат бус хүмүүнлэгийн байгууллага мөргөлдөөнд оролцогч талуудад өөрийн үйлчилгээг санал болгож болно.

Мөргөлдөөнд оролцогч талууд тусгай хэлэлцээрийн замаар энэхүү конвенцийн бусад заалтыг бүгдийг буюу хэсэгчлэн хүчин төгөлдөр болгохыг цаашид чармайна.

Өмнөх заалтуудыг хэрэглэх нь мөргөлдөөнд оролцогч талуудын эрх зүйн байдлыг хөндөхгүй.

4 дүгээр зүйл

Төвийг сахисан гүрнүүд өөрийн нутаг дэвсгэрт хүлээн авсан буюу хорьсон мөргөлдөөнд оролцогч талуудын зэвсэгт хүчний өвчтөн, шархтан, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгч, мөн олдсон нас барсан этгээдийн хувьд энэхүү конвенцийг төсөөтэй хэрэглэнэ.

5 дугаар зүйл

Дайсны гарт орсон хамгаалагдсан хүмүүсийн хувьд энэхүү конвенцийг тэднийг эх оронд нь бүрмөсөн буцаах хүртэл хэрэглэнэ.

6 дугаар зүйл

Энэхүү конвенцийн 10, 15, 23, 28, 31, 36, 37 болон 52 дугаар зүйлд шууд заасан хэлэлцээрийн сацуу хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тусгай заалтаар зохицуулах нь тохиромжтой гэж үзэж болох бүх асуудлаар өөр тусгай хэлэлцээр байгуулж болно. Ямар ч тусгай хэлэлцээр өвчтөн, шархтан, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгчийн энэхүү конвенцоор тодорхойлсон байдалд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд энэхүү конвенцоор тэдэнд олгосон эрхийг хязгаарлахгүй.

Дээр дурдсан хэлэлцээр, эсхүл дараа дараагийн хэлэлцээрт эсрэгээр шууд зааснаас бусад тохиолдолд, эсхүл мөргөлдөөнд оролцогч талуудын аль нэг нь өвчтөн, шархтан, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгчдийн хувьд илүү тааламжтай арга хэмжээ авснаас бусад тохиолдолд тэд тэдгээр хэлэлцээрээр олгогдсон давуу байдлыг энэхүү конвенцийг тэдний хувьд хэрэглэх хугацаанд үргэлжлүүлэн эдэлнэ.

7 дугаар зүйл

Өвчтөн, шархтан, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгчид нь энэхүү конвенц болон хэрэв өмнөх зүйлд дурдсан тусгай хэлэлцээр байгаа бол түүгээр хангагдсан эрхээсээ ямар ч нөхцөл байдалд хэсэгчлэн буюу бүрэн татгалзаж болохгүй.

8 дугаар зүйл

Мөргөлдөөнд оролцогч талуудын ашиг сонирхлыг хамгаалах үүрэг бүхий хамгаалагч гүрний дэмжлэг, хяналтын дор энэхүү конвенцийг хэрэглэнэ. Эл зорилгоор хамгаалагч гүрнүүд өөрийн дипломат болон консулын ажилтнуудаас тусдаа өөрийн орны, эсхүл төвийг сахисан бусад гүрний харьяатаас бүрдсэн төлөөлөгчдийг томилж болно. Дурдсан төлөөлөгчдийг томилохдоо тэдний очиж ажиллах гүрний зөвшөөрлийг авна.

Мөргөлдөөнд оролцогч талууд хамгаалагч гүрний төлөөлөгчдийн ажлыг боломжтой дээд хэмжээнд хөнгөвчлөн дэмжинэ.

Хамгаалагч гүрний төлөөлөгчид ажлаа явуулахдаа ямар ч тохиолдолд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн зорилгот үүргээсээ хэтэрч болохгүй. Ялангуяа тэд нутаг дэвсгэрт нь үүргээ биелүүлж байгаа улсын аюулгүй байдлын зайлшгүй шаардлагыг харгалзан үзнэ. Тэдний үйл ажиллагааг зөвхөн цэргийн зайлшгүй шаардлагын улмаас шаардлагатай болсон онцгой болон түр зуурын арга хэмжээний хувьд хязгаарлана.

9 дүгээр зүйл

Энэхүү конвенцийн заалт нь Олон улсын улаан загалмайн хороо буюу аливаа хүмүүнлэгийн хараат бус бусад байгууллагаас өвчтөн, шархтан, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгчдийг хамгаалж, тэдэнд тусламж үзүүлэх талаар тухайн мөргөлдөөнд оролцогч талуудын зөвшөөрөлтэйгөөр явуулах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад болохгүй.

10 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийн дагуу хамгаалагч гүрнүүдэд хүлээлгэсэн үүргийг хараат бус бөгөөд үр ашигтай байх бүх баталгааг гаргаж буй байгууллагад олгохоор хэдийд ч тохиролцож болно.

Өвчтөн, шархтан, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгчид аль нэг хамгаалагч гүрэн буюу дээрх эхний хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагаанаас ямар нэгэн шалтгааны улмаас ашиг тус хүртэхгүй, эсхүл хүртэхээ болих тохиолдолд олзлогч гүрэн мөргөлдөөнд оролцогч талуудын томилсон хамгаалагч улсын энэхүү конвенцийн дагуу биелүүлж буй чиг үүргийг хүлээхийг төвийг сахисан улс, эсхүл тийм байгууллагаас хүснэ.

Хэрэв хамгаалалтыг ийнхүү хэрэгжүүлж чадахгүй бол олзлогч гүрэн нь хамгаалагч гүрнүүдийн энэхүү конвенцийн дагуу биелүүлж буй хүмүүнлэгийн чиг үүргийг өөртөө хүлээх талаар Олон улсын улаан загалмайн хороо зэрэг хүмүүнлэгийн байгууллагаас санал болгохыг хүсэх буюу ийм саналыг энэ зүйлийн заалтыг мөрдөхийн хамт хүлээн авна.

Төвийг сахисан аливаа гүрэн, эсхүл холбогдох гүрний урьсан буюу эл зорилгоор өөрийгөө санал болгож буй байгууллага энэхүү конвенцоор хамгаалдаг этгээдийн харьяалагдаж буй мөргөлдөөнд оролцогч талтай хариуцлагаа ухамсарлан үйл ажиллагаа явуулах шаардлагатай бөгөөд зохих чиг үүрэг хүлээж, уг чиг үүргээ хараат бусаар биелүүлэх чадвартай гэсэн хангалттай баталгаа гаргах шаардлагатай.

Аль нэг гүрэн дайны үйл явдлаас шалтгаалан, ялангуяа түүний нутаг дэвсгэр бүхэлдээ, эсхүл түүний үлэмж хэсэг нь эзлэгдсэн тохиолдолд нөгөө гүрэн буюу түүний холбоотонтой хэлэлцээ хийх эрх чөлөө нь түр хугацаагаар ч гэсэн хязгаарлагдсан бол тэдгээрийн хооронд байгуулсан тусгай хэлэлцээрээр өмнөх заалтуудыг зөрчихгүй.

Энэхүү конвенцид хамгаалагч гүрэн гэж дурдах бүрд энэ нэр томъёог энэ зүйлийн дагуу түүнийг орлох байгууллагад ч мөн хэрэглэнэ.

11 дүгээр зүйл

Хамгаалагч гүрнүүд хамгаалагдсан хүмүүсийн ашиг сонирхолд хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд, ялангуяа энэхүү конвенцийн заалтыг хэрэглэх буюу тайлбарлах талаар мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд санал зөрөлдсөн тохиолдолд саналын зөрөлдөөнийг зохицуулах үүднээс асуудалд оролцоно.

Эл зорилгоор хамгаалагч гүрэн бүр аль нэг талын урилгаар буюу өөрийн санаачилгаар өөрсдийн төлөөлөгчдийн, ялангуяа өвчтөн, шархтан, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгчдийг хариуцаж буй эрх бүхий байгууллагын нь уулзалтыг зохион явуулах саналыг мөргөлдөөнд оролцогч талуудад тавьж болох бөгөөд чингэхдээ тохиромжтой гэж сонгож авсан төвийг сахигч нутагт дэвсгэрт боломжтой бол зохион байгуулна. Мөргөлдөөнд оролцогч талууд эл зорилгоор тэдэнд тавьсан саналыг хүчин төгөлдөр хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Шаардлагатай бол хамгаалагч гүрнүүд ийм уулзалтад оролцохыг урих төвийг сахисан гүрэнд харьяалагдах, эсхүл Олон улсын улаан загалмайн хорооноос томилсон этгээдийг мөргөлдөөнд оролцогч талуудаар дэмжүүлэн батлуулахаар санал болгож болно.

