A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • 89. ТЭНГИСИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШАРХТАН, ӨВЧТӨН БОЛОН ХӨЛӨГ ОНГОЦНЫ СҮЙРЭЛД ӨРТӨГДӨГСДИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ЖЕНЕВИЙН (II) КОНВЕНЦ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 89. ТЭНГИСИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШАРХТАН, ӨВЧТӨН БОЛОН ХӨЛӨГ ОНГОЦНЫ СҮЙРЭЛД ӨРТӨГДӨГСДИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ЖЕНЕВИЙН (II) КОНВЕНЦ

1949 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

1950 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон

Удиртгал

1906 оны Женевийн конвенцийн зарчмыг далайд дайтахад зохицуулан хэрэглэх 1907 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Гаагийн X конвенцийг хянан өөрчлөх зорилгоор 1949 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Женев хотноо болсон Дипломат бага хуралд засгийн газраа төлөөлж дор гарын үсэг зурсан бүрэн эрхт төлөөлөгчид дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

I бүлэг

НИЙТЛЭГ ЗААЛТ

1 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийг бүх нөхцөл байдалд хүндэтгэн сахих буюу хүндэтгэн сахих явдлыг хангах үүрэг хүлээнэ.

2 дугаар зүйл

Тайван цагт хэрэгжүүлэх заалтуудын сацуу хоёр буюу хэлэлцэн тохирогч эрхэм дээд хэд хэдэн талын хооронд үүсч болох зарласан дайн буюу аливаа бусад зэвсэгт мөргөлдөөний бүх тохиолдолд тэдгээр талын аль нэг нь дайны байдлыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч энэхүү конвенцийг хэрэглэнэ.

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын нутаг дэвсгэрийг хэсэгчлэн буюу бүхэлд нь эзэлсэн бүх тохиолдолд тухайн эзлэлт нь зэвсэгт эсэргүүцэлтэй тулгараагүй байсан ч энэхүү конвенцийг мөн хэрэглэнэ.

Хэдийгээр мөргөлдөөнд оролцогч гүрнүүдийн аль нэг нь энэхүү конвенцид оролцогч тал биш байсан ч түүнд оролцогч тал болох гүрнүүд өөр хоорондын харилцаандаа энэхүү конвенцийг заавал биелүүлэх үүрэгтэй хэвээр байна. Үүнээс гадна хэрэв дээр дурдсан гүрэн энэхүү конвенцийн заалтыг хүлээн авч хэрэглэвэл түүний хувьд тэд энэхүү конвенцийг заавал биелүүлэх үүрэгтэй байна.

3 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын аль нэгний нь нутаг дэвсгэрт үүсэх олон улсын бус шинж чанартай зэвсэгт мөргөлдөөний тохиолдолд тухайн мөргөлдөөнд оролцогч тал бүр наад зах нь дараахь заалтыг хэрэглэх үүрэг хүлээнэ:

1) Дайтах ажиллагаанд шууд оролцоогүй этгээд, түүний дотор байлдахаа зогсоосон болон өвчлөх, шархдах, саатуулагдах буюу аливаа бусад шалтгааны улмаас байлдаанд оролцоогүй зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний этгээдтэй арьс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс, гарал үүсэл, эд хөрөнгийн байдал буюу бусад төсөөтэй шалгуурт үндэслэн ялгаварлан гадуурхалгүйгээр бүх нөхцөл байдалд хүнлэг харьцана.

Энэ үүднээс дараахь үйлдлийг дээр дурдсан этгээдийн хувьд хийхийг хэзээ ч, хаана ч хориглоно:

a) амь нас, бие махбодид халдах, тухайлбал, бүхий л хэлбэрээр амийг нь хөнөөх, хүнд гэмтэл учруулах, харгис хэрцгийгээр харьцах, эрүүдэн шүүх;

b) барьцаанд авах;

c) хүний нэр төр, алдар хүндэд халдах, тухайлбал, доромжлон гутаах;

d) соёл иргэншилт ард түмнүүдийн зайлшгүй гэж хүлээн зөвшөөрсөн шүүхийн бүх баталгаагаар хангаж байнгын ажиллагаатай шүүхээс урьдчилан гаргасан шийдвэргүйгээр ял шийтгэх болон ял эдлүүлэх.

2) Шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг олж авч тусламж үзүүлнэ. Олон улсын улаан загалмайн хороо зэрэг хүмүүнлэгийн хараат бус байгууллага мөргөлдөөнд оролцогч талуудад өөрийн үйлчилгээг санал болгож болно.

Мөргөлдөөнд оролцогч талууд тусгай хэлэлцээрийн замаар энэхүү конвенцийн бусад заалтыг бүгдийг буюу хэсэгчлэн хүчин төгөлдөр болгохыг цаашид чармайна.

Өмнөх заалтуудыг хэрэглэх явдал мөргөлдөөнд оролцогч талуудын эрх зүйн байдлыг хөндөхгүй.

4 дүгээр зүйл

Мөргөлдөөнд оролцогч талуудын хуурай замын болон тэнгисийн хүчний хооронд дайтах ажиллагаа үүссэн тохиолдолд энэхүү конвенцийн заалтыг зөвхөн хөлөг онгоцон дээрх хүчинд хэрэглэнэ.

Эдгээр хүчин эрэг дээр гармагц Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан болон өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн заалтуудын үйлчлэлд хамрагдана.

5 дугаар зүйл

Төвийг сахисан гүрнүүд өөрийн нутагт дэвсгэрт хүлээн авсан буюу хорьсон мөргөлдөөнд оролцогч талуудын зэвсэгт хүчний шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгч, мөн олдсон нас барсан этгээдийн хувьд энэхүү конвенцийг төсөөтэй хэрэглэнэ.

6 дугаар зүйл

Энэхүү конвенцийн 10, 18, 31, 38, 39, 40, 43 болон 53 дугаар зүйлд шууд заасан хэлэлцээрийн сацуу хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тусгай заалтаар зохицуулах нь тохиромжтой гэж үзэж болох бүх асуудлаар өөр тусгай хэлэлцээр байгуулж болно. Ямар ч тусгай хэлэлцээр шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгчийн энэхүү конвенцоор тодорхойлсон байдалд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд энэхүү конвенцоор тэдэнд олгосон эрхийг хязгаарлахгүй.

Дээр дурдсан хэлэлцээр, эсхүл дараа дараагийн хэлэлцээрт эсрэгээр шууд зааснаас бусад тохиолдолд эсхүл мөргөлдөөнд оролцогч талуудын аль нэг нь шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгчдийн хувьд илүү тааламжтай арга хэмжээ авснаас бусад тохиолдолд тэд тэдгээр хэлэлцээрээр олгогдсон давуу байдлыг энэхүү конвенцийг тэдний хувьд хэрэглэх хугацаанд үргэлжлүүлэн эдэлнэ.

7 дугаар зүйл

Шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгчид нь энэхүү конвенц болон хэрэв өмнөх зүйлд дурдсан тусгай хэлэлцээр байгаа бол тэдгээрээр хангагдсан эрхээсээ ямар ч нөхцөл байдалд хэсэгчлэн буюу бүрэн татгалзаж болохгүй.

8 дугаар зүйл

Мөргөлдөөнд оролцогч талуудын ашиг сонирхлыг хамгаалах үүрэг бүхий хамгаалагч гүрний дэмжлэг, хяналтын дор энэхүү конвенцийг хэрэглэнэ. Эл зорилгоор хамгаалагч гүрнүүд өөрийн дипломат болон консулын ажилтнуудаас тусдаа өөрийн орны, эсхүл төвийг сахисан бусад гүрний харьяатаас бүрдсэн төлөөлөгчдийг томилж болно. Дурдсан төлөөлөгчдийг томилохдоо тэдний очиж ажиллах гүрний зөвшөөрлийг авна.