II бүлэг

ӨВЧТӨН, ШАРХТАН

12 дугаар зүйл

Өвчтөн, шархтан буюу зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон дараагийн зүйлд заах бусад этгээдийг ямар ч нөхцөл байдалд хүндэтгэж, хамгаална.

Тэд мэдэлд нь байж болох мөргөлдөөнд оролцогч тал хүйс, арьс үндэс, үндэс угсаа, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол болон бусад төсөөтэй шалгуурт үндэслэн ялгаварлан гадуурхалгүйгээр тэдэнтэй хүнлэг харьцан асран хамгаална. Тэдний амь насанд халдахыг завдах, эсхүл бие махбодид халдахыг хатуу хориглоно; ялангуяа тэдний амийг хөнөөх буюу устгах, эрүүдэн шүүх буюу биологийн туршилт хийх; тэдэнд эмнэлгийн тусламж, асрамж үзүүлэхгүй санаатайгаар орхих, тэдэнд халдварт өвчин халдах буюу тархах нөхцлийг буй болгохыг хориглоно.

Зөвхөн эмнэлгийн нэн яаралтай шалтгаанаар эмчилгээний дарааллыг харгалзахгүй тусламж үзүүлж болно.

Эмэгтэйчүүдэд хүйсний нь онцлогийг бүх талаар харгалзан анхаарал тавина. Өвчтөн буюу шархтанг аргагүйн эрхэнд дайсанд үлдээх болсон мөргөлдөөнд оролцогч тал тэдэнд асрамж үзүүлэх эмнэлгийн хэсэг ажилтан, материалыг цэргийн шаардлагын хүрээнд үлдээнэ.

13 дугаар зүйл

Энэхүү конвенцийг дараахь ангилалд хамаарах өвчтөн, шархтны хувьд хэрэглэнэ:

(1) Мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, мөн зэвсэгт хүчний хэсэг болж буй журамт цэрэг буюу сайн дурын ангийн бие бүрэлдэхүүн.

(2) Мөргөлдөөнд оролцогч талд харьяалагдах бөгөөд энэ нутаг дэвсгэр нь эзлэгдсэн байсан ч түүний нутаг дэвсгэрт буюу нутаг дэвсгэрээс гадна үйл ажиллагаа явуулж буй бусад журамт цэргийн болон сайн дурын бусад ангийн бие бүрэлдэхүүн, түүний дотор зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөний бие бүрэлдэхүүн, чингэхдээ эдгээр журамт цэрэг буюу сайн дурын анги, түүний дотор зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөн нь дараахь нөхцлийг хангасан байвал зохино:

(a) захирагдагсдынхаа төлөө хариуцлага хүлээсэн этгээдээр удирдуулж байх;

(b) алсаас танигдах тогтсон ялгах тэмдэгтэй байх;

(c) зэвсгээ ил авч явах;

(d) үйл ажиллагаагаа дайны хууль, заншилд нийцүүлэн явуулж байх.

(3) Олзлогч гүрэн хүлээн зөвшөөрөөгүй засгийн газар буюу эрх бүхий байгууллагыг дэмжиж буй байнгын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн.

(4) Цэргийн агаарын хөлгийн багийн гишүүн болох энгийн иргэд, цэргийн сурвалжлагчид, хангамж түгээгчид, ажлын баг буюу зэвсэгт хүчний ахуйн үйлчилгээний гишүүд зэрэг зэвсэгт хүчний жинхэнэ бие бүрэлдэхүүн биш боловч тэднийг дагалдан яваа этгээд, чингэхдээ тэд дагалдаж яваа зэвсэгт хүчнээс зөвшөөрөл авсан байвал зохино.

(5) Олон улсын эрх зүйн аливаа бусад заалтын дагуу илүү тааламжтай нөхцөл эдэлдэггүй мөргөлдөөнд оролцогч талуудын худалдааны усан цэргийн багийн гишүүд, түүний дотор ахмад, замчин болон дагалдан сурагч, түүнчлэн иргэний агаарын хөлгийн баг.

(6) Дайсан ойртож ирэхэд, байнгын зэвсэгт нэгж болж бүрэлдэж амжилгүй, орж ирж буй хүчнийг эсэргүүцэхээр гэнэт зэвсэг барьж буй эзлэгдээгүй нутаг дэвсгэрийн оршин суугчид, чингэхдээ тэд зэвсгээ ил авч явж, дайны хууль, заншлыг хүндэтгэн сахивал зохино.

14 дүгээр зүйл

12 дугаар зүйлийн заалтыг мөрдөхийн хамт, дайсны гарт орсон дайтаж буй талын шархтан, өвчтөнг дайнд олзлогдогчид гэж үзэх бөгөөд тэдний хувьд дайнд олзлогдогчдын талаархи олон улсын эрх зүйн заалтыг хэрэглэнэ.

15 дугаар зүйл

Мөргөлдөөнд оролцогч талууд өвчтөн, шархтанг эрж хайх, олж авах, тэднийг тонон дээрэмдэх, зүй бусаар харьцахаас хамгаалах, зохих асрамжаар хангах, нас барагсдыг эрж хайх болон тэднийг дээрэмдүүлэхээс урьдчилан сэргийлэх талаар боломжтой бүх арга хэмжээг цаг ямагт, ялангуяа тулалдаан бүрийн дараа цаг алдалгүй авна.

Тухайн нөхцөл байдалд боломжтой бол тулалдааны талбарт үлдсэн шархтанг зөөж гаргах, солилцох болон тээвэрлэх бололцоо бий болгох зорилгоор найрамдах, гал түр зогсоохоор тохиролцох буюу орон нутгийн тохиролцоонд хүрнэ.

Үүний нэгэн адил өвчтөн, шархтанг бүслэгдсэн буюу тойруулагдсан газраас зөөж гаргах буюу солилцох, тухайн газар луу явж буй эмнэлгийн болон шашны ажилтан, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар мөргөлдөөнд оролцогч талууд орон нутгийн тохиролцоонд хүрч болно.

16 дугаар зүйл

Мөргөлдөөнд оролцогч талууд өөрийн гарт орсон дайсны талын шархтан, өвчтөн буюу нас барсан этгээд бүрийн хэн болохыг тогтооход хэрэгтэй аливаа мэдээллийг аль болох түргэн бүртгэнэ. Ийм бүртгэлд боломжтой бол дараахь зүйлийг тусгана:

(a) уг этгээдийг харьяалах гүрэн;

(b) армийн, цэргийн ангийн, хувийн буюу серийн дугаар;

(c) овог;

(d) нэр буюу нэрс;

(e) төрсөн он, сар, өдөр;

(f) түүний үнэмлэх буюу таних пайзад байгаа аливаа бусад мэдээлэл;

(g) олзлогдсон буюу нас барсан он, сар, өдөр болон газар;

(h) шарх буюу өвчин, нас барсан шалтгааны талаархи мэдээлэл.

Дээр дурдсан мэдээллийг Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн 122 дугаар зүйлд заасан мэдээллийн товчоонд аль болох түргэн хүргүүлнэ. Уг товчоо нь хамгаалагч гүрэн болон Дайнд олзлогдогчдын хэрэг эрхлэх төв байгууллагаар дамжуулан энэ мэдээллийг эдгээр этгээдийг харьяалах гүрэнд дамжуулна.

Мөргөлдөөнд оролцогч талууд нас барсны гэрчилгээ буюу нас барагсдын нэрсийн зохих ёсоор гэрчилсэн жагсаалтыг бэлтгэж дээрх товчоогоор дамжуулан бие биедээ илгээнэ. Тэд нас барагсдаас олдсон хоёрлосон таних пайзын хагас, гэрээслэл, нас барагчийн ойрын төрөл саданд чухал бусад баримт бичиг, мөнгө болон ерөнхийдөө эдийн болон сэтгэл санааны хувьд үнэт бүх зүйлийг цуглуулж мөн товчоогоор дамжуулан хүргүүлнэ. Эдгээр зүйлийг хэнийх болох нь танигдаагүй зүйлсийн хамт лацадсан боодолд хийж нас барсан эзнийг нь тогтооход шаардлагатай бүх мэдээлэл, түүнчлэн боодолд байгаа зүйлийн бүрэн жагсаалтыг дагалдуулан илгээнэ.

17 дугаар зүйл

Мөргөлдөөнд оролцогч талууд тухайн нөхцөл байдалд боломжтой бол нас барагсдыг ганцаарчлан оршуулж буюу чандарлаж тэдний нас барсныг батлах, хэн болохыг тогтоох болон тайлан гаргах боломж бүрдүүлэх үүднээс цогцост урьдчилан нарийвчилсан үзлэг, боломжтой бол эмнэлгийн үзлэг хийх явдлыг хангана. Хоёрлосон пайзын хагасыг, эсхүл ганц таних пайз бол уг пайзыг цогцос дээр үлдээнэ.