Мөргөлдөөнд оролцогч талууд хамгаалагч гүрний төлөөлөгчдийн ажлыг аль болох боломжийн хэмжээнд хөнгөвчлөн дэмжинэ.

Хамгаалагч гүрний төлөөлөгчид ажлаа явуулахдаа ямар ч тохиолдолд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн зорилгот үүргээсээ хэтэрч болохгүй. Ялангуяа тэд нутаг дэвсгэрт нь үүргээ биелүүлж байгаа улсын аюулгүй байдлын зайлшгүй шаардлагыг харгалзан үзнэ. Тэдний үйл ажиллагааг зөвхөн цэргийн зайлшгүй шаардлагын улмаас шаардлагатай болсон онцгой болон түр зуурын арга хэмжээний хувьд хязгаарлана.

9 дүгээр зүйл

Энэхүү конвенцийн заалт нь Олон улсын улаан загалмайн хороо буюу аливаа бусад хүмүүнлэгийн хараат бус байгууллагаас шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгчдийг хамгаалж, тэдэнд тусламж үзүүлэх талаар тухайн мөргөлдөөнд оролцогч талуудын зөвшөөрөлтэйгөөр явуулах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад болохгүй.

10 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийн дагуу хамгаалагч гүрнүүдэд хүлээлгэсэн үүргийг хараат бус бөгөөд үр ашигтай байх бүх баталгааг гаргаж буй байгууллагад олгохоор хэдийд ч тохиролцож болно.

Шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгчид аль нэг хамгаалагч гүрэн буюу дээрх эхний хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагаанаас ямар нэгэн шалтгааны улмаас ашиг тус хүртэхгүй эсхүл хүртэхээ болих тохиолдолд олзлогч гүрэн мөргөлдөөнд оролцогч талуудын томилсон хамгаалагч улсын энэхүү конвенцийн дагуу биелүүлж буй чиг үүргийг хүлээхийг төвийг сахисан улс эсхүл тийм байгууллагаас хүснэ.

Хэрэв хамгаалалтыг ийнхүү хэрэгжүүлж чадахгүй бол олзлогч гүрэн нь хамгаалагч гүрнүүдийн энэхүү конвенцийн дагуу биелүүлж буй хүмүүнлэгийн чиг үүргийг өөртөө хүлээх талаар Олон улсын улаан загалмайн хороо зэрэг хүмүүнлэгийн байгууллагаас санал болгохыг хүсэх буюу ийм саналыг энэ зүйлийн заалтыг мөрдөхийн хамт хүлээн авна.

Төвийг сахисан аливаа гүрэн, эсхүл холбогдох гүрний урьсан буюу эл зорилгоор өөрийгөө санал болгож буй байгууллага энэхүү конвенцоор хамгаалдаг этгээдийн харьяалагдаж буй мөргөлдөөнд оролцогч талтай хариуцлагаа ухамсарлан үйл ажиллагаа явуулах шаардлагатай, түүнчлэн зохих чиг үүрэг хүлээж, уг чиг үүргээ хараат бусаар биелүүлэх чадвартай гэсэн хангалттай баталгаа гаргах шаардлагатай.

Аль нэг гүрэн дайны үйл явдлаас шалтгаалан, ялангуяа түүний нутаг дэвсгэр бүхэлдээ, эсхүл түүний үлэмж хэсэг нь эзлэгдсэн тохиолдолд нөгөө гүрэн буюу түүний холбоотонтой хэлэлцээ хийх эрх чөлөө нь түр хугацаагаар ч гэсэн хязгаарлагдсан бол тэдгээрийн хооронд байгуулсан тусгай хэлэлцээрээр өмнөх заалтуудыг зөрчихгүй.

Энэхүү конвенцид хамгаалагч гүрэн гэж дурдах бүрд энэ нэр томъёог энэ зүйлийн дагуу түүнийг орлох байгууллагад ч мөн хэрэглэнэ.

11 дүгээр зүйл

Хамгаалагч гүрнүүд хамгаалагдсан хүмүүсийн ашиг сонирхолд хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд, ялангуяа энэхүү конвенцийн заалтыг хэрэглэх буюу тайлбарлах талаар мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд санал зөрөлдсөн тохиолдолд саналын зөрөлдөөнийг зохицуулах үүднээс асуудалд оролцоно.

Эл зорилгоор хамгаалагч гүрэн бүр аль нэг талын урилгаар буюу өөрийн санаачилгаар өөрсдийн төлөөлөгчдийн, ялангуяа шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд, түүнчлэн эмнэлгийн ажилтан, шашны төлөөлөгчдийг хариуцаж буй эрх бүхий байгууллагын нь уулзалтыг зохион явуулах саналыг мөргөлдөөнд оролцогч талуудад тавьж болох бөгөөд чингэхдээ тохиромжтой гэж сонгож авсан төвийг сахигч нутагт дэвсгэрт боломжтой бол зохион байгуулна. Мөргөлдөөнд оролцогч талууд эл зорилгоор тэдэнд тавьсан саналыг хүчин төгөлдөр хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Шаардлагатай бол хамгаалагч гүрнүүд ийм уулзалтад оролцохыг урих төвийг сахисан гүрэнд харьяалагдах, эсхүл Олон улсын улаан загалмайн хорооноос томилсон этгээдийг мөргөлдөөнд оролцогч талуудаар дэмжүүлэн батлуулахаар санал болгож болно.

II бүлэг

ШАРХТАН, ӨВЧТӨН БОЛОН

ХӨЛӨГ ОНГОЦНЫ СҮЙРЭЛД ӨРТӨГДӨГСӨД

12 дугаар зүйл

Далайд байгаа шархтан, өвчтөн буюу хөлөг онгоцны сүйрэлд өртсөн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон дараахь зүйлд заасан бусад этгээдийг ямар ч нөхцөл байдалд хүндэтгэж, хамгаална, чингэхдээ "хөлөг онгоцны сүйрэл" гэсэн нэр томъёо нь аливаа шалтгааны улмаас үүссэн хөлөг онгоцны сүйрлийг хэлэх бөгөөд үүнд агаарын хөлгөөр буюу агаарын хөлгөөс далайд газардахад хүрснийг хамааруулна.

Эдгээр этгээд мэдэлд нь байж болох мөргөлдөөнд оролцогч тал хүйс, арьс үндэс, үндэс угсаа, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол болон бусад төсөөтэй шалгуурт үндэслэн ялгаварлан гадуурхалгүйгээр тэдэнтэй хүнлэг харьцан асран хамгаална. Тэдний амь насанд халдахыг завдах, эсхүл бие махбодид халдахыг хатуу хориглоно; ялангуяа тэдний амийг хөнөөх буюу хороох, эрүүдэн шүүх буюу биологийн туршилт хийх; тэдэнд эмнэлгийн тусламж, асрамж үзүүлэхгүй санаатайгаар орхих, тэдэнд халдварт өвчин халдах буюу тархах нөхцлийг буй болгохыг хориглоно.

Зөвхөн эмнэлгийн нэн яаралтай шалтгаанаар эмчилгээний дарааллыг харгалзахгүй тусламж үзүүлж болно.

Эмэгтэйчүүдэд хүйсний нь онцлогийг бүх талаар харгалзан анхаарал тавина.