Цогцсыг эрүүл ахуйн зайлшгүй шалтгаан, эсхүл нас барагсдын шашин шүтлэгийн шалтгаанаас бусад тохиолдолд чандарлаж болно. Чандарлах тохиолдолд чандарлах нөхцөл байдал болон шалтгааныг нас барсны гэрчилгээ буюу нас барагсдын баталгаат жагсаалтад нарийвчлан заана.

Тэд нас барагсдыг ёс төртэй, боломжтой бол шашны нь зан үйлийн дагуу оршуулах, булшийг хүндэтгэх, боломжтой бол нас барагсдын үндэс угсааг харгалзан бүлэглэн байрлуулах, зохих ёсоор хадгалах болон тэднийг хэзээд олж болохуйцаар тэмдэглэх явдлыг цаашид хангана. Эл зорилгоор, тэд хойшид цогцсыг хөндөхийг зөвшөөрөх, булшны байрлалаас үл хамааран цогцсыг таних тэмдгээр хангах, шарилыг эх оронд нь буцаах боломж олгох тээврийн хэрэгслээр хангах Булшны албан ёсны бүртгэлийн албыг дайтах ажиллагаа эхлэх үед байгуулна. Эдгээр заалт нь нас барагчийн эх орноос тавьсан хүсэлтийн дагуу зохих ёсоор шийдвэрлэх хүртэл Булшны бүртгэлийн албанд хадгалагдаж байгаа чандарт мөн адил хамаарна.

Нөхцөл байдал боломжтой болмогц, чингэхдээ цаад зах нь дайтах ажиллагааны эцэст эдгээр алба нь 16 дугаар зүйлийн 2 дахь догол мөрд дурдсан Мэдээллийн товчоогоор дамжуулан булш байгаа газар, тэмдэглэгээний жагсаалтыг түүнд оршуулсан нас барагчийн талаарх мэдээллийн хамт солилцоно.

18 дугаар зүйл

Цэргийн эрх бүхий байгууллагууд тэдний өгсөн чиглэлийн дагуу шархтан, өвчтөнг сайн дураар олж авч, асрахыг орон нутгийн оршин суугчдад уриалж болох бөгөөд уриалгыг хүлээн авсан этгээдүүдэд шаардлагатай хамгаалалт, нөхцөл боломж олгоно. Хэрэв дайсагнагч тал тухайн газарт хяналт тогтоох буюу дахин хяналт тогтоовол эдгээр этгээдэд мөн адил хамгаалалт, нөхцөл боломж олгоно.

Цэргийн эрх бүхий байгууллагууд дайсан нэвтрэн орсон буюу эзлэгдсэн газарт байсан ч орон нутгийн оршин суугчид болон тусламжийн нийгэмлэгүүдэд аль ч үндэс угсааны шархтан буюу өвчтөнг сайн дураараа олж авч, асрахыг зөвшөөрнө. Энгийн иргэд эдгээр шархтан, өвчтөнг хүндэтгэх бөгөөд ялангуяа тэдэнд хүч хэрэглэхгүй.

Шархтан, өвчтөнг асран сувилсны төлөө хэнийг ч хэзээ ч дайран буруутгаж болохгүй.

Энэ зүйлийн заалтууд нь шархтан, өвчтөнд бие болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх үүргээс нь эзлэгч гүрнийг чөлөөлөхгүй.

III бүлэг

ЭМНЭЛГИЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА

19 дүгээр зүйл

Эмнэлгийн албаны суурин байгууллага болон эмнэлгийн явуулын нэгжүүд рүү ямар ч нөхцөл байдалд довтолж болохгүй бөгөөд харин мөргөлдөөнд оролцогч талууд тэдгээрийг ямагт хүндэтгэж, хамгаална. Хэрэв тэдгээр нь дайсагнагч талын гарт орвол тэдгээр байгууллага, нэгжид олдсон шархтан, өвчтөнг тэднийг олзолсон гүрэн шаардлагатай асрамжаар хангах хүртэл уг байгууллага, нэгжийн ажилтнууд үүргээ гүйцэтгэсээр байх эрхтэй.

Дээрх эмнэлгийн байгууллага, нэгжийн аюулгүй байдал нь аль болох цэргийн объектын эсрэг халдлагад өртөхөөргүй байрласан байх явдлыг холбогдох эрх бүхий байгууллагууд хангана.

20 дугаар зүйл

Тэнгисийн зэвсэгт хүчний шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн үйлчлэлд багтах эмнэлгийн хөлөг онгоц уруу хуурай газраас довтлох ёсгүй.

21 дүгээр зүйл

Эмнэлгийн албаны суурин байгууллага, эмнэлгийн явуулын нэгжүүдийг хүмүүнлэгийн үүргээс гадуур дайсанд хортой үйлдэл хийхээр ашиглаагүй бол тэдгээрийн эдлэх хамгаалалтыг зогсоохгүй. Гэвч хамгаалалтыг зөвхөн тэдгээрт зохих бүх тохиолдолд боломжит хугацааны хязгаар зааж зохих ёсны сануулга өгсний дараа уг сануулгыг үл тоомсорлосон тохиолдолд зогсоож болно.

22 дугаар зүйл

Дараахь нөхцлийг 19 дүгээр зүйлээр эмнэлгийн нэгж буюу байгууллагад баталгаажуулан олгосон хамгаалалтыг үгүйсгэж байна гэж үзэхгүй:

(1) Нэгж, байгууллагын ажилтнууд өөрийгөө хамгаалах буюу өөрийн мэдэлд байгаа шархтан, өвчтөнг хамгаалах зорилгоор зэвсэгтэй байх.

(2) Зэвсэгтэй асрагч байхгүй үед нэгж буюу байгууллага нь харуул буюу манаагаар хамгаалагдсан байх.

(3) Шархтан, өвчтөнөөс авсан бөгөөд зохих зориулалтаар хараахан хураалгаагүй байсан жижиг зэвсэг болон байлдааны сум хэрэгслийг нэгж буюу байгууллагаас олох.

(4) Нэгж буюу байгууллагын салшгүй хэсэг болоогүй мал эмнэлгийн ажилтан, материалыг тухайн нэгж буюу байгууллагаас олох.

(5) Эмнэлгийн нэгж болон байгууллага, эсхүл тэдний ажилтнуудын явуулж буй хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь шархадсан буюу өвчтэй энгийн иргэдэд хамаарч байгаа.

23 дугаар зүйл

Тайван цагт хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд, дайтах ажиллагаа эхэлсний дараа түүнд оролцогч талууд өөрийн нутаг дэвсгэрт болон шаардлага бий болбол эзлэгдсэн газарт шархтан, өвчтөнг дайны аюулаас хамгаалахаар зохион байгуулагдах эмнэлгийн бүс болон орон нутгийн бүсийг байгуулахын сацуу эдгээр бүсийг зохион байгуулан удирдаж, тэнд цугларсан этгээдүүдийг асрах үүрэг бүхий ажилтнуудыг бий болгоно.

Дайтах ажиллагаа эхэлмэгц, эсхүл түүний явц дунд холбогдох талууд өөрийн байгуулсан эмнэлгийн бүс болон орон нутгийн бүсийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулж болно. Эл зорилгоор тэд энэхүү конвенцийн хавсралт болох хэлэлцээрийн төслийн заалтыг шаардлагатай гэж үзэж болох нэмэлт, өөрчлөлтийн хамт хэрэгжүүлж болно.

Эдгээр эмнэлгийн бүс, орон нутгийн бүсийг байгуулах, хүлээн зөвшөөрөх явдлыг хөнгөвчлөн дэмжих зорилгоор хамгаалагч гүрнүүд болон Олон улсын улаан загалмайн хороог оролцуулахаар урина.

IV бүлэг

АЖИЛТНУУД

24 дүгээр зүйл

Шархтан, өвчтөнг эрж хайх, олж авах, тээвэрлэх, эмчлэх буюу өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гагцхүү эрхэлж буй эмнэлгийн ажилтнууд, түүнчлэн эмнэлгийн нэгж, байгууллагын үйл ажиллагаа гагцхүү эрхэлж буй ажилтнууд болон зэвсэгт хүчний дэргэд байгаа шашны төлөөлөгчдийг бүх нөхцөл байдалд хүндэтгэж, хамгаална.

25 дугаар зүйл

Хэрэгцээ гарсан тохиолдолд шархтан, өвчтөнг эрж хайх, олж авах, тээвэрлэх буюу эмчлэхэд асрагч, сувилагч, эсхүл зөөгчөөр ажиллахаар тусгайлан бэлтгэгдсэн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дайсантай тулгарах буюу түүний гарт орох үед эдгээр үүргээ биелүүлж байгаа бол тэднийг мөн адил хүндэтгэж, хамгаална.