13 дугаар зүйл

Энэхүү конвенцийг дараахь ангилалд хамаарах шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийн хувьд хэрэглэнэ:

(1) Мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, мөн зэвсэгт хүчний хэсэг болж буй журамт цэрэг буюу сайн дурын ангийн бие бүрэлдэхүүн.

(2) Мөргөлдөөнд оролцогч талд харьяалагдах бөгөөд энэ нутаг дэвсгэр нь эзлэгдсэн байсан ч түүний нутаг дэвсгэрт буюу нутаг дэвсгэрээс гадна үйл ажиллагаа явуулж буй бусад журамт цэргийн болон сайн дурын бусад ангийн бие бүрэлдэхүүн, түүний дотор зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөний бие бүрэлдэхүүн, чингэхдээ эдгээр журамт цэрэг буюу сайн дурын анги, түүний дотор зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөн нь дараахь нөхцлийг хангасан байвал зохино:

(a) захирагдагсдынхаа төлөө хариуцлага хүлээсэн этгээдээр удирдуулж байх;

(b) алсаас танигдах тогтсон ялгах тэмдэгтэй байх;

(c) зэвсгээ ил авч явах;

(d) үйл ажиллагаагаа дайны хууль, заншилд нийцүүлэн явуулж байх.

(3) Олзлогч гүрэн хүлээн зөвшөөрөөгүй засгийн газар буюу эрх бүхий байгууллагыг дэмжиж буй байнгын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн.

(4) Цэргийн агаарын хөлгийн багийн гишүүн болох энгийн иргэд, цэргийн сурвалжлагчид, хангамж түгээгчид, ажлын баг буюу зэвсэгт хүчний ахуйн үйлчилгээний гишүүд зэрэг зэвсэгт хүчний жинхэнэ бие бүрэлдэхүүн биш боловч тэднийг дагалдан яваа этгээд, чингэхдээ тэд дагалдаж яваа зэвсэгт хүчнээс зөвшөөрөл авсан байвал зохино.

(5) Олон улсын эрх зүйн аливаа бусад заалтын дагуу илүү тааламжтай нөхцөл эдэлдэггүй мөргөлдөөнд оролцогч талуудын худалдааны усан цэргийн багийн гишүүд, түүний дотор ахмад, замчин болон дагалдан сурагч, түүнчлэн иргэний агаарын хөлгийн баг.

(6) Дайсан ойртож ирэхэд, байнгын зэвсэгт нэгж болж бүрэлдэж амжилгүй, орж ирж буй хүчнийг эсэргүүцэхээр гэнэт зэвсэг барьж буй эзлэгдээгүй нутаг дэвсгэрийн оршин суугчид, чингэхдээ тэд зэвсгээ ил авч явж, дайны хууль, заншлыг хүндэтгэн сахивал зохино.

14 дүгээр зүйл

Цэргийн эмнэлгийн хөлөг онгоц, тусламжийн нийгэмлэг буюу хувь хүмүүсийн эмнэлгийн хөлөг онгоц, түүнчлэн худалдааны усан онгоц, дарвуулт онгоц болон бусад хөлөг онгоцонд байгаа шархтан, өвчтөн буюу хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг тэдгээр хөлөг онгоцны харьяаллаас үл хамааран шилжүүлэхийг дайтаж буй талын байлдааны бүх хөлөг онгоц шаардах эрхтэй бөгөөд чингэхдээ шархтан, өвчтөн нь тэднийг зөөвөрлөх боломжтой эрүүл мэндийн байдалд байгаа бөгөөд тухайн байлдааны хөлөг онгоц нь тэдэнд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэх зохих нөхцөлөөр хангагдсан байвал зохино.

15 дугаар зүйл

Хэрэв шархтан, өвчтөн буюу хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг төвийг сахигч байлдааны хөлөг онгоц буюу төвийг сахигч цэргийн агаарын хөлөгт олж авбал тэднийг дайны ажиллагаанд цаашид оролцуулахгүй байх явдлыг олон улсын эрх зүйн дагуу шаардлагатай тохиолдолд хангана.

16 дугаар зүйл

12 дугаар зүйлийн заалтыг мөрдөхийн хамт, дайсны гарт орсон дайтаж буй талын шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг дайнд олзлогдогчид гэж үзэх бөгөөд тэдний хувьд дайнд олзлогдогчдын талаархи олон улсын эрх зүйн заалтыг хэрэглэнэ. Олзлогч нь олзлогдогчдыг авч үлдэх эсхүл өөрийн орны боомт, төвийг сахигч боомт, эсхүл бүр дайсны нутаг дэвсгэрийн боомтод шилжүүлэх эсэхийг нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэрлэж болно. Сүүлчийн тохиолдолд ийнхүү эх орондоо эргэж ирсэн дайнд олзлогдогчид нь уг дайны туршид цэргийн алба хааж болохгүй.

17 дугаар зүйл

Орон нутгийн эрх баригчдын зөвшөөрөлтэйгөөр төвийг сахигч боомтод буусан шархтан, өвчтөн буюу хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг төвийг сахигч болон дайтаж буй гүрнүүдийн хооронд өөрөөр заасан тохиролцоо байхгүй бол төвийг сахисан гүрэн тэднийг дайны ажиллагаанд дахин оролцуулахгүйгээр олон улсын эрх зүйн дагуу шаардлагатай тохиолдолд хамгаалалтандаа авна.

Шархтан, өвчтөн буюу хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг эмнэлэгт хэвтүүлэх, тусгаарлан хорихтой холбогдсон зардлыг тэднийг харьяалж буй гүрэн хариуцна.

18 дугаар зүйл

Тулалдаан бүрийн дараа мөргөлдөөнд оролцогч талууд хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд, шархтан болон өвчтөнг эрж хайх, олж авах, тэднийг тонон дээрэмдэх, зүй бусаар харьцахаас хамгаалах, зохих асрамжаар хангах, нас барагсдыг эрж хайх болон тэднийг дээрэмдүүлэхээс урьдчилан сэргийлэх талаар боломжтой бүх арга хэмжээг цаг алдалгүй авна.

Тухайн нөхцөл байдалд боломжтой л бол мөргөлдөөнд оролцогч талууд шархтан, өвчтөнг бүслэгдсэн буюу тойруулагдсан газраас далайгаар зөөж гаргах, тухайн газар уруу явж буй эмнэлгийн болон шашны ажилтан, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар орон нутгийн тохиролцоонд хүрнэ.

19 дүгээр зүйл

Мөргөлдөөнд оролцогч талууд өөрийн гарт орсон дайсны талын хөлөг онгоцны сүйрэлд өртсөн, шархадсан, өвчтэй буюу нас барсан этгээд бүрийн хэн болохыг тогтооход хэрэгтэй аливаа мэдээллийг аль болох түргэн бүртгэнэ. Ийм бүртгэлд боломжтой бол дараахь зүйлийг тусгана:

(a) уг этгээдийг харьяалах гүрэн;

(b) армийн, цэргийн ангийн, хувийн буюу серийн дугаар;

(c) овог;

(d) нэр буюу нэрс;

(e) төрсөн он, сар, өдөр;

(f) түүний үнэмлэх буюу таних пайзад байгаа аливаа бусад мэдээлэл;

(g) олзлогдсон буюу нас барсан он, сар, өдөр болон газар;

(h) шарх буюу өвчин, нас барсан шалтгааны талаархи мэдээлэл.

Дээр дурдсан мэдээллийг Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн 122 дугаар зүйлд заасан мэдээллийн товчоонд аль болох түргэн хүргүүлнэ. Уг товчоо нь хамгаалагч гүрэн болон Дайнд олзлогдогчдын хэрэг эрхлэх төв байгууллагаар дамжуулан энэ мэдээллийг эдгээр этгээдийн харьяалагдаж буй гүрэнд дамжуулна.