26 дугаар зүйл

24 дүгээр зүйлд заасан ажилтнуудын адил үүрэг биелүүлэхээр ажиллах, засгийн газар нь зохих ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд эрх олгосон Үндэсний Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд болон сайн дурын тусламжийн бусад нийгэмлэгийн ажилтнуудыг дээрх зүйлд заасан ажилтнуудтай адилтгаж үзэх бөгөөд чингэхдээ тэд цэргийн хууль, журмыг мөрдвөл зохино.

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр өөрийн зэвсэгт хүчний эмнэлгийн албанд тусламж үзүүлэх эрхийг өөрийн хариуцлаган дор олгосон нийгэмлэгүүдийнхээ нэрийг тайван цагт эсхүл дайтах ажиллагаа эхлэх үед буюу түүний явц дунд, гэхдээ ямар ч тохиолдолд тэднийг ажиллуулахаасаа өмнө өөр хоорондоо мэдэгдэнэ.

27 дугаар зүйл

Төвийг сахисан орны хүлээн зөвшөөрөгдсөн нийгэмлэг нь зөвхөн өөрийн засгийн газраас урьдчилан авсан зөвшөөрөл болон мөргөлдөөнд оролцогч талын зөвшөөрөлтэйгөөр мөргөлдөөнд оролцогч талд өөрийн эмнэлгийн ажилтан, нэгжийн туслалцаа үзүүлж болно. Эмнэлгийн ийм ажилтан, нэгж нь мөргөлдөөнд оролцогч тухайн талын хяналтад байна.

Төвийг сахигч засгийн газар энэ зөвшөөрлийн талаар туслалцаа хүлээн авч буй улсын дайсагнагч талд мэдэгдэнэ. Ийм туслалцаа хүлээн авч буй мөргөлдөөнд оролцогч тал уг туслалцааг хүлээж авахаасаа өмнө энэ талаар дайсагнагч талдаа заавал мэдэгдэх үүрэгтэй.

Энэхүү туслалцааг ямар ч нөхцөл байдалд мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцож байна гэж үзэхгүй.

Эхний догол мөрд заасан ажилтнуудад өөрийн харьяалагдах төвийг сахисан орноос гарч явахын өмнө 40 дүгээр зүйлд заасан үнэмлэхийг зохих ёсоор олгосон байна.

28 дугаар зүйл

Дайсагнагч талын гарт орсон 24, 26 дугаар зүйлд заасан ажилтнуудыг дайнд олзлогдогчдын эрүүл мэндийн байдал, оюун санааны хэрэгцээ, тооноос шалтгаалан зөвхөн саатуулж байлгана.

Ийнхүү саатуулагдан байгаа ажилтнуудыг дайнд олзлогдогч гэж үзэхгүй. Гэсэн хэдий ч тэд наад зах нь Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн бүх заалтын давуу байдлыг эдлэнэ. Тэд олзлогч гүрний цэргийн хууль, журмын хүрээнд болон түүний эрх бүхий албаны удирдлаган дор мэргэжлийн ёс зүйдээ нийцүүлэн дайнд олзлогдогчдод, чингэхдээ аль болох өөрийн хамаарах зэвсэгт хүчний дайнд олзлогдогчдын тусын тулд эмнэлгийн болон оюун санааны үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ. Тэд эмнэлгийн болон оюун санааны үүргээ биелүүлэхийн тулд дараахь нөхцөл боломжийг мөн эдлэнэ:

(a) Тэдэнд лагерийн гадна орших хөдөлмөр эрхлэх нэгж болон эмнэлэгт байгаа дайнд олзлогдогчдыг үе үе эргэхийг зөвшөөрнө. Олзлогч гүрэн тэднийг шаардлагатай тээврийн хэрэгслээр хангана.

(b) Лагерь бүрт хамгийн ахмад цолтой эмнэлгийн ахлах ажилтан саатуулагдан байгаа эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагааны талаар лагерийн цэргийн эрх баригчдын өмнө хариуцлага хүлээнэ. Эл зорилгоор мөргөлдөөнд оролцогч талууд дайтах ажиллагаа эхэлсэн үеэс 26 дугаар зүйлд заасан нийгэмлэгийн ажилтнуудыг оролцуулан өөрийн эмнэлгийн ажилтнуудын цолны харьцааны талаар тохиролцоно. Тэдний үүргээс үүсэх бүхий л асуудлаар эмнэлгийн тухайн ажилтан болон шашны төлөөлөгчид лагерийн цэргийн болон эмнэлгийн эрх баригчидтай шууд харилцах боломжтой байх бөгөөд тэдгээр эрх баригчид нь эдгээр асуудлаар шаардагдаж болох нөхцөл боломжоор хангана.

(c) Хэдийгээр лагерьт саатуулагдан байгаа ажилтнууд лагерийн дотоод дэгд захирагдах боловч тэднийг эмнэлгийн болон шашны үүргээс гадуур аливаа ажил гүйцэтгэхийг шаардахгүй.

Дайтах ажиллагааны үед мөргөлдөөнд оролцогч талууд саатуулагдан байгаа ажилтнуудыг боломжтой үед солих талаар тохиролцож, ийнхүү солих талаар журам тогтооно.

Өмнөх заалтуудын аль нь ч олзлогч гүрнийг дайнд олзлогдогчидын эмнэлгийн болон шашны хэрэгцээг хангах талаар хүлээх үүргээс чөлөөлөхгүй.

29 дүгээр зүйл

Дайсны гарт орсон 25 дугаар зүйлд заасан ажилтнууд нь дайнд олзлогдогчид гэж тооцогдох боловч хэрэгцээ гарахын хэрээр тэднээр эмнэлгийн үүрэг гүйцэтгүүлнэ.

30 дугаар зүйл

28 дугаар зүйлийн заалтын дагуу зайлшгүй саатуулах шаардлагагүй ажилтнуудыг тэднийг буцаах боломж гарч, цэргийн шаардлага тийм бололцоо олгомогц түүнийг харьяалах мөргөлдөөнд оролцогч талд нь буцаана.

Буцах нь хүлээгдэж буй ажилтнуудыг дайнд олзлогдогч гэж үзэхгүй. Гэсэн хэдий ч тэд наад зах нь Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн бүх заалтын давуу байдлыг эдлэнэ. Тэд дайсагнагч талын удирдлаган дор үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх бөгөөд өөрийг нь харьяалах мөргөлдөөнд оролцогч талын шархтан, өвчтөнг асрах ажилд аль болох оролцвол зохино.

Буцахдаа тэд эд хогшил, хувийн эд хөрөнгө, үнэт зүйлс, өөрийн багаж хэрэгслийг авч явна.

31 дүгээр зүйл

30 дугаар зүйлийн дагуу буцаах эмнэлгийн ажилтнуудыг сонгохдоо арьс үндэс, шашин шүтлэг буюу улс төрийн үзэл бодлыг үл харгалзан харин тэднийг саатуулсан цаг хугацааны дараалал, эрүүл мэндийн байдлыг аль болох харгалзана.

Дайтах ажиллагаа эхэлсэн үеэс мөргөлдөөнд оролцогч талууд саатуулах ажилтнуудын хувь хэмжээг олзлогдогчдын тоо болон дээрх ажилтнуудыг лагерьт хуваарилах тоотой харьцуулан тусгай хэлэлцээрээр тодорхойлж болно.

32 дугаар зүйл

Дайсагнагч талын гарт орсон 27 дугаар зүйлд заасан этгээдүүдийг саатуулж болохгүй.

Өөрөөр тохиролцоогүй бол тэднийг буцаах боломж гарч, цэргийн шаардлага тийм бололцоо олгомогц тэдэнд эх орондоо буцах, эсхүл энэ нь бололцоогүй бол алба хааж байсан мөргөлдөөнд оролцогч талынх нь нутаг дэвсгэрт буцахыг зөвшөөрнө.

Буцах нь хүлээгдэж буй хүмүүс дайсагнагч талын удирдлаган дор ажлаа үргэлжлүүлэх бөгөөд алба хааж байсан мөргөлдөөнд оролцогч талынхаа шархтан, өвчтөнг асрах ажилд аль болох оролцвол зохино. Буцахдаа тэд хувийн эд зүйлс, үнэт зүйлс, түүнчлэн өөрийн багаж хэрэгсэл, зэвсэг, боломжтой бол тээврийн хэрэгслээ авч явна.

Мөргөлдөөнд оролцогч талууд эдгээр ажилтан өөрийн нь мэдэлд байх хугацаанд тэднийг өөрийн зэвсэгт хүчний адилтгах ажилтнуудад олгодгийн адил хоол хүнс, байр, тэтгэмж, цалин хөлсөөр хангана. Хоол хүнс нь ямар ч тохиолдолд хэмжээ, чанар, төрөл зүйлийн хувьд дээрх ажилтны эрүүл мэндийн хэвийн байдлыг хадгалахад хүрэлцэхүйц хангалттай байна.

V бүлэг

БАРИЛГА, МАТЕРИАЛ

33 дугаар зүйл

Дайсны гарт орсон зэвсэгт хүчний эмнэлгийн явуулын нэгжийн материалыг шархтан, өвчтөнг асрахад зориулан хадгална.

Зэвсэгт хүчний эмнэлгийн суурин байгууллагын барилга, материал болон агуулах зэрэг нь дайны хуульд захирагдан үлдэх боловч тэдгээрийг шархтан, өвчтөнг асрахад шаардлагатай цагт өөр зорилгоор ашиглаж болохгүй. Гэсэн хэдий ч дайны талбарт байгаа хүчний командлагч нар цэргийн яаралтай шаардлага гарсан тохиолдолд тэдгээрийг ашиглаж болох бөгөөд чингэхдээ тэд тэнд сувилуулж байгаа шархтан, өвчтөнийг зохих асрамжаар урьдчилан хангасан байвал зохино.

Энэ зүйлд тодорхойлсон материал, агуулахыг санаатайгаар устгахгүй.

34 дүгээр зүйл

Уг конвенцоор олгох давуу байдалд хамрагдах тусламжийн нийгэмлэгүүдийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг хувийн өмч гэж үзнэ.

Дайны хууль, заншлаар хүлээн зөвшөөрөгдсөн дайтаж буй талуудын дайчлах эрхийг яаралтай шаардлагаас бусад тохиолдолд хэрэгжүүлэхгүй бөгөөд зөвхөн шархтан, өвчтөнийг зохих асрамжаар хангасны дараа хэрэгжүүлж болно.

VI бүлэг

ЭМНЭЛГИЙН ТЭЭВЭР

35 дугаар зүйл

Шархтан, өвчтөн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээврийг эмнэлгийн явуулын нэгжийн нэгэн адил хүндэлж, хамгаална.

Ийм тээвэр, зөөврийн хэрэгсэл дайсагнагч талын гарт орвол тэдгээрийг саатуулсан мөргөлдөөнд оролцогч тал ямар ч тохиолдолд тэдгээрт байгаа шархтан, өвчтөнг зохих асрамжаар хангасан нөхцөлд л тэдгээр нь дайны хуулйн үйлчлэлд хамрагдана.

Энгийн иргэн ажилтнууд болон дайчлах замаар олж авсан тээврийн бүх хэрэгсэлд олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээ үйлчилнэ.

36 дугаар зүйл

Эмнэлгийн агаарын хөлөг, өөрөөр хэлбэл гагцхүү шархтан, өвчтөнг шилжүүлэх, эмнэлгийн ажилтнууд болон тоног төхөөрөмжийг тээвэрлэх зорилгоор ашиглаж буй агаарын хөлөг руу халдаж болохгүй, харин дайтаж буй холбогдох талуудын хооронд тусгайлан тохиролцсон өндөр, хугацаа, замаар нисч байх үед дайтаж буй талууд түүнд хүндэтгэлтэй хандана.

Агаарын хөлгийг 38 дугаар зүйлд заасан ялгах бэлгэ тэмдгээр тэдгээрийн доод, дээд, хажуу талд үндэсний далбааны өнгөний хамт тод тэмдэглэсэн байна. Тэдгээрт дайтах ажиллагаа эхлэх буюу явагдах үед дайтаж буй талуудын хооронд тохиролцсон аливаа бусад тэмдэг буюу таних хэрэгсэл хэрэглэж болно.

Өөрөөр тохиролцоогүй бол дайсны нутаг дэвсгэр буюу түүний эзэлсэн нутаг дэвсгэр дээгүүр нисэхийг хориглоно.

Эмнэлгийн агаарын хөлөг газардах аливаа шаардлагад захирагдана. Ийнхүү газардах болсон тохиолдолд хэрэв үзлэг хийсэн бол үзлэг хийсний дараа агаарын хөлөг нь зорчигчдынхоо хамт нислэгээ үргэлжлүүлж болно.

Дайсны нутаг дэвсгэр буюу түүний эзэлсэн нутаг дэвсгэрт газардахад хүрсэн тохиолдолд өвчтөн, шархтан болон агаарын хөлгийн багийнхан дайнд олзлогдогчид болно. Эмнэлгийн ажилтнуудтай 24 дүгээр зүйл болон түүний дараахь зүйлийн дагуу харьцана.

37 дугаар зүйл

Дараагийн догол мөрний заалтын дагуу мөргөлдөөнд оролцогч талуудын эмнэлгийн агаарын хөлөг төвийг сахисан гүрнүүдийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж өнгөрөх, шаардлагатай тохиолдолд газардах, эсхүл түр бууж болно. Тэд тухайн нутаг дэвсгэр дээгүүр нь өнгөрөх талаар төвийг сахисан гүрэнд урьдчилан мэдэгдэх бөгөөд газардах буюу усан дээр буух аливаа шаардлагад захирагдана. Тэд зөвхөн мөргөлдөөнд оролцогч талууд болон төвийг сахисан холбогдох гүрэнтэй тохиролцсон зам, өндөр, хугацааг баримтлан нислэг хийх тохиолдолд халдлагаас хамгаалагдана.

Гэвч төвийг сахисан гүрнүүд эмнэлгийн агаарын хөлөг нутаг дэвсгэр дээгүүр нь нисэж өнгөрөх буюу нутаг дэвсгэрт нь газардахад болзол, хязгаар тогтоож болно. Ийнхүү тогтоож болох болзол, хязгаарыг мөргөлдөөнд оролцогч бүх талд адил тэгш хэрэглэнэ.

Төвийг сахисан гүрнүүд, мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд өөрөөр тохиролцоогүй бол орон нутгийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр төвийг сахигч нутаг дэвсгэрт эмнэлгийн агаарын хөлгөөр буусан шархтан, өвчтөнг дайны ажиллагаанд дахин оролцуулахгүйгээр олон улсын эрх зүйн дагуу шаардлагатай тохиолдолд төвийг сахисан гүрэн саатуулна. Шархтан, өвчтөнг эмнэлэгт хэвтүүлэх, тусгаарлан хорихтой холбогдсон зардлыг тэднийг харьяалж буй гүрэн хариуцна.

VII бүлэг

ЯЛГАХ БЭЛГЭ ТЭМДЭГ

38 дугаар зүйл

Швейцари Улсад хүндэтгэл үзүүлж, Холбооны далбааны өнгийг сольж байрлуулах замаар бүрдсэн цагаан дэвсгэр дээрх улаан загалмай бүхий сүлд тэмдгийг зэвсэгт хүчний эмнэлгийн албаны бэлгэ тэмдэг болон ялгах тэмдэг хэвээр үлдээнэ.

Гэсэн хэдий ч улаан загалмайн оронд цагаан дэвсгэр дээр улаан хавирган сар, улаан арслан болон нарыг бэлгэ тэмдэг болгон хэрэглэдэг орнуудын хувьд энэхүү конвенцийн нөхцөлөөр тэдгээр бэлгэ тэмдгийг мөн хүлээн зөвшөөрнө.

39 дүгээр зүйл

Цэргийн эрх бүхий байгууллагын далбаа, гарын таних тэмдэг болон эмнэлгийн албанд хэрэглэх бүх тоног төхөөрөмжид тавина.

40 дүгээр зүйл

24, 26, 27 дугаар зүйлд заасан ажилтнууд цэргийн эрх бүхий байгууллагаас тамга дарж олгосон ялгах бэлгэ тэмдэг бүхий усанд гэмтэхгүй гарын таних тэмдгийг зүүн гартаа зүүнэ.

Эдгээр ажилтан нь 16 дугаар зүйлд заасан таних пайз зүүхээс гадна ялгах бэлгэ тэмдэг бүхий тусгай үнэмлэх авч явах ёстой. Энэ үнэмлэх нь усанд гэмтэхгүй бөгөөд халаасанд авч явж болохуйц хэмжээтэй байна. Түүнд наад зах нь эзэмшигчийн овог, нэр, төрсөн он, сар, өдөр, цол зэрэг болон цэргийн ангийн дугаарыг зааж үндэсний хэлээр бичих бөгөөд энэхүү конвенцоор ямар хэмжээгээр хамгаалагдах эрхтэй болохыг тодорхойлно. Уг үнэмлэхэд эзэмшигчийн гэрэл зураг, түүнчлэн гарын үсэг буюу хурууны хээ, эсхүл аль аль нь байна. Тэр нь цэргийн эрх бүхий байгууллагын товгор тамгатай байна.