Мөргөлдөөнд оролцогч талууд нас барсны гэрчилгээ буюу нас барагсдын нэрсийн зохих ёсоор гэрчилсэн жагсаалтыг бэлтгэж дээрх товчоогоор дамжуулан бие биедээ илгээнэ. Тэд нас барагсдаас олдсон хоёрлосон таних пайзын хагасыг, эсхүл ганц таних пайз бол уг пайзыг, гэрээслэл, нас барагчийн ойрын төрөл саданд чухал бусад баримт бичиг, мөнгө болон ерөнхийдөө эдийн болон сэтгэл санааны хувьд үнэт бүх зүйлийг цуглуулж мөн товчоогоор дамжуулан хүргүүлнэ. Эдгээр зүйлийг хэнийх болох нь танигдаагүй зүйлсийн хамт лацадсан боодолд хийж нас барсан эзнийг нь тогтооход шаардлагатай бүх мэдээлэл, түүнчлэн боодолд байгаа зүйлийн бүрэн жагсаалтыг дагалдуулан илгээнэ.

20 дугаар зүйл

Мөргөлдөөнд оролцогч талууд тухайн нөхцөл байдалд боломжтой бол нас барагсдыг далайд ганцаарчлан оршуулж тэдний нас барсныг батлах, хэн болохыг тогтоох болон тайлан гаргах боломж бүрдүүлэх үүднээс цогцост урьдчилан нарийвчилсан үзлэг, боломжтой бол эмнэлгийн үзлэг хийх явдлыг хангана. Хоёрлосон таних пайз хэрэглэж байгаа тохиолдолд пайзны хагасыг цогцос дээр үлдээнэ.

Хэрэв нас барсан этгээдийг эх газарт авч ирсэн бол Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан болон өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн заалтыг хэрэглэнэ.

21 дүгээр зүйл

Мөргөлдөөнд оролцогч талууд шархтан, өвчтөн буюу хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг хөлөг онгоцондоо авч, асрах, түүнчлэн нас барагсдыг олж авахыг төвийг сахигч худалдааны усан онгоц, дарвуулт онгоц буюу бусад хөлөг онгоцны ахмадуудад уриалж болно.

Энэхүү уриалгыг хүлээн авсан усан онгоц, мөн тэрчлэн өөрсдийн санаачлагаар шархтан, өвчтөн буюу хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг олж авсан хөлөг онгоцуудыг ийнхүү тусламжийн үйл ажиллагаагаа явуулахад нь тусгай хамгаалалт, нөхцөл боломжоор хангана.

Тэднийг ийм тээвэрлэлт хийсний нь төлөө ямар ч тохиолдолд эзлэн авч болохгүй боловч өөрөөр амлалт өгөөгүй бол төвийг сахисан байдлыг зөрчсөний нь төлөө эзлэн авч болно.

III бүлэг

ЭМНЭЛГИЙН ХӨЛӨГ ОНГОЦ

22 дугаар зүйл

Цэргийн эмнэлгийн хөлөг онгоц, өөрөөр хэлбэл гагцхүү шархтан, өвчтөн буюу хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдөд тусламж үзүүлэх, тэднийг эмчлэх, зөөж тээвэрлэхийн тулд тусгайлан баригдаж, тоноглогдсон хөлөг онгоцонд ямар ч нөхцөл байдалд халдаж буюу эзэлж болохгүй боловч тэдгээр хөлөг онгоцны нэр, тодорхойлолтын тухай мөргөлдөөнд оролцогч талуудад тухайн хөлөг онгоцыг хэрэглэж эхлэхээс арав хоногийн өмнө мэдэгдсэн нөхцөлд ямагт хүндэтгэж, хамгаална.

Мэдэгдэлд тусгах ёстой өгөгдөхүүнд хөлөг онгоцны бүртгэгдсэн бохир даац, хошуунаас хитэг хүртэлх урт, сураг болон яндангийн тоог тусгана.

23 дугаар зүйл

Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан болон өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн үйлчлэлд багтах эрх бүхий эргийн байгууллагуудыг далайн зүгээс бөмбөгдөх буюу довтлох ёсгүй.

24 дүгээр зүйл

Хэрэв Үндэсний улаан загалмайн нийгэмлэгүүд, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн тусламжийн нийгэмлэгүүд, эсхүл хувь хүмүүсийн ашиглаж буй эмнэлгийн хөлөг онгоцонд тэдгээрийг харьяалж байгаа мөргөлдөөнд оролцогч тал албан ёсны үүрэг өгсөн бөгөөд мэдэгдлийн талаархи 22 дугаар зүйлийн заалтыг мөрдсөн тохиолдолд тэдгээр хөлөг онгоцыг цэргийн эмнэлгийн хөлөг онгоцны нэгэн адил хамгаалж, эзлэн авч болохгүй.

Эдгээр усан онгоцонд ачаа ачих болон хөдлөх үед тэдгээр нь хариуцах байгууллагын хяналтан дор байсныг нотлох гэрчилгээг эдгээр хөлөг онгоцонд олгох ёстой.

25 дугаар зүйл

Үндэсний Улаан загалмайн нийгэмлэгүүд, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн тусламжийн нийгэмлэгүүд, эсхүл хувь хүмүүсийн ашиглаж буй эмнэлгийн хөлөг онгоц нь өөрийн засгийн газрын урьдчилсан зөвшөөрөл болон тухайн мөргөлдөөнд оролцогч талын зөвшөөрөлтэйгөөр мөргөлдөөнд оролцогч талын хяналтан дор орсон бөгөөд мэдэгдлийн талаархи 22 дугаар зүйлийн заалтыг мөрдсөн нөхцөлд уг хөлөг онгоцыг цэргийн эмнэлгийн хөлөг онгоцны нэгэн адил хамгаалж, эзлэн авч болохгүй.

26 дугаар зүйл

22, 24 болон 25 дугаар зүйлд дурдсан хамгаалалтыг аливаа даацын эмнэлгийн хөлөг онгоц болон тэдний аврах жижиг завинд хаана үйл ажиллагаа явуулж байгаагаас нь үл хамааран олгоно. Гэсэн хэдий ч тав тух, аюулгүй байдлыг хангахын тулд мөргөлдөөнд оролцогч талууд нь шархтан, өвчтөн буюу хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг холын замд, чөлөөт далайд тээвэрлэхдээ зөвхөн 2.000 тоннын бохир даац бүхий эмнэлгийн хөлөг онгоц ашиглахыг чармайна.

27 дугаар зүйл

22 ба 24 дүгээр зүйлд заасан нөхцөлийн адил нөхцөлөөр, эрэг орчмын аврах ажиллагаанд зориулж тухайн улс буюу албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн аврах завины байгууллагын ашиглаж буй жижиг хөлөг онгоцыг тухайн ажиллагааны шаардлагын хүрээнд мөн хүндэтгэж, хамгаална.

Гагцхүү эдгээр хөлөг онгоц хүмүүнлэгийн зорилгот үүргээ биелүүлэхээр ашиглаж буй эрэг орчмын суурилуулсан төхөөрөмжийг боломжийн хүрээнд мөн адил хүндэтгэж, хамгаална.

28 дугаар зүйл

Тулалдаан байлдааны хөлөг онгоцон дээр гарсан тохиолдолд эмнэлгийн өрөөг аль болохоор хайрлаж, хамгаална. Эдгээр эмнэлгийн өрөө болон түүний тоног төхөөрөмжид дайны хууль үйлчлэх боловч шархтан, өвчтөнд шаардлагатай цагт тэдгээрийг өөр зорилгоор ашиглаж болохгүй. Гэсэн хэдий ч тэдгээр өрөө, тоног төхөөрөмж мэдэлд нь орсон ахмад нь тэнд байгаа шархтан, өвчтөнийг зохих асрамжаар хангасны дараа цэргийн яаралтай шаардлага гарсан тохиолдолд тэдгээр өрөө, тоног төхөөрөмжийг өөр зорилгоор ашиглаж болно.