Нэг зэвсэгт хүчний үнэмлэх нь ижил байх бөгөөд хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын зэвсэгт хүчний үнэмлэх нь боломжийн хэрээр төсөөтэй хэлбэртэй байна. Мөргөлдөөнд оролцогч талууд энэхүү конвенцид жишээ болгон хавсаргасан загварыг удирдлага болгож болно. Тэд хэрэглэж буй загвараа дайтах ажиллагаа эхлэхэд өөр хоорондоо мэдээлнэ. Үнэмлэхийг боломжтой тохиолдолд наад зах нь хоёр хувь үйлдэж нэг хувийг тухайн этгээдийн эх оронд нь хадгална.

Дурдсан ажилтнуудыг таних тэмдэг буюу үнэмлэхээс нь, түүнчлэн гарын таних тэмдэг зүүх эрхээс нь ямар ч нөхцөл байдалд салгаж болохгүй. Тэдгээрийг алдаж үрэгдүүлсэн тохиолдолд тэд үнэмлэхийн хувийг авч, таних тэмдгийг солих эрх эдлэнэ.

41 дүгээр зүйл

25 дугаар зүйлд заасан ажилтнууд дундаа жижиг хэмжээний ялгах тэмдэг бүхий цагаан өнгөтэй гарын таних тэмдэг зүүх, гэхдээ зөвхөн эмнэлгийн үүргээ гүйцэтгэж байхдаа зүүх бөгөөд гарын таних тэмдгийг цэргийн эрх бүхий байгууллагаас тамга дарж олгоно.

Ийм төрлийн ажилтнуудын авч явах цэргийн үнэмлэхэд тэдний хамрагдсан тусгай бэлтгэл, тэдний гүйцэтгэж буй үүргийн түр шинж чанар болон гарын таних тэмдэг зүүх эрхийг заана.

42 дугаар зүйл

Конвенцийн ялгах далбааг зөвхөн Конвенцийн дагуу хүндэтгэл эдлэх эрхтэй эмнэлгийн нэгж, байгууллагад зөвхөн цэргийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр мандуулна. Явуулын нэгжүүд суурин байгууллагын адил тухайн нэгж буюу байгууллагын хамаарагдах мөргөлдөөнд оролцогч талын үндэсний далбааг давхар мандуулж болно.

Гэсэн хэдий ч дайсны гарт орсон эмнэлгийн нэгжүүд Конвенцийн далбаагаас өөр далбаа мандуулахгүй. Мөргөлдөөнд оролцогч талууд дайны аливаа үйлдлээс зайлсхийхийн тулд эмнэлгийн нэгж, байгууллагын ялгах бэлгэ тэмдгийг дайсны хуурай зам, агаар болон тэнгэсийн хүчнийхэнд тод харагдуулахад шаардлагатай арга хэмжээг цэргийн шаардлагын хүрээнд авна.

43 дугаар зүйл

Дайтаж байгаа аль нэг талд 27 дугаар зүйлд заасан нөхцлийн дагуу туслалцаа үзүүлэхээр зөвшөөрөгдсөн байж болох төвийг сахисан оронд харьяалагдах эмнэлгийн нэгжүүд нь дайтаж байгаа тухайн тал 42 дугаар зүйлээр олгогдсон эрхээ эдлэж байгаа үед Конвенцийн далбааны сацуу дайтаж байгаа тухайн талын үндэсний далбааг мандуулна.

Цэргийн эрх бүхий холбогдох байгууллагаас гаргасан эсрэг утгатай тушаалыг мөрдөхийн хамт тэд бүх тохиолдолд, дайсагнагч талын гарт орсон байсан ч үндэсний далбаагаа мандуулж болно.

44 дүгээр зүйл

Энэ зүйлийн дараагийн догол мөрүүдэд дурдсанаас бусад тохиолдолд цагаан дэвсгэр дээрх улаан загалмайн бэлгэ тэмдэг бөгөөд “Улаан загалмай” буюу “Женевийн загалмай” гэсэн үгийг энэхүү конвенцоор болон төсөөтэй асуудал зохицуулсан бусад конвенцоор хамгаалагдсан эмнэлгийн нэгж, байгууллага, ажилтнууд болон материалыг заах буюу хамгаалахаас бусад тохиолдолд тайван цаг буюу дайны үед хэрэглэж болохгүй. 38 дугаар зүйлийн 2 дахь догол мөрд заасан бэлгэ тэмдгийг хэрэглэж буй орнуудын хувьд мөн адил зарчмыг баримтална. Үндэсний Улаан загалмайн нийгэмлэг болон 26 дугаар зүйлд заасан бусад нийгэмлэг зөвхөн энэ догол мөрийн хүрээнд Конвенцийн хамгаалалтыг олгох ялгах бэлгэ тэмдгийг хэрэглэх эрхтэй байна.

Цаашилбал, Үндэсний Улаан загалмайн (Улаан хавирган сар, Улаан арслан болон нарны) нийгэмлэг нь Олон улсын улаан загалмайн бага хурлуудаас гаргасан зарчимд нийцсэн бусад үйл ажиллагаандаа Улаан загалмайн нэр, бэлгэ тэмдгийг үндэснийхээ хууль тогтоомжид нийцүүлэн тайван цагт хэрэглэж болно. Ийм үйл ажиллагааг дайны үед хэрэгжүүлж байгаа тохиолдолд бэлгэ тэмдгийг хэрэглэх нөхцөл нь Конвенцийн хамгаалалтыг олгож байна гэж үзэхгүй байхаар байна; ийм ялгах тэмдэг нь харьцангуй жижиг хэмжээтэй бөгөөд түүнийг гарын таних тэмдэг буюу барилгын дээвэр дээр байрлуулж болохгүй.

Олон улсын улаан загалмайн байгууллагууд болон тэдний зохих ёсоор эрх олгогдсон ажилтнуудад цагаан дэвсгэр дээрх улаан загалмайн ялгах тэмдгийг ямагт хэрэглэхийг зөвшөөрнө.

Үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн, түүнчлэн Үндэсний улаан загалмайн (Улаан хавирган сар, Улаан арслан болон нарны) нийгэмлэгүүдийн аль нэгний шууд зөвшөөрөлтэйгөөр Конвенцийн бэлгэ тэмдгийг тайван цагт эмнэлгийн түргэн тусламжид хэрэглэх тээврийн хэрэгслийг таних бөгөөд гагцхүү шархтан, өвчтөнд үнэ төлбөргүй эмчилгээ хийхэд зориулагдсан тусламжийн газрын байрлалыг тэмдэглэхэд онцгой арга хэмжээний хувьд ашиглаж болно.

VIII бүлэг

КОНВЕНЦИЙГ БИЕЛҮҮЛЭХ

45 дугаар зүйл

Мөргөлдөөнд оролцогч тал бүр энэхүү конвенцийн нийтлэг зарчимд нийцүүлэн ерөнхий командлагчаараа дамжуулан өмнөх зүйлүүдийн нарийвчилсан биелэлтийг хангаж, урьдчилан харах боломжгүй тохиолдолд ч биелэлтийг хангана.

46 дугаар зүйл

Конвенцоор хамгаалсан өвчтөн, шархтан, ажилтнууд болон барилга, багаж тоног төхөөрөмжийн эсрэг өширхөн халдахыг хориглоно.

47 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийн зарчмыг нийт хүн ам, ялангуяа дайтаж байгаа зэвсэгт хүчин, эмнэлгийн ажилтан болон шашны төлөөлөгчдөд таниулах үүднээс энэхүү конвенцийн эх бичвэрийг өөрийн оронд аль болох өргөнөөр түгээн сурталчлах, тухайлбал түүний талаар цэргийн, боломжтой бол иргэний сургалтын хөтөлбөрт оруулах үүргийг дайны цагийн адил тайван цагт хүлээнэ.

48 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийн албан ёсны орчуулга болон түүнийг хэрэглэх явдлыг хангахын тулд баталж болох хууль, журмыг тайван цагт Швейцарийн холбооны зөвлөлөөр, дайтах ажиллагааны үед хамгаалагч гүрнээр дамжуулан өөр хоорондоо өгнө.

IX бүлэг

УРВУУЛАН АШИГЛАХ, ЗӨРЧИХ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ

49 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд дараагийн зүйлд тодорхойлсон энэхүү конвенцийн ноцтой зөрчлийг үйлдэж байгаа буюу үйлдэхийг тушаасан этгээдэд үр дүнтэй эрүүгийн ял хүлээлгэхэд шаардлагатай аливаа хууль тогтоомжийг батлах үүрэг хүлээнэ.

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр ийм ноцтой зөрчлийг үйлдсэн буюу үйлдэхийг тушаасан гэж буруутгагдаж байгаа этгээдийг эрж олох, түүний харьяаллыг үл харгалзан өөрийн шүүхэд шилжүүлэх үүрэг хүлээнэ. Тухайн тал хүсвэл өөрийн хууль тогтоомжийн заалтад нийцүүлэн тийм этгээдийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд өөр холбогдох талын шүүхэд шилжүүлж болох бөгөөд чингэхдээ хэлэлцэн тохирогч эрхэм дээд тухайн тал нь prima facia хэрэг үүсгэсэн байвал зохино.

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр дараагийн зүйлд тодорхойлсон ноцтой зөрчлөөс бусад энэхүү конвенцийн заалтад харш бүх үйлдлийг таслан зогсооход шаардлагатай арга хэмжээг авна.

Яллагдаж байгаа этгээд ямар ч нөхцөл байдалд Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн 105 дугаар зүйл болон түүний дараагийн зүйлүүдэд зааснаас дордуулахааргүй шүүх болон өмгөөллийн зохих ажиллагааны баталгаа эдэлнэ.

50 дугаар зүйл

Өмнөх зүйлд дурдсан ноцтой зөрчил нь энэхүү конвенцоор хамгаалагдаж байгаа этгээд буюу эд хөрөнгийн эсрэг үйлдсэн дараахь аливаа үйлдлийг оролцуулсан зөрчил байна: санаатайгаар амийг нь хөнөөх, эрүүдэн шүүх буюу хүнлэг бусаар харьцах, түүний дотор биологийн туршилт хийх, бие махбодь буюу эрүүл мэндэд үлэмж шаналал буюу ноцтой гэмтэл санаатайгаар учруулах, түүнчлэн дайны шаардлагаар зөвтгөх боломжгүйгээр бөгөөд хууль бусаар болон дур зоргоор эд хөрөнгө их хэмжээгээр эвдэж сүйтгэх буюу ашиглан завших.

51 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд аль ч талд өмнөх зүйлд дурдсан зөрчлийн талаар өөрөө хүлээсэн буюу хэлэлцэн тохирогч эрхэм дээд өөр талаас хүлээлгэх хариуцлагаас өөрийгөө буюу хэлэлцэн тохирогч эрхэм дээд өөр талыг чөлөөлөхийг зөвшөөрөхгүй.

52 дугаар зүйл

Мөргөлдөөнд оролцогч талын хүсэлтээр мөрдөн байцаалтыг сонирхогч талуудын хооронд тохиролцсон журмаар энэхүү конвенцийн аливаа зөрчилтэй холбогдуулан эхлүүлнэ.

Хэрэв мөрдөн байцаалтын журмын талаар тохиролцоонд хүрч чадаагүй бол талууд дагаж мөрдөх журмыг шийдвэрлэх зуучлагчийг тохиролцон сонгоно.

Нэгэнт зөрчил гарсныг тогтоосон тохиолдолд мөргөлдөөнд оролцогч талууд түүнийг дуусгавар болгож, аль болох хойшлуулахгүй таслан зогсооно.

53 дугаар зүйл

Энэхүү конвенцийн дагуу эрх олгогдсоноос бусад хувь хүн, нийгэмлэг, улсын буюу хувийн пүүс, компани бэлгэ тэмдэг буюу “Улаан загалмай” буюу “Женевийн загалмай”, эсхүл тэдгээрийг дуурайлгасан аливаа тэмдэг буюу нэрийг хэрэглэсэн зорилго, өдрөөс үл хамааран хэдийд ч хэрэглэхийг хориглоно.

Холбооны далбааны өнгийг сольж байрлуулан хэрэглэж Швейцари Улсыг хүндэтгэх шалтгаанаар, түүнчлэн Швейцарийн сүлд болон Конвенцийн ялгах бэлгэ тэмдэгтэй андуурч болох шалтгаанаар Швейцарийн Холбооны Улсын сүлд, эсхүл түүнийг дуурайлгасан тэмдгийг хувь хүн, нийгэмлэг буюу пүүс барааны буюу худалдааны тэмдэг буюу ийм тэмдгийн хэсэг болгон, эсхүл худалдааны шударга ёсонд харшлах зорилгоор, эсхүл Швейцарийн үндэсний үзлийг хөндөх нөхцөл байдалд хэрэглэхийг хэдийд ч хориглоно.

Гэсэн хэдий ч 1929 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Женевийн конвенцид оролцогч бус байсан хэлэлцэн тохирогч эрхэм дээд ийм талууд эхний догол мөрд заасан бэлгэ тэмдэг, нэр, таних тэмдэг буюу тэмдгийг өмнө нь хэрэглэж байсан этгээдүүдэд тэдгээр тэмдгийг тийнхүү хэрэглэхийг зогсооход зориулан энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилээс хэтрэхгүй хугацааг олгож болох бөгөөд чингэхдээ тийнхүү хэрэглэх нь дайны цагт конвенцийн хамгаалалт олгох зорилготой байсан гэж үзэхээргүй байвал зохино.

Энэ зүйлийн эхний догол мөрд заасан хоригийг өмнө нь тэдгээр тэмдгийг хэрэглэж байснаас олж авсан аливаа эрхийг үл хөндөн 38 дугаар зүйлийн хоёр дахь догол мөрд дурдсан бэлгэ тэмдэг, тэмдгүүдэд мөн хэрэглэнэ.

54 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд хэрэв хууль тогтоомж нь хараахан тохирохгүй байгаа бол 53 дугаар зүйлд дурдсанаар тэмдэг урвуулан хэрэглэхээс ямагт урьдчилан сэргийлж, таслан зогсоох талаар шаардлагатай арга хэмжээг авна.

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

55 дугаар зүйл

Энэхүү конвенцийг англи, франц хэлээр үйлдэв. Хоёр эх бичвэр нь адил хүчинтэй байна.

Швейцарийн холбооны зөвлөл Конвенцийн орос, испани хэлний албан ёсны орчуулгыг зохион байгуулна.

56 дугаар зүйл

Энэ өдрийн он, сар, өдрөөр тэмдэглэгдэх энэхүү конвенц 1949 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Женев хотноо нээгдсэн бага хуралд оролцсон гүрнүүд, түүнчлэн уг бага хуралд оролцоогүй боловч Дайны талбарт цэргийн шархадсан ба өвчтэй этгээдэд тусламж үзүүлэх тухай 1864, 1906 буюу 1929 оны Женевийн конвенцуудад оролцогч болох гүрнүүдийн нэрийн өмнөөс 1950 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.

57 дугаар зүйл

Энэхүү конвенцийг аль болох түргэн соёрхон батлах бөгөөд батламж жуух бичгийг Берн хотноо хадгалуулна.

Швейцарийн холбооны зөвлөл хадгалуулахаар өгсөн батламж жуух бичиг бүрийн бүртгэл хөтөлж, энэ бүртгэлийн баталгаатай хуулбарыг нэрийн нь өмнөөс конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсноо мэдэгдсэн бүх гүрэнд дамжуулна.

58 дугаар зүйл

Энэхүү конвенц нь хоёроос доошгүй батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.

Түүнээс хойш энэ нь хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүрийн хувьд батламж жуух бичгээ хадгалуулснаас хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.

59 дүгээр зүйл

Энэхүү конвенц нь хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын хоорондын харилцаанд 1864 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн, 1906 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн болон 1929 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн конвенцийг орлоно.

60 дугаар зүйл

Энэхүү конвенц нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш түүнд нэрийн нь өмнөөс гарын үсэг зураагүй аливаа гүрний хувьд нэгдэн ороход нээлттэй байна.

61 дүгээр зүйл

Нэгдэж орсноо Швейцарийн холбооны зөвлөлд бичгээр мэдэгдэх бөгөөд ийнхүү нэгдэж орсон нь тухайн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.

Швейцарийн холбооны зөвлөл нэгдэн орсон талаар нэрийн нь өмнөөс Конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсноо мэдэгдсэн бүх гүрэнд мэдэгдэнэ.

62 дугаар зүйл

Дайтах ажиллагаа буюу эзлэлт эхлэхээс өмнө буюу эхэлсний дараа мөргөлдөөнд оролцогч талуудын хадгалуулсан батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай мэдэгдэл 2, 3 дугаар зүйлд заасан тохиолдолд нэн даруй хүчин төгөлдөр болно. Швейцарийн холбооны зөвлөл мөргөлдөөнд оролцогч талуудаас хүлээн авсан соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай аливаа мэдэгдлийг хамгийн түргэн аргаар хүргүүлнэ.

63 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр энэхүү конвенцийг цуцлах эрхтэй.

Цуцлах тухайгаа Швейцарийн холбооны зөвлөлд бичгээр мэдэгдэх бөгөөд түүнийг Швейцарийн холбооны зөвлөл хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талын засгийн газарт дамжуулна.