29 дүгээр зүйл

Эмнэлгийн хөлөг онгоц зогсож байгаа боомт дайсны гарт орвол уг хөлөг онгоцонд дээрх боомтыг орхиж явахыг зөвшөөрнө.

30 дугаар зүйл

22, 24, 25 болон 27 дугаар зүйлд тодорхойлогдсон хөлөг онгоц нь шархтан, өвчтөн буюу хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдөд тэдний харьяаллаар үл ялгаварлан асрамж, тусламж үзүүлнэ.

Харилцан тохирогч эрхэм дээд талууд эдгээр усан онгоцыг цэргийн ямарваа зорилгоор хэрэглэхгүй байх үүрэг хүлээнэ.

Эдгээр усан онгоц нь байлдаж байгаа талуудын хөдөлгөөнд ямар ч байдлаар саад болох ёсгүй.

Тулалдааны үед болон дараа эдгээр хөлөг онгоц нь зориг шийдмэг ажиллана.

31 дүгээр зүйл

Мөргөлдөөнд оролцогч талууд 22, 24, 25 болон 27 дугаар зүйлд дурдсан хөлөг онгоцонд хяналт тавих, үзлэг хийх эрхтэй байна. Тэд эдгээр усан онгоцноос тусламж авахаас татгалзаж, холдож явахыг тушааж, аяллын тодорхой чиглэл зааж, шугаман бус болон харилцаа холбооны бусад хэрэгслийн ашиглалтад нь хяналт тавьж, түүнчлэн нөхцөл байдлын ноцтой байдлаас хамааран шаардлагатай бол зогсоосноос хойш долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд саатуулж ч болно.

Тэд өмнөх хэсгийн заалтын дагуу өгсөн тушаалыг биелүүлж байгаа эсэхийг хянах ганц үүрэг бүхий комиссарыг хөлөг онгоцонд түр хугацаагаар томилж болно.

Мөргөлдөөнд оролцогч талууд усан онгоцны ахмадад өгсөн тушаалаа түүний ойлгох хэлээр эмнэлгийн хөлөг онгоцны дэвтэрт бичнэ.

Мөргөлдөөнд оролцогч талууд энэхүү конвенцид орсон заалтыг хатуу дагаж мөрдөх явдлыг хянаж байх төвийг сахигч ажиглагчдыг дангаараа буюу тусгай хэлэлцээр байгуулан хөлөг онгоцондоо ажиллуулж болно.

32 дугаар зүйл

22, 24, 25 болон 27 дугаар зүйлд тодорхойлсон усан онгоцыг төвийг сахигч боомтод байгаа үед нь байлдааны хөлөг онгоцтой эн зэрэгцүүлэхгүй.

33 дугаар зүйл

Эмнэлгийн хөлөг онгоц болгон өөрчилсөн худалдааны усан онгоцыг дайтах ажиллагааны туршид өөр зорилгоор ашиглаж болохгүй.

34 дүгээр зүйл

Эмнэлгийн хөлөг онгоц, эмнэлгийн өрөөг хүмүүнлэгийн үүргээс гадуур дайсанд хортой үйлдэл хийхээр ашиглаагүй бол тэдгээрийн эдлэх хамгаалалтыг зогсоохгүй. Гэвч хамгаалалтыг зөвхөн тэдгээрт зохих бүх тохиолдолд боломжит хугацааны хязгаар зааж зохих ёсны сануулга өгсний дараа уг сануулгыг үл тоомсорлосон тохиолдолд зогсоож болно.

Ялангуяа эмнэлгийн хөлөг онгоцууд өөрсдийн шугаман бус буюу харилцаа холбооны бусад хэрэгсэлдээ нууц дугаартай байж, хэрэглэж болохгүй.

35 дугаар зүйл

Дараахь нөхцлийг эмнэлгийн хөлөг онгоц буюу эмнэлгийн өрөөнд олгох ёстой хамгаалалтыг үгүйсгэж байна гэж үзэхгүй:

(1) Хөлөг онгоцны баг буюу эмнэлгийн өрөөний ажилтнууд дэг журам хамгаалах, өөрийгөө хамгаалах буюу шархтан, өвчтөнг хамгаалах зорилгоор зэвсэгтэй байх.

(2) Гагцхүү навигац буюу харилцаа холбооны зорилгоор хөлөг онгоцонд аппарат хэрэгсэл онгоцонд байх.

(3) Шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдөөс авсан бөгөөд зохих зориулалтаар хараахан хураалгаагүй байсан хөнгөн гар зэвсэг, байлдааны сум хэрэгслийг эмнэлгийн хөлөг онгоц буюу эмнэлгийн өрөөнөөс илрүүлж олох.

(4) Эмнэлгийн хөлөг онгоц болон усан онгоцны эмнэлгийн өрөөний буюу багийн явуулж буй хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь шархадсан, өвчтэй буюу хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөн энгийн иргэдэд хамаарч байгаа.

(5) Гагцхүү эмнэлгийн үүрэгт зориулан ердийн шаардлагаас илүү хэмжээний тоног төхөөрөмж, ажилтныг тээвэрлэх.

IV бүлэг

АЖИЛТНУУД

36 дугаар зүйл

Эмнэлгийн хөлөг онгоцонд байгаа шашны болон эмнэлгийн ажилтан, мөн багийнхныг хүндэтгэж, хамгаална; тэднийг эмнэлгийн хөлөг онгоцонд үүргээ гүйцэтгэж байхад нь хөлөг онгоцонд шархтан, өвчтөн байгаа эсэхээс үл хамааран баривчилж болохгүй.

37 дугаар зүйл

12, 13 дугаар зүйлд заасан этгээдэд эмнэлгийн болон санаа сэтгэлийн тусламж үзүүлэхээр томилогдсон шашны, эмнэлгийн албаны ажилтан дайсны гарт орвол тэднийг хүндэтгэж, хамгаална; тэд шархтан, өвчтөнг асрахад шаардлагатай бол үүргээ биелүүлсээр байж болно. Тэд эрх мэдэлд нь байгаа ерөнхий командлагч боломжтой гэж үзвэл тэднийг дараа нь буцаан илгээнэ. Тэд хөлөг онгоцыг орхих үедээ хувийн эд хөрөнгөө авч болно.

Гэвч хэрэв дайнд олзлогдогчдын эмнэлгийн буюу санаа сэтгэлийн хэрэгцээнд эдгээр ажилтны заримыг үлдээх шаардлагатай болбол тэднийг аль болох түргэн эрэг дээр гаргах талаар боломжтой бүхнийг хийнэ.

Үлдсэн ажилтнууд эрэг дээр гармагц Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан болон өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн заалтад хамаарагдана.

V бүлэг

ЭМНЭЛГИЙН ТЭЭВЭР

38 дугаар зүйл

Уг зорилгоор хөлсөлсөн хөлөг онгоцонд гагцхүү зэвсэгт хүчний шархадсан болон өвчтэй этгээдийг эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулсан тоног төхөөрөмжийг тээвэрлэх зөвшөөрөл олгох бөгөөд чингэхдээ аяллын талаархи мэдээллийг дайсагнагч гүрэнд мэдэгдэж, түүнээс зөвшөөрөл авсан байвал зохино. Дайсагнагч гүрэн тээвэрлэгч хөлөг онгоцонд гарах эрхийг хадгалах боловч хөлөг онгоц болон тээвэрлэж яваа тоног төхөөрөмжийг эзлэн авах эрхгүй.

Мөргөлдөөнд оролцогч талууд хоорондоо хэлэлцэн тохирох замаар хөлөг онгоцонд тээвэрлэж яваа тоног төхөөрөмжийг хянахаар хөлөг онгоцонд төвийг сахигч ажиглагч ажиллуулж болно. Эл зорилгоор тухайн тоног төхөөрөмжид чөлөөтэй хүрэх боломж олгоно.

39 дүгээр зүйл

Эмнэлгийн агаарын хөлөг, өөрөөр хэлбэл гагхцүү шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг шилжүүлэх, эмнэлгийн ажилтнууд болон тоног төхөөрөмжийг тээвэрлэх зорилгоор ашиглаж буй агаарын хөлөгт халдаж болохгүй, харин мөргөлдөөнд оролцогч тухайн талуудын хооронд тусгайлан тохиролцсон өндөр, хугацаа, замаар нисч байх үед мөргөлдөөнд оролцогч талууд түүнд хүндэтгэлтэй хандана.

Агаарын хөлгийг 41 дүгээр зүйлд заасан ялгах бэлгэ тэмдгээр тэдгээрийн доод, дээд, хажуу талд үндэсний далбааны өнгөний хамт тод тэмдэглэсэн байна. Тэдгээрт дайтах ажиллагаа эхлэх буюу явагдах үед мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд тохиролцсон аливаа бусад тэмдэг буюу таних хэрэгсэл хэрэглэж болно.

Өөрөөр тохиролцоогүй бол дайсны нутаг дэвсгэр буюу түүний эзэлсэн нутаг дэвсгэр дээгүүр нисэхийг хориглоно.

Эмнэлгийн агаарын хөлөг газардах буюу усан дээр буух аливаа шаардлагад захирагдана. Ийнхүү газардах буюу буух болсон тохиолдолд хэрэв үзлэг хийсэн бол үзлэг хийсний дараа агаарын хөлөг нь зорчигчдынхоо хамт нислэгээ үргэлжлүүлж болно.

Дайсны нутаг дэвсгэр буюу түүний эзэлсэн нутаг дэвсгэрт газардах буюу түүний усан дээр буухад хүрсэн тохиолдолд шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд, түүнчлэн агаарын хөлгийн багийнхан дайнд олзлогдогчид болно. Эмнэлгийн ажилтнуудтай 36, 37 дугаар зүйлийн дагуу харьцана.

40 дүгээр зүйл

Хоёр дахь догол мөрний заалтын дагуу мөргөлдөөнд оролцогч талуудын эмнэлгийн агаарын хөлөг төвийг сахисан гүрнүүдийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж өнгөрөх, шаардлагатай тохиолдолд газардах, эсхүл түр бууж болно. Тэд тухайн нутаг дэвсгэр дээгүүр нь өнгөрөх талаар төвийг сахисан гүрэнд урьдчилан мэдэгдэх бөгөөд газардах буюу усан дээр буух аливаа шаардлагад захирагдана. Тэд зөвхөн мөргөлдөөнд оролцогч талууд болон төвийг сахисан холбогдох гүрэнтэй тохиролцсон зам, өндөр, хугацааг баримтлан нислэг хийх тохиолдолд халдлагаас хамгаалагдана.

Гэвч төвийг сахисан гүрнүүд эмнэлгийн агаарын хөлөг нутаг дэвсгэр дээгүүр нь нисэж өнгөрөх буюу нутаг дэвсгэрт нь газардахад болзол, хязгаар тогтоож болно. Ийнхүү тогтоож болох болзол, хязгаарыг мөргөлдөөнд оролцогч бүх талд адил тэгш хэрэглэнэ.

Төвийг сахисан гүрнүүд, мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд өөрөөр тохиролцоогүй бол орон нутгийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр төвийг сахигч нутаг дэвсгэрт эмнэлгийн агаарын хөлгөөр буусан шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг дайны ажиллагаанд дахин оролцуулахгүйгээр олон улсын эрх зүйн дагуу шаардлагатай тохиолдолд төвийг сахисан гүрэн саатуулна. Шархтан, өвчтөн буюу хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг эмнэлэгт хэвтүүлэх, тусгаарлан хорихтой холбогдсон зардлыг тэднийг харьяалж буй гүрэн хариуцна.

VI бүлэг

ЯЛГАХ БЭЛГЭ ТЭМДЭГ

41 дүгээр зүйл

Цэргийн эрх бүхий байгууллагын удирдамжаар цагаан дэвсгэр дээрх улаан загалмайн бэлгэ тэмдгийг далбаа, гарын таних тэмдэг болон эмнэлгийн албанд хэрэглэх бүх тоног төхөөрөмжид тавина.

Гэсэн хэдий ч улаан загалмайн оронд цагаан дэвсгэр дээр улаан хавирган сар, улаан арслан болон нарыг бэлгэ тэмдэг болгон хэрэглэдэг орнуудын хувьд энэхүү конвенцийн нөхцөлөөр тэдгээр бэлгэ тэмдгийг мөн хүлээн зөвшөөрнө.

42 дугаар зүйл

36, 37 дугаар зүйлд заасан ажилтнууд цэргийн эрх бүхий байгууллагаас тамга дарж олгосон ялгах бэлгэ тэмдэг бүхий усанд гэмтэхгүй гарын таних тэмдгийг зүүн гартаа зүүнэ.

Эдгээр ажилтан нь 19 дүгээр зүйлд заасан таних пайз зүүхээс гадна ялгах бэлгэ тэмдэг бүхий тусгай үнэмлэх авч явах ёстой. Энэ үнэмлэх нь усанд гэмтэхгүй бөгөөд халаасанд авч явж болохуйц хэмжээтэй байна. Түүнд наад зах нь эзэмшигчийн овог, нэр, төрсөн он, сар, өдөр, цол, зэрэг болон цэргийн ангийн дугаарыг зааж үндэсний хэлээр бичих бөгөөд энэхүү конвенцоор ямар хэмжээгээр хамгаалагдах эрхтэй болохыг тодорхойлно. Уг үнэмлэхэд эзэмшигчийн гэрэл зураг, түүнчлэн гарын үсэг буюу хурууны хээ эсхүл аль аль нь байна. Тэр нь цэргийн эрх бүхий байгууллагын товгор тамгатай байна.

Нэг зэвсэгт хүчний үнэмлэх нь ижил байх бөгөөд хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын зэвсэгт хүчний үнэмлэх нь боломжийн хэрээр төсөөтэй хэлбэртэй байна. Мөргөлдөөнд оролцогч талууд энэхүү конвенцид жишээ болгон хавсаргасан загварыг удирдлага болгож болно. Тэд хэрэглэж буй загвараа дайтах ажиллагаа эхлэхэд бие биедээ мэдээлнэ. Үнэмлэхийг боломжтой тохиолдолд наад зах нь хоёр хувь үйлдэж нэг хувийг тухайн этгээдийн эх оронд нь хадгална.

Дурдсан ажилтнуудыг таних тэмдэг буюу үнэмлэхээс нь, түүнчлэн гарын таних тэмдэг зүүх эрхээс нь ямар ч нөхцөл байдалд салгаж болохгүй. Тэдгээрийг гээж үрэгдүүлсэн тохиолдолд тэд үнэмлэхийн хувийг авч, таних тэмдгийг солих эрх эдлэнэ.

43 дугаар зүйл

22, 24, 25 болон 27 дугаар зүйлд заасан хөлөг онгоцыг дараахь байдлаар ялган тэмдэглэнэ:

(a) Гадна талаасаа бүхэлдээ цагаан өнгөтэй байна.

(b) Хүрэн улаан өнгөтэй нэг буюу хэд хэдэн загалмайг далайгаас болон агаараас хамгийн боломжтой сайн харагдахуйцаар хөлөг онгоцны ёроолын хэсгийн тал бүр болон хөлөг онгоцны хажуу талд дүрслэн харуулсан байна.

Эмнэлгийн бүх хөлөг онгоц үндэсний далбаагаа мандуулж өөрсдийгөө таниулах бөгөөд хэрэв төвийг сахисан улсад хамаарагдаж байвал удирдлаган доор нь орсон мөргөлдөөнд оролцогч талын далбааг мандуулна. Улаан загалмай бүхий цагаан далбааг хөлөг онгоцны сураг дээр аль болох өндөрт мандуулна.

Эмнэлгийн хөлөг онгоцны аврах завь, эргийн аврах завь болон эмнэлгийн албаны ашиглаж буй бүх жижиг хөлөг онгоц нь цагаан өнгөтэй байх бөгөөд тод харагдах хүрэн улаан өнгөтэй загалмайтай байхаас гадна эмнэлгийн хөлөг онгоцонд зориулан дээр заасан таних тогтолцоонд ерөнхийдөө нийцсэн байна.

Шөнийн цагт болон муу харагдах үед эдлэх эрхтэй хамгаалалтаараа хангуулахыг хүссэн дээр дурдсан хөлөг онгоцууд харьяалагдаж байгаа мөргөлдөөнд оролцогч талынхаа зөвшөөрөлтэйгээр өнгө будаг, ялгах бэлгэ тэмдгээ хангалттай харагдахуйцаар тодруулах талаар шаардлагатай арга хэмжээг авах ёстой.

Энэхүү конвенцийн 31 дүгээр зүйлийн дагуу дайсанд саатуулагдсан эмнэлгийн хөлөг онгоц нь албыг нь гүйцэтгэж, удирдлаган доор нь орсон мөргөлдөөнд оролцогч талын далбааг буулгах ёстой.

Хэрэв эргийн аврах завь эзлэгч гүрний зөвшөөрөлтэйгээр эзлэгдсэн баазаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулбал түүнийг баазаас хол явахад нь үндэснийхээ далбааг цагаан дэвсгэр дээрх улаан загалмай бүхий далбааны хамт мөргөлдөөнд оролцогч бүх талд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр үргэлжлүүлэн мандуулахыг зөвшөөрч болно.

Улаан загалмайн талаархи энэ зүйлийн бүх заалтыг 41 дүгээр зүйлд заасан бусад бэлгэ тэмдгийн хувьд адил тэгш хэрэглэнэ.

Мөргөлдөөнд оролцогч талууд эмнэлгийн хөлөг онгоцыг танихад тус дөхөм болох хамгийн орчин үеийн олдохуйц аргыг хэрэглэхийн тулд харилцан хэлэлцээр байгуулахыг ямагт чармайна.

44 дүгээр зүйл

Олон улсын аливаа өөр конвенцид, эсхүл тухайн мөргөлдөөнд оролцогч бүх талын хоорондын хэлэлцээрээр заасан байж болохоос бусад тохиолдолд 43 дугаар зүйлд дурдсан ялгах тэмдгүүдийг тайван цаг буюу дайны цагаас үл хамааран зөвхөн мөн зүйлд дурдсан хөлөг онгоцыг тэмдэглэх буюу хамгаалахад хэрэглэж болно.

45 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд хэрэв хууль тогтоомж нь хараахан тохирохгүй байгаа бол 43 дугаар зүйлд заасан ялгах тэмдгүүдийг урвуулан хэрэглэхээс ямагт урьдчилан сэргийлж, таслан зогсоох талаар шаардлагатай арга хэмжээг авна.

VII бүлэг

КОНВЕНЦИЙГ БИЕЛҮҮЛЭХ

46 дугаар зүйл

Мөргөлдөөнд оролцогч тал бүр энэхүү конвенцийн нийтлэг зарчимд нийцүүлэн ерөнхий командлагчаараа дамжуулан өмнөх зүйлүүдийн нарийвчилсан биелэлтийг хангаж, урьдчилан харах боломжгүй тохиолдолд ч биелэлтийг хангана.

47 дугаар зүйл

Конвенцоор хамгаалсан шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд, түүнчлэн ажилтнууд, усан онгоц буюу тоног төхөөрөмжийн эсрэг өширхөн халдахыг хориглоно.

48 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийн зарчмыг нийт хүн ам, ялангуяа дайтаж байгаа зэвсэгт хүчин, эмнэлгийн ажилтан болон шашны төлөөлөгчдөд таниулах үүднээс энэхүү конвенцийн эх бичвэрийг өөрийн оронд аль болох өргөнөөр түгээн сурталчлах, тухайлбал түүний талаар цэргийн, боломжтой бол иргэний сургалтын хөтөлбөрт оруулах үүргийг дайны цагийн адил тайван цагт хүлээнэ.

49 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийн албан ёсны орчуулга болон түүнийг хэрэглэх явдлыг хангахын тулд баталж болох хууль, журмыг тайван цагт Швейцарийн холбооны зөвлөлөөр, дайтах ажиллагааны үед хамгаалагч гүрнээр дамжуулан өөр хоорондоо хүргүүлнэ.

VIII бүлэг

УРВУУЛАН ХЭРЭГЛЭХ, ЗӨРЧИХ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ

50 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд дараагийн зүйлд тодорхойлсон энэхүү конвенцийн ноцтой зөрчлийг үйлдэж байгаа буюу үйлдэхийг тушаасан этгээдэд үр дүнтэй эрүүгийн ял хүлээлгэхэд шаардлагатай аливаа хууль тогтоомжийг батлах үүрэг хүлээнэ.

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр ийм ноцтой зөрчлийг үйлдсэн буюу үйлдэхийг тушаасан гэж буруутгагдаж байгаа этгээдийг эрж олох, түүний харьяаллыг үл харгалзан өөрийн шүүхэд шилжүүлэх үүрэг хүлээнэ. Тухайн тал хүсвэл өөрийн хууль тогтоомжийн заалтад нийцүүлэн тийм этгээдийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд өөр холбогдох талын шүүхэд шилжүүлж болох бөгөөд чингэхдээ хэлэлцэн тохирогч эрхэм дээд тухайн тал нь prima facia хэрэг үүсгэсэн байвал зохино.

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр дараагийн зүйлд тодорхойлсон ноцтой зөрчлөөс бусад энэхүү конвенцийн заалтад харш бүх үйлдлийг таслан зогсооход шаардлагатай арга хэмжээг авна.

Яллагдаж байгаа этгээд ямар ч нөхцөл байдалд Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн 105 дугаар зүйл болон түүний дараагийн зүйлүүдэд зааснаас дордуулахааргүй шүүх болон өмгөөллийн зохих ажиллагааны баталгаа эдлэнэ.

51 дүгээр зүйл

Өмнөх зүйлд дурдсан ноцтой зөрчил нь энэхүү конвенцоор хамгаалагдаж байгаа этгээд буюу эд хөрөнгийн эсрэг үйлдсэн дараахь аливаа үйлдлийг оролцуулсан зөрчил байна: санаатайгаар амийг нь хөнөөх, эрүүдэн шүүх буюу хүнлэг бусаар харьцах, түүний дотор биологийн туршилт хийх, бие махбодь буюу эрүүл мэндэд үлэмж шаналал буюу ноцтой гэмтэл санаатайгаар учруулах, түүнчлэн дайны шаардлагаар зөвтгөх боломжгүйгээр бөгөөд хууль бусаар болон дур зоргоор эд хөрөнгө их хэмжээгээр эвдэж сүйтгэх буюу ашиглан завших.

52 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд аль ч талд өмнөх зүйлд дурдсан зөрчлийн талаар өөрөө хүлээсэн буюу хэлэлцэн тохирогч эрхэм дээд өөр талаас хүлээлгэх хариуцлагаас өөрийгөө буюу хэлэлцэн тохирогч эрхэм дээд өөр талыг чөлөөлөхийг зөвшөөрөхгүй.

53 дугаар зүйл

Мөргөлдөөнд оролцогч талын хүсэлтээр мөрдөн байцаалтыг сонирхогч талуудын хооронд тохиролцсон журмаар Конвенцийн аливаа зөрчилтэй холбогдуулан эхлүүлнэ.

Хэрэв мөрдөн байцаалтын журмын талаар тохиролцоонд хүрч чадаагүй бол талууд дагаж мөрдөх журмыг шийдвэрлэх зуучлагчийг тохиролцон сонгоно.

Нэгэнт зөрчил гарсныг тогтоосон тохиолдолд мөргөлдөөнд оролцогч талууд түүнийг дуусгавар болгож, аль болох хойшлуулахгүй таслан зогсооно.

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

54 дүгээр зүйл

Энэхүү конвенцийг англи, франц хэлээр үйлдэв. Хоёр эх бичвэр нь адил хүчинтэй байна.

Швейцарийн холбооны зөвлөл Конвенцийн орос, испани хэлний албан ёсны орчуулгыг зохион байгуулна.

55 дугаар зүйл

Энэ өдрийн он, сар, өдрөөр тэмдэглэгдэх энэхүү конвенц 1949 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Женев хотноо нээгдсэн бага хуралд оролцсон гүрнүүд, түүнчлэн уг бага хуралд оролцоогүй боловч 1906 оны Женевийн конвенцийн зарчмыг далайд дайтахад зохицуулан хэрэглэх 1907 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Гаагийн X конвенц эсхүл Дайны талбарт цэргийн шархадсан ба өвчтэй этгээдэд тусламж үзүүлэх тухай 1864, 1906 буюу 1929 оны Женевийн конвенцуудад оролцогч болох гүрнүүдийн нэрийн өмнөөс 1950 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.

56 дугаар зүйл

Энэхүү конвенцийг аль болох түргэн соёрхон батлах бөгөөд батламж жуух бичгийг Берн хотноо хадгалуулна.

Швейцарийн холбооны зөвлөл хадгалуулахаар өгсөн батламж жуух бичиг бүрийн бүртгэл хөтөлж, энэ бүртгэлийн баталгаатай хуулбарыг нэрийн нь өмнөөс Конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсноо мэдэгдсэн бүх гүрэнд дамжуулна.

57 дугаар зүйл

Энэхүү конвенц нь хоёроос доошгүй батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.

Түүнээс хойш энэ нь хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүрийн хувьд батламж жуух бичгээ хадгалуулснаас хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.

58 дугаар зүйл

Энэхүү конвенц нь хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын хоорондын харилцаанд 1906 оны Женевийн конвенцийн зарчмыг далайд дайтахад зохицуулан хэрэглэх 1907 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Гаагийн X конвенцийг орлоно.

59 дүгээр зүйл

Энэхүү конвенц нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш түүнд нэрийн нь өмнөөс гарын үсэг зураагүй аливаа гүрний хувьд нэгдэн ороход нээлттэй байна.

60 дугаар зүйл

Нэгдэж орсноо Швейцарийн холбооны зөвлөлд бичгээр мэдэгдэх бөгөөд ийнхүү нэгдэж орсон нь тухайн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.

Швейцарийн холбооны зөвлөл нэгдэн орсон талаар нэрийн нь өмнөөс Конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсноо мэдэгдсэн бүх гүрэнд мэдэгдэнэ.

61 дүгээр зүйл

Дайтах ажиллагаа буюу эзлэлт эхлэхээс өмнө буюу эхэлсний дараа мөргөлдөөнд оролцогч талуудын хадгалуулсан батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай мэдэгдэл 2, 3 дугаар зүйлд заасан тохиолдолд нэн даруй хүчин төгөлдөр болно. Швейцарийн холбооны зөвлөл мөргөлдөөнд оролцогч талуудаас хүлээн авсан соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай аливаа мэдэгдлийг хамгийн түргэн аргаар хүргүүлнэ.

62 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр энэхүү конвенцийг цуцлах эрхтэй.

Цуцлах тухайгаа Швейцарийн холбооны зөвлөлд бичгээр мэдэгдэх бөгөөд түүнийг Швейцарийн холбооны зөвлөл хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талын засгийн газарт дамжуулна.

Цуцлалт нь цуцлах тухай Швейцарийн холбооны зөвлөлд мэдэгдсэнээс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. Гэвч цуцалж буй гүрэн мөргөлдөөнд оролцож байгаа үед цуцлах тухай мэдэгдсэн тохиолдолд цуцлалт нь энх тайван зарлах болон энэхүү конвенцоор хамгаалагдах этгээдүүдийг суллаж, эх оронд нь буцаах ажиллагаа дуусах хүртэл хүчин төгөлдөр болохгүй.

Цуцлалт нь зөвхөн цуцалж буй гүрний хувьд хүчинтэй байна. Энэ нь дэлхийн соёл иргэншилт ард түмнүүдийн хооронд тогтсон заншил, хүнлэг ёсны хууль болон олон нийтийн ухамсарт ёс суртахуунаас үндэстэй олон улсын эрх зүйн зарчмын дагуу мөргөлдөөнд оролцогч талуудын заавал биелүүлэх ёстой хэвээр байх үүрэгт хэрхэвч нөлөөлөхгүй.

63 дугаар зүйл

Швейцарийн холбооны зөвлөл энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ. Мөн Швейцарийн холбооны зөвлөл нь энэхүү конвенцийг соёрхон батласан, түүнд нэгдэж орсон болон түүнийг цуцалсан тухай мэдэгдлийг хүлээн авсан талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ.

Хэмээснийг нотлон дор гарын үсэг зурагчид бүрэн эрхээ хадгалуулж энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав.

1949 оны 8 дугаар сарын арван хоёрны өдөр Женев хотноо англи, франц хэлээр үйлдэв. Жинхэнэ эхийг Швейцарийн Холбооны Улсын архивт хадгална. Швейцарийн холбооны зөвлөл түүний баталгаатай хуулбарыг гарын үсэг зурсан болон нэгдэж орсон улс бүрт дамжуулна.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
89. ТЭНГИСИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШАРХТАН, ӨВЧТӨН БОЛОН ХӨЛӨГ ОНГОЦНЫ СҮЙРЭЛД ӨРТӨГДӨГСДИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ЖЕНЕВИЙН (II) КОНВЕНЦ
1949 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталж,

Далайд байгаа шархтан, өвчтөн буюу хөлөг онгоцны сүйрэлд өртсөн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон дараахь зүйлд заасан бусад этгээдийг ямар ч нөхцөл байдалд хүндэтгэж, хамгаална, чингэхдээ “хөлөг онгоцны сүйрэл” гэсэн нэр томъёо нь аливаа шалтгааны улмаас үүссэн хөлөг онгоцны сүйрлийг хэлэх бөгөөд үүнд агаарын хөлгөөр буюу агаарын хөлгөөс далайд газардахад хүрснийг хамааруулна.