Цуцлалт нь цуцлах тухай Швейцарийн холбооны зөвлөлд мэдэгдсэнээс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. Гэвч цуцалж буй гүрэн мөргөлдөөнд оролцож байгаа үед цуцлах тухай мэдэгдсэн тохиолдолд цуцлалт нь энх тайван зарлах болон энэхүү конвенцоор хамгаалагдах этгээдүүдийг суллаж, эх оронд нь буцаах ажиллагаа дуусах хүртэл хүчин төгөлдөр болохгүй.

Цуцлалт нь зөвхөн цуцалж буй гүрний хувьд хүчинтэй байна. Энэ нь дэлхийн соёл иргэншилт ард түмнүүдийн хооронд тогтсон заншил, хүнлэг ёсны хууль болон олон нийтийн ухамсарт ёс суртахуунаас үндэстэй олон улсын эрх зүйн зарчмын дагуу мөргөлдөөнд оролцогч талуудын заавал биелүүлэх ёстой хэвээр байх үүрэгт хэрхэвч нөлөөлөхгүй.

64 дүгээр зүйл

Швейцарийн холбооны зөвлөл энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ. Мөн Швейцарийн холбооны зөвлөл нь энэхүү конвенцийг соёрхон батласан, түүнд нэгдэж орсон болон түүнийг цуцалсан тухай мэдэгдлийг хүлээн авсан талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ.

Дээр дурдсаныг нотолж дор гарын үсэг зурагчид бүрэн эрхээ хадгалуулж энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав.

1949 оны 8 дугаар сарын арван хоёрны өдөр Женев хотноо англи, франц хэлээр үйлдэв. Жинхэнэ эхийг Швейцарийн Холбооны Улсын архивт хадгална. Швейцарийн холбооны зөвлөл түүний баталгаатай хуулбарыг гарын үсэг зурсан болон нэгдэж орсон улс бүрт дамжуулна.

I ХАВСРАЛТ

ЭМНЭЛГИЙН БҮС БОЛОН ОРОН НУТГИЙН БҮСЭД

ХАМААРАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ

1 дүгээр зүйл

Эмнэлгийн бүсийг зөвхөн Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан болон өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн 23 дугаар зүйлд заасан этгээдүүд, мөн эдгээр бүсийг зохион байгуулан удирдаж, тэнд цугларсан этгээдүүдийг асрах үүрэг бүхий ажилтнуудад зориулна.

Гэсэн хэдий ч ийм бүсийн дотор байнга оршин суугчид тэндээ үлдэх эрхтэй байна.

2 дугаар зүйл

Эмнэлгийн бүсэд аливаа эрхтэйгээр оршин суугаа ямар ч этгээд уг бүсийн дотор буюу гадна цэргийн үйл ажиллагаатай буюу дайны материал үйлдвэрлэхтэй шууд холбоотой ажил гүйцэтгэхгүй.

3 дугаар зүйл

Эмнэлгийн бүс байгуулж байгаа гүрэн тухайн бүсэд оршин суух буюу түүнд нэвтрэх эрхгүй бүх этгээдийг оруулахыг хориглох талаар шаардлагатай бүх арга хэмжээг авна.

4 дүгээр зүйл

Эмнэлгийн бүс нь дараахь нөхцлийг хангасан байна:

(a) Тухайн бүсийг байгуулсан гүрний захирч буй нутаг дэвсгэрийн зөвхөн бага хэсгийг бүрдүүлж байх;

(b) Байрны боломжтой харьцуулахад цөөн хүн амтай байх;

(c) Цэргийн бүх объект, эсхүл аж үйлдвэр буюу захиргааны томоохон байгууллагаас алслагдсан газар орших бөгөөд тийм объект, байгууллагагүй байх;

(d) Аливаа магадлалаас хамааран дайны ажиллагаа явуулахад чухал болж болох газарт байрлаагүй байх.

5 дугаар зүйл

Эмнэлгийн бүс нь дараахь үүргийг хүлээнэ:

(a) Эдгээр бүсийн эзэмшиж буй зам харилцаа болон тээврийн хэрэгслийг цэргийн ажилтан буюу материал тээвэрлэхэд дамжин өнгөрүүлэхээр ч байсан ашиглаж болохгүй;

(b) Тэдгээрийг ямар ч тохиолдолд цэргийн аргаар хамгаалахгүй.

6 дугаар зүйл

Эмнэлгийн бүсийг бүсийн зах болон барилга дээр байрлуулсан цагаан дэвсгэр дээрх улаан загалмай (улаан хавирган сар, улаан арслан болон нар)-гаар тэмдэглэнэ. Тэдгээрийг мөн адилаар шөнийн цагт зохих гэрэлтүүлгийн аргаар тэмдэглэж болно.

7 дугаар зүйл

Гүрнүүд захирч байгаа нутаг дэвсгэрт нь байгаа эмнэлгийн бүсийн жагсаалтыг тайван цагт буюу дайны ажиллагаа эхлэхэд хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талд хүргүүлнэ. Түүнчлэн тэд дайтах ажиллагааны үед байгуулсан аливаа шинэ бүсийн тухай мэдэгдэнэ.

Дайсагнагч тал дээр дурдсан мэдэгдлийг хүлээн авмагц бүсийг зохих ёсоор байгуулна.

Гэвч хэрэв дайсагнагч тал энэхүү хэлэлцээрийн нөхцөл хангагдаагүй гэж үзвэл тухайн бүсийг хариуцаж буй талд нэн даруй мэдэгдэх замаар бүсийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж эсхүл бүсийг хүлээн зөвшөөрөх асуудлыг 8 дугаар зүйлд заасан хяналтыг бий болгохоос хамааруулж болно.

8 дугаар зүйл

Дайсагнагч талын байгуулсан эмнэлгийн нэг буюу хэд хэдэн бүсийг хүлээн зөвшөөрсөн аливаа гүрэн эдгээр бүс нь энэхүү хэлэлцээрт заасан нөхцөл, үүргийг хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор нэг буюу хэд хэдэн тусгай комиссараар хяналт тавихыг шаардах эрх эдлэнэ.

Эл зорилгоор тусгай комиссын гишүүд нь хэдийд ч янз бүрийн бүсэд чөлөөтэй нэвтрэх бөгөөд тэнд байнга оршин сууж ч болно. Тэдэнд шалгалт хийх үүргээ биелүүлэх бүх нөхцөл боломжийг олгоно.

9 дүгээр зүйл

Тусгай комиссын гишүүд энэхүү хэлэлцээрийн нөхцөлд харшилж байна гэж үзэж буй аливаа үйл баримт анзаарвал тухайн бүсийг захирч буй гүрний анхаарлыг уг үйл баримтад даруй хандуулах бөгөөд байдлыг засаж залруулахад тав хоногийн хугацаа олгоно. Тэд бүсийг хүлээн зөвшөөрсөн гүрэнд энэ тухай зохих ёсоор мэдэгдэнэ.

Хэрэв хугацаа дуусахад бүсийг захирч буй гүрэн сануулгыг биелүүлээгүй бол дайсагнагч тал тухайн бүсийн хувьд энэхүү хэлэлцээрийг цаашид заавал биелүүлэх үүрэггүйгээ мэдэгдэж болно.

10 дугаар зүйл

Нэг буюу хэд хэдэн эмнэлгийн бүс болон орон нутгийн бүс байгуулж аливаа гүрэн, түүнчлэн эдгээр бүс байгаа тухай мэдэгдсэн дайсагнагч талууд 8, 9 дүгээр зүйлд дурдсан тусгай комиссын гишүүд болох этгээдүүдийг нэр дэвшүүлнэ эсхүл төвийг сахигч гүрнээр нэр дэвшүүлүүлнэ.

11 дүгээр зүйл

Эмнэлгийн бүс рүү ямар ч нөхцөл байдалд халдаж болохгүй. Мөргөлдөөнд оролцогч талууд эдгээр бүсийг ямагт хамгаалж, хүндэтгэнэ.

12 дугаар зүйл

Нутаг дэвсгэрийг эзлэсэн тохиолдолд түүний дотор байгаа эмнэлгийн бүсийг хүндэтгэж, зориулалтаар ашигласан хэвээр байна.

Гэвч эзлэгч гүрэн тухайн бүсэд байрлуулсан этгээдүүдийн аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авсан нөхцөлд бүсийн зориулалтыг өөрчилж болно.

13 дугаар зүйл

Гүрнүүд эмнэлгийн бүсийн зориулалтын адил зориулалтаар ашиглаж байгаа орон нутгийн бүсэд энэхүү хэлэлцээрийг мөн хэрэглэж болно.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
88. ДАЙНЫ ТАЛБАРТ БАЙГАА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШАРХТАН БОЛОН ӨВЧТӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ЖЕНЕВИЙН (I) КОНВЕНЦ
1949 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталж,